| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2018/0257/Э/ |
| Дугаар | 2018/ДШМ/45 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2018/ДШМ/45
2018 оны 05 сарын 22 өдөр 2018/ДШМ/45 Зуунмод
Б.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхмаа,
Шүүгдэгч Б.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Хохирогч Д.Энх-Амгалан,
Нарийн бичгийн дарга О.Батномин нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 241 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Б.Б-т холбогдох 1834000060055 дугаартай 1 хавтас, 117 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б , 1979 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:Г____0661/,
Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Цагаан булгийн 1-18 тоотод Д.Энх-амгалантай хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газар нь шилэн аяга шидсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 241 дугаар шүүгчийн захирамжаар:
Шүүгдэгч Б.Б-т холбогдох 1834000060055 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэг Төв аймгийн прокурорын газарт очтол яллагдагч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ: “Төв аймгийн прокурорын газраас Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх. хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
1. Шүүгчийн захирамжинд "...прокурорын 81 дугаартай яллах дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасныг зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.4-т заасан ял оногдуулах эсэх асуудлыг шүүх хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж. байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах" гэжээ.
Тус Аймгийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллаж, байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрэн тусгасан.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож. байгаа бөгөөд яллах дүгнэлтэнд "Согтуугаар" гэдэг асуудлыг тусгаагүй нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан ял оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн боломжгүй нөхцөл байдлыг үүсгээгүй, шүүх дээрх нөхцөл байдлыг гаргаж, дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2. Мөн захирамжинд "...Түүнчлэн хэрэгт яллагдагчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байсан эсэх талаар нотлох баримт авагдсан байх боловч хохирогч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаарх нотлох баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчсөн байх тул тухайн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж дүгнэв" гэжээ.
Захирамжийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дурьдсан мөн нотлох баримтуудаар ямар нөхцөл байдлыг шүүхээс үнэлж, дүгнэж байгаа нь ойлгомжгүй. ямар ажиллагааг нэмж гүйцэтгэх, тодруулах шаардлагатай байгаа талаар тодорхой тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн байна
Яллагдагч Б.Б нь ахуйн хүрээнд архидан согтуурч, гэр бүлийн таарамжгүй харилцаанаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар нөхөр Д.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларч, бэхжигдсэн нотлох баримтуудаар Б.Б , Д.Энх-Амгалан нарын хэн аль нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. согтуурах, мансуурах эмгэггүй, гэр бүл, ахуй амьдралынхаа төлөө гэсэн зүтгэлтэй, үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаг, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан, айл, хөрш, найзуудын дунд нэр хүнд сайтай, цаашдаа амьдралаа элэг бүтнээр авч явах хүсэлтэй. үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшдэг зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцээгүй хууль бус, үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлтийг гаргасан байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 241 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Б.Б-т холбогдох эрүүгийн 1834000060055 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Б нь 6-17 өсвөр насны хүүхдүүдтэй, амьдралаа аваад явдаг. Энэ талаар бусад холбогдох байгууллага, гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Хохирогч Д.Энх-Амгалангын хувьд амьдралдаа ямар оролцоотой юм бэ? энэ талаар ямар байдалтай байдаг юм бэ? гэсэн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл Д.Энх-Амгалан байнгын архи уудаг. Хэдийгээр хүч хэрэглэдэггүй ч гэсэн байнга сэтгэл санааны айдастай байлгадаг. Мөн шүүгдэгч Б.Б ийн ээж нь хорт хавдартай, энэ үед Б.Б гэртээ орж ирэхэд гэр орондоо архидсан байдалтай байсан. Эмзэг асуудлыг сөхөж хэл амаар доромжилж энэ байдлаас болж стакан авч шидсэн байдаг. Ийм учраас санаатай хохирол учруулсан гэж үзэхгүй байгаа. Гэмт хэргийн шинж зүйлчлэлийн талаар эргэлзээтэй. Энэ талаар тодруулан шалгаж байж эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлт шүүхээс гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотолгоо эргэлзээтэй гэж үзэж байгаа тул хэргийг анхан шат руу буцааж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Энх-Амгалан тайлбартаа: “... Би тухайн өдрийн орой хэсэг найзуудтайгаа гэртээ архи уугаад байж байтал манай эхнэр Б.Б ажлаа тараад гаднаас орж ирсэн. Ээжийн бие муу байхад архи уулаа гээд байхаар нь би хэл амаар эхнэрээ доромжилсон. Тэгээд л юу болсон юм мэдэхгүй гэнэт стакан аваад шидсэн. Тухайн үед согтуу байсан болохоор яг юу болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. Одоо санал, гомдол байхгүй, биеийн эрүүл мэнд дээрдсэн. Өрөөсөн нүдээ авахуулсан ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхмаа тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ажиллагаа явуулдаг. Яллах дүгнэлт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дүгнээд, яллах дүгнэлтийн алдаа гаргасан. Үүнд залруулга хийгээд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зайлшгүй дурдана гэсэн хуулийн шаардлага гаргаагүй байна гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баритмыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж дүгнэлгүйгээр хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй дүгнэлт хийсэн. Тийм учраас эсэргүүцэл гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Яллагдагч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө гэртээ Д.Энх-амгалантай хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газар нь шилэн аягаар шидсэний улмаас зүүн нүдний алимны хатгагдсан шарх, алимны шилэнцэрийн гоожилт, зүүн хөмсөг, зовхинд шарх бүхий эрүүл мэндийн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаахдаа гэрч Ж.Мөнхцэцэг, хохирогч Д.Энх-амгалан, насанд хүрээгүй гэрч Э.Марал-эрдэнэ, яллагдагч Б.Б нарын мэдүүлгүүд болон согтуурал шалгасан тэмдэглэлээр Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэг, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, яллах дүгнэлтэд энэ талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчсөн, түүнчлэн хохирогч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан эсэх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба дээрх мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Яллагдагч Б.Б гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, энэ талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн нотлох баримтыг үнэлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Энх-амгалан, яллагдагч Б.Б нарын хэн аль нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эсэх талаар гэрч Ц.Жавзмаа, С.Өлзийжаргал, А.Ганцэцэг, насанд хүрээгүй гэрч Э.Марал-эрдэнэ, Э.Нандин-эрдэнэ нараас мэдүүлэг авсан тэмдэглэлүүд болон цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн лавлагаа хэрэгт авагджээ.
Яллагдагч Б.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Б.Б-т холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 241 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаагийн бичсэн №13 дугаарт эсэргүүцлийг хангасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Г.БОЛОРМАА