Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

 

 

 

 

 

   2021         03          19                                       2021/ШЦТ/183

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

иргэдийн төлөөлөгч Ц.Цэгмэд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,  

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010006680465 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 308 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж байсан, Б. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... тоотод байх гэртээ төрсөн ах Бтай ээжийгээ сандлаар цохисноос болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хэвлий орчим нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөн “нойр булчирхайн няцрал” бүхий гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгт:

-Шүүгдэгч Б.Б:  Мэдүүлэг гаргахгүй гэв.

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би хүүгийнхээ хүүг загнаад, зодсоноос бид маргаж, Б над руу эвхдэг сандал авч шидсэн. Тэгтэл өвчтэй хэвтэж байсан том хүү намайг өмөөрч, Бр, Б хоёр маргаж, Б-нын нүүр рүү нь хэд цохисон. Өшиглөсөн зүйл байхгүй. Бр олон хоног нойр булчирхай гээд хоол унд идэхгүй өвчтэй хэвтэж байсан. Босохгүй хэвтээд байхаар нь 2020 оны 03 дугаар сарын 31-нд түргэн дуудаж үзүүлэхэд хордлого байх, Өрхийн эмнэлэг эсхүл больницид очиж дусал хийлгэчих гэсэн. Би хүү Бртай өрхийн эмнэлэгт очиход цайны цаг болсон гээд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь больницид очиж Брт дусал залгуулаад овоо болоод харьсан. Тэгтэл араас утасдаад толгойны зураг авхуулчих гэхээр нь авхуулсан. Бр дусал хийлгээд наашаа цаашаа яваад даарснаас болоод реакц өгч нас барсан байх. Нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй” гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2010006680465 дугаартай хэргээс

 

1. Хан-Уул дүүргийн 2 дугаар цагдаагийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-2/,

 

2. Хэргийн газарт 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,

 

3. Цогцост 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/,

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр гэрт миний хүүхдүүд болох Бр, Б, П, Бт болон төрсөн дүү Э нар болон би өөрөө гээд нийт 6 хүн байсан. Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хэрэг болсон өдрийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэж буруу хэлсэн байсан. Хэрэг болсон өдөр бол 03 сарын 29-ний өдөр юм. 2020 оны 03 сарын 29-ний өдөр Бр, Б, П, Бт, Э нар гэртээ нэлээд олон шил архи уусан. Манай хүүхдүүд ажил төрөлгүй байсан учраас бараг 7 хоног тасралтгүй архи ууж байсан. Тухайн хэрэг гардаг өдөр яг хэдэн шил архи уусныг одоо санахгүй байна. Ямар ч байсан хүүхдүүд нэлээн согтсон байсан. Тэгээд яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, би хүү Бид хандаж дахиж гэрт хүүхдээ авчрахгүй шүү, хүүхэд чинь үгэнд орохгүй, өдөржин шалтгаангүй уйлах юм, ээж нь өдөржин хүүхэд уйлахаар ядраад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Б уурлаад та дандаа миний хүүхдийг ад үздэг, яахаараа ад үзээд байдаг юм гээд хажуудаа байсан жижиг сандлыг аваад над руу шидсэн. Тэр шидсэн сандал нь миний духыг оночихсон, тэгсэн чинь талийгаач хүү Бр намайг өмөөрөөд Бид чи ээжийг гэмтээчихлээ, дандаа хэрүүл хийх юм, болиоч гэж зандрангуй хэлсэн. Тэгтэл Б уурлаад чамд ямар хамаатай юм бэ, та нар миний хүүхдийг ад үздэг гэж хэлээд том өрөөнд буйдан дээр сууж байсан Бр дээр очоод нэг гараараа заамдаж байгаад, нүүрэн тус газар нь нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд цохиж байхад талийгаач хүү Бр буйдан руу хойшоо хэвтсэн. Тэгсэн чинь Б үргэлжлүүлээд гараараа цохиод байх шиг байсан. Яг хаашаа нь хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Би тэр үед ард талд нь сууж байсан бөгөөд Бийг салгахаар очоод болиоч ах чинь бие муутай, 10-аад хоног бие нь өвдөөд хэвтэж байхад чи зодоод байх юм гэж хэлсэн. Намайг дэргэд нь очиход Б гараараа л нүүр лүү нь цохиод байсан. Хөлөөрөө цохиж байгааг хараагүй. Тэгээд П Бийг салгаад холдуулсан, Бр буйдан дээрээ хэвтсэн чигтээ үлдсэн. Энэ өдөр дахиж зодоон болоогүй, тэгсхийгээд унтаж амарцгаасан. Маргааш нь Б өглөө босоод ажилдаа явсан. Харин Бр гэрт хэвтээд үлдсэн. Тэгэхдээ жоохон жоохон огиод байсан. Б орой ажлаасаа ирсэн, гэхдээ хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Бр 11 цагийн үед сэрсэн. Тэр үед хөл гар нь хөрчихсөн байсан. Бр сэрснийхээ дараа бие засмаар байна гээд боссон боловч хөл дээрээ тогтож чадахгүй хойшоо унасан, тэгэхээр нь би хөлийг нь барьж өгөөд, чихэртэй буцалсан ус хийж өгсөн, талийгаач уугаад буцаад огиод гаргачихсан. Тэгээд бие нь гаагүй болохгүй байхаар нь түргэн дуудсан, түргэн ирж үзээд нойр булчирхай чинь өвдөөд байгаа юм биш үү, өрхийн эмнэлэг дээрээ очоод дусал хийлгэ гэж хэлсэн. Түргэний эмч явсны дараа бие нь дээрдэхгүй байсан ба талийгаач өөрөө хэвлийн дээд талдаа гараараа дараад өвдөөд байна гэж хэлж байсан. Би талийгаач хүүгээ дагуулж өрхийн эмнэлэгт очиж үзүүлэх гэсэн боловч цайны цаг болсон гээд эмч нар байхгүй байсан, тэгэхээр нь яармагийн нэгдсэн эмнэлэгт очоод хүлээн авах тасагт хэвтүүлээд дусал хийлгэсэн. Дусал хийлгэсэн боловч бие нь дээрдэхгүй байсан учраас мэс заслын эмч ирж үзээд хэвлийн дээд хэсэгт нь дарж байгаад нойр булчирхай чинь л өвдөөд байгаа юм биш үү, нүүр ам нь нэлээн гэмтэлтэй юм байна, зургаа авхуул гэж хэлсэн. Бид хоёр Гэмтлийн эмнэлгийн хажууханд байсан нэг газар толгойны томографийн зураг авхуулаад буцаад яармагийн эмнэлэг дээр очсон. Эмч зураг хараад толгойнд гэмтэл алга байна гэж хэлсэн. Энэ үед Брын бие эрс муудсан бөгөөд яармагийн эмнэлгийнхэн гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүл гэж хэлсэн. Тэр үед би бага хүү Тийг дуудсан бөгөөд Бр, Т хоёр эмнэлгийн машинд суугаад гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиж хэвтээд 31-ний орой хагалгаанд орсон, хагалгаа 4 цаг орчим үргэлжлээд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр нас барсан. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Брыг Боос өөр хүн цохиж зодоогүй. Брын бие угаасаа тааруухан байсан. Сүүлийн 10-аад хоног гэрээсээ ч гараагүй хэвтэж байсан. ...Миний хувьд Б хүүдээ ямар ч гомдол саналгүй, миний хүү ахыгаа санаатай алах хүн биш шүү. Тухайн өдөр согтуудаа санамсаргүй л цохиж зодсон, ах нь угаасаа бие муутай учраас нас барчихлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

5. Гэрч Л.Нын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн ... тоотод хадмын хашаанд нөхөр хүүхдийн хамт тусдаа амьдардаг. 2020 оны 03 сарын 29-ний өдөр хадам ээжийн гэрт нөхрийн ах нар бүгд байсан гэсэн, би сайн мэдэхгүй байна.  15 цагийн үеэс архи ууж эхэлсэн байх, харанхуй болж байсан багцаагаар 18 цагийн үед хадам ээжийн гэр дотор нөхрийн ах нар хоорондоо согтуу маргалдаад  зодолдоод байх шиг чимээ гарч байсан. Тухайн үед би жирэмсэн мөн нөхрийн зүрх муу болохоор тайван байх ёстой гэх шалтгаанаар хадам ээжийн гэрт ороогүй. Удалгүй ойролцоогоор 2 минутын дараа хадам ах нарын хоорондоо маргалдах дуу чимээ байхгүй, нам гүм болсон. Маргааш өглөө нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд нөхөр бид хоёр эмнэлэг явах гээд нөхөр Тө хадам ээжийн гэр рүү ороод гарч ирэхдээ ээжийн нүд нь хөхөрсөн байна. Ах нар унтаж байна гэж хэлж байсан. Бид хоёр эмнэлгээс 14 цагийн үед буцаж ирээд гэрээсээ гараагүй. Орой нөхөр бид хоёр зурагт үзэж байгаад надад хэлэхдээ эд нар ариа хэтэрч байна, ээжийн нүдийг нь хөхрүүлсэн байна, талийгаач ах Брын нэг талын нүүр нь хавдсан байна гэж уурлангуй хэлээд өнгөрсөн. 03 дугаар сарын 31-ний өглөө буюу өчигдөр өглөө эрт 08 цаг 30 минутын орчимд нөхөр Тө хадам ээжийн гэр рүү ороод эгч Пүрэвдуламын том хүүхдийг дуудаж охиноо харуулах гээд орхичихоод гарч ирэхдээ Бр ах нэлээн муудсан байна, түргэн дуудаж үзүүлнэ гэж байна гэж хэлээд бид хоёр Эх нялхас эмнэлэг явж хяналтад орчихоод 15 цагийн орчимд яармагийн шинэ эцэст явж байхад хадам ээж нөхөр Тө рүү залгаад хэлж байсан. Гэртээ ирэхэд талийгаач ах Брыг түргэний тэрэг аваад явсан, гэрт хүүхдүүд үлдсэн байсан. Өнөөдөр буюу 2020 оны 04 сарын 01-ний өглөөний 06 цагийн үед Бр ахыг талийгаач болсон гэх талаар 09 цагийн үед би мэдсэн. Хадам ээж НЦ 8 хүүхэдтэй, одоогоор хадам ээжтэй хамт амьдарч байгаа хамгийн том нь талийгаач Бр ах, Б ах, П ах, Бт ах, мөн Бц эгчийн том хоёр хүүхдийн хамт нийт долуулаа амьдардаг. 2020 оны 03 сарын 29-ний өдөр хадам ээжийн гэрт миний мэдэхээр дээрх хүмүүс бүгд байсан байх. Манай гэр хадам ээжийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд зүгт байрлалтай байдаг. Хадам ээжийн гэрт өрнөж байгаа дуу чимээ манай гэрт маш сайн сонсогддог, тухайн үед хадам ээжийн гэрт болж байгаа дуу чимээ гэрт сонсогдож байсан. Тухайн үед зурагт үзэж байсан мөн тэнд юу болж байгааг мэдэхийг хүсээгүй, учир нь хадам ах нар бие биеийнхээ өөдөөс хааяа орилж хашхирч байдаг болохоор тухайн үед нэг их тоогоогүй өнгөрсөн. Хадам ах нар байнга архи уугаад байдаггүй. 7 хоногт ганц нэг уусан харагддаг. Харин 2020 оны 03 сарын 29-ний өдөр бүгдээрээ архи уусан байна лээ. Урд нь цагаан сарын дараа хадам ах нар цуг архи ууж байсан. Талийгаач ах болон Б хоёр хоорондоо зодолдсон талаар би хараагүй. Хадам ээжийн гэрт амьдардаг 13 настай Т-с 03 сарын 29-ний өдөр Б ах эмээг цохисон чинь Бр ах эмээг өмөөрөөд өөдөөс нь босож ирээд салгахад Б ах Бр ахыг цохиж унагаасан гэхээс өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

6. Гэрч Б.Пийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Зайсанд барилгын ажил хийж байгаад орой 21 цагийн үед ХУД-ийн ... тоот гэртээ ирсэн. Гэрт ирэхэд эх НЦ, ах Бр, дүү Бт, бага дүү Т нар байсан. Ээж НЦ зүүн талын нүдэн дээрээ төмсний хальс тавьчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Б хүү О-г ад үзлээ гэж агсам тавиад ээжтэй маргалдаж байхдаа цохисон гэж хэлсэн. Тэгээд Бр ээжийг өмөөрөөд Бтой зодолдсон гэж хэлсэн. Б-ныг зодоод нүүрнийх нь аль нэг тал нь хавдсан байсан. Маргааш нь 2020 оны 03 дугаар сарын 30-ний өглөө сэрэхэд Бр шар ногоон өнгийн зүйлээр ус уугаад бөөлжөөд байсан, би 103 дугаарт залгаж түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Эмч ирээд өрхийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Ээж Брыг авч явж эмчид үзүүлсэн. Тухайн үед Бр даараад байна гээд байсан учраас таксигаар авч явсан. Яармагийн эмнэлэгт очиж үзүүлэхэд өөрсдөө машинаа олоод 3 дугаар эмнэлэгт очиж үзүүл гэж хэлээд ээж аваад явсан. Б-нын хаана нь юугаар хэчнээн удаа цохисоныг мэдэхгүй. Учир нь яг зодоон болох үед байгаагүй. Тм надад Б ах Брыг олон удаа алгадаад байсан гэж хэлсэн. Өөр хаашаа нь юугаар цохисон талаар мэдэхгүй. 2020 оны 03 дугаар сарын 29-ний орой ажлаасаа ирэх үед Брын нүүр нь хавдаж харласан, бие өвдөөд байна, дотор муухай оргиод байна, ганц шил архи аваад өгөөч гээд байхаар нь 0,75 гр “Хамаг монгол” нэртэй архи “Orange” нэртэй дэлгүүрээс авч бүгдээрээ хувааж уусан. Тэгээд Бр зүгээр болоод унтсан. Маргааш өглөө нь Бр шар ногоон зүйлээр бөөлжөөд байхаар нь эмнэлэг авч явсан. Бр эмнэлэг рүү явж байхад хэвлий хэсгээр өвдөөд байна гээд бариад ёолоод байсан. Бас толгой өвдөөд байна гээд толгойгоо бариад байсан. Урьд нь Б олон удаа О гэх хүүхдээсээ болж ээжид хандан хүүг гадуурхаад байна гэж агсам тавьж байсан. Б агсам тавихаараа Брыг зодож байсан. Ээжийг зодож байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 30-31/,

 

            7. Гэрч Б.Бтийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ ээж НЦ, ах Б, Б.Б, Б.П, Э, дүү С нарын хамт амьдардаг бөгөөд хааяа төрсөн дүү Бц болон эгч П-н хүү Т нар нь ирж хонодог юм. Мөн нэг хашаанд цугтаа төрсөн дүү Т нь эхнэр Н болон хүүхдийнхээ хамтаар тусдаа монгол гэрт амьдардаг юм. Би 2020.03.28-ны өдрийн 13 цагийн үед Шарга морьт яваад 19 цаг өнгөрч байхад ирэхэд ээж НЦийн баруун нүд, ах Брын нүүрнийх нь зүүн хэсэгт хөхөрчихсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Бр ах, ээжийн хамт Б ахад зодуулсан гэсэн. Энэ үед Б ах гэртээ байхгүй байсан. Би унтаад өглөө сэрэхэд ах Б ирчихсэн унтаж байхаар нь цагдаад өгье гэтэл ээж болон ах Бр нь яах юм бэ гээд байсан. Үүнээс хойш Бр ахын бие гайгүй байсан бөгөөд 2020.03.31-ний өглөө Бр ах босож чадахгүй, дотор их муу байна гээд намайг архи аваад өгөөч гээд байсан. Тэгтэл Э ах дэлгүүрээс 100 гр-ын архи авч Бр ахад өгсөн бөгөөд ах тэр архийг уучихаад шар ногоон зүйлээр бөөлжөөд байсан. Тэгснээ бие сонин болоод байна гэхээр нь түргэн дуудсан юм. 2020.03.28-ны өдөр намайг гэрээсээ гарах үед ээж болон ах Брын биед ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан бөгөөд орой ирэхэд л Б ахад зодуулсан гэсэн. Бр ахыг Б ах зодсон эсэхийг нь хараагүй, намайг байхгүй хойгуур болсон бөгөөд ээж болон ах Бр хоёр хоёулаа л Б ахад зодуулсан гэж өөрсдөө хэлсэн. Ээж болон Бр ах зодуулах үед манай гэрт Б ах, Бр ах, ээж НЦ болон Э ах дөрөв байсан байх. П ах тухайн өдөр надаас түрүүлээд ажилдаа явчихсан байсан. Дүү Ст, Тм нар нь гадуур тоглож байсан байх. Намайг ирэхэд ээжийн баруун нүд хөхөрсөн байсан, ах Брын нүүрний зүүн хэсэг нь тэр чигтээ хөхрөөд хавдчихсан байсан. Б ахын хүү О-г ээж гадуурхаад байна гээд Б ах ээжийг цохисон гэсэн. Тэгтэл ээжийг өмөөрч Бр ах Б ахад үг хэлэхэд Б ах Бр ахыг зодсон гэсэн. Ээж хэлэхдээ Б ах нь Бр ахын нүүр рүү нь гараараа зөндөө цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

            8. Гэрч Б.Тийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд эхнэр хүүхдийн хамт ээжийн  хашаанд тусдаа гэрт амьдардаг юм. Одоо хугацааг нь сайн санахгүй байна, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байх 20 цагийн орчим ээжийнх рүү ороход ээж НЦ согтуу төрсөн ах Бртай хэрэлдэж байсан. Тухайн үед ээжийнд төрсөн ах Б, П, Бт болон ээжийн төрсөн дүү Э нар согтуу байсан. Би хэсэг байж байгаад гэрээс гарсан. Харин маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа явчихаад иртэл ээж надад Б, Бр хоёр хоорондоо хэрэлдээд гарсан, гэрийн гадаа юу болсныг мэдэхгүй байна гэж ярьж байсан. Өөр зүйл хэлээгүй. Мөн уг өдөр гэрт ороход Бр ах нүүр нь хөхөрсөн байдалтай орон дээр нэлээн өндөр амьсгаатай, доошоо хараад хэвтээд байхаар нь архи уухаа болиоч ээ гэж хэлээд гараад явсан. Ийм л зүйл болсон. Б ах Бр нар нь ер нь архи уудаг, уучихаараа хоорондоо таарч тохирохгүй хэрэлдэж, зодолдоод байдаг юм. Б ах Брыг зодож биед нь гэмтэл учруулсан эсэхийг мэдэхгүй. Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ээжийнд бүгд л согтуу байсан. Б ах нэлээн согтуу байсан. Яг зодсон эсэхийг нь би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

            - Гэрчээр дахин 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...Ах Б нь цалин нь буухаар хааяа ажлынхаа хамт олонтой архи уудаг. Гэрээсээ гэвэл Бр, П, Э нартай архи уудаг. Би ахтайгаа харилцах зав цаг хүрэлцээтэй байгаагүй, ажил гээд завгүй явдаг, ах бас ажилтай байдаг болохоор хэчнээн нэг хашаанд хамт амьдардагч гэсэн хоорондоо тааралдахгүй байх тохиолдол их байдаг. Би хашаанд тусдаа эхнэр хүүхэдтэйгээ монгол гэрт амьдардаг. Эд нар архи уучихаараа хааяа хэрэлдэж байгаа сонсогддог байсан. Б ах муудчихаараа агсам юм шиг байна лээ, гэхдээ надтай муудаж агсам тавьж байгаагүй, манайх руу орж ирдэггүй юм. Манай ээж 3 сарын өмнө Бр Б 2 барьцалдаж муудалцсан гэж байсан. Ээж хэлэхдээ Б-н хоёр хоорондоо хэрэлдээд Бр гараад явсан гэж надад 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой хэлж байсан. Би 2020 оны 03 сарын 31-ний өглөө Бр ах руу гэрт нь ороход амьсгал нь нэлээд дээгүүр буюу хэцүү амьсгалж байсан. Тухайн үед ах доошоо харчихсан дээгүүрээ юм нөмөрчихсөн байсан учраас царайг нь харж чадаагүй, тухайн үед би өөрөө Эх нялхас руу охиноо үзүүлэх гэж байсан учраас ээжид 103 дуудаад үзүүл гэж хэлээд явсан. Б ах цочмог ууртай хүн байгаа юм, зүгээр байж байгаад гэнэт уурладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

            9. Гэрч Д.Эын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би толгойндоо 1 удаа хүнд хагалгаанд орсон бөгөөд одоо үүгээрээ группт байдаг юм. Миний бие муу учир эртхэн унтаж амардаг. Би яг огноог нь мартаад санахгүй байна, тухайн өдрийн өглөө сэрэхэд эгч НЦийн өрөөсөн нүд нь хөхрөөд хавдчихсан мөн дүү Брын нүүр нь битүү эрээн цоохор болоод хавдчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эгч НЦ хэлэхдээ Б Б бид хоёрыг зодсон гэж хэлсэн. Зодуулснаасаа хойш хэд хоног Бр нь орноосоо босохгүй хэвтээд байсан бөгөөд 2020.03.31-ний өдөр түргэн дуудаж үзүүлсэн юм. Тэгээд Брыг эмнэлэг авч явж үзүүл гэсэн. Брыг Б зодохыг хараагүй, тухайн үед унтаж байсан юм. Эгч НЦ хэлэхдээ Бр бид хоёр хоёулаа Бид зодуулсан гэж хэлсэн. Эгч хэлэхдээ Б нь Брын нүүр рүү нь гараараа цохиж, дээрээс нь хөлөөрөө дэвссэн гэж хэлсэн. Б, Бр нар хааяадаа уудаг. Б архи уусан үедээ их агсам, таарсан хүнээ л цохиж аваад хүн хүн рүү үсчээд байдаг тавьтаргүй зантай. Б урд нь ээжийгээ зодоод үсдэж байсан. Дүү нараа болон намайг ч гэсэн цохиж л байсан. Бр миний зүрх өвдөөд байна, мөн нойр булчирхай өвдөж байна гэж байсан. Брт ямар нэг өвчин байгаагүй, зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 536 дугаартай дүгнэлтэд:

- Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

- Б.Б нь хэрэг учрал болох үед хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

- Б.Б нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

- Б.Б нь юмыг зөвөөр тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна.

- Б.Б нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байсан байна.

- Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

-Б.Бид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50/,

 

            11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 839 дугаартай дүгнэлтэд:

            -Эмнэлгийн бичиг баримтад: Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхэнд: 2020.3.31-ний 19 цаг 50 минут, нас барсан 2020.4.01-ний 06 цаг 40 минут. Үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн, орчиндоо харьцаа сул, ...хэвлийн тэмтрэлтээр гялтан цочролын шинж илэрсэн.

            -2020.03.31-ний өдрийн мэс заслын тэмдэглэлд:

Хэвлийн хөндийг цус тогтоолтын дор үечлэн нээж шалгахад нойр булчирхайн толгой болон их бие үхэжсэн, сүүл хэсэг нь чинэрч хатуурсан, бохир хүрэн шаргал өнгийн шүүс ойр орчимдоо тархсан, мөн нарийн гэдэс тредцийн холбоосноос дээш 20 см-т няцарсан, мөн гэдэс нилэнхүйдээ саажсан байлаа. Хэвлийн хөндийг бүхэлд нь ариун уусмалаар сайтар угааж соруулав. Нойр булчирхайн сүүл хэсгийн капсулыг мохоо аргаар нээж чинэрэлтийг багасгаад силк №3 утсаар Z 2 оёдол тавьж цус тогтоов. Нойр булчирхайн зайд 1 ширхэг уян ариун гуурс байрлуулан, хэвлийг үечлэн хааж ажилбарыг дуусгав. Шарханд ариун боолт хийв. Ажилбарын явцад өвчтний амьсгал, зүрх судасны тогтолцоо 5 удаа зогсож тус бүрт сэхээн амьдруулах арга хэмжээ авлаа. Мэс засал хүнд явагдлаа гэжээ. ...Асуумжаар: 2020.03.29-нд бусдад зодуулсан гэх. 2020.03.31-нд ХУДНЭ-т үзүүлэн 103-р тээвэрлэгдэн ГССҮТ-д ирж хэвтсэн. Үзлэгт: ирэх үедээ өвчтөний биеийн байдал маш хүнд. Ухаантай боловч орчиндоо харьцаа сул. ...Мэс засал 2020.03.31-ний 22.00-с 2020.4.01-ний 00.30 хүртэл үргэлжлэн орж хагалгааны явцад өвчтөний зүрх судасны үйл ажиллагаа сулран 4 удаа зогссон. Сэхээн амьдруулах арга хэмжээ авч хагалгааг дуусган, эрчимт эмчилгээний тасагт оруулан эмийн эрчимт эмчилгээ хийн амьсгалын аппаратад авсан.  ...Амьсгалын аппаратад эмийн эмчилгээ хийж байсан боловч амьсгал зүрх судасны үйл ажиллагаа тогтворгүй, даралт төдийлөн өсөхгүй, гэнэт өвчтөний амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон тул эрчимт эмчилгээ болон сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч төдийлөн сайжрал өгөхгүй байсаар амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон өвчтөн 2020.04.01-ний 06.40-д нас барав.

            Дүгнэлт:

            -Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нойр булчирхайн няцрал, цус хуралт, өвчүүний хормой, хэвлийн өмнөд гялтан, өрц, үнхэлцэг хальс, элэг, элэгний холбоос, цөсний ар гадаргуу, нарийн, бүдүүн гэдэс, сэмж, чацархай, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа дээд, доод уруул, эрүү хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Талийгаачид элэгний архаг үрэвсэл архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно.

-Талийгаач нь нойр булчирхайн няцралын улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ.

-Талийгаачийн цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

-Талийгаач нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 06 цаг 40 минутад нас барсан байна. /Өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр /.

-Талийгаач нь В (III)-р бүлгийн цустай байна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-63/

12. Шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэвлийн битүү гэмтлүүд болон нүүрний гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хэвлийн битүү гэмтлүүд нь хэвлий орчим мохоо зүйлээр дэвсэх, өшиглөх үед үүсэх боломжтой. Нойр булчирхайн няцрал гэмтэл нь бусад хэвлийн гэмтлүүдтэй хамт хэвлийн битүү гэмтэлд тооцогдох бөгөөд хэвлийн битүү гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нүүрний гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Нэмж хэлэхэд хэвлийн битүү гэмтэл нь нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нойр булчирхайн няцрал гэмтэл нь дангаараа үхэлд хүргэсэн гэж ойлгож болно. Дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Нойр булчирхайн няцрал гэмтлийг хагалгаа хийсэн эмч нь нойр булчирхайн үхжил гэж бичсэн байна. Үндсэндээ үхжил, няцрал гэдэг нь нэг ойлголт. Нойр булчирхай гадны нөлөөллөөс болж няцарсны улмаас үхжил үүснэ. Энэ нь нойр булчирхайн өвчин эмгэгтэй холбоогүй, шууд гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх-69-71/,

 

13. Шүүгдэгч Б.Бийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Болсон хэргийн талаар гэвэл 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд ээж НЦ, ах Бр, дүү П, ээжийн дүү Э нар байсан бөгөөд бөөнөөрөө хамт архи уусан. Ер нь сүүлийн 10-аад хоног Бр ах болон Э нар гэрээсээ гарахгүй ажил хийхгүй архи уусан. Корона вирус гээд барилгын ажил зогссон байсан учраас Бр ах ажилгүй гэртээ байсан үе юм. Бр ах гэртээ байхаараа архи уугаад байдаг юм. Намайг гэрт ирэхэд Бр болон бусад нь их согтоогүй гайгүй байсан. Тэгээд цай унд уучихаад хамт суугаад архинаас нь уусан. Намайг орж ирэхэд ээж, Бр, Э, дүү П нар нэг шил архи уугаад дуусаж байсан. Уг архийг дууссаны дараа Э ах дэлгүүрээс 0,75 л савлагаатай архи авч ирж уусан. Хоёр дахь шил архийг дуусахад Э ах мөн л гэрээс гарч яваад 0,75 л савлагаатай архи авч ирсэн. Бид нар бөөнөөрөө хувааж уусан. Гурав дахь шил архийг уугаад дахин 0,75 л савлагаатай архи авч ирээд ууж дуусаагүй байхад ээж НЦ том өрөөний орон дээр хэвтэж байгаад надад хандаж тэр шээс чинь чиний шээс биш, гэрт дахин авч ирэхгүй шүү, үхэж далд орог гээд орилоод байсан. Тэр шээс гэдэг нь миний бага хүү Отгонбаярыг хэлж байгаа юм. Би тухайн үед ээжид та дандаа миний хүүг ад үзэж байх юм гэж хэлсэн боловч чимээгүй болохгүй орилоод согтуурхаад байсан. Тэрхэн мөчид миний уур маш их хүрээд дээр нь согтуу өөрийгөө хянах чадваргүй байсан учраас хажууд байсан эвхэгддэг жижиг сандлыг авч ээж рүү шидсэн. Сандал ээжийн нүүрийг нь оночихсон чинь том ах Бр ээжийг өмөөрөөд чи муу новш яаж байна аа, давраад байгаарай гөлөг минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би босож очоод ахыг заамдаж байгаад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд заамдсан чигтээ буйдан дээр дарж унагаад дээрээс нь хэвлий орчим нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж өшиглөсөн. Тэр үед дүү П салгаад намайг жижиг өрөөнд оруулж орон дээр хэвтүүлсэн. Би өглөө нь ажилтай байсан учраас шууд унтаж амарсан. Өглөө сэрэхэд Бр ах орон дээрээ унтаж байсан. Би цай уучихаад ажилдаа явсан. Орой нь нэлээн оройтоод гэртээ ирсэн. Гэрт ирэхэд Бр ах буйдан дээр нүүр нь хөхөрсөн, нэлээн зовуурьтай эвхрээд, хоёр гараараа хэвлийгээ бариад хэвтэж байсан. Би ахыгаа хараад нүүр нь нэлээн хөхөрсөн байсанд нь сэтгэл эмзэглээд ахаасаа уучлалт гуйсан. Би ахыгаа өмнө ингэж зодож байгаагүй, хааяа уусан үедээ хэрүүл маргаан хийдэг байсан. Би ахаас уучлалт гуйгаад хийсэн зүйлдээ харамсаад сууж байхад Бр юун сүртэй юм бэ ах нь зүгээр гэж хэлсэн. Бр ах сүүлийн үед нойр булчирхай өвдөөд байна гээд буйдан дээрээс босохгүй эвхэрсэн чигтээ л хэвтэж байсан. Сүүлийн 10-аад хоног бол хоол унд бараг л идээгүй, архи л ууж байсан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ах гэрээс гараагүй гэртээ өнжсөн. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би өглөө гэрээсээ 8 цагт гараад гадуур ажилтай явж байхад 15 цагийн орчим дүү Т залгаад Бр ахын бие муудаад байна, эмнэлэгт үзүүлмээр байна мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь дүүдээ өөрт нь хадгалуулсан байсан мөнгийг хэрэглээд ахыг эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Хамт явж байсан хүнтэйгээ хамт архи ууж яваад цагдаа нарт баригдаад эрүүлжүүлэхэд хоносон. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өглөө гэр лүүгээ залгахад дүү П Бр ахыг нас барсан гэж надад хэлсэн. Би ахыгаа нас барсан гэдгийг сонсоод маш их сэтгэлээр унаж харамссан. Гэхдээ эхэндээ бол ахыгаа өвчнөөр эсхүл архи олон хоног ууснаас болж нас барчихлаа гэж бодсон. Ахыгаа нас барахад нь хамт байж чадаагүйдээ сэтгэл их өвдсөн. Гэтэл сүүлд задлан шинжилгээний дүгнэлт гарахад ах маань хэвлийн битүү гэмтлээс болоод нойр булчирхай нь няцраад тэрнээсээ болоод нас барсан байсан. 2020 оны 03 сарын 29-ний өдөр Бр ахыг цохиж зодсон хүн надаас өөр байхгүй. Ах маань 2020 оны 03 сарын 29-ний өдрөөс хойш гэрээсээ гараагүй. Гэрт дахин хэрүүл маргаан болоогүй. Тийм учраас миний өшиглөснөөс болж гэмтэл авсан байх, надад гэм буруутай үйлдэлдээ маргах, өөрийгөө өмөөрөх шалтгаан байхгүй. Би ахыгаа цохиж зодсондоо маш их харамсаж байна. Гэхдээ би хэзээ ч өөрийн төрсөн ахыг ална гэж бодож цохиж зодоогүй. Тухайн өдөр согтуу байсан учраас биеэ барьж чадалгүй цохиж зодсон. Надад ахыгаа алах ямар ч санаа зорилго байгаагүй. Би маш их харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,

- Яллагдагчаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн: “...Надад гэм буруутай үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Гэхдээ ахынхаа амь насыг хохирооно гэж бодоогүй. Цохиж зодсон маань үнэн, согтуудаа буруу зүйл хийсэн. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад өөрийгөө өмөөрч хэлэх үг алга. Маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,

 

14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89-91/, мэргэжлийн үнэмлэх, мэргэшүүлсэн гэрчилгээ, сертификат /хх-ийн 92-94/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-98/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б нь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Амь хохирогч нь нойр булчирхайн няцрал гэх шалтгаанаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Хохирогчийн нас барсан шалтгаан нь нойр булчирхайн няцралын гэх гэмтлийн шалтгаанаас болж нас барсан, гадны биетийн улмаас тус гэмтэл үүснэ гэж шинжээч мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт гарсан. Амь хохирогчийг 10 хоног гэртээ хэвтэж байгааг мэдсээр байж шүүгдэгч нь зодсон, шууд үхэлд хүргэсэн гэмтэл нь нойр булчирхайн няцрал гэмтэл байх ба, гэрч нараас хохирогчийг шүүгдэгч нь 3-4 удаа өшиглөсөн талаар мэдүүлсэн. Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас амь хохирогчид нойр булчирхай няцарсан гэмтэл 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үүссэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийг тус өдрөөс хойш огт босоогүй, өвчин намдаах эм уугаад хэвтэж байсан, шүүгдэгчээс өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй гэж мэдүүлсэн. Шинжээчээс дээрх гэмтлийг авсан хүн маш их өвдөнө гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан гэж маргаж байх боловч амь насыг нь аврах боломжтой гэх дүгнэлт байхгүй. Нойр булчирхайн няцрал үхэлд хүргэсэн байна. Шүүгдэгч өөрөө нэг удаа амь хохирогчийг дэвссэн гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь санаатай үйлдсэн гэмт хэрэг байна. Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. ...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нар дүгнэлтдээ“...Тус хэрэгт хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэх эргэлзээ бүхий нөхцөл байдал байх ба, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Амь нас эрсэдсэн талаар тодорхой заах ёстой. Шинжээч Сэлэнгэ мэдүүлэгтээ хохирогчид учирсан хэвлийн гэмтэл нь хүнд гэмтэл гэж хэлсэн ба, мөн няцарснаас болж үхжилт үүссэн гэх хоёр өөр дүгнэлт байна. Хэрэг гарсан өдрөө амь хохирогч нас барсан зүйл байхгүй байхад улсын яллагч хэрэг гарсан өдөр нас барсан мэтээр яллаж байгаа, Эмнэлгийн тусламж авсан бол амьд байх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт маргаж байгаа нь амь хохирогчийг шууд алах санаа байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг тайлбарласан тайлбарт тодорхой заасан. Амь нас эрсэдсэн асуудал байгаа ч гагцхүү амь нас шууд эрсдээгүй үйл баримт байгаа тул зүйлчлэлийг зөв тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн. Шүүгдэгч Б.Б гэм буруугийн талаар маргасан.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... тоот гэртээ 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хүүхдийг өмөөрч эх Д.Нийг сандлаар цохиход төрсөн ах Б нь эхийгээ өмөөрч маргалдахад түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хэвлий орчим нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөн эрүүл мэндэд нь “нойр булчирхайн няцрал” бүхий гэмтэл учруулсаны улмаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б нь нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- Хан-Уул дүүргийн 2 дугаар цагдаагийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-2/

- Хэргийн газарт 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,

- Цогцост 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хандаж дахиж гэрт хүүхдээ авчрахгүй шүү, хүүхэд чинь үгэнд орохгүй, өдөржин шалтгаангүй уйлах юм, ээж нь өдөржин хүүхэд уйлахаар ядраад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Б уурлаад та дандаа миний хүүхдийг ад үздэг, яахаараа ад үзээд байдаг юм гээд хажуудаа байсан жижиг сандлыг аваад над руу шидсэн. Тэр шидсэн сандал нь миний духыг оночихсон, тэгсэн чинь талийгаач хүү Бр намайг өмөөрөөд Бид чи ээжийг гэмтээчихлээ, дандаа хэрүүл хийх юм, болиоч гэж зандрангуй хэлсэн. Тэгтэл Б уурлаад чамд ямар хамаатай юм бэ, та нар миний хүүхдийг ад үздэг гэж хэлээд том өрөөнд буйдан дээр сууж байсан Бр дээр очоод нэг гараараа заамдаж байгаад, нүүрэн тус газар нь нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд цохиж байхад талийгаач хүү Бр буйдан руу хойшоо хэвтсэн. Тэгсэн чинь Б үргэлжлүүлээд гараараа цохиод байх шиг байсан. ...Энэ үед Брын бие эрс муудсан, яармагийн эмнэлгийнхэн гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүл гэсэн. ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр нас барсан. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Брыг Боос өөр хүн цохиж зодоогүй. ...Миний хувьд Б хүүдээ ямар ч гомдол саналгүй. ...Тухайн өдөр согтуудаа санамсаргүй л цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/ болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

- Гэрч Л.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хадам ээжийн гэрт амьдардаг 13 настай Тм 03 сарын 29-ний өдөр Б ах эмээг цохисон чинь Бр ах өмөөрөөд өөдөөс нь босож ирээд салгахад Б ах Бр ахыг цохиж унагаасан гэхээс өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Гэрч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж НЦ зүүн талын нүдэн дээрээ төмсний хальс тавьчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Б хүү Отгоог ад үзлээ гэж агсам тавиад ... цохисон гэж хэлсэн. ...Бр ээжийг өмөөрөөд Бтой зодолдсон гэж хэлсэн. Б-ныг зодоод нүүрнийх нь аль нэг тал нь хавдсан байсан. ...Тм надад Б ах Брыг олон удаа алгадаад байсан гэж хэлсэн. ...Маргааш өглөө нь Бр шар ногоон зүйлээр бөөлжөөд байхаар нь эмнэлэг авч явсан. Бр эмнэлэг рүү явж байхад хэвлий хэсгээр өвдөөд байна гээд бариад ёолоод байсан. ...Урьд нь Б олон удаа О гэх хүүхдээсээ болж ээжид хандан хүүг гадуурхаад байна гэж агсам тавьж байсан. Б агсам тавихаараа Брыг зодож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 30-31/,

            - Гэрч Б.Бтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж НЦийн баруун нүд, ах Брын нүүрнийх нь зүүн хэсэгт хөхөрчихсөн байсан. ...Бр ах, ээжийн хамт Б ахад зодуулсан гэсэн. ...хүү О-г ээж гадуурхаад байна гээд Б ах ээжийг цохисон гэсэн. Тэгтэл ээжийг өмөөрч Бр ах Б ахад үг хэлэхэд Б ах Бр ахыг зодсон гэсэн. Ээж хэлэхдээ Б ах нь Бр ахын нүүр рүү нь гараараа зөндөө цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

            - Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж хэлэхдээ Б-н хоёр хоорондоо хэрэлдээд Бр гараад явсан гэж надад 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой хэлсэн. 2020 оны 03 сарын 31-ний өглөө Бр ах руу би гэрт нь ороход амьсгал нь нэлээд дээгүүр буюу хэцүү амьсгалж байсан. Тухайн үед ах доошоо харчихсан дээгүүрээ юм нөмөрчихсөн байсан. ...ээжид 103 дуудаад үзүүл гэж хэлээд явсан. Б ах цочмог ууртай хүн байгаа юм, зүгээр байж байгаад гэнэт уурладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 37-38/,

            - Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдрийн өглөө сэрэхэд эгч НЦийн өрөөсөн нүд нь хөхрөөд хавдчихсан, дүү Брын нүүр нь битүү эрээн цоохор болоод хавдчихсан байсан. ...юу болсон талаар асуухад эгч НЦ хэлэхдээ Б Б бид хоёрыг зодсон гэж хэлсэн. Зодуулснаасаа хойш хэд хоног Бр нь орноосоо босохгүй хэвтээд байсан. 2020.03.31-ний өдөр түргэн дуудаж үзүүлсэн. Тэгээд Брыг эмнэлэг авч явж үзүүл гэсэн. ...Эгч НЦ хэлэхдээ ...Б-нын нүүр рүү нь гараараа цохиж, дээрээс нь хөлөөрөө дэвссэн гэж хэлсэн. Бр миний зүрх өвдөөд байна, мөн нойр булчирхай өвдөж байна гэж байсан. Брт ямар нэг өвчин байгаагүй, зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 839 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-63/,

-Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-69-71/,

-Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...ээж НЦ том өрөөний орон дээр хэвтэж байгаад надад хандаж тэр шээс чинь чиний шээс биш, гэрт дахин авч ирэхгүй шүү, үхэж далд орог гээд орилоод байсан. ...миний бага хүү О-г хэлж байгаа юм. Би ээжид та дандаа миний хүүг ад үзэж байх юм гэж хэлсэн. ...миний уур маш их хүрээд ...эвхэгддэг жижиг сандлыг авч ээж рүү шидсэн. Сандал ээжийн нүүрийг нь оночихсон чинь том ах Бр ээжийг өмөөрөөд чи муу новш яаж байна аа, давраад байгаарай гөлөг минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би босож очоод ахыг заамдаж байгаад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд заамдсан чигтээ буйдан дээр дарж унагаад дээрээс нь хэвлий орчим нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж өшиглөсөн. ...дүү П салгасан. ...Орой нь нэлээн оройтоод гэртээ ирсэн. ...Бр ах буйдан дээр нүүр нь хөхөрсөн, нэлээн зовуурьтай эвхрээд, хоёр гараараа хэвлийгээ бариад хэвтэж байсан. ...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ах гэрээс гараагүй гэртээ өнжсөн. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ...Т залгаад Бр ахын бие муудаад байна, эмнэлэгт үзүүлмээр байна мөнгө байна уу гэж асуусан. ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өглөө гэр лүүгээ залгахад дүү П Бр ахыг нас барсан гэж надад хэлсэн. ...сүүлд задлан шинжилгээний дүгнэлт гарахад ах маань хэвлийн битүү гэмтлээс болоод нойр булчирхай нь няцраад тэрнээсээ болоод нас барсан байсан. 2020 оны 03 сарын 29-ний өдөр Бр ахыг цохиж зодсон хүн надаас өөр байхгүй. ...миний өшиглөснөөс болж гэмтэл авсан байх, надад гэм буруутай үйлдэлдээ маргах, өөрийгөө өмөөрөх шалтгаан байхгүй. ...Тухайн өдөр согтуу байсан учраас биеэ барьж чадалгүй цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/ болон түүний дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нар хэргийн зүйлчлэлд маргаж, амь хохирогчид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл ба, эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан,  мөн шүүгдэгч Б.Б нь хүнийг алах санаа зорилго байгаагүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэсэн зүйл хэсэг, заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ах Бын нүүрэнд нь цохих, улмаар хэвлий хэсэгт нь дэвсэх зэргээр хүч хэрэглэн түүнийг зодсон байна.

Амь хохирогч нь 2020 ны 03 дугаар сарын 29-ний өдөр Б.Бид зодуулсны улмаас гэмтэл авч, улмаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэн улмаар түргэний тусламжийн 103-р тээвэрлэгдэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгдэн, тус эмнэлэгт хэвтэж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний 22:00 цагаас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний 00:30 цаг хүртэл хугацаанд “...Нойр булчирхайн сүүл хэсгийн капсулыг мохоо аргаар нээж чинэрэлтийг багасгаад силк №3 утсаар Z 2 оёдол тавьж цус тогтоосон, нойр булчирхайн зайд 1 ширхэг уян ариун гуурс байрлуулан, хэвлийг үечлэн хаах  мэс ажилбарт орсон байна. Гэвч Ажилбарын явцад өвчтөний амьсгал, зүрх судасны тогтолцоо 5 удаа зогсож тус бүрт сэхээн амьдруулах арга хэмжээ авч байсан, улмаар хагалгааны дараа амьсгалын аппаратад эмийн эмчилгээ хийж байсан боловч амьсгал зүрх судасны үйл ажиллагаа тогтворгүй болж амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсож, эрчимт эмчилгээ болон сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч сайжрал өгөхгүй байсаар амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний 06:40-д нас барсан талаар эмнэлгийн бичиг баримт, өвчний түүхэнд тусгасан талаар шинжээч 839 тоот дүгнэлтдээ тусгажээ.

Түүнчлэн шинжээчийн 839 тоот дүгнэлтээр “....амь хохирогчид нойр булчирхайн няцрал, цус хуралт, өвчүүний хормой, хэвлийн өмнөд гялтан, өрц, үнхэлцэг хальс, элэг, элэгний холбоос, цөсний ар гадаргуу, нарийн, бүдүүн гэдэс, сэмж, чацархай, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа дээд, доод уруул, эрүү хамарсан цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байх ба, талийгаач нь нойр булчирхайн няцралын улмаас гэмтлийн шоконд орж нас барсан үйл баримт байна.

Шинжээч Т.Сэлэнгэ мэдүүлэхдээ “... Хэвлийн битүү гэмтлүүд болон нүүрний гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хэвлийн битүү гэмтлүүд нь хэвлий орчим мохоо зүйлээр дэвсэх, өшиглөх үед үүсэх боломжтой. Нойр булчирхайн няцрал гэмтэл нь бусад хэвлийн гэмтлүүдтэй хамт хэвлийн битүү гэмтэлд тооцогдох ба, хэвлийн битүү гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...хэвлийн битүү гэмтэл нь нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нойр булчирхайн няцрал гэмтэл нь дангаараа үхэлд хүргэсэн гэж ойлгож болно. ...Нойр булчирхайн няцрал гэмтлийг хагалгаа хийсэн эмч нь нойр булчирхайн үхжил гэж бичсэн байна. Үндсэндээ үхжил, няцрал гэдэг нь нэг ойлголт. Нойр булчирхай гадны нөлөөллөөс болж няцарсны улмаас үхжил үүснэ. Энэ нь нойр булчирхайн өвчин эмгэгтэй холбоогүй, шууд гэмтэл юм...” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэвэл өмгөөлөгчдийн маргаж буй амь хохирогч урьд өмнө нь нойр булчирхайн өвчтэй байсныг зөв тодорхойлуулсан бол амьд байхыг үгүйсгэхгүй гэсэн нь үндэслэлгүй буюу амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтэл нь шинэ гэмтэл байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Нөгөө талаас өмгөөлөгчдийн “...амь хохирогч нь эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байжээ...” гэх дүгнэлт ч үндэслэлгүй байна.      Амь хохирогч нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэлгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирлыг даамжруулсны улмаас хохирогч нас барахаас ялгаатай юм. Хэргийн тухайд амь хохирогч нь эмнэлгийн тусламж авч, эмнэлэгт хэвтсэн даруй мэс ажилбарт орсон боловч гэмтлийн улмаас нас барсан байхад түүнийг тусламж аваагүй гэж үзэхгүй.

Хууль зүйн хувьд хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.

Шүүгдэгч Б.Бийн үйлдэл болон амь хохирогч нас барсан үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой буюу хохирогчийн биед учирсан гэмтлийн улмаас  эмнэлгийн тусламж авсан байх боловч хохирогч нь амь аврагдаагүй байна.

Түүнчлэн хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба амь хохирогч шууд эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г зөв тогтоосон гэж үзэв.

Мөн хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Б нь амь хохирогчийг нүүрэнд нь цохисон, хэвлий хэсэг нь дэвссэн зэрэг үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Цэгмэд нь “шүүгдэгч Б.Бийг “танхай байдал, балмад үйлдэл хийсэн, хүнийг хайрлах зүрх сэтгэлгүй байна, гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын сонсгосон ял, хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Харин прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр /засвартай/ гэж, тогтоох хэсэгтээ 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэж тус тус зөрүүтэй бичсэн, гэмт хэрэг гарсан цаг хугацааг үнэн зөв дүгнээгүйг шүүх хэргийн нотлох баримтанд үндэслэн  амь хохирогч нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгчид зодуулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барсныг буюу гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлдээ “шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нар дүгнэлтдээ “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэг хүү нь нас барсан, нэг хүү нь шоронд орвол хэцүү байх болно. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид хорих ялын доод хэмжээг 3/2-оос багагүй ялыг тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

   Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байсан байх боловч түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 536 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний амь нас хохирсон байдал, нөгөө талаас шүүгдэгч, амь хохирогч нар нь төрсөн ах дүүс зэрэг хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдолгүй” гэх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний эх өндөр настай байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тус хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан “шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нэг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нт төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Бид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                        Х.ОДБАЯР