Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2017/00040/И |
Дугаар | 154 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 154
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Т.Балжинням, Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Б.*******, иргэдийн төлөөлөгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох гэм хорын хохирол 8.450.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын Б.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2015 оны 08 сарын 17-нд Б.******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдыг дайрч 2 хүний амь нас хохироож бусдын биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн юм. Эрүүгийн гэмт хэрэг шийдвэрлүүлэхэд хохирлын зарим зүйлүүдийг шийдвэрлээгүй байсанюм.Талийгаач *******, ******* нарын оршуулга болон буяны ажлын зардалд гарсан 8.450.000 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгч хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Уг нэхэмжлэлд Эрүүгийн хэрэг шийдвэрлэхэд хохирлын зарим зүйлүүдийг шийдвэрлээгүй байсан юм гэжээ. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Уг эрүүгийн хэргийн Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анханшатны шүхийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолооор нэхэмжлэлийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн ба уг тогтоолд нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хохирлын баримтуудаас нэг ч баримт хасаж тооцоогүй... гэж дурьдсан байна. Миний хувьд нийт 23.313.900 төгрөгийг дээрх нэхэмжлэгч нар төлсөн. Харин шийдвэрлэгдээгүй орхигдсон зүйл байхгүй болно. Мөн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд *******, ******* нарыг нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаагүй нь хохирлын бүрэн төлөгдсөн гэхээр байгаа тул эс зөвшөөрч байна. Хавсаргасан материалууд нь он сар өдөр нь засвартай засварласнаас өөр бусад нотлох баримтууд нь эргэлзээтэй баримтууд байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баримтаар гарсан зардлаа л нэхэмжилж байгаа. Бидний гарсан зарда 34000000 төгрөг болсон. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 16000000 төгрөг нь хасагдсан. Тэр мөнгөний баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Тамга тэмдэггүй баримт байна гэж үзсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 22000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. 8450000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөрөөс гарсан зардлаа л нэхэмжилж байгаа. Өөр зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******: Ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхээгүй. Лам нарт өгсөн барьц бэлэн мөнгөний баримт бүрдүүлж өгөөгүй байсан. Тэр мөнгөө л нэхэмжилж байгаа. Тухайн үед гарсан зардлаа компьютерт хүснэгтээр шивээд гаргаж өгсөн юм. Тэгэхдээ тэр тооцоогоо баримтуудтайгаа тулгаж тооцоогүй. Өмгөөлөгч маань тэр дутуу баримтуудыг шалгаагүй. Ингээд гаргаад өгчихөөр болчих юм байх гэж бодсон юм. Хүснэгтээр гаргаж өгсөн зардлуудаа баримтаар бүгдийг нь баримтжуулж өгөх ёстой байсныг нь дараа нь мэдсэн. Тэгээд шүүх хурал болоод хохирлын мөнгөнөөс 16000000 төгрөг хасагдсан гэсэн. тэгээд яагаад хасагдсан юм бэ? гэхэд огт баримт байхгүй гэсэн. Давж заалдах шатны шүүхээс мөн ийм шийдвэр гарсан. Тэгээд би бүх баримтуудаа тулгаж үзсэн. Тэгэхэд лам нарт өгсөн бэлэн мөнгө, торго дурдан, 49 хоногт хэрэглэсэн сүү, цагаан идээний мөнгө ороогүй байсан гэв.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 22300000 төгрөг төлсөн. Би ажилгүй гэртээ сууж байгаа учраас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн тогтоол дээр хохирогч талын гаргаж өгсөн бүх баримтуудыг нэг ч баримт хасахгүйгээрөгсөн. Нэхэмжлэгч талаас нэхэмжилсөн мөнгийг ах дүү, найз нөхдөөсөө авч өгч нэхэмжлэгч талын хохирлыг бүрэн барагдуулсан. Хувь хүнийхээ үүднээс гэм буруутай үйлдэл хийсэн учраас ажил төрөлтэй болоод боломж боловол энэ хүммүчт чадах чинээгээр л туслана гэж боддог гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь хариуцагч Б.*******аа гэм хорын хохирол 8.450.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлахдаа Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 03-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолд нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хохирлын баримтуудаас нэг ч баримт хасаж тооцоогүй гэж дүгнэсэн. Миний хувьд хохирогч нарт нийт 22.313.900 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч *******, ******* нарыг нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурьдаагүй нь хохирол бүрэн төлөгдсөн гэхээр байна гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 03-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...хохирогч Б.*******, ******* нар мөрдөн байцаалтын шатанд хохиролд 34,291,745 төгрөг 76 мөнгө нэхэмжилж, хохиролд холбогдох 141 ширхэг баримтыг тусгайлан хавтаслаж ирүүлжээ. Мөн оршуулах ажиллагаанд оролцохоор ирсэн 4 хүний замын зардал 336.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.291.500 төгрөгний баримтуудыг шинээр гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж хохиролд нийт 38.406.448 төгрөг нэхэмжилжээ. Хохирогч Б.*******, Б.******* нарын гаргаж өгсөн дээрх бүх баримтуудыг үнэлэн талийгаачдыг оршуулахтай холбогдон нийт 20.997.300 төгрөгийн зайлшгүй зардал гарсан болох нь нотлогдож байна гэж үзлээ. Тэдний гаргаж өгсөн баримтуудаас нэг ч баримтыг нотлох баримтаас хасаагүй болно. Монгол улсын Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нас барсан хохирогч нарыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд Б.*******, Б.******* нарт 21.105.000 төгрөг төлсөн байна. Харин хохирогч Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлээс огт баримтгүй 16.092.000 төгрөгийг... тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нараас одоо нэхэмжилж буй 8.450.000 төгрөг нь дээрх шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгогдсон 16.092.000 төгрөгт багтсан эсэх талаар, эрүүгийн хэрэг хэлэлцэж байх үед баримтаа яагаад гаргаж өгөөгүй талаар шүүх бүрэлдэхүүн асууж тодруулахад нэхэмжлэгч Б.******* ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 16.000.000 төгрөг нь нотлох баримтгүй гээд хасагдсан юм. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар баримтгүй гэж хасагдсан зардлын баримтуудыг нөхөж бүрдүүлсэн юм гэж тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* ...тухайн үед гарсан зардлаа компьютерд хүснэгтээр шивээд гаргаж өгсөн юм. ...тэгээд шүүх хурал болоод хохирлын мөнгөнөөс 16.000.000 төгрөг хасагдсан гэсэн, тэгээд яагаад хасагдсан юм бэ? гэхэд огт баримт байхгүй гэсэн. ...Тэгээд би бүх баримтуудаа тулгаж үзсэн. Тэгэхэд лам нарт өгсөн бэлэн мөнгө, торго дурдан, 49 хоногт хэрэглэсэн сүү, цагаан идээний мөнгө ороогүй байсан ...Хүснэгтээр гаргаж өгсөн зардлуудаа баримтжуулж өгөх ёстой байсныг дараа нь мэдсэн. ...Тэгээд дараагаар нь энэ баримтуудыг нөхөж авсан юм. ...хохиролд хангаж шийдсэн нь 141 ширхэг баримт байсан. Торго дурдан авсан, лам нарт өгсөн бэлэн мөнгөний жагсааж бичсэн зардлууд хасагдсан. Ном уншуулаад мөнгө өгөхдөө гарын үсэг тамга тэмдэгтэй баримтууд авах ёстой байсан юм байна лээ. Бид нар тухайн үед тийм баримт аваагүй юм гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нарын дээрх тайлбарууд нь хэрэгт авагдсан 141 ширхэг баримт, оршуулга, 49 хоногийн зардал гэсэн гарчигтай 3 хуудас жагсаалттай тохирч байгаагийн зэрэгцээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан хохиролд холбогдох 141 ширхэг баримтыг тусгайлан хавтаслаж ирүүлжээ гэдэгтэй мөн тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Өөрөөр хэлбэл эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын эрүүгийн хэрэгт хавтаслаж ирүүлсэн 141 ширхэг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж Б.*******аас гаргуулж шийдвэрлэсэн, харин оршуулга, 49 хоногийн зардал гэсэн гарчигтай 3 хуудас жагсаалт нь өөрөө баримт биш учир огт баримтгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байх ба Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07-р сарын 07-ны өдрийн магадлалаараа анхан шатны шүүхийн дээрх 31 тоот шийтгэх тогтоолыг хэвээр баталж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 31 тоот шийтгэх тогтоолоороо Б.*******, Б.******* нарын нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292-р зүйлийн 292.1 дэх хэсэгт ...хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана... гэж заасан байна.
Иймд хариуцагч Б.*******аас гэм хорын хохирол 8.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байна гэж үзэж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх зохигчдын гаргасан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс ньбодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******аас гэм хорын хохирол 8.450.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118, зүйлүүдэд заасныгудирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй Б.*******аас гэм хорын хохирол 8.450.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ
ШҮҮГЧИД Т.БАЛЖИННЯМ
Ж.ОТГОНХИШИГ