| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/204 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/204
2021 03 25 2021/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
хохирогч Б.Б-,
шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810026721078 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Г.Ө- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1914 дугаартай шүүгчийн захирамжаар хураагдсан Ingersoll Rand маркийн өрөмдлөгийн компрессорыг шүүхийн шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн байхад 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “...” ХХК-д 60 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 60 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ны байрнаас шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Би 2016 онд “...” ХХК-наас 160,000 долларын буюу 200,000,000 сая төгрөгийн зээл авсан ба зээлийн барьцаанд өөрийн орон сууц, компрессор өрмөө тавьсан. ... ХХК-наас авсан зээлээ барагдуулахдаа барьцаанд тавьсан өрөм компрессор хоёрынхоо аль нэгийг нь дүйцүүлэн өгвөл манайхаас авсан зээл хаагдана гэж хэлсэн. Үүний дагуу компрессороо ... ХХК-д өгсөн ба тухайн үедээ бидний хоорондын төлбөр тооцоо барагдаж дууссан гэж ойлгосон. Тэгтэл удалгүй “...” ХХК нь зээлийн өртэй гэж миний 126,000 мянган ам.долларын орон сууцыг, өрмийн машиныг хурааж авсан. Мөн 42,000 ам.долларыг надаас нэхэмжилж би өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдлаа хохирогчид хэлж учирсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ ч удаа дараа хэлсэн байдаг гэв.
Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Миний бие 2020 оноос “...” ХХК-нд ажиллаж байна. 2015, 2016 оны хавар /оныг нь сайн санахгүй байна/ манай компанийн охин компани болох “...” ХХК нь Г.Ө-тэй гэрээ байгуулан өрмийн машиныг худалдаж авсан ба өрмийн машинаар ажил хийж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирээд өрмийн машиныг хурааж авсан. Энэ талаар шүүгдэгчид хэлэх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч холбогдож чадаагүй тул цагдаад гомдол гаргасан. Шүүгдэгч нь манай “... ХХК-д учруулсан хохирлоо барагдуулсан гэв.
Эрүүгийн 1810026721078 дугаартай хэргээс:
1. Нийлүүлэгч тал .... ХХК, захиалагч “...” ХХК-ний хооронд 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан өрөмдлөгийн компрессорыг /Ingersoll round/ 60.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 39-41/,
2. Гэрээний үүргийн дагуу “...” ХХК-аас Г.Ө- нь 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 42-43/,
3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 1914 дугаартай “...Нэхэмжлэгч “...” ХХК, хариуцагч “...” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагаас 153.232.330 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, дээрх төлбөрийг хариуцагч байгууллага 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох “Power Mag-9500” маркийн өрмийн машин, Ingersoll Rand маркийн компрессорыг нэхэмжлэгчид биет байдлаар шилжүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэх захирамж /хх-ийн 44-46/,
4. Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10675 дугаартай захирамж /хх-ийн 47/,
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” /Ingersoll round компрессор/ /хх-ийн 48-49/,
6. “...” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Балдандоржийн Баатардаш-д итгэмжлэл олгосон тухай албан бичиг /хх-ийн 62/,
7. Хохирогч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би “...” ХХК-ний захирал бөгөөд компани анх 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдан хайгуулын үйл ажиллагаа явуулдаг юм. Анх миний эцэг С.Б-уг компанийг үүсгэн байгуулж байсан ба 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр надад шилжүүлж өгсөн юм. С.Б-нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Сүлд-Ус” ХХК-ний захирал Г.Ө-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 25 баарын үзүүлэлттэй 900 компрессорыг 60,000,000 төгрөгөөр худалдаж аваад үйл ажиллагаандаа ашиглаад явж байтал 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч а/д цолтой Б.О- ирээд компрессорыг хураан авах тогтоол үйлдээд авч явсан. Учрыг нь асуухад “...” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган “...” ХХК-ний захирал Г.Ө-г хариуцагчаар татаж уг өдөр шүүгчийн захирамжаар зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн байсан. 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг шүүхээс шүүхийн захирамжийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарсан байсан. Ингээд үзэхээр Г.Ө- нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт битүүмжлэгдсэн компрессорыг манай компанид худалдсан нь гэрээгээр халхавчилж залилсан гэж үзэж байна. Компанийн зүгээс Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Г.Ө- нь манай компанид анх компрессорыг худалдахдаа нэг их юм яриагүй. Манай компани компрессорыг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллуулж байсан. Анх манай компанийн гүйцэтгэх захирал хийж байсан Энхбаясгалан нь Г.Ө-г дагуулж ирэн танилцуулж зуучилж компрессорыг нь түрээсэлдэг байж байгаад худалдаж авахаар болсон байсан. Тэгээд миний эцэг худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан аваад эхний урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 40,000,000 төгрөг төлсөн байсан. Нийтдээ 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ худалдаж аваад эрх шилжүүлэх асуудалд оролцоогүй, гүйцэтгэх захирал Э шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Би хохирлоо барагдуулж компрессороо авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
- 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлэгтээ: “...аав Б нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж 25 баарын 900 компрессорыг 60,000,000 төгрөгөөр авсан боловч уг компрессор нь “...” ХХК-ний барьцаанд байсан хөрөнгийг давхар манай аавд зарсан. Одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, компрессороо ч өгөөгүй байгаа. Хохирлын мөнгө болох 60,000,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралд суух болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
8. Гэрч С.Б-ийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр компаний гүйцэтгэх захирал Э-Ө- гэх хүнийг дагуулж ирээд надтай уулзуулсан. Тухайн үед Ө- худгийн өрөмдлөгийн компрессорыг өрмийн хамт зарах гэж байгаа гээд танилцуулсан ба жаахан засварын ажилтай юм байна, засаад өгнө гэхээр нь засуулж янзлуулаад 60.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаа 20.000.000 төгрөгийг Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллага дээрээс бэлнээр авч явсан. Тэгэхдээ “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулаад худгийн тоног төхөөрөмжийг өгсөн. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр НШШГГ-ийн шийдвэр гүйцэтгэгч Огэдэг хүн ирж уулзаад Ө-н надад зарсан тоног төхөөрөмжийг хураан авч явсан. Тэр үед Отгонбаяр 2016 оны шүүхийн шийдвэрийг үзүүлсэн ба уг шүүхийн шийдвэрт “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй “...” ХХК-ний захирал Ө- нарын хооронд эвлэрсэн гэрээ байсан ба уг эвлэрлийн гэрээнд битүүмжлэгдэж хураагдсан эд зүйлийг мэдсээр байж манай байгууллагад зарсан нь тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Ө- одоо Улаанбаатар хотод байгаа. Чухам яг хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Манай компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг Э-танилцуулсан. Тухайн үед Э-хэлэхдээ бид хоёр хамтарч ажилладаг, манай ах шахуу хүн байгаа юм гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69/
9. Гэрч Б.О-ын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1914 дүгээр захирамжаар “...” ХХК-ниас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 153,694,386 төгрөг төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний зүйл болох өрмийн машин компрессорыг нэхэмжлэгчид биет байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж 2014 оны 7 дугаар сарын 18-ний 10675 дугаар захирамж, мөн өдрийн 868 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Төлбөр төлөгч “...” ХХК-ны захирал Ө-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх шийдвэрийг удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй, шүүхийн шийдвэрт заагдсан компрессорыг хаана байгаа байршлыг нь хэлдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж шийдвэр гүйцэтгэх хугацаанд саад хийж байсан. Дээрх үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасны дагуу цагдаад хандсан. Эд хөрөнгийг эрэн сурвалжилж 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “...” ХХК-ний хашаанд байгааг тогтоож хөрөнгийг мөн өдрийн 14250488/01 дугаар тогтоолоор хураан авч, энэ талаар төлбөр төлөгч “...” ХХК, “...” ХХК-д мэдэгдсэн. Хураан авснаас хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэртэй төлбөрийн мөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдол хураасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх болохыг 2018 оны 09-р сарын 10-ны 3/14364, 14963 дугаар мэдэгдлээр мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрт заагдсан компрессорыг мөн өдрийн 14250288/02 дугаар тогтоолоор төлбөр авагч “...” ХХК руу шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76/,
10. Шүүгдэгч Г.Ө-н 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй. Хохирлын 60.000.000 төгрөгийг барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-123/,
- 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2010 онд ... ХХК-иас 160.000 ам.долларын зээл аваад 2011 онд 112.000 ам.долларын үлэгдэлтэй байхдаа зээлийн төлөлтөө хийж чадахгүй болоход банкнаас миний эзэмшлийн 128.000 ам.долларын үнэлгээтэй байрыг хурааж аваад худалдах, худалдан авах гэрээ хийж 59.000 ам.доллараар зараад үлдэгдэл 52.000 ам.долларын үдэгдэлтэй байхад банкнаас шүүхийн шийдвэрийн байгууллагад хандсаны дагуу шийдвэр гүйцэтгэлээр компаний өрөмдлөгийн машиныг 59.000 ам.долларт бодож хураан авч яваад өр ширний асуудал 2 жилийн өмнө дууссан. Тэр үед “...” ХХК-д өрөмдлөгийн компрессорыг 60 сая төгрөгөөр зарсан. Гэтэл гэнэт “...” ХХК-ний хүмүүс шүүхийн шийдвэрийн хүмүүстэй ирээд хураагаад авч явсан. Миний зүгээс “...” ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцооны маргаантай асуудал байхгүй. Энэ хугацаанд намайг зээлээ төлөөгүй, техникүүдээ өгөхгүй нуун дарагдууллаа гэж СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст 2017 оноос хойш 2 удаа өргөдөл өгч шалгуулж байсан. Би 2010 онд анх зээл авахдаа өөрийн байгууллагын эзэмшлийн тоног төхөөрөмжүүдийг “...” ХХК-ний барьцаанд тавьж нэр дээр нь шилжүүлчихсэн байсан. Тухайн үед зээлийн төлөлтийг дуусгасан болохоор “..." ХХК-д зарсан юм. Би бусдыг залилан мэхэлсэн асуудал байхгүй. “...” ХХК-ний хохирлыг ямар нэгэн байдлаар төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/,
11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК харилцагчийн дансны мэдээлэл, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131-140/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ө- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1914 дугаартай шүүгчийн захирамжаар хураагдсан Ingersoll Rand маркийн өрөмдлөгийн компрессорыг шүүхийн шийдвэр гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн байхад 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “...” ХХК-д 60 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 60 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ны байрнаас шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо дүгнэлтдээ ”...Ө-н холбогдсон хэрэг нь хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах гэмт хэрэг мөн бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ...” гэж мэтгэлцсэн.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.Ө-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Ө- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1914 дугаартай шүүгчийн захирамжаар хураагдсан “Ingersoll Round” маркийн өрөмдлөгийн компрессорыг шүүхийн шийдвэр гарч 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10675 дугаартай захирамжаар гүйцэтгэх хуудас бичигдэн, уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “...” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Ingersoll Round” маркийн өрөмдлөгийн компрессорыг худалдаж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Нийлүүлэгч тал ... ХХК, захиалагч “...” ХХК-ний хооронд 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан өрөмдлөгийн компрессорыг /Ingersoll round/ 60.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 39-41/,
- Гэрээний үүргийн дагуу “...” ХХК-аас Г.Ө- нь 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 42-43/,
- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 1914 дугаартай шүүгчийн: “...Нэхэмжлэгч “...” ХХК, хариуцагч “...” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагаас 153.232.330 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, дээрх төлбөрийг хариуцагч байгууллага 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох “Power Mag-9500” маркийн өрмийн машин, Ingersoll Rand маркийн компрессорыг нэхэмжлэгчид биет байдлаар шилжүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэх захирамж /хх-ийн 83-84/,
- Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10675 дугаартай захирамж /хх-ийн 85 /, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 868 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 82/,
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” /Ingersoll round компрессор/ /хх-ийн 101-103/,
- “...” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б-н Б-д итгэмжлэл олгосон тухай албан бичиг /хх-ийн 62/,
- Хохирогч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний эцэг С.Б-нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “...” ХХК-ний захирал Г.Ө-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 25 баарын үзүүлэлттэй 900 компрессорыг 60,000,000 төгрөгөөр худалдаж аваад үйл ажиллагаандаа ашиглаад явж байтал 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч а/д цолтой Б.О- ирээд компрессорыг хураан авах тогтоол үйлдээд авч явсан. Учрыг нь асуухад “...” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган “...” ХХК-ний захирал Г.Ө-г хариуцагчаар татаж уг өдөр шүүгчийн захирамжаар зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн байсан. 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг шүүхээс шүүхийн захирамжийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарсан байсан. Ингээд үзэхээр Г.Ө- нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт битүүмжлэгдсэн компрессорыг манай компанид худалдсан нь гэрээгээр халхавчилж залилсан гэж үзэж байна. ...Би хохирлоо барагдуулж компрессороо авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 67-68/,
- Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр компаний гүйцэтгэх захирал Э-Ө- гэх хүнийг дагуулж ирээд надтай уулзуулсан. Тухайн үед Ө- худгийн өрөмдлөгийн компрессорыг өрмийн хамт зарах гэж байгаа гээд танилцуулсан ба жаахан засварын ажилтай юм байна, засаад өгнө гэхээр нь засуулж янзлуулаад 60.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаа 20.000.000 төгрөгийг Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллага дээрээс бэлнээр авч явсан. Тэгэхдээ “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулаад худгийн тоног төхөөрөмжийг өгсөн. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр НШШГГ-ийн шийдвэр гүйцэтгэгч О гэдэг хүн ирж уулзаад Ө-н надад зарсан тоног төхөөрөмжийг хураан авч явсан. Тэр үед О 2016 оны шүүхийн шийдвэрийг үзүүлсэн ба уг шүүхийн шийдвэрт “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй “...” ХХК-ний захирал Ө- нарын хооронд эвлэрсэн гэрээ байсан, уг эвлэрлийн гэрээнд битүүмжлэгдэж хураагдсан эд зүйлийг мэдсээр байж манай байгууллагад зарсан нь тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69/,
- Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1914 дүгээр захирамжаар “...” ХХК-ниас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 153,694,386 төгрөг төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний зүйл болох өрмийн машин компрессорыг нэхэмжлэгчид биет байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж 2014 оны 7 дугаар сарын 18-ний 10675 дугаар захирамж, мөн өдрийн 868 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Төлбөр төлөгч “...” ХХК-ны захирал Ө-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх шийдвэрийг удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй, шүүхийн шийдвэрт заагдсан компрессорыг хаана байгаа байршлыг нь хэлдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж шийдвэр гүйцэтгэх хугацаанд саад хийж байсан. Дээрх үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасны дагуу цагдаад хандсан. Эд хөрөнгийг эрэн сурвалжилж 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “...” ХХК-ний хашаанд байгааг тогтоож хөрөнгийг мөн өдрийн 14250488/01 дугаар тогтоолоор хураан авч, энэ талаар төлбөр төлөгч “...” ХХК, “...” ХХК-д мэдэгдсэн. Хураан авснаас хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэртэй төлбөрийн мөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдол хураасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх болохыг 2018 оны 09-р сарын 10-ны 3/14364, 14963 дугаар мэдэгдлээр мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрт заагдсан компрессорыг мөн өдрийн 14250288/02 дугаар тогтоолоор төлбөр авагч “...” ХХК руу шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76/,
- Шүүгдэгч Г.Ө-н 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй. Хохирлын 60.000.000 төгрөгийг барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-123/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй, няцаагдаж байна гэж үзэв. Үүнд:
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1914 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “...” ХХК, хариуцагч “...” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагаас 153,232,330 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, дээрх төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох Power Mag-9500 маркийн өрмийн машин, Ingersoll Round маркийн компрессорыг нэхэмжлэгчид биет байдлаар шилжүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гарсан.
Уг шийдвэрийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ний 10675 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан талаарх баримтууд нотлох баримтаар хэрэгт хангалттай авагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.Ө- нь иргэний шүүхийн шийдвэр 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гарсан гэдгийг мэдсээр байж 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр “...” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан өрөмдлөгийн компрессорыг /Ingersoll round/ 60.000.000 төгрөгөөр худалдан төлбөрийг шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарахгүй юм.
Учир нь тус зүйлд заасан гэмт хэргийн шинж нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө үйлдэгдэх шинжийг агуулж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж няцаагдаж байна.
Нөгөө талаар шүүгдэгч Г.Ө-г Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1914 дугаартай захирамжийг биелүүлэх ажиллагаанд буюу гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас цагдаагийн хэлтэст гаргасан гомдолд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 170901869 дугаартай /хх-ийн 94/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 548 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Хууль зүйн хувьд “Залилах” гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох зорилгоор, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй, гэрээнд оролцогч нөгөө талыг хохироох, үүнийгээ гэрээний нөгөө тал урьдчилан мэдсэн, хохирогч нь мэдэх боломжгүй, мэдээгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг.
Мөн субьектив санаа, сэдэлт, зорилго нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлттэй, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх зэргээр бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.
Харин иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг.
Тус хэргийн тухайд нотлох баримтаар шүүгдэгч Г.Ө- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1914 дугаартай шүүгчийн захирамжаар хураагдсан “Ingersoll Round маркийн өрөмдлөгийн компрессор”-ыг шүүхийн шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэнийг мэдсээр байж “...” ХХК-ний захирал С.Б-той 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 60,000,000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн шүүгдэгч Г.Ө- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн захирамжаар хураагдсан “Ingersoll Round” маркийн өрөмдлөгийн компрессорыг шүүхийн шийдвэр гарч гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө хураах тухай тогтоол гарсан байгааг мэдсээр байж бусдад худалдаж олсон мөнгийг өөрийн өр төлбөрийг төлөх, хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь залилах гэмт хэргийг шунахайн сэдэлттэй үйлдсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ө- нь залилах гэмт хэргийг 2016 онд үйлдсэн байх ба, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гарсан тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн шинжээрээ мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Харин шүүгдэгч Г.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны шинэчлэн найруулсан, 2017 оны 07 сарын сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулсан буюу энэхүү хууль зүйн үр дагавар үүссэн байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд шүүгдэгч Г.Ө-н бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрх, эд хөрөнгийг шилжүүлэн авсан...”, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нийцсэн байна.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “..тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол” гэж тодорхойлж тогтоосон ба энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” хэмээн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч Г.Ө-н бусдыг залилсны улмаас хохирогчид учруулсан 60.000.000 төгрөгийн хохирол нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “их хэмжээний хохирол”-д тооцогдоно.
Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Г.Ө-н үйлдсэн залилах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Ө-г залилах гэмт хэргийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах замаар их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус хэргийн улмаас хохирогчид 60.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, хохирогч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Г.Ө- нь төлбөртөө 60.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин тооцон өгч хохирлоо бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдолгүй болсныг мэдэгдэж байна” гэжээ.
Иймд шүүгдэгч Г.Ө-г хохирогч “...” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-/-д төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо дүгнэлтдээ “...шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргаагүй, өмгөөлөгчийн хувьд зүйлчлэл дээр маргаж оролцсоныг миний үйлчлүүлэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага дээр анхаарахгүй байхыг хүсэж байна. Мөн хохирол төлсөн байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 10,000,000 сая төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Ө- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байсан байх боловч түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ба, шүүхээс шүүгдэгч Г.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Г.Ө-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогч гомдол, саналгүй, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Ө-д дээрх зүйл хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн “Байдраг консалтинг” ХХК-д инженер ажилтай, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурав жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Г.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ө-г “Залилах” гэмт хэргийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ө-г 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ө-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Ө-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН