Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Дүнжингарав хороолол 103-11 тоот “Ч” ХХК

Хариуцагч: Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Од хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201707 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн зарим хэсэг буюу 56,949,005.07 төгрөгийн торгууль, алданги төлүүлэх хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагч Ч.О, нарийн бичгийн дарга И.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай компани Дундговь аймгийн нутаг дэвсгэрт төмрийн хүдрийн олборлолт, түүнийг экспортод гаргах үйл ажиллагаа явуулдаг. “Ч” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.О хяналт шалгалт хийж, нийт 300,473,515.10 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичсэн шийтгэлийн 0802201707 тоот хуудсыг тус компаний гаргасан гомдлын дагуу Дундговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хуралдаанаар хянан хэлэлцэж, Шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг 195,051,144.58 төгрөгөөр бууруулж, 01 тоот тогтоол гаргасан. Татварын байцаагч 2012-2016 онуудад хяналт шалгалт хийх томилолттой байсан боловч хяналт шалгалтад хамаарахгүй он буюу 2017 онд торгууль алданги тооцсон, нөхөн татвар ногдуулахдаа 2015, 2016 оны тооцоог давхардуулсан, Өршөөлийн хуульд хамруулсан зэргээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн дүнг бууруулж, 105,422,370.53 төгрөг төлөхөөр үлдсэн. Үүнийг судалж үзээд дээрх төлбөрийн зарим хэсэг буюу 56,949,005.07 төгрөгийн торгууль, алданги оногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т үлдэгдэл төлбөрийг дараагийн улиралд багтаан төлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2015 оны 1-р улиралд багтаан төлөх ёстой юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно. 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн ...” гэж заасны дагуу төмрийн хүдэр, баяжмал худалдан борлуулсан гэрээний үнэ буюу борлуулалтын орлогын дүнгээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж тайлагнаж болохоор заасан. Гэвч “Ч” ХХК 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Олон улсын зах зээлийн үнээр тайлагнасан. Энэ тайлангаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 205,620,867.94 төгрөгөөр ногдуулан тайлагнаж, 76,000,000.00 төгрөг төлж, 2014 оны жилийн эцэст 129,620,867.94 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 онд уг үлдэгдлээс 42,000,000.00 төгрөгийг төлж, 87,620,594.00 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон “Олон улсын зах зээлийн үнэ”-ийг тооцох үндэслэл болгож байсан Монгол Улсын Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалт, 2011 оны “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсэг, мөн энэ тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсгийг “Хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2569/с дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “Ч” ХХК нь 2014 онд олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх хууль, эрх зүйн үндэслэлгүй.

Иймд тус компаний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч, Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Дундговь аймгийн Татварын хэлтсийн удирдлагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд Улсын дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Дундговь аймгийн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа хэргүүд мөн яригдсан. Учир нь хэргийг нэгтгэж шалгуулъя гэсэн хүсэлт хэргийн материалд байсан юм. Улсын дээд шүүх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний болон Олон улсын зах зээлийн үнээр төлөх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн тайланг засварлуулах асуудлыг хүлээж авах нь үндэслэлтэй юу гэдгийг шийдсэн. Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсгийн 22-т “Хяналтын шатны шүүхийн энэ тогтоол нь татварын улсын байцаагчийн 2017 оны 0802201707 дугаар захиргааны акттай холбоотой маргаанд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж тусгасан байдаг. Үүнийг шүүх анхаарах нь зүйтэй.

2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Олон улсын зах зээлийн үнээр төлөх 87 сая төгрөг үлдсэн байсан. Энэ үлдэгдэл болон 2015, 2017 оны тайлангаар гарсан төлбөр нийт 187 сая орчим төгрөг төлөх байсныг төлж дуусгасан. Одоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ямар нэгэн өргүй. 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2015 оны 2 сард төлөх ёстой боловч энэ хугацааны хуулийн зохицуулалт байгаагүй. 2015 оны 4 дүгээр сард Засгийн газрын тогтоол шинээр батлагдсан. Үүнийг тодруулж хэлж байгаагийн учир нь 2014 оны жилийн эцсийн тайланг гаргахад урьд нь үйлчилж байсан Засгийн газрын тогтоол хүчингүй болсон байсан юм. Гэрээний үнээр төлөх байсан төлбөр дээр татварын газраас торгууль, алданги тооцсон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл татварын албаны шаардлагаар олон улсын зах зээлийн үнээр татвар төлөгчөөр 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлэх нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг зөрчиж байгаа бөгөөд тэрхүү хууль бус төлбөрийг 2015, 2016 онд төлөөгүй гэж 56,949,005.07 төгрөгийн торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй тул 56,949,005.07 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү.   

Хоёрдугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т: ’’Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.”, 10 дугаар зүйлийн 10.1-т: “...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.7-т “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.

Ч ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирал буюу жилийн эцсийн тайлангаар гарсан дээрх төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т: “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө” гэж заасан хугацаанд буюу 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөөгүй зөрчилд татварын улсын байцаагч шийтгэл оногдуулж, торгууль, алданги ногдуулсан захиргааны зөрчил нь өршөөлийн хуулийн үйлчлэх хугацаа болох 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэсэн хугацааны дотор байгаа, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулсан тул өршөөлд хамруулж шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэлтэй байна. Үүнийг маргаан таслах комисс шийдвэрлэхдээ 2015 оны эхний хагас жилийг өршөөлд хамруулж, 2014 оны сүүлийн хагас жилийг өршөөлд хамруулаагүй байна. Өөрөөр хэлбэл дутуу өршөөлд хамруулжээ.  

Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Өршөөлийн тухай хуулийг яагаад дурдаагүй юм гэхээр энэ тухай дурдагдаагүй ч гэсэн шүүх үүнийг авч үзэх ёстой гэж үзсэн. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн, хуулийн этгээд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн 0802201707 тоот Шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн зарим хэсэг буюу 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдлийг хуульд заасан хугацаа буюу 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөөгүй зөрчилд оногдуулсан 56,949,005.07 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тооцоог хавсаргасан” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Татварын маргаан таслах зөвлөл нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хуралдаж, хуралдаанаар 380,830,905.43 төгрөгийн зөрчилд ногдох 195,051,144.58 төгрөгийг бууруулан, 994,306,894.57 төгрөгийн зөрчилд ногдох 105,422,370.53 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоол гаргахдаа 56 сая төгрөгийн торгууль, алдангийг өршөөлд дутуу хамруулсан болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсч байна. Харин нэгдүгээр үндэслэл буюу 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Олон улсын зах үнээр тооцсон нь үндэслэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед Ч ХХК-ийн мэдүүлсэн үнээр тооцож тайлагнасан ”  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Н.Ч нар нь Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Од холбогдуулан татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201707 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн зарим хэсэг буюу 56,949,005.07 төгрөгийн торгууль, алданги төлүүлэх хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Шүүх хуульд заасан журмын дагуу шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж, дүгнээд нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

1.Нэхэмжлэгчээс гаргасан ”...Ч ХХК нь 2014 онд Олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй ба мөн тэрхүү хууль бус төлбөрийг 2015, 2016 онд төлөөгүй гэж 56,949,005.07 төгрөгийн торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ... Улсын Дээд шүүх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний болон Олон улсын зах зээлийн үнээр төлөх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн тайланг засварлуулах асуудлыг хүлээж авах нь үндэслэлтэй юу гэдгийг шийдсэн. Уг тогтоолын хянавал хэсгийн 22-т “Хяналтын шатны шүүхийн энэ тогтоол нь татварын улсын байцаагчийн 2017 оны 0802201707 дугаар захиргааны акттай холбоотой маргаанд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж тусгасан байдаг. Үүнийг шүүх анхаарах нь зүйтэй ... ” гэх тайлбарын тухайд:  

“Ч” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч, Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Дундговь аймгийн Татварын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 481 тоот тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  

Тодруулбал “Ч ХХК тайлан болон Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 4 жилийн дараа захиргааны байгууллага болон шүүхэд хандаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6, 12 дугаар зүйлд “...30 хоног...” дотор гомдол, нэхэмжлэлээ гаргахаар заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр  “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр тооцож тайлагнасан гэх маргааны үйл баримт болон түүний үндэслэлд дүгнэлт хийгээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.    

2. Нэхэмжлэгчээс гаргасан “...Ч ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирал буюу жилийн эцсийн тайлангаар гарсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т зааснаар 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөөгүй зөрчилд торгууль, алданги ногдуулсан нь өршөөлийн хуулийн үйлчлэх хугацаа болох 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэсэн хугацааны дотор байгаа, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдэл болох нийт /2014, 2015, 2017/ 187 сая орчим төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул өршөөлд хамруулж шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэлтэй” гэх тайлбарын тухайд:

“Ч” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014, 2015 оны 4 дүгээр улирлын тайлангаас үзвэл нийт төлбөрийг 205,620,867.94 төгрөгөөр ногдуулан тайлагнаж, тайлангийн хугацаанд 76000000, 42000000 төгрөгийг тус тус  төлж, улмаар 87,620,594.00 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба энэ төлбөрийг 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар гарсан төлбөр гэж үзэхээр байна.  

Дундговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор  татварын улсын байцаагч Ч.Оын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201707 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчилд ногдох төлбөрийг өөрчилж, шийдвэрлэхдээ 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор  төлөөгүй 87,620,594.00 төгрөгийн зөрчилд шийтгэл оногдуулж, 56,949,005.07 төгрөгийн торгууль, алданги ногдуулсан нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”  гэж заасантай нийцээгүй байна.

Иймд улсын байцаагчийн 0802201707 тоот шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-д ногдуулсан 994,306,894.57 төгрөгийн зөрчилд ногдох 105,422,370.53 төгрөгийн төлбөрөөс торгууль, алданги болох 56,949,005.07 төгрөгийн төлбөрийг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар гарсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 87,620,594.00 төгрөгийн төлбөрийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй юм.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-ийн төлөх 105,422,370.53 төгрөгийн төлбөрөөс 56,949,005.07 төгрөгийн торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч “Ч” ХХК, хариуцагч Ч.О нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.Ц