| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2021/0182/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/292 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадавга |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/292
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,
улсын яллагч Б.Бямбадавга /нийслэл/,
шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч И.Хонгор, Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Я-гийн Б-т холбогдох эрүүгийн 1902009640012 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *********** аймгийн **********суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, хувиараа номын худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******************* тоот оршин суух,
- урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Я-гийн Б /РД:**************/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б мэдүүлэхдээ: “...Тэр өдөр миний халаасанд хэн тэр асаагуурыг хийснийг мэдэхгүй байна. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хүний биед үзлэг хийсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн:
“...Я.Б-ийн өмссөн хувцасны халааснаас шар өнгийн асаагуур гарч ирсэн ба уг шар өнгийн асаагуурын хажуу хэсэгт бор өнгийн шавар мэт зүйл наалдсан байсныг №07 гэж хаяглан, зиплок түгжээтэй гялгар уутанд хийж, цахилгаан жингээр шалгаж үзэхэд 0.6 грамм гэж зааж байгааг тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-6/,
2. Хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад түүний шээснээс кетамин /КЕТ/, марихуан /ТНС/, диэтиламид лизергиний хүчил /LSD/ илэрсэн болохыг тогтоосон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-8/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Кетамин нь НҮБ-ын “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын жагсаалтад хамаарахгүй болохыг тогтоосон 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6585, 6584 дугаартай дүгнэлтүүд /1хх 38-39, 41-42/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6588 дугаартай:
“...№7 гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 44-45/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6588 дугаартай:
“... “Я.Б” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 47-50/,
6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1398 дугаартай:
7. Гэрч Я.Н-ийн:
“...2010 оноос хойш одоог хүртэл дүү бид 2 хамт *************** давхарт номын худалдаа хийж байгаа. Миний дүү их даруухан, хүний үгэнд их сайн ордог, догшин ширүүн зан байхгүй, хүний юм зөвшөөрөлгүй авдаггүй, худал хэлж чаддаггүй, их сайн хүн...” гэсэн мэдүүлэг /1хх 32/,
8. Гэрч Д.Я-ийн:
“...Б нь манай 3 дахь хүү байгаа юм. Төлөв даруу томоотой элдэв янзын зангүй, архи тамхи хэрэглэдэггүй. Гэмт хэрэг үйлдэх хүн биш гэж боддог...” гэсэн мэдүүлэг /1хх 169-170/,
9. Шүүгдэгч Я.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...Хөдөө байдаг аав, ээжийн маань бие нь өвдөөд очихоос өөр араггүй болсон. Энэ хугацаанд аавыгаа эмнэлэгт сахиж байсан. 3 хоногийн өмнө би хотод ирээд шалгагдаж байгаа хэргээ дуусгах гэж сайн дураараа цагдаагийн байгууллагад ирсэн. Хэдийгээр миний халаасанд шавар гэх зүйл байсныг мэдээгүй ч гэсэн өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх гэж сайн дураараа ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 221/,
10. Гэрч Я.Н-ийн:
“...2020 оны 02 дугаар сараас Б нь өөрийн төрсөн ээжийгээ асрах, халамжлах шаардлагатай болсон. П.Г нь хөдөлмөрийн чадвараа 80% алдсан. Тийм болохоор Б нь цагдаагийн байгууллагын дуудсан цагт очихгүй, үргэлж ээжийнхээ хажууд байсан юм. Б энэ хугацаанд өөрийн гэм бурууг маш сайн ойлгож ухамсарлаж мансууруулах бодис байтугай архи, тамхи хэрэглэхгүй, засарч чадсан. Мөн өмнө нь найзалж нөхөрлөж байсан хүрээллээсээ бүрэн салж чадсан...” гэсэн мэдүүлэг /1хх 223/,
11. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн поликлиникийн эрхлэгч Г.Б-ын тодорхойлолт /1хх 236-237/,
12. Шүүгдэгч Я.Б-ийн эрүүл мэндийн талаарх тодорхойлолт, баримтууд, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн тодорхойлолт, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Я.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Я.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Шүүгдэгч Я.Б нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Я.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Я.Б нь: 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий гялгар уутны хамт 0.6 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
- Хүний биед үзлэг хийсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “...Я.Б-ийн өмссөн хувцасны халааснаас шар өнгийн асаагуур гарч ирсэн ба уг шар өнгийн асаагуурын хажуу хэсэгт бор өнгийн шавар мэт зүйл наалдсан байсныг №07 гэж хаяглан, зиплок түгжээтэй гялгар уутанд хийж, цахилгаан жингээр шалгаж үзэхэд 0.6 грамм гэж зааж байгааг тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад түүний шээснээс кетамин /КЕТ/, марихуан /ТНС/, диэтиламид лизергиний хүчил /LSD/ илэрсэн болохыг тогтоосон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6588 дугаартай “...№7 гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6588 дугаартай “... “Я.Б” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1398 дугаартай “...Я.Б Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгээр хэвтэж эмчлэгдэж байсан нэг удаагийн өвчний түүх байна. Я.Б нь Каннабойнодын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Хэрэг хариуцах чадвартай, каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Я.Б-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Я.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор “...Шүүгдэгч Я.Б мөрдөн шалгах ажиллагаанаас оргосон гэх асуудал дээр бие муу байсан ээжийг асарч байгаад цагдаагийн байгууллагад холбогдсон хэргээ шийдүүлэхээр өөрөө очсон байдаг. Мөн түүний эрүүл мэндийн байдал нь өнөөдөр хүнд зүүн чих нь сонсголгүй болох эрсдэлтэй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Хэрэв боломжгүй бол тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох “...Шүүгдэгч Я.Б эрүүл мэндийн хувьд зүүн чих нь сонсголоо 50% алдсан. Мөн түүний ар гэрийн байдал хүнд байгаа. Я.Б нь ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгүүлж байсан бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч Я.Б-ийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүдэгч Я.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 113 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Шүүгдэгч Я.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, мөн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч Я.Б нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн атлаа дахин гэмт хэрэг үйлдсэн, түүний холбогдсон гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай тул түүнд шүүх хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 1902009640012 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн:
-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1, №2, №3, №4, №5, №6 гэж хаягласан “KETAMIN HYDROCHLORIDE 10ML” бичиглэлтэй, бор өнгийн шилтэй, шингэн зүйл,
№7 гэж хаягласан мансууруулах бодисын агууламжтай, 0.6 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
- Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.Б бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдөр хүртэл баривчлагдсан 1 хоног, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон нийт 113 /зуун арван гурван/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн:
- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа № 1, 2, 3, 4, 5, 6 гэж хаягласан, “KETAMINE HYDROCHLORIDE 10ML” бичиглэлтэй, бор өнгийн шилтэй, шингэн зүйл,
№ 7 гэж хаягласан мансууруулах бодисын агууламжтай, 0.6 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Я.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ