Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/279

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Н С-д холбогдох эрүүгийн 2105003990440 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын 08-ны өдөр ******** хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, **************************, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ************ дүүргийн 5 дугаар хороо ********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Н С /РД:****************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.С нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ц.С-ийн толгой руу цохих, нуруу руу нь гутал шидэх, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, толгойн орой, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун, бугалга, зүүн шуу, зүүн тохой зүүн, баруун, нуруу, ахар сүүл, зүүн баруун ташаа, баруун өвдөг, зүүн баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ний өдөр найзтайгаа виски уусан. Тэгээд тасарчихсан байсан тул юу ч санахгүй байна. Дараа нь эхнэрээсээ дуулсан. Манай эхнэр бас хааяа архи уудаг юм. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан нь миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Баянгол дүүргийн 5 дугаар хороо 80/б байр 81 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №1627 дугаартай шинжээчийн:

“...Ц.С-ийн биед тархи доргилт, баруун чамархай, толгойн орой, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун бугалга, зүүн шуу, зүүн тохой зүүн баруун нуруу, ахар сүүл, зүүн баруун ташаа, баруун өвдөг, зүүн баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 35-36/,

3. Гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийн жагсаалтын хуулбар /хх 66-71/,

4. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 14/,

5. Хохирогч Ц.С-ийн:

“...Баянгол дүүргийн 5 дугаар хороо 80/б байр 81 тоотод гэртээ хүү М /10 настай/, хүү С /6 настай/, охин Э/4 настай/ нарын хамт гэртээ байж байхад 16 цагийн үед хаалга цохисон. Би хэн бэ гэж асуухад хамтран амьдрагч С би байна гэж хэлэхээр нь хаалгаа тайлсан. Хаалга тайлах үед хамтран амьдрагч С согтуу орж ирэхээр нь өө чи архи уучихсан юм уу гэж асуусан чинь гутлаа авч шидсэн. Шидсэн гутал нь миний нуруу хэсэг рүү цохисон. Хамтран амьдрагч С надад хандаж хараахаар нь би С-д цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд цагдаатайгаа зайл гэхээр нь буйдан дээр байсан компьютероо аваад жижиг өрөөнд ороод хаалга хаасан чинь миний араас ороод ирсэн. Би өрөөнөөс зугтаад гарах гэтэл намайг барьж аваад хөлөөрөө, гараараа цохиж, намайг газар унагаад миний дээрээс өшиглөж, компьютер авч миний нүүр, толгой, гар, мөр хэсэг рүү олон удаа цохих үед компьютер эвдэрсэн. Би хүү М-д хандаж миний хүү хажуу айлын хаалга цохь гэж хэлсэн. С намайг зодож байгаад жижиг өрөөнөөс гарсан. Би араас нь цагдаа дуудсан шүү гэж хэлэхэд С хогийн шүүр, хутгуур бариад над руу дайрахаар нь би гэрийн буйдангийн ардуур нуугдсан. Тэгсэн хамтран амьдрагч Н.С хүүхдүүд уйлуулаад байхаар нь би хамтран амьдрагч С-ыг цохисон /хаана цохисноо санахгүй байна/. Тэгээд хүү М хаалга онгойлгосон чинь над руу дахиж дайраад үсдээд намайг чирч гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

6. Шүүгдэгч Н.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ц.С-ийн биед гарсан гэмтлийг би түүнд учруулсан. Энэ миний буруу би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.С-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Н.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ц.С-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Сын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.С нь: 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн *****************тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ц.С-ийн толгой руу цохих, нуруу руу нь гутал шидэх, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, толгойн орой, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун, бугалга, зүүн шуу, зүүн тохой зүүн, баруун, нуруу, ахар сүүл, зүүн баруун ташаа, баруун өвдөг, зүүн баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ц.С-ийн “...С согтуу орж ирэхээр нь өө чи архи уучихсан юм уу гэж асуусан чинь гутлаа авч шидсэн. ...С надад хандаж хараахаар нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд цагдаатайгаа зайл гэхээр нь буйдан дээр байсан компьютероо аваад жижиг өрөөнд ороод хаалга хаасан чинь миний араас ороод ирсэн. Би өрөөнөөс зугтаад гарах гэтэл намайг барьж аваад хөлөөрөө, гараараа цохиж, намайг газар унагаад миний дээрээс өшиглөж, компьютер авч миний нүүр, толгой, гар, мөр хэсэг рүү олон удаа цохих үед компьютер эвдэрсэн. ...С хогийн шүүр, хутгуур бариад над руу дайрахаар нь би гэрийн буйдангийн ардуур нуугдсан. ...хаалга онгойлгосон чинь над руу дахиж дайраад үсдээд намайг чирч гаргасан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №1627 дугаартай шинжээчийн “...Ц.С-ийн биед тархи доргилт, баруун чамархай, толгойн орой, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун бугалга, зүүн шуу, зүүн тохой зүүн баруун нуруу, ахар сүүл, зүүн баруун ташаа, баруун өвдөг, зүүн баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Баянгол дүүргийн 5 дугаар хороо 806 байр 81 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийн жагсаалтын хуулбар,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл болон шүүгдэгч Н.С-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Н.С нь хохирогч, гэр бүлийн хамаарал бүхий этгээд Ц.С-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт 1.200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.С төлж барагдуулсан байх тул шүүдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Н.С-той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.С нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Иймд шүүгдэгч Н.С нь гэм буруугаа болон прокурорын ялын саналыг тус тус  зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105003990440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Асер” /Acer/ загварын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.С-д буцаан олгох, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Асер” /Acer/ загварын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.С-д буцаан олгох, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ДАЛАЙХҮҮ