Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

     2021          02          08                                              2021/ШЦТ/163

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: М.Амарзаяа,

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бд холбогдох 2108000000000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Таван Монполимет” ХХК-ийн Заамарын “Тосон” уурхайд гагнуурчин ажилтай, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дугаар багийн Наранбулагийн 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор аав, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дүгээр байрны 000 тоотод үеэл ах Л.Эрдэнэбулганыд түр оршин сууж буй гэх, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:АЮ000000/ Хиад боржигон овогт Д-гийн Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр байрны 32 тоотод оршин суух Д.Бын гэрт очиж архидан согтуурах явцдаа маргалдсаны улмаас түүний хоолойг нь багалзуурдах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож Д.Бын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг 2021 оны 1 сарын 14-ний өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол /хх-1, 3/,
  • Хохирогч Д.Бын: “...би найз охин Энхмандахын хамт гэртээ байж байхад хамт ажилладаг Б ах 23 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Ингээд Энхмандах бид гурав архи пиво хувааж ууцгаасан. Б ах, манай найз охин Энхмандах хоёр хоорондоо аальгүйтээд байхаар нь би Энхмандахад “чи урьд нь миний хажууд өөр эрэгтэй хүнтэй ... хийж байсан” гэж хэлтэл Энхмандах Б ахад “Баярболд намайг хардаад байна” гэж хэлтэл тэр намайг босож ирээд миний хоолойг багалзуурдаад миний нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл би толгойн дагз хэсгээрээ газар унасан. Үүнээс болж миний 2 нүд хавдаж хөхөрсөн. ...” гэх мэдүүлэг /хх-8-10/,
  • Гэрч Ч.Эын: “...2021 оны 01 дүгээр сарын 07-08 нд шилжих шөнө хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь Б ах, Баярболд хоёр орж ирсэн. Орж ирэхдээ нэлээн хэдэн лаазтай пиво тэвэрчихсэн орж ирсэн. Бид гурав авчирсан пивоноос нь ууж сууж байгаад би 00 ороод гараад ирсэн чинь Б ах, Баярболд хоёр муудалцаад сууж байсан. Б ах “ахыг нь чамтай хардаад байна, намайг чамаас хол суу п... минь гэнэ” гэж хэлэхээр нь “балайраад байгаач Баярболдоо, яагаад байгаа юм” гэж хэлчхээд орон дээр гараад хэвтсэн чинь хэсэг зүүрмэглэсэн байсан. Гэнэт пид гэсэн чимээ гарахаар нь би сэрээд босоод иртэл Баярболд газар уначихсан Б ах дээр нь гарчихсан Баярболдын нүүр лүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-н 15/,
  • Шүүх- эмнэлгийн шинжээчийн 2021.01.20-ны өдрийн 784 дугаартай: “...Д.Бын биед зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн 7-12 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-31-32/,
  • Яллагдагч Д.Б-ын: “...Баярболд намайг Энхмандах гэх хүүхэнтэйгээ хардаад “та манай эхнэртэй янз бүр болох гэлээ” гэж хэлээд уурлаад над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “чи яагаад уурлаад хардаад байгаа юм, би энэ хүүхэнтэй чинь янз бүр болоогүй шүү” гэж хэлтэл ойлгохгүй уурлаад байхаар нь би Баярболдын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид 3 буцаж суугаад авсан пиво уугаад хамт хоноцгоосон. Маргааш нь Баярболдын зүүн нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг баримтууд хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.Б-ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр 0 дүгээр байрны 00 тоотод оршин суух  Д.Бын /хамт ажилладаг гэх/ гэрт архидан согтуурч “найз бүсгүйтэйгээ хардлаа” гэж шалтаглан багалзуурдах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Б-ын мэдүүлэг /хх-8-10/, гомдол /хх-3/, гэрч Ч.Эын мэдүүлэг /хх-15/, шинжээчийн 2021.01.20-ны өдрийн 784 дүгээр дүгнэлт /хх-31-32/, өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-45-46/ баримтуудаар нотлогдож байна. Энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б нь шүүгдэгч Д.Бд зодуулсны дараа дээд зовхиндоо хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор зүслэг хийлгэж цусан хураа авхуулах мэс ажилбар хийлгэсэн, эмийн эмчилгээг хийлгэсэн, ухархайн КТГ авхуулсан болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, өвчтөн илгээх хуудасны хуулбар, КТГ-ийн бичилтийн хуулбар /хх-49-55/ баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Б нь “эмчилгээний төлбөр зардал нэхэмжилнэ, гомдолтой” гэж мэдүүлэн нийт 544000 төгрөгийн зардлын баримт /хх-56/ бүрдүүлж өгсөн байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны төгсгөлд хавтаст хэрэгтэй танилцуулахад “Д.Бтай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан /хх-97/, 2021 оны 02 сарын 02-нд цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ “Д.Бас эмчилгээний зардалд 350000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй” гэсэн /хх-93/, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “бид хоёр эвлэрсэн, хохиролд 350000 төгрөг авсан, санал гомдол байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Иймд хохирогч Б.Быг иргэний нэхэмжлэл гаргаагүйд тооцно. Хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй учир иргэний нэхэмжлэл хэлэлцэхгүй орхилоо. Харин хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон тул шаардлагатай гэж үзвэл хожим нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт баримтаар /хх-79-89/ тогтоогдож байна. Тухайлбал:

  1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Д.Б-гыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хув журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар  хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.Бд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэсэгт даалгаж шийдвэрлэсэн,
  2. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Д.Б-гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хээг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2018 оны 5 сарын 21-ний өдөр биечлэн эдэлж дуусгасан байна.

          Шүүгдэгч Д.Б нь 2012.12.18-ны өдөр шүүхээс хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан 1 жилийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

 

          Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Гэмт хэрэг үйлдэхдээ хүний амь насанд аюултай аргаар буюу багалзуурдсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

          Дээрх нөхцөл байдал болон хохирогч “эвлэрсэн, гомдолгүй” гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх эсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосны дагуу тогтоож, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Д-гийн Б-гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хиад боржигон овогт Д-гийн Б-гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хиад боржигон овогт Д-гийн Бд оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 166667 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Б нь “350000 төгрөг авсан гомдол, саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Д.Б-ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.   

 

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Д.Бд анхааруулсугай.