Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/773

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,  

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Д-ийн  М холбогдох эрүүгийн 2010000000829 дугаартай 187/2020/0709/Э индекстэй хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, .....оны ...... дүгээр сарын ......ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ......настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа засал чимэглэл хийдэг, ам бүл ....... хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .....дугаар хороо ......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Д-ийн  М   /РД:......................./ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М  нь 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингисийн хүрээ амралтын газар амарч байхдаа 204 тоот гэрт нэвтэрч, Ц.Т цүнхтэй эд зүйл болох Айфоне-11 загварын гар утас, түрийвч, иргэний үнэмлэх-2 ширхэг, Хаан банкны виза карт зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүй  хууль бусаар авч 2.146.600 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.М  нь 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингисийн хүрээ амралтын газар амарч байхдаа 204 тоот гэрт нэвтэрч, Ц.Т цүнхтэй эд зүйл болох Айфоне-11 загварын гар утас, түрийвч, иргэний үнэмлэх-2 ширхэг, Хаан банкны виза карт зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүй  хууль бусаар авч 2.146.600 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

1.Шүүгдэгч Д.М ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

2. Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингисийн хүрээ амралтын газрын 204 тоот өрөөнд шавь нартайгаа амарч байгаад шөнө 00 цаг 30 минутын үед шавь нарын гэрт хэрүүл маргаан болоод байхаар нь гэрээсээ гараад очсон. Тухайн үед гэрийнхээ хаалгыг онгорхой орхиод цүнхтэй эд зүйлсээ орхиод гарсан. Эмэгтэй хүний арьсан цүнх байсан дотор нь түрийвчид 2 ширхэг иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, Айфоне 11 загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/

3. Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёр гэр бүлээрээ Чингисийн хүрээ гэх газарт баяр тэмдэглэж 23 цагийн үед гэр рүүгээ явах гээд би байрлаж байсан гэрээсээ цамцаа аваад гэрээс гараад явж байтал манай эхнэр нэг гэр рүү орсон би яах гэж байгаа юм бэ гээд араас хүрээд ирэх байлгүй гээд алхаж байтал эхнэр араас ирээд бид хоёр таксинд суугаад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд шууд унтацгаасан ба өглөө нь гэртээ байж байтал урьд нь харагдаж байгаагүй цүнх байхаар нь юу билээ гэж асуухад манай эхнэр хариулахгүй байхаар нь би гадарласан. Чи наад цүнхэн дотроо байгаа эд зүйлсийг зарж байгаад хэрэгт оров, өөртөө байлгаж бай эзэн нь ирээд авна биз гэж хэлсэн. Тэгээд цагдаагаас манай эхнэрийг дуудсан. Эхнэрийг цүнх авсныг би харсан бол би шууд буцааж өгөх байсан. Би дараа нь санахад айлын гэр рүү ороод авсан гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/  

4. Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7-8/

5. Тэнцвэр ХХК-ний 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 408 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирлын үнэлгээг 2 146 000 төгрөгөөр тогтоосон /хх-17-18/

6. Шүүгдэгч Д.М ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Чингисийн хүрээ амралтын газар амрахаар очсон. Нөхөр С.О-ын хамт байгууллагын ажилчдын хамт 318, 319 тоот гэрт байрласан. Шөнө ор хүрэлцэхгүй тухгүй байхаар нь гэртээ харихаар шийдээд гэрээсээ 00 цагийн үед гарсан. Согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан ба нөхрийн хамт авто зогсоол руу явж байхад онгорхой гэр байхаар нь 204 тоот гэр рүү нөхөртөө хэлэлгүй шууд өөрөө явж ороод хойморын орон дээр байсан эмэгтэй хүний цүнхийг аваад гарсан. Тухай үед нөхөр их согтуу байсан учраас намайг хүний цүнх гэрээс авч ирсэн талаар мэдээгүй. Төв аймгаас Нисэх орох зам руу нөхрийн хамт алхаж байгаад замын унаанд сууж гэртээ харьсан. Би тухайн үед хулгайлсан эд зүйлийг айгаад зарж борлуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.М  нь 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингисийн хүрээ амралтын газар амарч байхдаа 204 тоот гэрт нэвтэрч, Ц.Т цүнхтэй эд зүйл болох Айфоне-11 загварын гар утас, түрийвч, иргэний үнэмлэх-2 ширхэг, Хаан банкны виза карт зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүй  хууль бусаар авч 2.146.600 төгрөгийн  хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.М ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “”...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эд зүйлээ бүрэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-10/, түүний хувийн байдал /...40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа засал чимэглэл хийдэг, ам бүл 6, нөхөр, 02-19 насны 4 хүүхдийн хамт амьдардаг...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х овогт Д-ийн  М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Л.М-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М ы эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Л.М   нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би 02-19 насны хүүхдүүдтэй, хүүхдүүдийг минь харах хүн байхгүй...” гэсэн тайлбар гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 64.1 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү О.Ш , 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү О.А , 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин М.Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шүүгдэгч Д.М ы оршин суугаа газрын Хан-Уул дүүрэг дэх Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.  

Шүүгдэгч Д.М д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Д-ийн  М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х овогт Д-ийн  М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М ы эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Д.М д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

 

 5. Гэр бүлийн тухай хуулийн 64.1 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү О.Ш , 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү О.А , 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин М.Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шүүгдэгч Д.М ы оршин суугаа газрын Хан-Уул дүүрэг дэх Засаг даргад даалгасугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.         

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР