Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/194

 

 

 

 

 

 

 

  2021         03           23                                       2021/ШЦТ/194

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч П.Энхболд,  

хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

гэрч Н.Э-,  

гэрч М.М-/онлайн/,

шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 20100 2341 1130 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Э- мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 23-нд хоёр захирал Хан-Уул дүүргийн Е-мартын урд талын пабад дуудсан. Очоод өрөөнд нь орох гэж байтал Б- лифтнээс буугаад ирсэн. Б-тэй яриад зогсож байхад бас уусан байсан. Бид хоёр нийлээд тэр өрөөнд орж нийлж 1 литрийн архийг хоёр захирал, эмч Э-, хоёр найзтай нь хувааж уусан. Тэгээд пабаас гараад доошоо караокенд орсон. Тэр караокег Б- бид хоёр олсон, тэнд ороод дахиад архи уусан. Караоке хаагаад тэндээс гараад такси бариад явах гэтэл захирлууд дуудаад Б- нилээн согтсон байна, хүргээд өгчих гэсэн. Таксинд Б-, эмч Э- бид гуравыг суулгаж өгсөн. Замд нэг их яваагүй явж байхад Б- намайг нүүрэн тус газар хоёр цохисон. Тэгэхээр нь би таксины жолоочийг зогсож бай, ах нь буугаадхий гээд буугаад явах гэтэл Б- хойноос бууж ирээд зулгаагаад цохих гээд дайраад байсан. Таксины жолооч бүгдийг гэрчилнэ, түүнийг олоод өгөөч гэж байцаагчид хэлсэн боловч олж өгөөгүй. Таксинаас буугаад Б-, эмч Э- хоёрыг орхиод явчихъя гэж байтал Б- “би найман жил боксоор явсан, чи намайг барахгүй” гээд зодох гээд дайраад хувцсаа тайлаад байсан. Би хувцасыг нь бөөгнүүлж байтал гинж нь хол үсэрчихээр нь гинжийг нь аваад буцаад эргэж хартал Б- гүйж ирээд цохих гэхээр нь тэврээд авсан. Хойшоо түлхээд эрүү, цээжинд нь хоёр цохисон. Цохиход унаагүй, би хойшоо унах гэж байхад нь тэвэрч авсан. Удалгүй боржур дээр сууж байхад цагдаа ирсэн. Цагдаа нар ирэхэд Б- орилж байсан, тэгээд цагдаа ирлээ гэж Б-д хэлэхэд намжсан. Эмч Э- М-ыг дуудсан. М- ирээд авч явахдаа 2-3 удаа боржур дээр Б- савж унагасан, их хүчтэй унагаасан. Эмч бид хоёр М-т “чи Б- унагаагаад байна шүү дээ” гэж хэлсэн. Эмч Э-, М- бид гурав Б-  арай гэж таксинд суулгасан. Би их согтолттой байгаагүй. Хохирогч хойшоо савж унахдаа гэмтлийг авсан байх гэв.

 

Хохирогч Б.Б- мэдүүлэхдээ:  2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнө хоёр захирал над руу Хан-Уул дүүргийн Е-мартын урд талын пабад хүрээд ирэх үү гэж яриад, над руу мессэж бичсэн. Тэгээд би өөрөө очсон. Тэнд хоёр захиралтай хамаатай хүн, сүүлд нэг найз нь, мөн би, эмч Э-, Э- бид байсан. Тэнд 2-3 цаг суугаад хажуугийн караоке руу орсон. Үргэлжлүүлээд караокед архи уусан. Караокены цаг дуусаад тэндээс бөөнөөрөө гараад такси барих гээд зогсож байхад Э-ын араас Э- намайг аваад бид таксинд суусан. Машины урд суудалд эмч Э-, ард нь Э- бид хоёр суусан. Удирдлагын академийн орчим явж байхад Э- бид хоёр маргалдаад, намайг боож аваад, тэгээд такси зогссон. Э- буугаад, намайг буугаад ир гээд би ч буусан, согтуу байсан болохоор цохих гэж оролдсон. Э- намайг барьж аваад хоёр нүд рүү цохисон. Би их согтолттой байсан. Намайг хоёр удаа баруун нүд, зүүн хацар руу цохисон. Машинд хоёр удаа, гарч ирээд хоёр удаа, нийт 4 удаа цохисон, нүд рүүгээ цохиулаад хойшоо савж унасан. Би хойшоо савж ухаан алдаж унаад маргааш орой болтол нь юу ч санахгүй байгаа. Маргааш орой нь би сэрээд толгой дүүрээд, хурдан хөдөлж чадахгүй, бие зовиуртай байгаад байсан. М-аас өчигдөр чи намайг очиж авсан гэсэн юу болсон юм бэ гэж асуусан. Гэхдээ эхлээд М- өөрөө над руу залгасан байсан, тэгсэн Э- утас аваад, эмч Э- Э-өөс утсыг нь аваад “Б- энд өвдсөн байна” гэж хэлээд, тэгээд М- ирж намайг авсан байсан. М- намайг нэг ч унагаагүй. Би хувцсаа тайлж шидээгүй. М- намайг таксинд суулгаад намайг хүргэж өгсөн айлд Э-тэй хамт очсон. Тэр байрнаас хүмүүс гарч ирж намайг цуг өргөлцөж оруулсан. Маргааш оройноос нь миний бие өвдөөд ухаан орж гараад, өвдөлт ихтэй байсан болохоор өвчин намдаах тариа хийлгэсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд 10 хоног хэвтсэн. Дархан хотод очиж бас эмнэлэгт хэвтсэн. Эмч нарын зөвлөгөөнөөр ороход дахиад 2-3 хоног алдсан бол амь насанд аюултай байх байсан гэж хэлсэн. Одоог хүртэл миний толгой дүүрээд хурдан хөдөлж чадахгүй, хүнд юм өргөж болохгүй, хааяадаа өвчин намдаах эм уудаг, унтаж ч чаддаггүй. Хагалгаанд орсоны дараа гомдол гаргасан. Одоо гомдолтой байна. Нарийн шинжилгээ хийлгэж, биеэ өмнөх шиг байдалд нь оруулмаар байна. Би ажил хийж чадахгүй байгаа. Зарим эм тариа өртөг өндөр байсан болохоор авч чадаагүй. Э- эмчилгээний төлбөр төлөөгүй. Эм тарианы мөнгийг компани өгч байсан, хэдэн төгрөгийн эм тариа өвч өгснийг мэдэхгүй байна гэв.

 

Гэрч Н.Э- мэдүүлэхдээ:  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр З-, Н- гэдэг хоёр хүнтэй уулзаж, пабад сууж байхад Б- орж ирсэн. Хэсэг хугацааны дараа Э- орж ирсэн. Бидэн дээр хоёр хүн нэмэгдэж ирсэн. Нилээн сууж байгаад пабаас гараад караокед орсон. Уусан байсан болохоор ямар караокег мэдэхгүй байна. Тэндээс гараад таксинд суусан. Хэсэг явж байгаад такси явахгүй байхаар нь буухад Э- зогсоод Б- газар хэвтэж байсан. Хувцсаа тайлаад шидсэн байсан. Яагаад хувцасаа тайлаад шидсэн юм бэ, хувцасыг нь өмсүүлээчээ гэхэд хувцсаа тайлж шидээд агсан тавиад байна гэсэн. Тэгээд би Б- босгох гэхэд даахгүй байсан. Жаахан суулгахаар нь газар мөргөж уначих гээд, толгойгоороо унаад болохгүй байсан. Босгох гэж нилээн үзээд дийлэхгүй болохоор нь найз М-ыг нь дуудсан. М- хэдэн минутын дараа такситай ирээд Э-ийн хамт Б- өргөх гэхэд Э-ийг ойртуулахгүй орилоод байсан. Хоёр дахин өргөөд даахгүй унагаад байхаар нь гурвуулаа дамжлаад такси рүү оруулсан. Э- өөрөө явлаа гээд такси бариад яваад өгсөн. Б- нилээн согтолттой байсан. Тухайн үед нүүр царай нь хөхөртлөө байгаагүй. Нөгөөдөр нь харахад хоёр нүд нь их хөхөрсөн байсан гэв.

 

Гэрч М.М-/онлайн/ мэдүүлэхдээ:  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 03-04 цагийн хооронд болсон. Би Б-тэй хамт байр түрээсэлдэг байсан. Б- оройтоод ирэхгүй байхаар нь залгахад утсаа авахгүй байсан эхлээд залгахад нэг эрэгтэй аваад тасалсан. Дараа нь дахиад залгахад Жагаа гэх ажлынх эмч аваад намайг ирээд Б- аваач гэхээр нь яваад очтол таксинд ухаангүй байсан. Э-тэй хамт Б- өргөөд миний авчирсан таксинд суулгаад манай найзын гэр лүү явсан. Би Э-өөс юу болсон талаар асуухад Б-тэй таксинд суугаад маргалдаад гараад хохирогчийг цохиход хойшоо саваад унасан гэж хэлж байсан. Э-, Б- бид гурав хамт яваад тус таксинд суугаад Э- тухайн таксийг аваад цаашаа явсан. Хэд хонгийн дараа Э- надад “би Б- дэмий цохисон байна” гэж хэлж байсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 20100 2341 1130 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/,

 

2. Хохирогч Б- мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны орой манай байгууллагын захирал З- над руу залгаж Хан-Уулын Е-мартын урд ресторанд сууж байна чи ирэх үү гэхээр нь би тэгье гээд удалгүй очсон. Тэгэхэд миний араас Э- бас ирээд тэнд байсан хүмүүстэй хамт сууцгааж /тэнд ихэвчлэн захирлын найзууд болон холбоотой хүмүүс байсан/ тэндээ бүгд архи ууж байгаад удалгүй гараад хажууд нь байх караоке ороод тэндээ мөн архи уусан. Ингээд би ч нэлээн муудаж бүгд тараад гэр гэр лүүгээ харих болсон. Караокегоос гараад таксинд суух гээд зогсож байхад урьд нь манай байгууллагад эмч ажилтай байсан Жагаа такси барих үед нь Э- бид хоёр хамт Жагаа эмчтэй сууж явсан. Машинд яг юунаас болсныг мэдэхгүй нэг мэдэхэд Э- бид хоёр маргалдаж байсан. Тэгтэл машин зогсоод Э- машинаас буухаар нь би бас араас нь буугаад машинд дотор намайг цохисон учир бас цохих гэж оролдсон боловч их согтуу байсан учир чадаагүй. Харин Э- намайг хэд, хэдэн удаа нүүр хэсэгт цохиж би манараад газар унасан. Ингээд юу болсныг юу ч санахгүй байгаа юм. Би нэлээн архи уусан байсан. Гэхдээ зарим зүйлээ санаад байгаа юм, харин цохиулсны дараахыг нь санахгүй байгаа юм. Маргаан юунаас болсныг би сайн мэдэхгүй байна. Машин дотор Э- намайг заамдсан байхад нь би хальт ухаан орсон. Тэгтэл Э- заамдаад боогоод байсан юм. Тэрийг л санаж байна. Шинжээчийн 2020 оны 11-р сарын 09-ний өдрийн №12581 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Э- миний биед учруулсан. Миний санахаар Э- миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэрнээс өөр санах зүйл байхгүй. Намайг газар унасан байхад дээрээс дэвссэн ч байж магадгүй, би мэдэхгүй байна. Д.Э- миний хохирлыг барагдуулаагүй. Намайг эмнэлэгт байх үед нэг удаа ирсэн. Тэрнээс хойш ирээгүй, холбоо ч бариагүй. Миний толгой байнгын дүүрэх, толгой өвдөх зэрэг өвчнүүд байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байна. Эмчилгээний зардал болон бусад гарсан зардлаа нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа зүйлээ баримтаар өгсөн байгаа. ” гэх мэдүүлэг /хх-ийн /,

 

            3. Гэрч М.М-ын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Б-хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан апартмент” хотхонд нэг өрөө байр түрээслэн амьдардаг байсан. Б- бид хоёр дундаа нэг түлхүүртэй учир тухайн шөнө 03 цаг өнгөрч байхад Б- рүү түлхүүр авъя, ирэх юм уу гэж асууж залгахад Бат-Эрдэнийн утсыг эхлээд нэг залуу аваад Б- архи уугаад тасарсан байна гэж хэлсэн. Дахиад 2-3 удаа залгахад ажлынх нь эмч гээд эмэгтэй Э- аваад хэн бэ гэхээр нь нэрээ хэлтэл урьд өмнө танилцаж байсан учир намайг таниад Б- ирээд аваарай, энд тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд би Удирдлагын академийн замын хойно таксигаар очиход Б- ямар ч ухаангүй өөрийгөө хянах чадваргүй замын хажуугийн брожур дээр сууж байсан. Б-тэй хамт ажлынх нь эмч Э-, хамт ажилладаг залуу гэх Э- тэр 3 такси барьсан байж байсан. Тэгээд би Б- дээр ирсэн таксиндаа Б- Э-, Э-, таксины жолоочтой өргөж суулгаад манай найз болох Ганбилэг гэж залуугийнд Төгсөөгийн хамт хүргэж өгөөд Б- үлдээсэн. Намайг очиход Б-2 нүд нь хөхөрч хавдсан, арын дагз хэсгээс нь цус мэт зүйл гарч хатсан байсан. Б- найзындаа хүргэж өгөхөөр явж байхад таксин дотор Э-өөс юу болсон талаар нь асуухад Э- Б- бид 2 таксинд явж байхдаа муудалцаад таксинаасаа буугаад барьцалдаад Б- намайг цохих гэхээр нь бултаад 2 удаа нүүрэн тус газар нь цохисон чинь Б- хойшоо савж унасан гэж Э- надад хэлсэн. Би тухайн хэрэг болдог өдрийн маргааш нь Б-эс юу болсон талаар нь асуухад би сайн санахгүй байна гэж хэлж байсан. Б-нүүрэнд учирсан гэмтэл унаад үүсэхээр гэмтэл байгаагүй, цохиулаад л үүссэн гэмтэл байсан. ...Намайг очсоноос хойш толгойгоо цохисон унасан асуудал үүсгээгүй. Таксинд суулгах гэж байхад би араас нь өргөөд дийлэхгүй байхаар нь 2 талаас нь Э-ийн хамт өргөөд машинд суулгасан. Уг хэрэг болсон өдрөөс хойш 2 хоногийн дараа Б- Э- эмнэлэгт хүргэхээр ирсэн. Тэгээд Э-тэй хамт машинаас юм авахаар гарах үед Э- надад Б- согтуу үед нь шал дэмий цохисон байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

           

            4. Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх пабад хуучин ажиллаж байсан ажлынхаа хүмүүстэй уулзсан. Тэнд намайг очиход манай өмнөх ажлын захирал 2 хүн байсан. Ингээд сууж байхад гаднаас эхлээд Б- орж ирсэн. Тэгсэн араас нь Э- орж ирээд бид нар ажил хэргээ ярьж суунгаа согтууруулах ундаа хэрэглэсэн. Ингээд уг пабаас гараад би нэлээн согтсон байсан учир аль караоке руу орсноо санахгүй байна нэг караоке руу орсон. Тэндээ дуулж байгаад 1, 2 цаг болсон юм шиг байна лээ, би уг караокеноос гарснаа санахгүй байна, нэг мэдсэн чинь таксины хойд сандал дээр сууж байсан. Таксинаас буусан чинь машины ард нь Б- дээшээ харсан хэвтэж байсан. Босгох гэсэн чинь толгойгоороо газар гулжчиж унаад байсан. Би юу болсон талаар Э-өөс асуусан чинь Б- ерөөсөө босож ирэхгүй байна, хүч хүрэхгүй байна хувцсыг нь өмсүүлэх гэсэн чинь хувцсаа өмсөхгүй өөдөөс дайраад байна гэж байсан. Хэсэг хугацааны дараа Б-найз гээд хамт орон сууц түрээсэлдэг залуу такситай ирээд аваад явсан. Тэгээд Э- гэр лүүгээ явсан. Би анх суусан такситайгаа гэр лүүгээ явсан, таксинаас буух гэсэн чинь Бат-Эрдэнийн ажлын гар утас таксинд унаж үлдсэн байсан. Тэгсэн өглөө нь Э- Бат-Эрдэнийн утас руу залгаад яагаад чамд утас нь байгаа юм бэ, би Б-тэй ярих гэж байсан юм, бие нь яаж байна толгой тархи нь зүгээр үү гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн үдээс хойш нь Б- залгаад миний толгой тархи өвдөөд үхэх гэж байна өвдөлт намдаах тариа хийлгэх юм уу толгой бариад өг гэж хэлэхээр нь би одоо эмчилгээ хийлгэж болохгүй Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд очиж үзүүл гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш нь захирлындаа очсон чинь захирал Б- толгой нь өвдөөд байна гэж байна, чи эмнэлэгт авч яваад үзүүлээдхээч гэсэн. Тэгэхээр нь би Э- рүү залгаад хоёулаа хамт явж үзүүлье гэж хэлээд Э- бид 2 Б- дээр очиж аваад Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэж хэвтүүлсэн. Таксинд явж байх хугацаанд Б-, Э- хоёр маргалдсан эсэх талаар би огт санахгүй байна. Нэлээн согтуу байсан. Нэг мэдэхэд такси зогссон, тэр хоёр гадаа байж байсан. Б- толгойгоороо аспалтан заман дээр зөндөө унасан, биеэ авч явах чадваргүй болтлоо согтуу байсан. Бөгсөөрөө газар сууж байгаад хойшоо урагшаа унаад толгойгоо цохиод байсан. Намайг гарснаас хойш миний хажууд хоорондоо зодолдож цохилцоогүй. Б- анх бид нар дээр ирэхдээ пиво уучихаад ирсэн гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

            5. Гэрч Ш.Б-мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Удирдлагын академийн ойролцоо миний төрсөн хүү Б.Б- найз Төгсөө гэгч зодож биед нь гэмтэл учруулаад түрээсэлж байсан байранд нь хүргэж өгсөн гэсэн. Тэр өдрөө хүү маань ухаангүй байсан чинь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эмч дагуулж очоод үзүүлсэн чинь яаралтай түргэн гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өг гээд хэвтүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тархины хагалгаанд орно гэж хэлсэн байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эмч хагалгаанд орох ёстой, тархиндаа харвалт өгсөн байна гэж хэлсэн. Бусдаар бол хүү маань ярьж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12581 дугаартай хүний биед хийгдсэн:

1. Б- биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай дэлбэнд ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зулайн ар хэсэг, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун дал, баруун шуу, зүүн бугуй, зүүн сарвуу, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. “ гэх дүгнэлт /хх-ийн 31-33/,

 

7. Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Хохирогч Б.Б-д учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийн тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай дэлбэнд ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь хүнд зэрэгт, зулайн ар хэсэг, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дал, баруун шуу, зүүн бугуй, зүүн сарвуу, зүүн гуянд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох, унах аль алинд нь үүсгэгдэнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, 

 

8. Шүүгдэгч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

            -2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой манай захирал над руу “Маршал таун”-ы хойно пабад ууж байна хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очиход лифтнээс Б.Б- буугаад ирсэн. Тэгээд бид хоёр пабын өрөө рүү ороход манай ажилчид байж байсан. Тэндээ долуулаа 3-4 шил архи уучихаад гараад караоке орсон. Тэндээ 3 шил архи уусан. Ингээд бид нар 2020 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 2-3 цагийн үед тарсан. Би дуудлагын жолооч дуудах гээд байж байсан чинь манай захирал та гурав таксигаар явчих гэсэн. Намайг Б-, Э- хоёрыг хүргээд өгчих гэж хэлсэн. Таксины арын сандал дээр бид гурав суусан. Би тухайн үед хэсэг унтсан байхад нэг хүн намайг цохиод байсан. Тэгээд машин зогсоогоод буусан чинь Б- хойноос буугаад ирсэн, намайг 2-3 удаа цохисон. Б- хамаг хувцсаа тайлж шидээд байхаар нь хувцсыг нь хумиад мөн хүзүүнийх нь гинж тасраад унасан байсан учир тэр гинжийг нь газраас аваад эргээд хартал Б- над руу гүйгээд ирэхээр нь би тэврээд авсан. Тэгээд би нэрийг нь дуудаад би Төгсөө байна гэж хэлсэн чинь учир зүггүй цохих гээд байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Б-нүүр болон цээж хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгсэн Б- хойшоо саваад унасан. Б- унаж босож ирээд замын брожур дээр суусан. Би Э-аар Бат-Эрдэнийн найз руу залгуулж дуудсан. Хэсэг хугацааны дараа найз нь ирээд бид хоёр өргөх гэсэн чинь хурхираад босохгүй дийлдэхгүй байсан. Тэгж байгаад найзынх нь барьж ирсэн таксинд суулгах хооронд нэлээн хэдэн удаа нүүрээрээ урагшаа цементэн зам дээр унасан. Ингээд Б- найзынх нь хамт таксинд суулгаад явуулсан. Би Бат-Эрдэнийн нүүр болон цээж хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд хойш савж унаад буцаж босож ирээд замын брожур дээр суусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

            9. Хохирогч Б- өөрт учирсан хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 75-76/,

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 100-102/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 86/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 89-90/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч, яллагдагч нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй. Хавтаст хэрэгт эргэлзээтэй нотлох баримт байхгүй. Шинжлэн судлагдсан баримтаар хэрэгт ач холбогдолтой бүхий л ажиллагаа хийгдсэн. Гэрч М-ыг худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдалд баримтаар тогтоогдоогүй. Хохирогчийн очсон айлд зодоон болсон талаар таамаг дэвшүүлж байх ба хэрэгт авагдаагүй зүйлээр таамаг дэвшүүлж болохгүй. Гэмт хэргийн улмаас учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн нь цагаатгах үндэслэлгүй дүгнэлт байна. Иймд шүүгдэгч Д.Э- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрт 944.386 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх ” гэсэн дүгнэлтийг;  

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Соронзонболд дүгнэлтдээ “...шүүгдэгчийн мэдүүлэг нь оролцогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар таарч байвал нотлох баримт болох үндэслэлтэй. Гэрч Э-ыг буугаад очиход хохирогчийн толгойноос цус гарсан байсан, гэрч М- очиход мөн адил цус гарсан байсан гэж хэлсэн. Энэ гэмтэл нь гэрчүүдийг ирэхээс өмнө үүссэн байсан. Шүүгдэгч тус гэмтлийг учруулаагүй гэж мэдүүлсэн нь гэрч хохирогч нарын мэдүүлгээр няцаагдаж байна. Хохирогчийн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлэг нотлох баримтаар цаг хугацааны дарааллын хувьд гэмтэл учирсан гэх цаг хугацаатай таарч байна. Б-д олон төрлийн гэмтэл учирсан. Хохирогчийг унаснаас хойш Э- нь дээрээс нь дэвссэн, цохисон талаар хэлж мэдэхгүй байна. Шүүгдэгч нь өөрийгөө хамгаалах гэсэн хэлбэрээс болж учирсан байх гэж бодож гэж байна. Шүүгдэгч нь гэм хорын хохирол хор уршгийг арилгах талаас хандахгүй байгаа нь хүний хувьд таалагдахгүй байна. Хохирлоо төлсөн бол хэн хэндээ хэрэгтэй байсан. Цар тахалтай холбоотой хохирогч нь эмчилгээгээ хийлгээгүй нь цаашдаа унаж татдаг болох вий гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр эмчилгээнээс хамаарч биеийн байдал цаашдаа ямар байх нь шалтгаална гэсэн” байгаа гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт дүгнэлтдээ “...Мөрдөгч, прокурор нь хэргийг эргэлзээгүй тогтоох ёстой ба, хэргийн баримтаар шүүгдэгч, хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдэг нь бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан мэдүүлэгт шүүгдэгч цохиод хойшоо унаснаас болоод шүүгдэгчийг яллаж байна. Гэрч мэдүүлэг өгөхдөө хойшоо унасан, хажуу тийшээ унасан, найз нь авч явж байхдаа унагаасан талаар хэлсэн. Мөрдөгч өөрийнх нь эсрэг мэдүүлгийг өмгөөлөгчгүй авсан. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан мэдүүлгээр шүүгдэгчийг яллаж байна. Гэрч М- нь ашиг сонирхлын зөрчилтэй. Хохирогч өөрөө ухаан алдсан талаар хэлсэн. Хохирогчийн очсон айлд хэдэн хүмүүс архи ууж байсан, тус хүмүүс маргалдаж зодолдсоны улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл нь үүссэн талаар шалгах ёстой. Хэрэгт авагдсан баримтаар Э-ийн гэм бурууг хангалттай тогтоогоогүй, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр яллаж байна. Иймд Э-ийг цагаатгах өгнө үү. Харин хөнгөн гэмтэл учруулсан байж болох ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулж зүйлчлэлийг өөрчилбөл татгалзах зүйлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг өөрчлүүлж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн байгаа. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаад эргэлзээ гарвал шүүдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай дэлбэнд ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зулайн ар хэсэг, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун дал, баруун шуу, зүүн бугуй, зүүн сарвуу, зүүн гуянд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/,

 

- Хохирогч Б- мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Э- машинаас буухаар нь би бас араас нь буугаад машинд дотор намайг цохисон учир бас цохих гэж оролдсон боловч их согтуу байсан учир чадаагүй. Харин Э- намайг хэд хэдэн удаа нүүр хэсэгт цохиж би манараад газар унасан. Ингээд юу болсныг юу ч санахгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн / болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг очиход Б-2 нүд нь хөхөрч хавдсан, арын дагз хэсгээс нь цус мэт зүйл гарч хатсан байсан. Б- найзындаа хүргэж өгөхөөр явж байхад таксин дотор Э-өөс юу болсон талаар нь асуухад Э- “Б- бид хоёр таксинд явж байхдаа муудалцаад таксинаасаа буугаад барьцалдаад Б- намайг цохих гэхээр нь бултаад 2 удаа нүүрэн тус газар нь цохисон чинь Б- хойшоо савж унасан гэж надад хэлсэн. ...Тэгээд Э-тэй хамт машинаас юм авахаар гарах үед Э- надад Б- согтуу үед нь шал дэмий цохисон байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах өгсөн “...Таксинаас буусан чинь машины ард нь Б- дээшээ харсан хэвтэж байсан. ...Э-өөс асуусан чинь Б- ерөөсөө босож ирэхгүй байна, хүч хүрэхгүй байна ...гэж байсан. Хэсэг хугацааны дараа Б-найз гээд хамт орон сууц түрээсэлдэг залуу такситай ирээд аваад явсан. ...өглөө нь Э- Бат-Эрдэнийн утас руу залгаад ...би Б-тэй ярих гэж байсан юм, бие нь яаж байна толгой тархи нь зүгээр үү гэж асуусан. ...Үдээс хойш нь Б- залгаад миний толгой тархи өвдөөд үхэх гэж байна өвдөлт намдаах тариа хийлгэх юм уу толгой бариад өг гэж хэлсэн. Маргааш нь захирлындаа очсон чинь захирал Б- толгой нь өвдөөд байна гэж байна, чи эмнэлэгт авч яваад үзүүлээдхээч гэсэн. ...Э- бид 2 Б- дээр очиж аваад Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэж хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

            - Гэрч Ш.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Удирдлагын академийн ойролцоо миний төрсөн хүү Б.Б- найз Төгсөө гэгч зодож биед нь гэмтэл учруулаад түрээсэлж байсан байранд нь хүргэж өгсөн гэсэн. Тэр өдрөө хүү маань ухаангүй байсан чинь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эмч дагуулж очоод үзүүлсэн чинь яаралтай түргэн гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өг гээд хэвтүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тархины хагалгаанд орно гэж хэлсэн байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эмч хагалгаанд орох ёстой, тархиндаа харвалт өгсөн байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12581 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт /хх-ийн 31-33/,

 

- Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35/, 

 

- Шүүгдэгч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “...Тэгэхээр нь би зөрүүлээд Б-нүүр болон цээж хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгсэн Б- хойшоо саваад унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Э- нь хохирогч өөрөө савж унасан, мөн гэрч М.М-нь хохирогчийг авч явах гэх үедээ боржур дээр удаа дараа унагаж байсан зэргээс гэмтэл авсан байх гэж мэдүүлж, гэм буруугийн талаар, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “хэргийн зүйлчлэлд тус тус маргаж, нөгөө талаар шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

Учир нь хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаар хохирогч Б.Б-, Д.Э- нар нь хамтдаа архидан согтуурсан, улмаар таксинд сууж явахдаа хоорондоо маргалдсан, шүүгдэгч Д.Э- нь хохирогч Б- эрүүл мэндэд халдаж, түүний нүүрэнд удаа дараа цохиход хохирогч нь хойшоо савж газар унан ухаан алдаж, маргааш нь ухаан орсон зэрэг нөхцөл байдал нь хохирогчийн мэдүүлэг, мөн хэргийн газар байсан гэрч Н.Э-, М.М нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Хууль зүйн хувьд тус гэмт хэргийн обьектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Д.Э- нь хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг нүүрэн  тус газар нь цохиж унагасан, дэвссэн идэвхтэй үйлдэл хийсэн нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байх бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Тодруулбал хохирогч Б.Б-тэй шүүгдэгч Д.Э-өөс өөр маргалдсан, түүний биед өөр хүн халдсан үйл баримт байхгүй. Шүүгдэгчээс “...гэрч М.М-нь хохирогчийг удаа дараа унагасан...” гэж мэдүүлэх боловч гэрч М.М-“...Намайг очсоноос хойш толгойгоо цохисон унасан асуудал үүсгээгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

Мөн гэрч М.М-аас “...намайг очиход Б-2 нүд нь хөхөрч хавдсан, арын дагз хэсгээс нь цус мэт зүйл гарч хатсан байсан. ...Э- “Б- бид хоёр таксинд явж байхдаа муудалцаад таксинаасаа буугаад барьцалдаад Б- намайг цохих гэхээр нь бултаад 2 удаа нүүрэн тус газар нь цохисон чинь Б- хойшоо савж унасан гэж надад хэлсэн. ...Тэгээд Э-тэй хамт машинаас юм авахаар гарах үед Э- надад Б- согтуу үед нь шал дэмий цохисон байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-р үгүйсгэгдэж байна.

             Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь олон тооны гэмтэл байх боловч хүнд зэргийн гэмтлээр хэргийг зүйлчлэх хуулийн зохицуулалттай тул өмгөөлөгч нарын гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй болно.          

          Харин тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

 

Тус хэргийн улмаас хохирогч Б- эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээний зардал, цалин хөлс зэрэгт 6.170.000 төгрөгийг нэхэмжилсэн ба, үүнээс шүүх баримтад үндэслэн 944.386 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Д.Э-ийг шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч, шүүгдэгч Д.Э- нь хохирогч Б.Б-д 945.000 төгрөгийн төлбөр нөхөн төлсөн талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин хохирогч Б.Б- нь энэ хэргийн улмаас гарсан цалин хөлс болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Соронзонболдоос “Хохирлын баримтын дагуу 945.000 төгрөг өгсөн байгаа. Э-ийн мууг үзэх зорилго байгаагүй. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх талаар тодорхой эмчилгээний мөнгийг бүрэн өгвөл ямар ял шийтгэлтэй оногдуулах нь хамаагүй. Би хөл хорионд орсон учир байгууллагатай нь уулзаж чадаагүй. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа уучлалт гуйгаагүй, шүүх хуралдаанаас өмнө эмчилгээний мөнгө төгрөгийг нь өгөөд явсан бол өөр байх байсан. Би хатуу байр суурьтай байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа. Хохирогчид үзүүлж байгаа хандлага таалагдахгүй байх тул хуулийн дагуу шийдүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт дүгнэлтдээ “хохирол төлбөрөө төлсөн, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт байдаг, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй.  Мөн шүүгдэгч нь хохирогчтой хамт ажилладаг байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүйлд зааснаар нийгэмшүүлэхэд оршино гэсэн байдаг. Д.Э- нь ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд эзэлсэн байр сууриа хадгалаад явах нь чухал байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай тул шүүгдэгчид торгох ялыг  доод хэмжээгээр буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн” дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “...Д.Э- нь хохирогчтой найз нөхдийн холбоотой, гэм буруугаа зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг  тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байсан байх боловч түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, мөн  хэсгийн 1.2 дахь заалтад заалтад заасан“...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Д.Э-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдолтой тухай санал зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргасан, хохирогчид учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн өмгөөлөгч нарын гаргасан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

3. Бусад асуудлаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

-Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Д.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-өд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

              5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

              6. Хохирогч Б.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан цалин хөлс болон цаашид гарах хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

              7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Э-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Э-өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН