| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0759/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/774 |
| Огноо | 2020-12-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/774
2020 12 15 2020/ШЦТ/774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч А.Г , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А-ын Г холбогдох эрүүгийн 1810008350846 дугаартай 187/2020/0759/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны ..... дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамтаар Хан-Уул дүүргийн ....дүгээр хороо, Арцатын ............ тоотод оршин суух, урьд 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлйин 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаатайгаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Т овогт А-ын Г /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
А.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 16-567 тоотоос иргэн Б.Г самсунг ж-7 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 632.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 16-567 тоотоос иргэн Б.Г самсунг ж-7 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 632.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч А.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүүхэд орон дээр миний утсаар тоглоод гэрт байсан, харин Г манайд хоол идээд сууж байсан би усанд яваад удаагүй гэртээ орж ирэхэд манай гэрт Г байхгүй, хүүхэд ганцаараа байсан тэгээд би гэртээ жаахан байж байгаад гар утсаа гэртээ хайхад олдоогүй. Тэгээд би гэрийнхээ ойр орчмоор Г ийг хайж явангаа Г ийг гар утас зарсан эсэх талаар асууж явахад Г ийг Ренцэн гэх залууд гар утас зарсан талаар сонссон, надад санал, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/
3. Гэрч Н.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сард Г гэх хүнээс гар утас худалдаж авсан. Самсунг Жи-7 загварын гар утас байсан. Г тэр утсыг зарна, авах уу гэхээр нь би авъя гээд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/
4. Дамно ХХК-н 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18-161 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...алдагдсан гар утсыг 632.000 төгрөгөөр үнэлсэн...” тайлан /хх-53-54/
5. Шүүгдэгч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганзоригаххудагхуу усанд явсан хойгуур цагаан өнгийн Самсунг Жи-7 гар утсаа орхиод гарахаар нь тус гар утсыг нь авч, архины мөнгө олох зорилгоор зарах бодолтой гэрээс нь гарч гудамжаар явж байгаад гудамжны үзүүрт зогсоод тэр хавиар өнгөрч байсан эрэгтэй хүнд ах нь гар утсаа кодолчихоод чадахгүй байна, чи кодыг нь гаргаж чадах уу гэтэл тэр залуу үзчихээд кодыг нь гаргаж чадахгүй юм байна, та утас аа зарах уу гэхээр нь би 100.000 төгрөгөөр ав гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г нь урьд 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлйин 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаатайгаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас /хх-88/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-91-98/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч А.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 16-567 тоотоос иргэн Б.Г самсунг ж-7 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 632.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Алтансүх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-37-38/, түүний хувийн байдал /....35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт А-ын Г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт А-ын Г хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Г эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт А-ын Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт А-ын Г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт А-ын Г хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. А.Г эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг А.Г эд сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР