Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

 

 

 

 

    2021          02          01                                        2021/ШЦТ/131

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:  Д.Цэвэлмаа,

улсын яллагч: Ж.Отгончимэг,

шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Бэд холбогдох 2108000000076 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой гэх, цахилгаанчин мэргэжилтэй гэх, “Номин Констракшн” ХХК-нд цахилгаанчин ажилтай гэх, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:АК0000000/ Шар овогт Лын Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 1 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зээлийн 4 дүгээр гудамжны 10 тоотод байрлах гэртээ архидан согтуурч, иргэн Б.Агийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2020.12.27-ны 05 цаг 00 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1/,

-Хохирогч Б.Агийн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай найз залуу Б намайг гэртээ ирээд хоол хийгээд өгчих гэхээр нь 17 цагийн орчим гэрт нь очоод хоол хийж өгсөн. Гэрт нь хуурай дүү Уламбаяр гэх залуутай Б хамт байсан. Тэр хоёр пиво ууж байсан болохоор би пивоноос нь уучихаад би Бийг өглөө ажилтай унт гэсэн чинь үгэнд орохгүй байсанаа гэнэт намайг үгийн зөрүүгүй миний хамар луу гараараа нэг удаа цохиж авсан миний хамраас их цус гарсан. Миний хамар хугарч мурийсан. Надад Бээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-8-11/,

-Гэрч С.Уын: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 10-11 цагийн орчим Баянхошууны баруун салаанд байдаг нагац ах Бийн гэрт очсон. Б ахын найз эмэгтэй Амарзаяа оройхон 17 цагийн орчимд ахынд ирээд хоол хийж өгсөн. Бид нар үргэлжлүүлж пиво уусан би нилээн уусан болохоор тасраад унтаад өгсөн. Нэг сэрээд харсан чинь өглөө болсон байсан. Тэгтэл Амарзаяа эгчийн хамар нь бага зэрэг хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь Б ах чинь миний хамар луу цохьсон, би цагдаа дуудаж өгөөд явуулсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

-Шинжээчийн 2021.01.04-ний өдрийн 379 дугаартай: “...Б.Агийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-19-20/,

-Яллагдагч Л.Бийн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 4-10 тоот гэртээ хамтран амьдрагч Амарзаяаг хоол хийгээд өг гээд дуудсан. Би Уламбаярын хамт пиво уугаад сууж байтал тэр үед 17 цагийн орчим гаднаас манай найз хүүхэн орж ирсэн. Амарзаяа, Уламбаяр бид гурав дахин үргэлжлүүлж пиво уусан. Тухайн үед Амарзаяа намайг унтаж амар гэхээр нь уур хүрээд согтсон байсан болохоор Амарзаяаг зодсон. Тухайн үед дүү Уламбаяр газар унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-32/ зэрэг баримт хамаарна.

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Л.Бийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

          Шүүгдэгч Л.Б нь найз бүсгүй гэх Б.Атай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч Б.Агийн “Б бид хоёр танилцаж үерхээд 10 жил болж байна. Энэ хугацаанд бид хоёр яг нийлээд хамт амьдраагүй. Ирж очин байсан. Б одоо “баруун салаанд ганцаараа амьдардаг юм” гэх мэдүүлэг /хх-11/, түүний гэрчээр өгсөн “Бид хоёр хамтран амьдраад 7-8 жил болж байгаад буцаад салаад 1 жил гаран тусдаа амьдарсан. Тэгээд буцаж нийлээд одоог хүртэл амьдарч байна. Бид хоёр “2019 оны 10 сараас буцаж нийлж амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-13/, шүүгдэгч Л.Бийн “бид хоёр хамт амьдраад 1 жил болж байгаа” гэх мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан тул шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

          Гэвч хохирогч Б.А урьд өмнө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгч байгаагүй, 2020 оны 12 сарын 27-ны өдөр дуудлага авсан цагдаагийн ажилтан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан “Аюулын зэргийн үнэлгээ”-г  холбогдох журамд заасны дагуу хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба  хэрэг учрал болсноос хойш 16 хоногийн дараа хийсэн “гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ”-гээр /хх-55-57/ гэр бүлийн харилцаа “боломжийн” гэх дүгнэлт гарсан болох нь тогтоогдож байна.

          Түүнчлэн хохирогчийг зодсон тухайн үйлдэл нь шүүгдэгч Л.Б гэрч С.Утай шалтгаангүйгээр архидан согтуурч, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас “өглөө ажилтай, унтаж амар” гэж хэлсэнд нь дургүйцэж Б.Аг нүүрэн тус газарт нь цохиж зодсон болох нь хохирогчийн “Уг нь бид хоёрын дунд нэг их сүртэй хэрүүл уруул болоогүй. Б сүүлийн 2-3 жил ерөөсөө архи уугаагүй юм. Тэгээд л гэнэт пиво уугаад тасарсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч Б.Агийн ...пивоо ууж дуусчихаад манай хамтран амьдрагч Б уурлаад миний хамар луу гараараа шууд цохьчихсон. Ямар ч үгийн зөрүүгүй “миний хамар луу цохьсон” гэх мэдүүлэг /хх-13/ баримтаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэнэт үүссэн шинжтэй байсан болох нь тогтоогдож байна.

          Иймд дээр дурьдсан цагдаагийн ажилтны дутуу хийсэн ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр буцаах нь цаг хугацааны хувьд боломжгүй, ач холбогдолгүй болсон,  хохирогч Б.А “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа удаа дараа илэрхийлсэн, Л.Бийн үйлдэл нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэнэт үүссэн шинжтэй  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль...-ийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Тодруулбал: шүүгдэгч Л.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Л.Бийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Агийн бие махбодид хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

          Иймд хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасны дагуу хохирогч Б.А нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд  учирсан гэм хорыг арилгахыг Л.Бээс шаардах эрхтэй,  өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Л.Б нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

          Хохирогч Б.А “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж удаа дараа мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Шүүгдэгч Л.Б нь ГССҮТөвд үзүүлсэн 100000 төгрөг, мөн 3-р эмнэлэгт хамар тэгшлүүлсэн зардалд 100000 төгрөг тус тус төлсөн гэж шүүхэд мэдүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирогч Б.А нь иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас шүүхээс түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Л.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Л.Б нь урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-23/ тогтоогдож байна.

          Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй .

          Дээрх нөхцөл байдал болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч “Гомдолгүй” гэсэн, Л.Бийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэх тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.  

          Харин шүүгдэгч Л.Б нь ам бүл ганцаараа амьдардаг, Номин констракшн компанид сарын 900000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг, торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой болох нь өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа тул улсын яллагчаас гаргасан “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай саналыг хангах шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Л.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ба уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг шүүгдэгч Л.Бэд анхааруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шар овогт Лын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шар овогт Лын Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.А нь гомдолгүй гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Л.Бийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.   

 

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Л.Бэд анхааруулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ