Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

   2021         03          18                                      2021/ШЦТ/179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч А.Ариунаа /томилолтоор/,

иргэний нэхэмжлэгч Ог,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18030 1023 0055 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлснийг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүгч Б.Б-с хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт А-н О. /РД:/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд “Тоёота приус-11” маркийн, ... УНИ дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэхдээ ...аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээгд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас Тоёота приус-20 маркийн ... УБЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч А.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Оаас: “...Тус хэрэг 2 жилийн өмнө болсон. Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор солигдсон. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонд буруудаж байгаа. Г гэх хүнийг яллах нь зүйтэй гэж үзэж байна. Би тус өдөр дэлгүүр дээрээ оройны 23 цагийн үед ажиллаж байсан. Манай эхнэр байхгүй байсан. Би хаалга янзлах гэж байгаад даараад 100 грамм архи уусан байсан. Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн замын цагдаагийн хэлтсийн автобусны зогсоол дээр осол болсон. Би цонхоороо гарсан. Манай эхнэрийн хөл хугарсан, машины хаалга онгойхгүй байсан учир эхнэрээ гаргах боломжгүй байсан. Би цонхоор гарч ирээд Гыг хартал согтуу найгаж байсан. Гынх Био комбинатад байдаг учир би танина. Гарч ирээд Г луу яаж байгаа юм бэ гэж хэлэхэд согтуу миний ярьж байгааг ойлгохгүй байсан. Осол гарах үед Г ч гэсэн согтуу байсны улмаас миний машиныг маш хүчтэй мөргөсөн учир миний машин 2 хуваагдсан. Гыг асар хурдтай буюу 100 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Г нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн албаныхантай үлдсэн. Г маргааш нь над руу залгаад машин тэргээр туслах уу гээд ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. Машиныг чинь 2, 3 хоног судалсан, хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлж байсан. Би энийг сонсоод хүмүүсээс асуухад шүүх цагдаагаар яваад машины мөнгийг өгье гэж байгаа дээр нь нэхээд ав гэж байсан. Гын ээж над дээр ирээд уулзаж байсан. Манай хүүхэд ажилгүй боллоо, надад 2 хашаа байшин байгаа, зарвал авах хүн байна уу гэж асууж байсан. Тэгтэл би өнөөдөр энд ингээд зогсож байгаад гомдолтой байна. Г нь нэг ч удаа манай эхнэрийг ирээгүй. Биеийн байдлыг нь асууж байгаагүй. Анхны мэдүүлэгт Э гэх байцаагчид Г төлбөрөө төлнө гэхэд Гыг яах гэж ийм зүйл хэлж байгаа юм бэ гэж уурлаж байсан гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ог: Энэ хэрэг нь 2018 оноос хойш явж байна. Манай “...” ХХК нь хотын захиргаатай нийлж төсөл боловсруулдаг ч хотын захиргаанаас мөнгө авдаггүй. Олон улсын компанийг оруулж ирж Улаанбаатар хотод чимэг нэмэх гэж хичээж байгаа. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр гарсан үнэлгээний дүн нь уг самбарын үнийг бууруулж гаргасан дүн байгаа. Шүүгдэгч нь манай “...” ХХК-г хохироочхоод хохирлоо төлөхөд хэцүү байна гэж байна. 02 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлын мөнгөний талыг төлөөд шүүхээс буруутай этгээд болох Гаас үлдэгдэл 50 хувийг төлүүлнэ гэж хэлсэн учир би зөвшөөрч 50 хувийн хохирлоо авсан. Харин одоо энэ үнийн дүнг ахиж бууруулах болон хугацаа сунгах боломжгүй байна. О-г буруутай гэж үзэж байх тул 2.640.580 төгрөгийг яаралтай төлүүлэх хүсэлттэй байна” гэв.

 

Эрүүгийн 18030 1023 0055 дугаартай хэргээс:

 

1. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-131/,

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /1хх-ийн 3-11/,

 

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шалгасан тэмдэглэл, фото зураг (А.О 0.60 хувийн согтолттой) /1хх-ийн 17/,  

 

4. Хохирогч А.Мын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө нөхөр О-н хамт дэлгүүрээ хаагаад Био комбинат руу Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байгаад нөхөр эгнээ байр шилжсэн. Тэр агшинд гэнэт араас машин хүчтэй мөргөсөн. ...нөхөр бид хоёрыг түргэний эмч гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч үзээд баруун хөлийн дунд чөмөг хугарсан байна гээд хэвтүүлсэн. ...би автомашины зүүн урд сууж явсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23/,

 

5. Гэрч Ч.Гын 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим  найз Б-н хамт 13-р хороололд бааранд нэг шил архи хувааж уугаад 00 цаг өнгөрч байсан байх Био комбинат руу харих гээд өөрийнхөө машиныг унаад Яармагийн гурав дугаар буудал буюу ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн харалдаа явж байтал гэнэт зүүн гар талын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байсан Приус маркийн автомашин урдуур ороод ирсэн. Би тоормос гишгэж амжилгүй уг автомашины араас мөргөсөн. Уг машин нь автобусны буудлын хашлага давсан, би мөн хашлага давж хажуугаар нь гараад замын хойд талын модны төмөр хашлагийг мөргөөд зогссон. Би шоконд орчихсон байсан, хэсэг хугацааны дараа машинаасаа бууж ирээд нөгөө мөргүүлсэн машин дээр очиход дотор нь нэг залуу, хүүхэн хоёр сууж байсан, машинаасаа мөн бууж чадахгүй байтал ХУД-ийн ЗЦХ-ийн эргүүлийн хоёр цагдаа ирсэн, дараа нь 103 болон онцгой байдлын аврах шуурхай бүлгийн хүмүүс ирээд мөргүүлсэн машин дотор сууж байсан эмэгтэйг гаргаж түргэний эмч нарт жолоочийн хамт гэмтлийн эмнэлэг рүү өгч явуулсан. Би ослын газарт үлдсэн, удалгүй замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт хийсэн. Би ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 70-80 км/ц хурдтай явж байсан. Приус-11 маркийн ... УНИ дугаарын автомашин зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнээс миний урдуур орж ирэхийг 2-3 метрийн зайнаас харсан, гэнэт л урдуур ороод ирсэн. Миний автомашинд надаас өөр хүн сууж яваагүй. Цагдаа нар ирээд намайг үлээлгэж шалгахад 1,21 % гарсан. Цагдаа нар ослын газарт хэмжилт хийхэд Приус-11 маркийн ... УНИ автомашины жолоочийн ар гэрээс хүн байхгүй байсан. Ослын газарт цагдаа нар ирж хэмжилт хийхдээ хоёр автомашины анх мөргөлдсөн гэх цэгийг өөрсдөө тогтоож хэмжилтийг хийж байсан. Приус-20 маркийн ... УБЗ дугаарын автомашин нь ...-ны нэр дээр байдаг. Би энэ байгууллагаас 1000000 сая төгрөгийн зээл авч худалдаж авсан учраас энэ байгууллагын нэр дээр байдаг. Монгол даатгалд бүрэн хамрагдсан. Осол болох үед Маити маркийн цагаан өнгийн ачааны автомашин зогсож байсан. Тэр машины жолооч ослыг харсан байх. Осол болох үед цаг тогтуун, замын хөдөлгөөн сийрэг байсан. Одоо миний нуруу хүзүү, зүүн хөлний өвдөг маш их хөндүүр оргиж байна. Мөн баруун гарын савхан хуруу хугарсан юм шиг байна. Миний автомашины зүүн урд их гэрэл дохио хагарсан, зүүн урд гуфер хагарсан, урд нүүр хагарсан, аваарын дэр гарсан байсан, баруун урд хаалга чихэгдсэн, копут хунирсан байсан. Одоогоор сайн үзээгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25/,

 

6. Гэрч Н.Бын 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар 08-09-нд шилжих шөнө Маршалын гүүрнээс Таван шар орох гээд 00 цаг 30 минутын орчимд гараад Яармагийн зам буюу ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд талын замд явж байтал миний урд талд буюу зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан Приус 11 маркийн автомашин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү шилжиж орж байсан. Тэр агшинд миний баруун гар талд буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан Приус 20 маркийн цагаан өнгийн автомашин намайг гүйцэт түрүүлж гараад нөгөө Приус- 11 маркийн автомашины араас мөргөсөн. Приус 11 маркийн автомашин  автобусны буудлын замын хашлага даваад автобусны буудлын баруун талын сурталчилгааны самбар мөргөөд буцаж эргэж зогссон. Приус 20 маркийн автомашин нь Приус 11 маркийн автомашины хажуугаар гараад мөн хашлага даваад хайс мөргөөд цаашаа давж замын хойд талын мод тарьсан төмөр хайсыг мөргөөд зогссон. Би замаа чөлөөлж зогсоод эхэлж Приус 11 маркийн автомашин дээр очиход жолоочийн хажуу талд нэг эмэгтэй буух гээд бууж чадахгүй байхаар нь хаалгыг нь онгойлгох гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Жолооч нь ухаан алдсан юм шиг байж байснаа өөрөө буугаад ирсэн. Би 103 болон 102-т дуудлага өгсөн. Хаалга нь онгойхгүй байхаар нь мөн 105-д дуудлага өгсөн. Удалгүй ХУД-ийн ЗЦХ-ийн хоёр эргүүлийн цагдаа ирсэн. Араас нь онцгой байдлын аврах бүлгийн хүмүүс ирээд Приус 11 маркийн жолоочийн хажууд талд сууж байсан эмэгтэйг буулгах хооронд түргэний эмч нар ирж жолооч болон эмэгтэйг түргэний машинд суулгаад аваад явсан. Тэгээд байж байтал замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт хийсэн. Приус 11 маркийн автомашин нь хөдөлгөөний чиг өөрчлөхдөө баруун гар талдаа дохио өгөлгүй чиг өөрчилж байсан. Осол болсон газраас баруун зүгт 200-300 метрийн зайнд цагдаа нар шалгалт хийж байсан. Тэр цагдаа нар ослыг хараад л шууд ирсэн. Би зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байсан. Приус 11 маркийн ... УНИ дугаарын автомашин нь зорчих хэсгийн гуравдугаар эгнээнээс шууд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү шилжиж орсон. Приус 11 маркийн ... УНИ дугаарын машинд эмэгтэй, эрэгтэй хоёр хүн сууж явсан байсан. Намайг очиход эрэгтэй нь жолооны ард сууж байсан. Приус 20 маркийн ... УБЗ дугаартай автомашинд жолоочоос өөр хүн сууж яваагүй. Жолооч нь ганцаараа бууж ирж байсан. Ослын газарт цагдаа нар ирж хэмжилт хийхдээ хоёр автомашины анх мөргөлдсөн гэх цэгийг өөрсдөө тогтоож хэмжилтийг хийж байсан. Тухайн хоёр автомашин нь миний урд талд мөргөлдсөн. Энэ үед явган зорчигч болон хажууд өөр автомашин явж байгаагүй. Замын хөдөлгөөн сийрэг байсан. Осол болох үед цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51/,

 

7. Иргэний нэхэмжлэгч Ц.Бын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажилчид шөнийн цагаар цэвэрлэгээ хийж байгаад сурталчилгааны самбар эвдэрсэн байхыг хараад надад мэдэгдсэн. Манай самбарыг машин мөргөөд зогссон байна, цагдаа нар ирсэн байна гэж хэлсэн. Осол болсны дараа цагдаа нар ирсэн байхад хараад мэдсэн байсан болохоор би зургийг нь аваад яв гэж ажилтандаа хэлсэн. Би болон манай ажилтны хувьд осол болох үед байгаагүй. Зурган дээрээс харахад Приус 11 маркийн ... УНИ улсын дугаартай машин самбарыг мөргөсөн байсан. Миний хувьд аль машиных нь буруу зөв болохыг мэдэхгүй. Ямар ч гэсэн тэр 2 машины ослоос болж самбар дахин ашиглагдахгүй болсон болохоор үнэлгээний газарт үнэлүүлээд 5.281.160 төгрөг болсон байгаа. Энэ самбарыг БНХАУ-ын Шанхай хотод хийлгэсэн. Гаалиар оруулж ирсэн үнийн дүнгийн баримт болон складанд үнэлэгдсэн үнэлгээний хамт энэ үнэлгээний компанид аваачиж өгсөн. Мөн манай гаргаж өгсөн үнэнээс элэгдэл хорогдлоо хасаж тооцсон гэсэн. Тэр замын ослын улмаас нэг машин нь манай самбарыг мөргөж дахин ашиглагдахааргүй болгож бид агуулахаас дахин шинийг гаргаж байрлуулж тавьсан байгаа. Иймд буруутай хүнээр нь компанид учирсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байна. Үнэлгээний компанид 264.000 төгрөг төлсөн. Энэ мөнгөө нэхэмжлээгүй. Зөвхөн самбарынхаа мөнгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-92/,

 

8. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ДХҮ/419-006 дугаартай “...сурталчилгааны гэрэлт самбарын хохирол 5.281.160 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан  /1хх-ийн 95-101/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтэд:

- А.Мын биед баруун дунд чөмөгний дунд 1/3-ийн хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-н 56/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн лабораторийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 1401 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /шинжээч С.Мөнхдалай/ /1хх-н 198-207/,

 

11. Шинжээч С.Мөнхдалайн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөргөлдөх үеийн байрлал болон тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлээс үндэслээд “Тоёота приус 11” маркийн машины баруун хойд хэсгийг “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл таллан мөргөсөн гэж үзсэн. Мөргүүлэхээс өмнө “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгсэл ташуу байрлалтай явж байх үед мөргөлдсөн байх боломжтой. Түүнээс эгц ардаас хөдөлгөөн үйлдэж байх үед мөргөөгүй. Хэргийн газрын үзлэгийн зураг, схем зураг, үзлэгийн тэмдэглэл тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг бодитоор харж шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29/,

 

12. Механик тээврийн сургуулийн 3 шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 12/56 дугаартай дүгнэлтэд: “...Тоёота Приус 11 маркийн ... УНИ улсын дугаартай автомашины жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

- 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг .. хориглоно”,

- 10.4-р заалт буюу “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 Тоёота Приус 20 маркийн ... УБЗ улсын дугаартай автомашины жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

- 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

 Жолооч Ч.Г нь 1.21 хувийн согтолттойгоор Тоёота Приус 20 маркийн ... У53 улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Тоёото Приус 11 маркийн ... УНИ улсын дугаартай автомашиныг мөргөсний дараах хийсэн үйлдлийг тогтоох боломжгүй байгаа тул хурдыг тодорхойлох боломжгүй байна.

 Тоёота Приус 20 маркийн ... УБЗ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй, мөн жолооч Ч.Г нь уг явган хүний гарц ойртон ирсэн үед автомашины хурдыг хассан эсэхийг хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоох боломжгүй байгаа тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн өөр ямар нэгэн заалт зөрчсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Тоёота Приус 11 маркийн ... УНИ улсын дугаартай автомашин нь Тоёота Приус 20 маркийн ... УБЗ улсын дугаартай автомашины урд яваа тээврийн хэрэгсэл биш тул энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Жолооч Ч.Г нь 1.21 хувийн согтолттой явсан нь жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэх бөгөөд бүрэн зогсолтын зам уртасна. Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн жолооч Ч.Гын зогсоох арга хэмжээ авсныг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 212-213/,

 

13. Шинжээч И.Базаррагчаагийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1-рт хавтаст хэрэгт авагдсан материал, авто машины мөргөсөн байдал, мөргөгдсөний дараа 2 тээврийн хэрэгслийн явсан чиглэл зэргийг үндэслэн Приус 11 маркийн ...  УНИ улсын дугаартай авто машин нь Пруис 20 маркийн .... УБЗ дугаартай тээврийн хэрэгслийн урд нь яваагүй хажуунаас нь эгнээ байр сольж гэнэт урд нь орж ирсэн байна. Хэрвээ эгц урд нь явж байсан бол тээврийн хэрэгслийн мөргөсөн байдал эвдрэл, мөргөсний дараа шилжсэн чиглэлүүд нь өөр өөр гарах байсан. Приус 20 маркийн авто машины жолооч тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээр мөргөсөн. Хэрвээ урдаа яваа тээврийн хэрэгслийг зайлуулан дарж араас нь мөргөсөн бол Приус 11 маркийн машин өөр чиглэл рүү явах байсан. Уг хэрэгт Приус 11 маркийн машин зүүн гар талын эгнээнээс баруун гар талын эгнээ рүү шилжиж Приус 20 маркийн машины урд орж мөргүүлсэн учраас хөдөлгөөний чиглэл нь хадгалагдан 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөний дараа баруун гар тал руугаа шилжсэн байна. ...Эгнээ байр сольж байгаа хүн хэдий хир зайнаас эгнээгээ сольсноос хамаарч осол гарч болно. Хүний дундаж реакци нь 0,8 секунд, авто машины механизм ажиллах дундаж хугацаа 0,2 секунд байдаг. Өөрөөр хэлбэл саадыг харсан жолооч ямар үйлдэл хийхэд нэг секундын дараа тухайн авто машин тоормослох, эгнээ байраа солих зэргээр шилжилт хийдэг. Энэ нь жишээлбэл 36 км/ц хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийн хувьд 10 метр болно. Урд талд нь гэнэт тээврийн хэрэгсэл орж ирсэн тохиолдолд З6 км/ц хурдтай тээврийн хэрэгсэл 10 метрийн дараагаас зогсож эхэлдэг гэсэн үг. Хэт их ойроос харсан тохиолдолд ямар нэгэн үйлдэл хийж амжилгүй мөргөлдөх боломж үүсдэг. О нь 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжих үйлдэл хийсэн гэж үзвэл энэ үйлдлийг Г 2-3 метрийн зайнаас харсан тохиолдолд О-н жолоодож явсан тээврийн хэрэгслийн арын хэсэг рүү мөргөх эсэх нь тухайн нөхцөл байдлаас хамаарна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн биеийн байдал, нас, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, дадлага туршлага зэргээс хамаарна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 41-42/,

 

14. Шүүгдэгч А.Оын 2019 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Прокурорын яллагдагчаар татах тогтоолтой 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцаад тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй болохоор тэр тогтоол дээр гарын үсэг зураагүй нь үнэн. Харин прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл дээр хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ бичээд гарын үсэг зурсан. Би анх 3 дугаар эгнээнээсээ 2 дугаар эгнээнд орж байгаад 1 дүгээр эгнээ рүү орох үйлдэл дууссан байхад араас машин ирж мөргөсөн.Намайг үйлдэл хийж байхад ардаас мөргөсөн машин, машины толинд харагдаагүй. Үйлдлээ хийгээд дууссаны дараа мөргөсөн. Тэгэхээр маш хурдтай явж ирсэн нь ойлгомжтой гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 30-31/,

 

15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, 4660 УНИ улсын дугаартай Тоёота приус тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.О бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 45, 122-128/ болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.От холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Оын үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч “...” ХХК 5.281.160 төгрөг нэхэмжилсэн ба түүнээс үлдсэн 2.640.580 төгрөгийг Оаас гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяраас “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн тал дээрээ маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч А.От холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.О нь 0.60 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд “Тоёота приус-11” маркийн, ... УНИ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг  жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэхдээ ...аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,

10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээгд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Тоёота приус”-20 маркийн ... УБЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч А.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

- Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-131/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /1хх-ийн 3-11/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шалгасан тэмдэглэл, фото зураг (А.О 0.60 хувийн согтолттой) /1хх-ийн 17/, 

- Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө нөхөр О-н хамт дэлгүүрээ хаагаад Био комбинат руу Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байгаад нөхөр эгнээ байр шилжсэн. Тэр агшинд гэнэт араас машин хүчтэй мөргөсөн. ...нөхөр бид хоёрыг түргэний эмч гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч үзээд баруун хөлийн дунд чөмөг хугарсан байна гээд хэвтүүлсэн. ...би автомашины зүүн урд сууж явсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23/,

- Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим  найз Батаагийн хамт ...өөрийнхөө машиныг унаад Яармагийн гурав дугаар буудал буюу ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн харалдаа явж байтал гэнэт зүүн гар талын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байсан Приус маркийн автомашин урдуур ороод ирсэн. Би тоормос гишгэж амжилгүй уг автомашины араас мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25/,

- Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар 08-09-нд шилжих шөнө Маршалын гүүрнээс Таван шар орох гээд 00 цаг 30 минутын орчимд гараад Яармагийн зам буюу ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд талын замд явж байтал миний урд талд буюу зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан Приус 11 маркийн автомашин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү шилжиж орж байсан. Тэр агшинд миний баруун гар талд буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан Приус 20 маркийн цагаан өнгийн автомашин намайг гүйцэт түрүүлж гараад нөгөө Приус- 11 маркийн автомашины араас мөргөсөн. Приус 11 маркийн автомашин  автобусны буудлын замын хашлага даваад автобусны буудлын баруун талын сурталчилгааны самбар мөргөөд буцаж эргэж зогссон. Приус 20 маркийн автомашин нь Приус 11 маркийн автомашины хажуугаар гараад мөн хашлага даваад хайс мөргөөд цаашаа давж замын хойд талын мод тарьсан төмөр хайсыг мөргөөд зогссон. Би замаа чөлөөлж зогсоод эхэлж Приус 11 маркийн автомашин дээр очиход жолоочийн хажуу талд нэг эмэгтэй буух гээд бууж чадахгүй байхаар нь хаалгыг нь онгойлгох гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Жолооч нь ухаан алдсан юм шиг байж байснаа өөрөө буугаад ирсэн. Би 103 болон 102-т дуудлага өгсөн. Хаалга нь онгойхгүй байхаар нь мөн 105-д дуудлага өгсөн. Удалгүй ХУД-ийн ЗЦХ-ийн хоёр эргүүлийн цагдаа ирсэн. Араас нь онцгой байдлын аврах бүлгийн хүмүүс ирээд Приус 11 маркийн жолоочийн хажууд талд сууж байсан эмэгтэйг буулгах хооронд түргэний эмч нар ирж жолооч болон эмэгтэйг түргэний машинд суулгаад аваад явсан. Тэгээд байж байтал замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт хийсэн. Приус 11 маркийн автомашин нь хөдөлгөөний чиг өөрчлөхдөө баруун гар талдаа дохио өгөлгүй чиг өөрчилж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51/,

- Иргэний нэхэмжлэгч Ц.Бын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажилчид шөнийн цагаар цэвэрлэгээ хийж байгаад сурталчилгааны самбар эвдэрсэн байхыг хараад надад мэдэгдсэн. ...Зурган дээрээс харахад Приус 11 маркийн ... УНИ улсын дугаартай машин самбарыг мөргөсөн байсан. ...самбар дахин ашиглагдахгүй болсон болохоор үнэлгээний газарт үнэлүүлээд 5.281.160 төгрөг болсон байгаа. ...буруутай хүнээр нь компанид учирсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байна. ...Зөвхөн самбарынхаа мөнгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-92/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ДХҮ/419-006 дугаартай “...сурталчилгааны гэрэлт самбарын хохирол 5.281.160 төгрөг”...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан  /1хх-ийн 95-101/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт /1хх-н 56/,

- Механик тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 12/56 дугаартай дүгнэлт (шинжээч Ц.Цэвэгжав, И.Базаррагчаа, Н.Мөнхзул)  /1хх-ийн 212-213/,

- Шинжээч И.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1-рт хавтаст хэрэгт авагдсан материал, авто машины мөргөсөн байдал, мөргөгдсөний дараа 2 тээврийн хэрэгслийн явсан чиглэл зэргийг үндэслэн Приус 11 маркийн ... УНИ улсын дугаартай авто машин нь Пруис 20 маркийн ... УБЗ дугаартай тээврийн хэрэгслийн урд нь яваагүй хажуунаас нь эгнээ байр сольж гэнэт урд нь орж ирсэн байна. Хэрвээ эгц урд нь явж байсан бол тээврийн хэрэгслийн мөргөсөн байдал эвдрэл, мөргөсний дараа шилжсэн чиглэлүүд нь өөр өөр гарах байсан. Приус 20 маркийн авто машины жолооч тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээр мөргөсөн. Хэрвээ урдаа яваа тээврийн хэрэгслийг зайлуулан дарж араас нь мөргөсөн бол Приус 11 маркийн машин өөр чиглэл рүү явах байсан. Уг хэрэгт Приус 11 маркийн машин зүүн гар талын эгнээнээс баруун гар талын эгнээ рүү шилжиж Приус 20 маркийн машины урд орж мөргүүлсэн учраас хөдөлгөөний чиглэл нь хадгалагдан 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөний дараа баруун гар тал руугаа шилжсэн байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 41-42/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн лабораторийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 1401 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /шинжээч С.Мөнхдалай/ /1хх-н 198-207/,

- Шинжээч С.Мөнхдалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөргөлдөх үеийн байрлал болон тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлээс үндэслээд “Тоёота приус 11” маркийн машины баруун хойд хэсгийг “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл таллан мөргөсөн гэж үзсэн. Мөргүүлэхээс өмнө “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгсэл ташуу байрлалтай явж байх үед мөргөлдсөн байх боломжтой. Түүнээс эгц ардаас хөдөлгөөн үйлдэж байх үед мөргөөгүй. Хэргийн газрын үзлэгийн зураг, схем зураг, үзлэгийн тэмдэглэл тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг бодитоор харж шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч А.О нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд “...Ч.Г яллагдах үндэстэй...” гэж гэм буруугийн талаар маргасан ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд, нөгөө талаас шүүгдэгчийн маргаж буй үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Үүнд: 

Хэргийн үйл баримтаар гэрч Н.Баас “..зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан Приус 11 маркийн автомашин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү шилжиж орж байсан. Тэр агшинд ...зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан Приус 20 маркийн цагаан өнгийн автомашин намайг гүйцэт түрүүлж гараад нөгөө Приус- 11 маркийн автомашины араас мөргөсөн. ...” гэж мэдүүлсэн, мөн жолооч нарын хэн нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх талаар тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулахад шинжээчийн 3 бүрэлдэхүүнтэй гаргасан 12/56 дугаартай дүгнэлтэд: “...Тоёота Приус 11 маркийн .УНИ улсын дугаартай автомашины жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7 “а, 10.4 гэсэн заалтыг зөрчсөн, ...Тоёота Приус 20 маркийн .УБЗ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй, мөн жолооч Ч.Г нь уг явган хүний гарц ойртон ирсэн үед автомашины хурдыг хассан эсэхийг хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоох боломжгүй байгаа тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн өөр ямар нэгэн заалт зөрчсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. ..” гэж дүгнэсэн, эдгээр нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Мөн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр прокурор тухайн зүйл, хэсэг, заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ажиллагааг явуулахаар хуульчилж өгсөн. Хэрэгт цугларсан баримтад Ч.Гыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэм буруутай болохыг нотолсон үйл баримт авагдаагүй байхад шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул шүүх шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Харин Ч.Гын замын хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

 

Тус хэргийн улмаас хохирогч А.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бичгээр шүүхэд ирүүлсэн.

Харин зам тээврийн осол хэргийн улмаас эвдэрсэн самбарыг хөрөнгийн үнэлгээний байгууллага “Ашид билгүүн” ХХК нь  5.281.160 төгрөгөөр /1хх-ийн 95-101/ тогтоосон байх ба, шүүхийн шатанд “...” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А21/09 дугаартай албан бичгээр 2.640.580 төгрөгийг хүлээн авсан талаар мэдэгдсэн, мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ог нь үлдэх төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Оаас 2.640.580 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “...” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ог/-д олгохоор шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил, 5 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

- шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь жолоочоос өөр мэргэжилгүй, ослын улмаас бизнесээ алдсан,  бага насны хүүхдүүдтэй, гэм буруугийн тал дээрээ маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

Шүүгдэгч А.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр нь “...шүүгдэгч А.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хуульд зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн  төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг” хуулийн шаардлагыг хангасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

 

Шүүгдэгч А.О нь гэм буруугийн талаар маргасан, 2019 онд гэмт хэрэг үйлдсэн, үүнээс хойш хугацаанд хохирлын бүрэн төлөх арга хэмжээг аваагүй зэрэг байдалд шүүх дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

   Бусад асуудлаар: Шүүгдэгч А.Оын В ангиллын 593377 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 00689694 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.От буцаан олгож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдаж нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О-г “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч А.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 00689694 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.От буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оаас 2.640.580 /хоёр сая зургаан зуун дөчин мянга таван зуун ная/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “...” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ог/-д олгосугай.

 

7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.От энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ДОРЖСҮРЭН