Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/202

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ийн С-т холбогдох эрүүгийн 2010000000000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй , “Н” бетон зуурмагийн үйлдвэрт узелийн операторч ажилтай, ам бүл 5 эцэг, эх, эгч дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 17-р гудамж 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Б-ийн С-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 17 дугаар гудамжны 000 тоотод “гэртээ агсам тавьсан” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жолооч цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д-ын цагдаагийн хэлтэс рүү дагаж явах шаардлагыг эсэргүүцэн хантаазны тогтоох хэсгийг урж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар жолооч цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д-ын нүүр лүү цохиж биед “хамар ясны хугарал, хамар, баруун бугуйд зулгаралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2010000000000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/

Илтгэх хуудас /хх-ийн 3-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12-р хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22, 35-36-р хуудас/,

Гэрч Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч О.Баттүшигийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 11779 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,

Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/, Ноц бетон зуурмагийн үйлдвэрийн тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 17 дугаар гудамж 307 тоотод гэртээ агсам тавиад байна гэх зөрчлийн шинжтэй дуудлагын дагуу дээрх хаягт очсон хууль сахиулагч цагдаагийн ахлагч Б.Д-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар түүнийг зодож биед нь “хамар ясны хугарал, хамар, баруун бугуйд зулгаралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

         Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас,

          Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудаст:  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 42 минутад дуудлага өгсөн, 2020 оны 10 дугаар сарын 06-ны 23 цаг 18 минутад очсон. /хх-ийн 25-р хуудас/

          Хохирогч Б.Д-ын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Б.Д- нь толгойдоо хүрэн өнгийн урт үстэй 170 см орчим өндөртэй байна. Албаны жагсаал хувцастай хамрын баруун талд шалбарч цус гарч хавдсан шарх гэмтэлтэй байсныг мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч Б.Д-ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Албаны шар өнгийн хантааз хоёр хэсэг нь тасарсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн Эрхэс-112 тоот машинтай эргүүлд явж байхад 23 цаг 18 минутад “ар гэртээ агсан тавиад байна” гэх дуудлагаар эргүүлийн офицер дэслэгч О.Баттүшигийн хамт Нүхтийн 17 дугаар гудамжны 307 тоот хашаанд очсон. Дэслэгч Баттүшиг түрүүлж ороод хашаанаас нэг залуу дагуулж гарч ирсэн. Би Б.С-ийг “яагаад ар гэртээ агсам тавиад дуудлага өгүүлээд байгаа юм бэ, залуу хүн байж” гэж хэлээд машин руу авч явахад “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний нүүрэнд 3 удаа цохисон. Би Б.С-ийг нуруугаар нь тэвэрч аваад хашаанд шахаж гарыг нь ард авч машинд суулгах гэж байхад дэслэгч О.Баттүшиг гарч ирээд хамт машинд суулгасан. Тэр үед Б.Сайнбилэгийн эгч харж байсан. Би Б.С-ийг хэлтэстээ хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний хамраас цус гарсан. Миний нүдний шилний ормоор язарсан байсан. Тухайн үед миний гар утас, нүдний шил, бугуйн цаг алга болсон мөн хантааз урагдсан байсан. Тухайн хаяг дээр “ээж, эгч нартаа агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очсон.. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 11779 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Б.Д-ын биед хамар ясны хугарал, хамар, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

  5. Б.Д-ын хамар ясанд шинэ хуучин хавсарсан хугарал, 2 нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай байна. Хамар ясны хуучин хугарал, ухархайн хуучин хугарал гэмтэл хэдийд үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,

 

Гэрч О.Баттүшигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн Эрхэс-112 тоот машинтай үүрэг гүйцэтгэж явахад “согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага ирсэн. Тухайн үед цагдаа жолооч, ахлах ахлагч Б.Д-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн хаягт очоод гэрт ороход Б.С- нь их согтолттой тамхи татсан зуухны өмнөх орон дээр сууж байсан. Б.С-ийг гаргах гэтэл “гарахгүй гэвэл яадаг юм бэ” гэсэн. Тэгэхээр шаардлага эсэргүүцэлгүй гар гэж хэлээд дагуулаад гарсан. Хашааны гадна үүдэнд ахлах ахлагч Б.Д-т “энэ хүнийг аваад машиндаа суулга” гэж хэлээд эргээд хашаанд орж дуудлага өгсөн эгч Б.Сайнбилэгтэй уулзах гэж явсан. Гэтэл Б.Д- “ёо ёо” гэж орилох дуу гарсан. Намайг буцаад гүйгээд очиход Б.Д-ын хамраас цус гарчихсан Б.С-ийг машинд шахсан байдалтай байсан. Цагдаагийн хэлтэс рүү явахад би машин барьж ирсэн. Тухайн үед Б.С- агсам тавиад болихгүй байсан. Б.Д-ын хантааз урагдсан, нүдний шил нь байхгүй, бугуйн цаг алга болсон, хамраас нь цус гарч байсан. Тухайн өдөр дуудлага ихтэй байсан тул дараагийн дуудлагад явсан. Б.С- бид хоёр хамтарч Б.С-ийг машинд суулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

 

Гэрч Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 17 дугаар гудамжны 307 тоот гэртээ байтал манай хүү Б.С- 19 цагийн үед нэлээн согтуу орж ирээд “би ганц архи ууж байхад та намайг ирээд авчихгүй, өөдгүй юм бэ” гээд орон дээр суугаад уйлаад байсан. Би тэр үед “за миний хүү битгий уйлаад бай, одоо унт” гэж хэлээд гараад явсан. Би цааш нь юу болсон талаар мэдэхгүй. ...Манай хүү Б.С- түргэн ууртай тэрнээс өөрөөр гайгүй хүүхэд” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

           Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-нд орой 18 цагт ажил тараад ажилчдын хамт “Хишиг Монгол” нэртэй зоогийн газар орсон. Тэнд ажлын газрын хүмүүстэй хоол унд идэж, архи дарс уусан. Бид нар нийт 0,75 граммын 3 шил архи хувааж уусан. Тэндээс 21 цагийн үед  0,75 граммын “Соёрхол нэртэй архийг ажлын газрын хоёр ахтай нийлж хувааж уусан. Найз охинтойгоо уулзаж байсан талаараа санаад тэрнээс хойш юу ч болсныг санахгүй байна. Шөнө нэг сэрсэн чинь эрүүлжүүлэх байранд сэрсэн. Өглөө нь хорооны байцаагч намайг дуудаж “ар гэртээ агсан тавиад дуудлагаар очсон цагдааг зодсон байна” гэж хэлсэн. Гэртээ очиход манай ээж Оюунчимэг “өчигдөр чи эгчтэйгээ муудалцаж маргалдаад, цагдаа дуудсан чинь цагдааг цохисон” гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг би Б.Д-т учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

           Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүний танилцуулга /хх-ийн 26-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж цагдаа...”-г ойлгоно гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна.

Хохирогч Б.Д- нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолоочоор ажиллаж байсан байх ба “Эрхэс 112-т” үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Энэ хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 22 цаг 42 минутад  “согтуу хүн гэртээ агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 17 дугаар гудамжны 307 тоот хаягт очиход шүүгдэгч Б.С- нь хууль сахиулагч Б.Д-ыг “яагаад ар гэртээ агсам тавиад дуудлага өгүүлээд байгаа юм бэ, залуу хүн байж” гэж хэлээд машинд суулгах гэхэд хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн улмаар түүнд хүч хэрэглэн эсэргүүцэж нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.С- нь хууль сахиулагч Б.Д-ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 Шүүгдэгч Б.С- нь хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэх үедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан” нийлмэл гэмт хэрэг байна. Мөн хохирогч Б.Д-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба, тус гэмт хэргийг шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Иймд шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батдорж шүүгдэгчийн гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

          Хохирол, хор уршгийн талаар:

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Д-т 2.500.000 нөхөн төлсөн /хх-ийн 28-р хуудас/, мөн хохирогч Б.Д- нь “гомдол, санал байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч Б.С-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар

      

          Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 нэгжээр торгох, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батдоржоос “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

          Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг нэмж нэгтгэн, Б.С-ийн биечлэн эдлэх ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.С-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Б- овогт Б-ийн С-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар

зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, Б.С-ийн биечлэн эдлэх ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.С-т шүүхээс оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.С-т мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.С- нь хохирогч Б.Д-т 2.500.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР