| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0158/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/201 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Б.Алтаншагай,
шүүгдэгч П.О-өөрөө өөрийгөө өмгөөлж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А- овогт Б-ын О-т холбогдох эрүүгийн 201002043000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын цахилгаанч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 18 гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А- овгийн Б-ын О-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О- нь “О-” ХХК-нд 2020 оны 03 дугаар сарын 05-31-ний хороонд түгээлтийн жолоочоор ажиллаж байхдаа байгууллагаас итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгө буюу бараа бүтээгдэхүүн, орлогын мөнгийг хувьдаа завшиж 670.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-: “...Шүүгдэгч Б.О- нь 2015 оноос манай байгууллагад ажилласан нийт 4.024.920 төгрөгийн хохирол учруулсан. Б.О- нь байгууллагаас 3.000.000 төгрөг зээлэхдээ “манай эмэгтэй дүү Хөх хотод эмчилгээнд явж байгаа” гэсэн. Гэтэл Б.О-ийн ар гэрийнхэнтэй уулзахад эмэгтэй дүү байхгүй гэсэн. Иймд Б.О- нь 3.000.000 төгрөгийг залилангийн шинжтэй авсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байгаа...” гэв.
Эрүүгийн 201002043000000 дугаартай хэргээс:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний шинжээчийн №006 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/,
О- группын дотоод аудитын албаны дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,
О- ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 80-82-р хуудас/
Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.О- нь “О-” ХХК-нд түгээгч-жолоочоор ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 05-31-ний өдөр хүртэлх хугацаанд байгууллагаас итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгөөс завшиж, 670.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: Б.О- нь манай компанид 2014 оноос ачигчаар ажиллаж байгаад 2019 оноос түгээгч-жолоочоор ажиллах болсон. Б.О- нь “төрсөн дүү хүнд өвчтэй тул Хөх хот руу эмчилгээнд явуулах шаардлагатай” гэж 3,000,000 төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгө нь хүүтэй зээлсэн. Гэтэл нэг ч төгрөг төлөөгүй. Улмаар ажиллаж байх явцдаа борлуулалтын мөнгөнөөс авч эхэлсэн. Б.О-ийн авсан зээл болон дутаасан барааны мөнгө нийлээд 4,024,900 төгрөг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний шинжээчийн №006 дугаартай дүгнэлтэд: 1. Дүгнэлтээр нийт өр төлбөр 4.024.920 төгрөг байна. Үүнээс Эрсдэлийн сан 156.578 төгрөг, цалингийн буцаалт 1.397.402 төгрөг, нийт 1.553.980 төгрөгийг хасаад Б.О-ээс 2.470.940 төгрөгийн авлага үүссэн байна. 2. Б.О- нь борлуулалтын мөнгийг бэлнээр авсан гэх 336.800 төгрөг, бараанаас дутсан 11.9430 төгрөг, барааны буцаалт хүргээгүй 214.690 төгрөг нийт 670.920 төгрөгийн дутагдал үүсгэсэн байна. Энэ нь барааны зарлагын баримт, авлагын тайлангаас харагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/,
О- группын дотоод аудитын албаны дүгнэлтэд: “...харилцагчид хүргэж өгөөгүй авсан бараа 119.430 төгрөг, харилцагчийн буцаалтыг агуулахад буцаагаагүй 214.690 төгрөг, тушаагаагүй орлого 336.800 төгрөг, нийт 670.920 төгрөг...” /хх-ийн 32-р хуудас/,
“О-” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаартай захирлын тушаалаар Б.О-ийг түгээч-жолоочоор томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажил, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 74, 82-86-р хуудас/
Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.О- нь “О-” ХХК-д түгээгч-жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан бараа, бүтээгдэхүүн, орлогын мөнгөнөөс хувьдаа завшиж нийт 670.920 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “Б.О-ийн тус компаниас зээлсэн 3.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг гаргав.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Б.О- нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “О-” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийг, 10 сарын хугацаатайгаар, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн байна. /хэргийн 88-91-р хуудас/
Прокуророос шүүгдэгч Б.О-ийг “О-” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон орлогын мөнгөнөөс завшиж 670.920 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай. Харин компаниас зээлсэн гэх 3.000.000 төгрөг нь бусдын итгэмжлэгдсэн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, “О- “ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.О- нь байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 670.920 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.О-ээс 670.920 төгрөгийг гаргуулж “О-” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Нөгөөтээгүүр завших гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчид нь буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил захиран зарцуулж хууль бус эзэмшил тогтоосон байдаг. Харин шүүгдэгчийн компаниас зээлсэн 3.000.000 төгрөгийг завших гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай хамааралгүй тул хамтатган шийдвэрлэхгүй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Б.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.О- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.О-т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А- овогт Б-ын О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.О-ээс 670.920 төгрөгийг гаргуулж “О-” ХХК-д олгосугай.
5. Шүүгдэгч Б.О-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР