Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/283

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 1905028130152 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын 28-ны өдөр, ************* хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ************** ажилтай, ам бүл 1, ***************************************** тоотод оршин суух,

- урьд 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ажилчны районы шүүхээс Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109Б-Д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг хойшлуулж байсан,

- 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Октябрын районы шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109Б-Д зааснаар 3 жилийн хорих ял,

- 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Октябрын районы шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял,

- 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял,

- 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 960 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, И овогт Б-ийн Б /РД:************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчимд ******************* тоотод оршин суух иргэн С.Н-ын байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Сони” маркийн ЛСД зурагт нэг ширхэг, Самсунг Эс-4 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Нөүт-2 загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 472.000 /дөрвөн зуун далан хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр архи уучихсан байсан. Хашаа даваад С-нд орох гэж байгаад архины халуундаа айлд ороод зурагт аваад гарчихсан байсан. Улмаар ломбардад тавьж архи авч уусан. Миний бие урьд нь алдаж онож явсан бөгөөд одоо ажил хийж байгаа бөгөөд улс орондоо хэрэгтэй арай өөрөөр амьдаръя гэж бодож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-29/,

2. Хохирогч С.Н-ын:

“...2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөө ********************* тоот гэртээ сэрэхэд 10:20 минут болж байсан. Охин “ээж зурагтаа яасан юм” гэсэн тэгээд би босоод харсан чинь зурагт байхгүй байсан. Би том өрөөндөө ач охиноо тэврээд унтаж байсан хүүхдүүд 10:00 гээд ажилдаа явцгаасан. Тэгээд Сони 42 инчийн зурагт, зурагтын өмнө байсан миний Самсунг Галакси Эс-4, охины толгой дээр байсан Нөүт 2 алга болчихсон байсан. Тэгээд гараад ойр орчмоо харахад хэн ч байхгүй байсан дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 52-53/,

3. Гэрч М.Д-ын:

“... Би хөлийн чимээнээр сэрсэн хүн гарч явж байна гэж сонссон, ...би бодохдоо 2 ахыгаа гарч байгаа юм байна гэж бодсон. Нээх удалгүй ажилдаа явахаар би босоод цаг хэд болж байгааг харах гээд өөрийн утсаа тавьсан газраа үзтэл байхгүй байсан болохоор орон доогуур хайгаад олдохгүй байсан, би зочны өрөөний хөшиг нээлттэй болохоор ээж сэрсэн байна гэж бодоод ортол зурагт байхгүй байсан ээж унтаж байхаар нь би сэрээгээд “зурагт алга болсон байна хаачсан бэ” гэж асуусан ээж уулга алдаад хулгайд алдчихсан байна гэж хэлсэн. “Сони” маркийн 42 инчийн 1 зурагт Самсунг Эс 4, миний өөрийн гар утас болох Нөүт 2 маркийн гар утас алдсан...” гэсэн мэдүүлэг /хх 32/,

4. Гэрч Р.Б-ийн:

“...Би өөрийн амьдардаг хаяг болох **********************тоотод маш олон жил амьдарч байна. 2014 онд манай найз Г-ийн ах Б нь манайд жижиг амбаарт ирж 4 сар орчим амьдарч байгаад Багануур луу ажлаар явсан. Тэгээд холбоогүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын дундуур байхаа хороололд явж байгаад Б-той таарахад реклам самбарын газар ажиллаж байгаа танай хашаанд угсраад хийе гэж хэлсэн. Манайд 05 дугаар сарын эхээр ирж манай байшинд амьдарч эхэлсэн. ...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байхаа ногоон байрны дэлгүүрээс тамхи аваад явж байхад манай хэсгийн байцаагч Э намайг дуудаад бичлэг үзүүлсэн. Тэгээд тэр бичлэгийг харахад Б зурагт тэврээд явж байсан. Би өмссөн хувцсаар нь таньсан. Тэгээд Э-тай хамт гэр лүүгээ очоод амбаараа үзтэл 2 ширхэг гагнуурын аппарат, тасдагч, цүнхтэй эд зүйл зэрэг байсан. Өмнө нь би тэр эд зүйлийг харж байгаагүй. Хэд хоногийн дараа цагдаа нар ирээд эд зүйлийг хураагаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 34/,

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/,

6. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 472.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх 46-47/,

7. .********************** “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллах ажилчдын нэрс батлах тухай” тушаал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Б нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь: 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчимд ****************** тоотод оршин суух иргэн С.Н-ын байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Сони” маркийн ЛСД зурагт нэг ширхэг, Самсунг Эс-4 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Нөүт-2 загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 472.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Н-ын “...2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 10:20 минут болж байсан. Охин “ээж зурагтаа яасан юм” гэсэн тэгээд би босоод харсан чинь зурагт байхгүй байсан. Би том өрөөндөө ач охиноо тэврээд унтаж байсан хүүхдүүд 10:00 гээд ажилдаа явцгаасан. Тэгээд Сони 42 инчийн зурагт, зурагтын өмнө байсан миний Самсунг Галакси Эс-4, охины толгой дээр байсан Нөүт 2 алга болчихсон байсан. Тэгээд гараад ойр орчмоо харахад хэн ч байхгүй байсан дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч М.Д-ын “... Би хөлийн чимээнээр сэрсэн хүн гарч явж байна гэж сонссон, ...би бодохдоо 2 ахыгаа гарч байгаа юм байна гэж бодсон. Нээх удалгүй ажилдаа явахаар би босоод цаг хэд болж байгааг харах гээд өөрийн утсаа тавьсан газраа үзтэл байхгүй байсан болохоор орон доогуур хайгаад олдохгүй байсан, зочны өрөөний хөшиг нээлттэй болохоор ээж сэрсэн байна гэж бодоод ортол зурагт байхгүй байсан. “Сони” маркийн 42 инчийн 1 зурагт Самсунг Эс 4, миний өөрийн гар утас болох Нөүт 2 маркийн гар утас алдсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Р.Б-ийн “...Би өөрийн амьдардаг хаяг болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 06-16 тоотод маш олон жил амьдарч байна. 2014 онд манай найз Г-ийн ах Б нь манайд жижиг амбаарт ирж 4 сар орчим амьдарч байгаад Багануур луу ажлаар явсан. Тэгээд холбоогүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын дундуур байхаа хороололд явж байгаад Б-той таарахад реклам самбарын газар ажиллаж байгаа танай хашаанд угсраад хийе гэж хэлсэн. Манайд 05 дугаар сарын эхээр ирж манай байшинд амьдарч эхэлсэн. ...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байхаа ногоон байрны дэлгүүрээс тамхи аваад явж байхад манай хэсгийн байцаагч намайг дуудаад бичлэг үзүүлсэн. Тэгээд тэр бичлэгийг харахад Б зурагт тэврээд явж байсан. Би өмссөн хувцсаар нь таньсан...” гэсэн мэдүүлэг,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 472.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Б.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын орон байранд нэвтэрч, хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа бага хэмжээнээс дээш буюу 301.000 төгрөгөөс дээш 472.000 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар мөн заажээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-д 472.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч С.Н нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,    

Шүүгдэгч Б.Б “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.   

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 6 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Б-ын “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч Б.Б нь урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан нь түүнийг нийгэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдал байх тул түүнд шүүх хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905028130152 дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ