Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 153

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Б.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.*******, прокурор Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.*******ы хүсэлттэй нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн хөлс нийт 12,400,000 /арван хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт тайлбартаа: Миний бие ******* ТӨХК-ны ******* ХХК-ны Дизел машинистаар ажилладаг. Гэтэл 2016 оны 04-р сараас 2016 оны 11-р сар хүртэл бүтэн 8 сар гаруй хугацаанд намайг Завхан аймгийн Цагдаагийн газраас 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар хулгайн гэмт хэргээр Прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж, прокурорын байгууллагаас дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн яллаж, шүүхэд шилжүүлж, нэг удаа шүүх хуралданаар орж эцэст нь прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Намайг ор үндэсгүй хилс хэрэгт татаж, ялласан.

Би өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 8 жил нэг байгууллагад тасралтгүй ажиллаж байгууллага хамт олондоо ажил хөдөлмөрөөрөө олон удаа үнэлэгдэж байгууллагын аврага, шилдэг ажилтан, тэргүүний ажилтнаар шалгарч эрчим хүчний яамны жуух бичгээр шагнагдаж байсан бөгөөд тэр хэмжээгээрээ шударгаар ажиллаж хөдөлмөрлөсөн миний нэр төр, амьдарч буй аймаг, байгууллага хамт олон, ажил мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн гэж үздэг. Миний шударгаар ажиллаж олж авсан дээрх нэр төр, алдар хүндийг маань нэг л өдөр хулгайчаараа дуудуулан цагдаа, прокурорын байгууллагын үүдийг сахих болсон нь миний амьдралд арилшгүй хар толбо болсон.

Би үндэсний сурын спортоор хичээллэдэг бөгөөд 2016 оны үндэсний их баяр наадмын Завхан аймгийн сурын харваанд амжилтгүй оролцсон, мөн Баруун бүсийн үндэсний сурын харваанд мөн л амжилтгүй оролцсон нь энэ хууль бус ажиллагаа, хилс хэрэгт гүтгэгдэн цагдаа, шүүхийн байгууллагад байнга дуудагдаж байсантай шууд холбоотой.

Миний 2016 оны спортын гол зорилго улсын аврагад оролцож амжилт үзүүлэх явдал байсан бөгөөд даанч надад цагдаагийн байгууллагаас батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан учраас явж чадаагүй юм.

Ийм гүтгэлэг, хууль бус ажиллагаа миний сэтгэл санаа, гэр бүлд маань их хэцүү тусч байсан. Энэ хугацаанд сэтгэл санаагаар хохирсноос гадна эд мөнгөний болон шууд бус зардлууд гарсан. Цагдаагаас прокурор луу шилжүүлнэ гэхээр нь хувийн өмгөөлөгчийг 1,400,000 төгрөгөөр гэрээ байгуулан хөлсөлж авсан. Мөн би Өлзийт багаас цагдаагийн байгууллага байрлах Богдын гол баг, Прокурор, Шүүхийн байгууллага байрлах баг руу байнга унаагаар ирж очиж байсан. Мөн албан газраасаа олон удаа чөлөө авч байцаалтанд байцаагдаж байсан. Энэ болгонд зардал гарч байсан.

Иймд өмгөөлөгч хөлсөлсөн зардал 2,400,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 12,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагт прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж хүн хохирсон бол төр хохирлыг барагдуулна гэж заасан байгаа. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа прокурор нь өмнө нь энэ хэрэгт прокуророор оролцож яллаж байсан этгээд оролцож байгаа нь ашиг сонирхлын зөрчил болно гэж үзэж байна.

Б.*******ы хувьд ийм хэрэгт холбогдож сэтгэл санаагаар маш их унасан учраас өмгөөлөгч миний биеийг авч оролцуулсан. Мөн иргэний хэрэг дээр өмгөөлөгчийн хөлс төлж намайг оролцуулж байгаа. Тиймээс өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг нэмэгдүүлж нэхэмжилж байна. Нийт 12,400,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Прокурор Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би, Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүсэлтээр төрийг төлөөлж, иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт 2016 оны 04 сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ хэрэгт түүнийг сэжиглэх дараах үндэслэлүүд байсан. Үүнд:

1. Гэрч Д.*******, О.******* нар нь гражаас алдагдсан эд зүйлс нь Б.*******аас хурааж авсан эд зүйлстэй адилхан байна гэж мэдүүлдэг,

2. Хэргийн байцаан шийтгэх ажиллагааны явцад таньж олуулах ажиллагаа хийж гүйцэтгэхэд гэрч нар алдагдсан эд зүйлс мөн байна гэж таньсан байдаг,

3. Хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч нь Б.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь бүрэн нотлогдож байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт ирүүлсэн байдаг. Дээрх үндэслэлүүд байсан учраас прокурорын зүгээс хэрэг нь нотлогдох боломжтой байна гэж дүгнэж шүүхэд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хэлэлцээд Б.*******ы гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй зөвхөн нэмж шалгах тодруулах зүйл байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Ингээд шүүхээс хэргийг буцаасаны дараа нэмэлт мөрдөн байцаалт хийгдэж уг хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр түдгэлзүүлсэн. Хэдийгээр Б.*******ы үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч тухайн хэрэгт эцсийн шийдвэр гараагүй, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй юм. Түдгэлзүүлнэ гэдэг бол сэргээх үндэслэл байвал сэргээж болдог, мөн түдгэлзүүлсэн хэргийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусахад хэрэгсэхгүй болгодог хуульд заасан зохицуулалттай. Иймд тухайн хэрэг шийдэгдээгүй байхад /Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж нэмж ажиллагаа хийж болдог/ сэтгэл санааны хохирол болон бусад асуудлыг шийдвэрлэх нь үндэслэлгүй юм. Мөн Б.*******ыг уг хэрэгт сэжигтнээр тооцож, ял сонсгох зэрэг ажиллагаануудын үед түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хийж буй ажил үүргийг түр түдгэлзүүлэх тогтоол гаргаагүй. Мөн яг ямар үндэслэлээр сэтгэл санаа нь хохирсон гэж 11.400.000 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, иргэний хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд сэтгэл санаа хохирсон гэдгийг юуг үндэслэж, яаж тогтоох эсэх нь эргэлзээтэй байх тул Б.*******ы нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь хууль бусаар хулгайн гэмт хэрэгт шалгагдсны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болон өмгөөлөгчийн хөлс 1,400,000 төгрөг сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нийт 11,400,000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, энэ шүүх хуралдаад мөн өмгөөлөгч авч түүнд 1,000,000 төгрөг төлсөн учраас өмгөөлөгчийн хөлс нийт 2,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, уг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Б.*******ыг 2016 оны 03-р сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын баг айлын орон сууцны урд хэсэгт байрлах Авто засвар нэртэй гаржид буюу бусдын агуулах саванд нэвтрэн орж иргэн Х., Ц., Д.******* нарын эзэмшлийн нийт 17 нэр төрлийн эд зүйл хулгайлж, бусдад 2,630,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн ******* дугаар хэрэг үүсгэн сэжигтнээр тооцож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Б.*******ыг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2016 оны 08-р сарын 05-ны өдөр яллагдагчаар татсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа ...Намайг ор үндэсгүй хилс хэрэгт татаж, ялласан. .... Мөн би Өлзийт багаас цагдаагийн байгууллага байрлах Богдын гол баг, Прокурор, Шүүхийн байгууллага байрлах баг руу байнга унаагаар ирж очиж байсан. Мөн албан газраасаа олон удаа чөлөө авч байцаалтанд байцаагдаж байсан. Энэ болгонд зардал гарч байсан. ... Иймд өмгөөлөгч хөлсөлсөн зардал 2,400,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 12,400,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тул хүсэлт гаргагч нь ийнхүү шаардах эрхтэй байна.

Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэнийг, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09-р сарын 02-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.

Завхан аймгийн Прокурорын газар нь 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн 5/11 дугаартай тогтоолоор Б.*******д холбогдох хэсгийг тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.5, 390.2-т зааснаар тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх ба хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох эд хөрөнгийн хохирол, сэтгэл санаанд учирсан хохирол болох эдийн бус хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа өмгөөлөгч Б.*******тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж түүний эрх ашгийг хамгаалан өмгөөлөгч Б.******* нь мөрдөн байцаалтын ажиллагаанд биечлэн оролцож, хүсэлт, гомдол гаргаж байсан нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогджээ. Б.******* өмгөөлөгчийн хөлсөнд 1,400,000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд түүний энэ тайлбарыг өмгөөлөгч үгүйсгэхгүй байгаа учир 1,400,000 төгрөг өмгөөлөгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хүсэлт гаргагч нь хууль бусаар шалгагдсны улмаас учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд хандан дахин өмгөөлөгч авч 1,000,000 төгрөг төлсөн нь прокурорын, мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн үйл ажиллагаандаа учирсан шууд бус хохирол гэж үзэх үндэстэй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 1,000,000 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэл зүйн дарамтад орсон, айж балмагдсан, сэтгэлийн гутрал, сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон, нэр, төр, алдар хүндээрээ хохирсон зэрэг байдлаа нотлоогүй гэж үзэв.

Иймээс хүсэлт гаргагч Б.*******ы өмгөөлөгч Б.*******д төлсөн хөлс 2,400,000 төгрөгийг хангаж, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 2,400,000 /хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөгийг гаргуулж *******ийн *******д олгож, нэхэмжлэлээс 10,000,000 /арван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ