| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00462/И |
| Дугаар | 157 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 157
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.*******, С.******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,769,131.14 /зургаан сая долоон зуун жаран есөн мянга нэг зуун гучин нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.*******, С.******* нар нь тус банкны Идэр тооцооны төвөөс 2014 оны 06-р сарын 18-ны өдөр ЗГ/Н/972 тоот зээлийн гэрээ байгуулан 14,768,696 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатэй цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд ирээдүйд орох цалингийн орлогоо барьцаалсан.
Зээлдэгч нь нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.4.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авснаас хойш 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны байдлаар үндсэн зээлд 8,476,026.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,463,005.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 957.39 төгрөг, нийт 11,939,990.21 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээний 7.1.1-д заасан нөхцлийг зөрчсөн тул банк барьцаат зээлийн гэрээний дагуу 2016 оны 05-р сарын 24, 2016 оны 09-р сарын 16-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл өгч мөн удаа дараа 80484550 дугаарын утсаар холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд банк зээлийн гэрээний 8.1 дэх заалтыг үндэслэн зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,769,131.14 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.*******, С.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие *******наас авсан зээлийн төлөлтийн талаар өмнө нь мэдэгдэл өгсөн. Миний хувьд одоогоор шууд зээлээ төлж барагдуулах боломжгүй байгаа бөгөөд сар бүр 100,000 төгрөгөөр төлж байхаар тайлбар хүргүүлсэн. Ер нь зээлийн хугацаа дуусахаас өмнө буюу хамгийн цаад хугацаа 2017 оны 11-р сард багтаан зээл 6,769,131.14 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
ХААН банкны Завхан салбарын үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,769,131.14 төгрөг төлөхийг хариуцагч Д.*******, С.******* нар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 6,769,131.14 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Д.*******, С.******* нар нь 2017 оны 11-р сард багтаан төлж дуусгана гэж бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 123,256 төгрөгийн 61628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 61,628 төгрөгийг, хариуцагч нараас 61628 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ