Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0063569 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, хариуцагч Р.Ц, нарийн бичгийн дарга И.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Г ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Дундговь аймгийн Баянжаргалан суманд “Г” ХХК-ийн эхлүүлэхээр ажиллаж буй нүүрсний уурхайн үйл ажиллагаанд оногдуулсан дээр дурдсан зөрчлийн шийтгэлийг дараах хоёр үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Нэг. Хууль буруу хэрэглэсэн, хуульд заагаагүй шийтгэл оногдуулсан.

Мэргэжлийн хяналтын байцаагч хууль буруу хэрэглэж, зөрчлийн шинжгүй үйлдэлд зөрчлийн хэрэг нээн, шийтгэл оногдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн. 0063569 тоот шийтгэлийн хуудсанд “Г” ХХК-ийг “бичиг баримтгүй олборлолт явуулсан” тул Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж тэмдэглэжээ. Зөрчлийн тухай хуулийн уг заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамааралтай. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг заасан бөгөөд мөн зүйлийн 35.3 дахь хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшеөрөл эзэмшигчийн уурхай дээр байлгах ёстой 7 төрлийн баримт бичгийг тогтоожээ. Эдгээрээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2012 онд баталсан ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2018 оны 10 сарын 12-нд баталсан уулын ажлын төлөвлөгөө, хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт зэрэг 4 төрлийн баримт бичиг уурхай дээр байсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 2010, 2012 онд батлуулсан хуучин хувилбар нь уурхайд байсан, эдгээр баримт бичгийг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан шинэчлэн батлуулах Техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан дахин батлуулахыг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас зөвлөөд байсан юм. Харин газар, ус ашиглах тухай гэрээг байгуулж амжаагүй байсан. Уурхай дээр байх ёстой баримт бичгийн дийлэнх нь бодитоор байсан бөгөөд зарим баримт бичгийн талаар бид үндэслэл бүхий тайлбар хийх боломжтой байлаа. Гэвч энэхүү нэхэмжлэлийн хоёр дахь үндэслэлд дэлгэрэнгүй тайлбарласан АМХГ-ын хууль бус үйл ажиллагааны улмаас “Г” ХХК-д хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломж олдоогүй. Бодит нөхцөл байдал ийм байхад “Г” ХХК-ийг “бичиг баримтгүй” ажилласан гэж үзэх, дутагдалтай асуудлыг ТХШТХ-ийн хүрээ хязгаараас давуулан, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нөгөө талаас, денгөж хөрс хуулалт явагдаж буй талбайгаас гурван тэвш нүүрс авсаныг “олборлолт” явуулсан гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Бид энэ асуудлын хууль зүйн үндэслэл, түгээмэл практикийг судлаж байгаа бөгөөд шүүхэд мэдүүлэг өгөхдөө тодорхой тайлбарлах болно. “Г” ХХК 1997 оноос эхлэн Дундговь аймгийн тев болон 6 суманд дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг нэр төртэйгөөр явуулж байна. Энэ хугацаанд бид Өмнөговь аймгийн “Таван толгой” ХК-ийн нүүрсийг үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн. Гэтэл 2018 оны 9 сард тус уурхайн нүүрсний нийлүүлэлтэд саатал гарч, манай компанийг 2018-2019 онд нүүрсээр найдвартай хангах баталгаа гаргаж чадахгүйд хүрсэн юм. Иймд үйл ажиллагааг нь эхлүүлэхэд нэгэнт ойрхон болсон, өөрийн эзэмшлийн нүүрсний ордод тулгуурлан орон нутгийг найдвартай дулаанаар хангах боломжтой эсэхийг яаралтай туршиж үзэх шаардлага бий болсон. Ийм учраас бид өөрийн уурхайн өнгөн хөрснөөс гаргаж авсан 3 тэвш нүүрсийг туршилтын журмаар ашиглахаар бэлтгэж байсан болно. Үүссэн гарцаагүй нөхцөл байдлын талаарх баримтыг гаргаж өгөх боломжтой.

0063569 дугаарт шийтгэлийн хуудсанд “Г” ХХК-д “үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, эрх хязгаарлах арга хэмжээ авах” албадлагын арга хэмжээ авсан гэжээ. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн хүрээнд авч болох албадлагын арга хэмжээг тодорхойлсон мөн хуулийн 4 дүгээр бүлэгт ийм төрлийн албадлагын арга хэмжээ огт заагаагүй. Мөн Зөрчлийн хуульд заасан шийтгэл, албадлагын арга хэмжээг хэргийг тал бүрээс нь шалгаж, бүрэн дүүрэн нотлосны дараа авах учиртай. Гэтэл шийтгэлийн хуудаснаас “Г” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэлгүйгээр албадлагын арга хэмжээ авсан гэж ойлгогдож байна. Мэргэжлийн хяналтын байцаагч Р.Ц хуульд заагаагүй албадлагын арга хэмжээг, хууль зөрчин, дур мэдэн авч, ноцтой зорчил гаргажээ. “Г” ХХК-ийн үйл ажиллагааг хууль бусаар хязгаарласан асуудлыг дор дахин авч үзэх болно.

Хоёр. Терийн хяналт шалгалтын болон зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн.

АМХГ-аас “Г” ХХК-ийн уурхайд шалгалт явуулах, шалгалтаар илэрсэн дутагдалтай асуудлаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах, шийтгэл оногдуулахдаа хуульд заасан журмыг илт зөрчсөн. Шийтгэлийн хуудаст шалгалтыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2018 оны 02 сарын 07-ны едрийн 01/23 тоот удирдамжийн хүрээнд явуулсан гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл АМХГ-ын шалгалт ЗШШТХ-ийн хүрээнд биш, харин Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд эхлэн явагджээ. ТХШТХ-ийн 5 дугаар зүйлд зааснаар хяналтын байгууллага төлөвлөгөөт, төлөвлөгеөт бус, гүйцэтгэлийн гэсэн гурван төрлийн хяналт шалгалт явуулдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлсний үндсэн дээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулах бөгөөд энэ тухайгаа шалгуулах этгээдэд 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй (ТХШТХ-ийн 51 дүгээр зүйл). Төлөвлөгөөт бус хяналтыг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дах хэсэгт заасны дагуу тусгайлсан үндэслэл, урьдчилан баталсан удирдамжийг үндэслэн явуулдаг. Өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явуулах бөгөөд энэ тухайгаа ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө хяналтын байгууллага шалгуулагч этгээдэд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй (ТХШТХ-ийн 5 ' дугаар зүйл). Шийтгэлийн хуудаст “Ган- Илч” ХХК-ийн уурхайд явуулсан шалгалтыг МХЕГ-ын даргаас баталсан удирдамжийн дагуу явуулсан гэх тул 2018 оны 10 сарын 25-ны өдрийн шалгалт нь төлөвлөгөөт шалгалт болох юм. Энэ тохиолдолд АМХГ-аас “Г” ХХК-д шалгалт явуулахаас 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэвч шалгалтын талаар бидэнд огт мэдэгдээгүй болно.

Түүнчлэн, АМХГ-ын шалгалт явуулах үндэслэл болсон МХЕГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/53 тоот удирдамжид уг удирдамжид хамаарах шалгалтыг 2018 оны I-III улиралд багтаан явуулахыг заажээ. АМХГ-ын дарга Ш.Т тэргүүтэй төрийн албан хаагчид 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Г” ХХК-ийн уурхайд шалгалт явуулсан нь МХЕГ-аас баталсан удирдамжид хамаарахгүй тул шалгалтыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй. ТХШТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан удирдамжгүй шалгалт явуулах нөхцөл байдал болох “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал” манай уурхайд огт үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй. Ийм зөрчил, дутагдал байгаагүйг шийтгэлийн үндэслэл (“бичиг баримтгүйгээр олборлолт явуулсан”) харуулж байна.

АМХГ-аас шалгалт явуулж, уурхайн үйл ажиллагааг газар дээр нь зогсоон, техник, тоног тохооромжийг битүүмжлэхэд манай хамтран ажиллагч “БИТ” ХХК-ийн инженер н.М уурхайг ахлах Монгол мэргэжилтний хувиар ажлаа танилцуулсан байдаг. Мийн ярьснаар АМХГ-ын ажилтнууд шалгалтын удирдамж үзүүлээгүй, шалгалтын тэмдэглэл үйлдэж, нэг хувийг өгөөгүй болно. Энэ нь ТХШТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.7, 5.9 дэх хэсгийн заалтыг шууд зөрчсөн бөгөөд бидэнд шалгалтын үйл явц хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, байр сууриа илэрхийлэх боломж олгоогүйгээрээ мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дах хэсгийн заалт зөрчигдөхөд хүргэсэн. АМХГ-аас уурхайн үйл ажиллагааг зогсоож, эд хөрөнгийг битүүмжилсэн боловч ТХШТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.12 дах хэсэгт заасны дагуу энэ арга хэмжээгээ 5 хоногийн дотор хянан үзэж, түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гарган, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн энэ шалгалтын явцад төрийн хяналтын үйл ажиллагааны хараат бус, шударга байдлыг хамгаалах зорилгоор хуульд тусгагдсан ТХШТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.14, 5.16, 5.17 дахь хэсгийн заалтууд мердөгдсөн эсэх нь эргэлзээтэй. Шалгалтын үйл явц, холбогдох баримт бичигтэй танилцах, байр сууриа илэрхийлэх хуульд заасан эрхээ эдлэх боломж “Г” ХХК-д олгогдоогүй учир эдгээр заалт хэрэгжсэн эсэх талаар дүгнэх боломжгүй болно.

Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд явуулсан шалгалтаар илрүүлсэн дутагдалтай асуудалд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулан, шийтгэл оногдуулахдаа мэргэжлийн хяналтын байцаагч Р.Ц, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг удирдах албан тушаалтан болох АМХГ-ын дарга Ш.Т нар ЗШШТХ-ийг илт зөрчсөн. “Г” ХХК-д холбогдох хэрэгт ЗШШТХ-ийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзвэл мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ажлын 3 өдрийн дотор нехцөл байдлыг шалгаж, зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд нэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, шалгах ажиллагааг прокурорын хяналт, зөвшөерлөөр гүйцэтгэх ёстой. Түүнчлэн ЗШШТХ-ийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу АМХГ-аас зөрчлийн хэрэг нээсэн талаар манай компанид албан ёсоор мэдэгдэж, хэрэгтэй танилцах боломж олгох ёстой. Гэвч зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Үүний улмаас бид ЗШШТХ-ийн 3.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

Хэдийгээр бид зөрчлийн хэрэг бүртгэлийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл авах боломжоор хангагдаагүй ч уг үйл явцыг хуульд нийцээгүй гэж үзэх бодит үндэслэл бий. Тухайлбал, 2018 оны 10 сарын 25-ны өдөр явуулсан шалгалтаар илэрсэн асуудалд хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудас нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичигджээ. ЗШШТХ-ийн 6.8 дугаар зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлийн үндсэн хугацаа 14 хүртлэх хоног, зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол энэ хугацааг зөрчлийн хэргийг удирдах албан тушаалтан 14, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болохоор заасан. Үүнээс харахад хуулийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулах боломжит дээд хугацаа 58 хоног байхад АМХГ энэ хэрэг дээр 60 хоног ажиллажээ. “Г” ХХК-ийн “бичиг баримт дутуу олборлолт явуулсан” асуудал нь хэрэг бүртгэлийн хугацаа сунгахааргүй, тодорхой асуудал байгаа бөгөөд зөрчлийн хэрэг мөн бол ЗШШТХ-ийн 6.6 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ч боломжтой. Зөрчлийг шалгасан гэх 60 хоногийн хугацаанд АМХГ “Г” ХХК болон “БИТ” ХХК-ийн холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг аваагүй болно. Яагаад хэрэг бүртгэлийг хугацаа сунгаж явуулах болов? Уурхайн үйл ажиллагааг аль болох удаан хугацаагаар саатуулж, биднийг санхүүгийн алдагдалд оруулахын тулд уу? Эсвэл АМХГ-ын албан хаагчдад ямар нэг хүлээлт байсан учраас уу? Харьцангуй тодорхой асуудлыг шалгах ажиллагааг удаашруулсан шалтгаанаа АМХГ тайлбарлах, нотлох ёстой.

Зөрчил шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу, прокурорын хяналт, зөвшөөрлөөр явагдсан эсэх нь бүхэлдээ эргэлзээтэй. Тухайлбал, үүнийг уурхайн үйл ажиллагааг газар дээр нь зогсоож, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжилсэн үйл явцаас харж болно. АМХГ-аас “Г” ХХК-д хуульд огг заагаагүй албадлагын арга хэмжээг хууль зөрчиж авсан гэж үзэх үндэслэлтэй талаар өмнө тайлбарласан. 0063569 дугаар шийтгэлийн хуудас ийнхүү бичигдсэн байдлыг төрийн албан хаагч ЗШШТХ болон ТХШТХ-д заасан ижил төстэй арга хэмжээг авахдаа гаргасан хэлбэрийн алдаа гэж үзсэн ч АМХГ уг арга хэмжээг авахдаа хууль зөрчсөн.

ЗШШТХ-ийн 5 дугаар бүлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг хангах зорилгоор зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанаас хэтрэхгүй хугацаагаар авч болох эрх хязгаарлах арга хэмжээнүүд, үүний дотор “үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох арга хэмжээ”-г тогтоожээ. Хэрэв АМХГ-ыг үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох арга хэмжээ авсан гэж үзвэл уг арга хэмжээ нь дээр дурдсан тусгай зорилгод үйлчилж, тогтоосон журмын дагуу авагдах ёстой. ЗШШТХ-ийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох арга хэмжээг зевхөн "зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед авахаар заасан. “Бичиг баримтгүй олборлолт явуулсан”-аас ийм нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй учир АМХГ-аас авсан арга хэмжээ зорилгодоо нийцэхгүй байна.

Түүнчлэн, ЗШШТХ-ийн 5.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох арга хэмжээ авагдсан бол АМХГ Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүй. дотоод хэргийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн A-70/A-174 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам”-ыг мөрдөх ёстой. Уг журмын дагуу мэргэжлийн хяналтын байцаагч уурхайн үйл ажиллагааг түр зогсоох саналаа 24 цагаас доошгүй хугацааны өмнө прокурорт хүргүүлж, прокурор саналыг үндэслэлтэй гэж үзвэл тогтоол гарган холбогдогч "Г” ХХК-д танилцуулсны үндсэн дээр хувийн өмчид халдаж, эрхийг хязгаарладаг. Гэвч АМХГ эрх хязгаарласан шийдвэр гаргахдаа хуулийн эдгээр зохицуулалтыг огт дагаж мөрдөөгүй. Арга хэмжээг хойшлуулшгүй үндэслэлээр авсан гэж үзсэн ч дээрх журмын холбогдох заалтууд АМХГ-ын үйл ажиллагаанд огт мөрдөөгүй.

Хэрэв энэ арга хэмжээг ТХШТХ-ийн дагуу авсан бол мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны албан тушаалтан энэ арга хэмжээг 5 хоногийн дотор хянан үзэж, түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гарган, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэх ёстой байсан. “Г” ХХК ийм мэдэгдэл огт хүлээж аваагүй.

Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, хувийн өмчид АМХГ хууль зүйн үндэслэл, прокурорын зөвшөөрөлгүй халдаж, уурхайн үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас уурхайд хөрөнгө оруулагч, “БИТ” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Г” ХХК 2018 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл ажил тасалдсан хоног тутамд их хэмжээний төлбөр төлөхөд хүрээд байна.

... Эдгээр асуудлуудыг хянан үзэж, АМХГ-аас “Г” ХХК-ийн уурхайд явуулсан шалгалтын үйл ажиллагаа болон оногдуулсан шийтгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Г ХХК-ийг төлөөлж О.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Одоо бичиг баримтаа журмын дагуу бүрдүүлж байгаа, энэ 6 сард Байгаль орчны яаман дээр бэлэн болно. Хуульд зааснаар 7 бичиг баримт байх ёстойгоос гурван баримт нь байсан. Бусад нь байгаагүй. Гэхдээ энэ шийтгэл оногдуулахтай холбоотой ажиллагаагаа хууль зөрчиж явагдсан учраас улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Тэндхийн бүх уурхайнуудад Жи мобайлийн сүлжээ барьдаг учир Р.Цид прокурортой утсаар холбогдох боломж байсан. Гэвч энэ хуульд заасан ажиллагааг зөрчиж арга хэмжээг авсан. Нэхэмжлэлд 10 дугаар сарын 26-ны өдөр 25-ны өдөр гэж андуурагдан бичигдсэн байна. 26-ны өдөр хяналт шалгалт хийсэн” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нэг. Хууль буруу хэрэглэсэн, хуульд заагаагүй шийтгэл оногдуулсан тухайд: Г ХХК нь мэргэжлийн хяналтын байцаагч хууль буруу хэрэглэж, зөрчлийн шинжгүй үйлдэлд зөрчлийн хэрэг нээн, шийтгэл оногдуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн гэжээ.

Дундговь аймгийн Мэргэжпийн хяналтын газраас 2018 оны төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдсан объектуудад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх явцад Баянжаргалан сумын нутаг Хөөтийн хонхор гэдэг газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Г ХХК нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй орд газар дээр байлгах ёстой бичиг баримтын бүрдэл байлгахгүйгээр уулын ажил явуулж олборлолт хийж байсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэх ба “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 дах хэсэгт заасан нийтлэг үүрэг буюу орд газар дээр байлгах ёстой 7 төрлийн бичиг баримтгүй олборлолт явуулж байсан нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар илэрсэн. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил” гэж заасан зөрчлийн шинжийг агуулж байх тул нэхэмжпэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжпэгч нэхэмжлэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-т заасан 7 төрлийн бичиг баримтаас 4 төрөл нь байсан гэх ба хяналт шалгалтын явцад эдгээр бичиг баримт нь уурхай дээр огт байгаагүй болно. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Г, геологич Н.Т нар манай байгууллага дээр ирж, бичиг баримтаа үзүүлсэн ба тусгай зөвшөөрлийн хуулбар, аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн 3 төрлийн бичиг баримт үзүүлсэн байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл зэрэг бичиг баримтууд огт үзүүлээгүй.

Мөн манай байгууллагын 2018 оны 02/457 дугаартай албан бичгээр Г ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-012401 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд нүүрсний олборлолт явуулж буй төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний талаар мэдээлэл гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байдаг. Тус газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 06а/8847 тоот албан бичгээр хариу өгсөн ба “Ган- Илч” ХХК нь Баянжаргалан сумын нутагт хэрэгжүүлж буй Нүүрсний ордыг ашиглах төсөлдөө 2011 онд “ Монслов” ХХК-иар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэн батлуулсан ба үүнээс хойш нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө хийлгээгүй нь дээрх албан бичгээр нотлогдож байна.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/53 тоот удирдамж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Мэргэжпийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Ц, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.О, Автотээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Н.Б нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хойшлуулшгүй арга хэмжээ авч тус компаний үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13-05-003/23 тоот улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Прокурорын хяналт дор Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1822000220 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зөрчилд 10 сая төгрөгний шийтгэл оногдуулсан.

“Г” ХХК-ний нэхэмжлэлд “дөнгөж хөрс хуулалт явагдаж буй талбайгаас гурван тэвш нүүрс авсаныг олборлолт явуулсан гэж үзэх эсэх нь эргэлзээтэй” гэжээ:

Хяналт шалгалтаар очиход “Г” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэх БИТ ХХК-ийн төлөвлөлтийн инженер Ч.М ахлан 86-68 УБ улсын дугаартай экскаватори ашиглан хөрс хуулалт хийж уулын ажил явуулан нүүрс олборлох үйл ажилллагаа явуулж байсан нь хяналт шалгалтаар авсан фото зураг болон Гурвансайхан сумын “Г” ХХК-ийн халаалтын зуухны дарга С.Нийн мэдүүлгээр нотлогдож байна. /2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 64-53 ДУА улсын дугаартай HOWO маркын авто машинаар 32.423 тонн нүүрсийг Гурвансайхан суманд үйл ажиллагаа явуулдаг өөрийн халаалтын зууханд буулгасан гэх/ Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, эрх хязгаарлах арга хэмжээ авсан талаар: 0063569 дугаартай шийтгэлийн хуудсан дээр Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох” эрх хязгаарлах арга хэмжээ авсан талаар бичсэн болно.

Хоёр: Төрийн хяналт шалгалтын болон зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн тухайд:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-нь өдрийн А/138 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” журмыг баталсан. Энэ журмын дагуу МХЕГ-ын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/53 дугаартай “Хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгдсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэж заасны дагуу төлөвлөгөөт хяналт хийсэн тохиолдолд мэдэгдэнэ. Харин бусад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээг Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан журмын дагуу хийдэг бөгөөд Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдал, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хийдэг учраас тодорхой хугацаа хамаарахгүй.

Уг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжинд заагдсан хугацаа нь тухайн хяналт шалгалтын танилцуулга, мэдээг Мэргэжпийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх хугацаа бөгөөд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг бүтэн жилийн хугацаанд хийж, Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх журмын 3.2 дахь хэсэгт зааснаар хүрээлэн буй орчин, цаг үеийн шинжтэй зохион байгуулж байгаа ажил, үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа нь хууль бус эсхүл шаардлага хангаагүй нь нотлогдсон тохиолдолд үйлдвэрлэгч болон шалгуулагч этгээдэд хуулийн дагуу шаардлага тавьж, улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг таслан зогсоох арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийг “БИТ” ХХК-ний төлөвлөлтийн инженер Ч.Мид танилцуулж, хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулж, нэг хувийг нь гардуулж өгсөн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т “Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ” гэсэн нь Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтад хамаардаггүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааны талаар: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зуйлийн 1.1 дэх хэсэгт заасан Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйпдэхүй илрүүлж, Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 2018 оны 11 дүгаар сарын 07-ны өдрийн 1822000220 дугаар зөрчлийн хэрэг нээн, ажлын хэсэг Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт сумдын нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн, ирсэн даруй хойшлуулшгүй тохиолдолд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан ажпын 3 өдрийн дотор хянан үзэж, шийдвэр гаргах ба зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд тухайн зөрчлийн хэргийг 14 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба нэмэлт ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах шаардлагатай бол удирдах эрх бүхий албан тушаалтан 14, прокурор 30 хүртэл хоногоор сунгахаар заасан ба нийт 58 хоногийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “Г” ХХК нь Ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй нь /Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-р зүйлийн 35.3.1 ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, 35.3.2 ашигт малтмал ашиглах техник эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, 35.3.3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 35.3.4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөө 35.3.6 уурхайн талбайн хилийг тогтоож байнгын шав тэмдэг тавьсан акт, 35.3.7 Газар, ус ашиглах гэрээ зэргийг уурхай дээр байлгаагүй/ холбогдогч, гэрчийн өгсөн, тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар 10.000.000 сая төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх явцад Г компани нь орд газар дээр байх ёстой бичиг баримт байхгүй, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 35.1-д заасан нийтлэг бүрэн эрхээ биелүүлээгүй олборлолт явуулж бүтээгдэхүүнээ гаргаад тээвэрлэсэн байсан. Энэ нь зөрчлийн хувийн хэрэгт баримтаар авагдсан байна. Ийм зөрчил гарсан байхад улсын байцаагч зөрчлийн хажуугаар нүдээ аниад өнгөрөх эрх байхгүй. Бид тэр үед гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж явсан. Г ХХК-ийн тухайд хийсэн шалгалт нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалт гэж байдаг ба мөн хяналтын шалгалтын бусад төрлүүд болох урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, хяналт шинжилгээ гэж бий. Энэ шалгалтууд батлагдсан өөр өөрийн журмаар зохицуулагддаг. Уурхайн хяналт шалгалт нь бусдаас онцлог. Хүний амь нас, орчин тойрны аюулгүй байдалд гэнэтийн нуралт, гулгалт үүсч болзошгүй нөхцөл байдал гардаг учраас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан журмын дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн. Иймээс улсын байцаагчид зайлшгүй тохиолдолд зөрчил илэрвэл энэ журамд нийцүүлэн баталсан 2018 оны удирдамжийг бүтэн жилийн хугацаанд аль ч улиралд хэрэгжүүлж уурхайд очихдоо авч очдог юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуульд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй бол үйл ажиллагаа явуулахыг хориглодог ба хэрэв бичиг баримтгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол тухайн хугацааны орлогыг улсын орлого болгодог заалттай. Нийтлэг бүрэн эрхээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр бид үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, прокурорт хянуулж энэ тухай прокурорын тогтоол гаргуулсан. Ийнхүү зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаад ашигт малтмалын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, тухайн сумын засаг даргаас холбогдох бичиг баримтыг гаргуулж хэрэгт хавсаргасан. Үүгээр энэ зөрчил нотлогдоно. Зөрчлийн үйлдлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр илрүүлсэн боловч хөдөөгүүр ажилтай явж байгаад ирсэн учир 11 сарын 2-ны өдөр зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэлээ үйлдсэн. Мөн ихэнх уурхайд утасны сүлжээ байхгүй учир прокурорт мэдэгдэх боломжгүй. Иймд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт зааснаар хойшлуулшгүй арга хэмжээг авч, үйл ажиллагааг нь түр зогсоож, прокуророор хянуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох тухай тогтоол гаргуулсан. Энэ хууль бус үйл ажиллагаанаас хохирол үүссэн. Гэхдээ тогтоосон зүйл байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар уурхай дээр 30 баримт байх ёстой. Гэвч гурван баримт байсан. Энэ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны төлөвлөгөө юм. Мөн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусаагүй байсан газарт олборлолт явуулсан байсан. Олборлолт явуулсан гэдэг нь Гурвансайхан суман дахь Г уурын зуухны даргын мэдүүлгээр нотлогддог.  ... Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0063569 тоот шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г ХХК нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Цид холбогдуулан улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0063569 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Ц нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” 01/53 дугаартай удирдамжийн хүрээнд Баянжаргалан сумын Хөөтийн хонхор гэдэг газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Г ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө”, 35.3.3-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 35.3.4-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж заасан бичиг баримтыг уурхай дээр байлгаагүй нийтлэг үүргийн заалтыг зөрчиж бичиг баримтгүй уулын ажил явуулсан гэх зөрчлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр илрүүлж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Зөрчилд шийтгэлд оногдуулах тухай” 0063569 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасныг үндэслэн 10000000 төгрөгөөр торгох, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. 

1. Шийтгэлийн хуудсаар “... 10000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” тухайд:

Баянжаргалан сумын Хөөтийн Хонхор гэдэг газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “Г” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг уурхай дээр байлгаагүй үйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч шүүх уг зөрчил дутагдалд тохирсон шийтгэлийг оногдуулаагүй байна гэж үзлээ.

Учир нь эрх бүхий албан тушаалтан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн хүрээнд Баянжаргалан сумын Хөөтийн хонхор гэдэг газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Г ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийж, улсын байцаагчид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Г ХХК-ийн нүүрс олборлох үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай тогтоол гаргаснаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хохирол учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байх ба энэ нь уг хяналт шалгалтын зорилго болно.    

Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан Г ХХК нь тухайн газар нутагт тусгай зөвшөөрөлтэй, олборлосон гэх 3 машин нүүрсийг ашиг олох зорилгоор бус иргэдийн амьдрах ая тухтай нөхцөлийг хангах зорилгоор ашиглах гэж байсан, мөн анх удаа энэ зөрчил дутагдлыг гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-т “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаар үйл ажиллагааг түр зогсоох хугацаанд зөрчил дутагдлыг арилгуулах талаар үүрэг болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах боломжтой байхад энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх журмын зорилготой нийцэхгүй байна.

 2. Шийтгэлийн хуудсаар “үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан” тухайд:

Нэхэмжлэгчээс “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох арга хэмжээ авагдсан бол байцаагч Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн A-70/A-174 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам”-ыг мөрдөх ёстой. Гэвч эдгээр зохицуулалтыг огт дагаж мөрдөөгүй...,  хариуцагчаас “... Зөрчлийн үйлдлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр илрүүлсэн. ... ихэнх уурхайд утасны сүлжээ байхгүй учир прокурорт мэдэгдэх боломжгүй. Иймд улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт зааснаар хойшлуулшгүй арга хэмжээг авч, үйл ажиллагааг нь түр зогсоож, прокуророор хянуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу түр зогсоох тухай тогтоол гаргуулсан” гэж тус тус нэхэмжлэл, хариу тайлбараа гаргана.  

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13-05-003/23 дугаартай улсын байцаагчийн актаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн зөрчил дутагдлыг арилгах хүртэл хугацаагаар үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/70, А-174 тушаалаар баталсан журмын 1.4-т “Хойшлуулшгүй тохиолдолд ажиллагаа хийх, ... бусад тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа эрх хязгаарлах арга хэмжээг зөрчлийн холбогдогчид авна”, мөн журмын 4.1-т “Эрх бүхий албан тушаалтан нь хойшлуулшгүй тохиолдолд ажлын бус цагаар, прокурорын зөвшөөрлийг бичгээр авах боломжгүй, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох арга хэмжээг зайлшгүй, нэн даруй авах шаардлагатай бол үйл ажиллагаа, ашиглалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түр зогсоох тухай шийдвэр /акт/-ийг гаргаж, энэ тухай прокурорт боломжит хэлбэрээр даруй мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа хийх шаардлага үүссэн нөхцөлд /зөрчлийн хэрэг нээхээс өмнө/ үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, энэ тухайгаа прокурорт боломжит хэлбэрээр даруй мэдэгдэхээр байна. Гэвч дээрх журмын дагуу эрх бүхий албан тушаалтан холбогдох ажиллагааг явуулаагүй байх бөгөөд энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авч, энэ тухай прокурорт даруй мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

3. Шийтгэлийн хуудасны 10 дугаарт “.. шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор  5 хоногт гомдол гаргаж болно” гэж заасан байх ба энэ хугацаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаанаас богино буюу хуульд заагаагүй хугацаа байна. Тодруулбал эрх бүхий албан тушаалтан нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хуульд заагаагүй хугацаагаар хязгаарлажээ.  

4. Г ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал О.Г нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон, мөн тус компанийг төлөөлж 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гүйцэтгэх захирал О.Г оролцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, түүнчлэн хариуцагчийн зүгээс энэ асуудлаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй болно.     

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0063569 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0063569 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч Р.Ц нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.Ц