| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0178/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/188 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Х.Б-өөрөө өөрийгөө өмгөөлж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Х-ын Б-т холбогдох эрүүгийн 1810007820144 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улсын иргэн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 9 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Х-ын Б-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Б-т шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 18100078200000 дугаартай хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/,
Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-41-р хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 66-р хуудас/,
Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
Шүүгдэгч Х.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч А.Наранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 55, 65-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаар шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч Х.Б-нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” гоо сайхны салонд хохирогч Ц.Ц-гээс “утсаараа яриулаач” гэж хуурч, Самсунг Галакси нөүт 5 маркийн гар утас болон 10.000 төгрөгийг нь авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/,
Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 00 тоотод EJRIS гоо сайхны салонд ажилд орсон. Тухайн өдөр 16 цагийн орчимд Х.Б-“гар утсаар чинь ярьчхаад өгье” гээд авсан. Би Х.Б-т гар утсаа өгчхөөд хэсэг завгүй байж байгаад гар утсаа авах гэтэл алга болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Samsung note-5 гар утас 380.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 39-41-р хуудас/,
Хохирол барагдуулсан тухай бичиг /хх-ийн 66-р хуудас/,
Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: Би хохирогч Ц.Ц-гийн гар утсыг худлаа хэлж авч явсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад зарсан юм. Би бусдыг залилан мэхэлсэн хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх болно. Хохирогч Ц.Ц-д учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. Хохирогчийн гар утасны хавтсанд 10.000 төгрөг байсан. Уг мөнгийг таксинд өгөөд буусан. Гар утсаа танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд: хохирогч Ц.Ц- нь “Х.Б-ыг салондоо ажиллуулахаар хэрэг гарахын өмнө өдөр уулзсан ба шүүгдэгч нь ажлын эхний өдрөө энэхүү гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч, хохирогч нарын дунд урьдын дотно биедээ итгэлцэх харилцаатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчтой “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Харин шүүгдэгч Х.Б-нь хохирогч Ц.Ц-гээс “утсаараа яриулаач” гэж гарын утсыг нь хуурч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авч улмаар бусдад зарж борлуулан, хохирогчид 390.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Х.Б-ыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-д 390.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Ц.Ц-гийн “Х.Б-нь хохирол барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 67-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Х.Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Х.Б-ыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.Б-т ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Х-ын Б-ыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-т мэдэгдсүгэй..
4. Шүүгдэгч Х.Б-нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР