| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
2021 03 17 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Д-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0160 0096 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Д.Х нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... дүүргийн ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 21100 0160 0096 дугаартай хэргээс хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2. Хохирогч Н.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:
“...Хан-Уул дүүргийн .... тоотод хамтран амьдрагч Х-н хамт амьдардаг. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд манай хамтран амьдрагч Х над руу залгаад чи Агийн гэрт хүрээд ир гэж хэлсэн. Гэрт нь явж очоод Агийнд угааж байсан хувцсаа угааж дуусгах хооронд Адьяахүү, Х хоёр ууж байсан пивоо уугаад дуусгасан. Тэндээс гараад “Очир бүрд” нэртэй хүнсний дэлгүүр ороод 0,5 литрийн Нийслэл нэртэй пиво 6 ширхэг болон хүнсний зүйл аваад гэртээ очсон. Удалгүй Х, А нар цугтаа дэлгүүрээс авсан пивоо уусан. Тэгээд А пиво ууж дуусгаад гэр лүүгээ явсан. Дараа нь би гэрээ цэвэрлээд хогоо шүүрдээд байж байтал хамтран амьдрагч Х чи 100,000 төгрөгтэй юм уу гэхээр нь байхгүй гэсэн чинь тэгвэл зайл гээд миний нүүр лүү цохих гээд дайрахад нь хажуу тийшээ бултах үед миний зүүн талын эрүүн тус газар 1 удаа гараа зангидаж байгаад хүчтэй цохисон. Ингээд би гэрээсээ зугтааж хажуугийн айл руу ороод байж байтал манай эрэгтэй дүү О гар утсаараа видео калл хийгээд миний нүүрийг харчихаад нүүр ам чинь яасан юм бэ цагдаад дуудлага өгнө гээд дуудлага өгсөн. Хамтран амьдрагч Х миний зүүн талын эрүү рүү цохисон. ...Өмнө нь намайг зодож байгаагүй. Өмнө нь нэг удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Ер нь архи уудаг бөгөөд сүүлийн үед нэлээн уугаад байгаа. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
3. Гэрч Л.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2020 оны 12 сарын 31-ний өдөр хуурай ах Д.Х хамтран амьдрагч Н.Огийн хамт 15 цагийн үед ирээд хувцсаа угааж байгаад Х ах бид хоёр тус бүр лаазтай пивоноос нэг, нэгийг ууж хувцсаа угааж дуусгаад манай гэрээс гарсан. Гараад бид гурав “Очир хүрд” гэх дэлгүүр ороод 6 пиво болон бууз аваад тэдний гэр болох Хан-Уул дүүрэг ... тоотод очиж бууз жигнүүлж идээд Х ах хоёр лааз, би нэг пиво уугаад би гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш нь 12 цагийн үед Х ах намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд намайг батлан дааж аваач гэхээр нь очиж батлан дааж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 450 дугаартай дүгнэлтэд:
- Н.Огийн биед тархины доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.
-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23/,
5. Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 ны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна.
2020 оны 12 дугаар сарын 31-ний орой дүү Агийнд пиво ууж байгаад 19 цагийн үед А болон манай эхнэр бид гурав манайд ирсэн. Ирэхдээ дэлгүүрээс пиво авч ирээд тэрийг бид гурав хувааж ууж байгаад А гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд би эхнэр О-с надаас авсан 100,000 төгрөг хаана байна гэж асуусан чинь байхгүй 80,000 төгрөгийг хүүхдүүдийн бэлгэнд шилжүүлсэн одоо 20,000 төгрөг байна гэхээр нь би уурлаад яах гэж хүний мөнгө хүнд өгдөг юм гээд баруун гараар атгаж байгаад зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Би тэр үед согтуу байсан. Тэгээд манай эхнэр уйлаад гараад явсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Би эхнэртэйгээ хамт амьдраад 8 жил болж байна. Дундаасаа хүүхэд байхгүй, албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Миний өгсөн мөнгийг хүнд өглөө гэж уурлаад зодсон. Өмнө зодож байсан удаа байхгүй. Манай эхнэр намайг зодож цохисон зүйл огт байхгүй. Гэрт манай эхнэр бид хоёр л байсан. Тухайн үед 22 цаг 30 минут болж байсан. Би хохирол төлбөрөө төлсөн. Нийт эмчилгээний зардалд 78.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
6. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Д.Хгийн гаргасан хүсэлт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал /хх-ийн 45, 49-50/,
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-28/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Д.Х нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сонсголонгийн 2-113-А тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Отэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
-Хохирогч Н.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х чи 100,000 төгрөгтэй юм уу гэхээр нь байхгүй гэсэн чинь тэгвэл зайл гээд миний нүүр лүү цохих гээд дайрахад нь хажуу тийшээ бултах үед миний зүүн талын эрүүн тус газар 1 удаа гараа зангидаж байгаад хүчтэй цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Гэрч Л.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 сарын 31-ний өдөр хуурай ах Д.Х хамтран амьдрагч Н.Огийн хамт 15 цагийн үед ирээд хувцсаа угааж байгаад Х ах бид 2 тус бүр лаазтай пивоноос нэг нэгийг ууж хувцсаа угааж дуусгаад манай гэрээс гарсан. Гараад бид гурав ...тэдний гэр болох Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо Сонсголонгийн 2-113-а тоотод очиж бууз жигнүүлж идээд Х ах 2 лааз, би 1 пиво уугаад би гэр лүүгээ явсан. ...маргааш нь 12 цагийн үед Х ах намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд намайг батлан дааж аваач гэхээр нь очиж батлан дааж авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 450 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/,
-Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...би уурлаад яах гэж хүний мөнгө хүнд өгдөг юм гээд баруун гараар атгаж байгаад зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Би тэр үед согтуу байсан. Тэгээд манай эхнэр уйлаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36// болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Х нь хохирогч Н.Отэй маргалдан улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлжээ.
Мөн шүүгдэгч Д.Х, хохирогч Н.О нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нь урьд хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон ба, шүүгдэгч Д.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, гэнэт үүссэн таарамжгүй харилцааны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг шүүх зөв гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Хтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Хг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт Д-н Хг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Д-н Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Хд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Хд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН