Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0055

 

“К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч А.У

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/5309 дугаар албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/5929 дугаар албан бичгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Агаарын хөлгийн зорчигчийн үнэлгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах,

“МИАТ” ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулж, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 дугаар мэдэгдлийн дагуу “К” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 819 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0799/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Сангийн яам, “МИАТ” ТӨХК, “МИАТ” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/5309 дугаар албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/5929 дугаар албан бичгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Агаарын хөлгийн зорчигчийн үнэлгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах,

“МИАТ” ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулж, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 дугаар мэдэгдлийн дагуу “К” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 819 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан тус яамны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/5309 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “МИАТ” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, “МИАТ” ТӨХК-ийн “М” ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар албан бичгийг тус тус тендерийг дахин үнэлж, шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заажээ.

“К” ХХК-иас “Агаарын хөлгийн зорчигчийн үнэлгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг “МИАТ” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан бөгөөд шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт “хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хороо” хэмээн тодорхойлж, шийдвэрээ гаргасан атал тухайн хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсангүй.

Тодруулбал, анх нэхэмжлэгч нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасаар атал 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 7583 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэхдээ зөвхөн Сангийн яам болоод “МИАТ” ТӨХК-д холбогдуулж хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш хэргийг хянан шийдвэрлэх 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд “МИАТ” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хороог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулж, тайлбарыг нь авч, тендерийн үнэлгээг хэрхэн хийсэн, ямар учраас “М” ХХК-ийг сонгон шалгаруулж, тэмдэглэл буюу шийдвэр, зөвлөмжөө гаргах болсон талаар тодруулга авч оролцуулаагүй хирнээ зөвхөн шүүхийн шийдвэр гаргахдаа тухайн этгээдийг бие даасан хариуцагчаар тодорхойлж, түүний гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон бөгөөд шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Тухайн үнэлгээний хороог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбарыг нь авсан бол тендерийн үнэлгээг хэрхэн хийсэн болох нь тодорхой болж, шүүхийн шийдвэр ч өөрөөр гарах боломж байсан гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй ... байна” гэснээс үзвэл үнэлгээний хороо нь захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр гаргадаг этгээд гэж үзэх боломжтойн зэрэгцээ түүний гаргасан шийдвэрийг шүүх хянан шийдвэрлэх тохиолдолд түүнээс тайлбарыг нь авч, ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.

3.2. Шүүх Сангийн яаманд холбогдох “2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/5309 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх Сангийн яамны албан бичгээр “К” ХХК-ийн тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй болохыг тогтоож, захиалагчийн шийдвэр буюу тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг “МИАТ” ТӨХК-д мэдэгдсэн.

Нэгэнт шүүхээс Сангийн яамны явуулсан тендер шалгаруулалтад хийсэн шалгалтын үйл ажиллагаа зөв хэмээн дүгнэсэн буюу “К” ХХК-ийн тендерийн баримт бичиг шаардлагад нийцээгүй талаар дүгнэлт хийсэн хирнээ “М” ХХК-ийн баримт бичиг тендерийн баримт бичигтэй нийцэж буй эсэхийг дахин хянах шаардлагатай буюу тогтоох боломжгүй хэмээн зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу захиргааны үйл ажиллагааг хянах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.

Шүүхээс Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр түүний эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акттай холбоотой хэрэг дуусгавар болсон. Ингэснээр нэхэмжлэгчийн эрх, ашигтай хамааралгүй “МИАТ” ТӨХК, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх боломж үгүй болно.

Өөрөөр хэлбэл, “К” ХХК-тай холбоотой хэргийг шүүх шийдсэнээр “М” ХХК-тай холбоотой хэргийг шийдвэрлэх боломжгүйд хүрнэ. “МИАТ” ТӨХК, түүний үнэлгээний хорооны гаргасан шийдвэр, үйл ажиллагаа зөвхөн “М” ХХК-д хамааралтай бөгөөд бусад этгээдийн буюу “К” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд хамааралгүй. Тиймээс тухайн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх ёсгүй.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргалгүй, харин ч хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 819 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “К” ХХК нь “МИАТ” ТӨХК-иас зарласан “Зорчигчийн үйлчилгээний кофе, сүү нийлүүлэх” МИАТ/202201092/02 тоот нээлттэй тендерийн багц 1 /Чанадаг кофе/-ний тендерт оролцжээ.

2.2. Анх нэхэмжлэгчээс Монгол Улсын Сангийн яам, “МИАТ” ТӨХК-д тус тус холбогдуулан “Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/5309 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож, захиалагч “МИАТ” ТӨХК нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар албан бичиг болон Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03/5929 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгож, “МИАТ” ТӨХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 дугаар мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг захиалагч “МИАТ” ТӨХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.3. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 дугаар “Гомдол хянасан тухай” болон 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03/5929 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, “МИАТ” ТӨХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар мэдэгдэл, “МИАТ” ТӨХК болон “М” ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22/219 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “МИАТ” ТӨХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 дугаар мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг захиалагч “МИАТ” ТӨХК-д даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[1] байна.

2.4. Үүнээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан маргахдаа хариуцагчаар Монгол Улсын Сангийн яам, “МИАТ” ТӨХК, “МИАТ” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хороог тодорхойлж маргажээ.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй” гэж тус тус хуульчилсан байна.

2.6. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн атлаа “МИАТ” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хороог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн хувь гардуулж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж хуульчилсан бөгөөд үүнээс үзэхэд тендерийн Үнэлгээний хороо нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой бие даасан шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага болох юм.

2.8. Анхан шатны шүүх “МИАТ” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хороог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйгээс гадна нэхэмжлэгчээс тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Агаарын хөлгийн зорчигчийн үнэлгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.

2.9. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1.7-д “Шүүх хуралдааны явцад хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/5929 дугаар албан бичиг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэлээ” гэжээ.

2.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн зарим шаардлага болох “Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/5929 дүгээр албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн зөвшөөрч буй талаар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ дурдсан байх бөгөөд шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлаж танилцуулсан байх боловч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаараа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй, мөн тусдаа шүүгчийн захирамжаар ч шийдвэрлээгүй орхигдуулжээ.

2.11. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 дүгээр албан бичгээр “К” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг захиалагч “МИАТ” ТӨХК-д мэдэгджээ.

2.12. Нэхэмжлэгчээс дээрх албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа “МИАТ” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, “МИАТ” ТӨХК-ийн “М” ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар албан бичгийг тус тус тендерийг дахин үнэлж, шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй болжээ.

2.13. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хэрэгт авагдсан тендерийн баримт бичиг болон тендерт оролцогчоос ирүүлсэн материалыг харьцуулан үнэлэлт дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэх боломжтой, тодруулах шаардлагатай зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй байхад тендерийг дахин үнэлж, шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна.

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 819 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.           

           

 

 

 

                         ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

 

 

              ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 4 дэх талд,