Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/211

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганчимэг,

шүүгдэгч Ц.У-өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ц-ийн У-т холбогдох эрүүгийн 2110000000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа махны худалдаа эрхэлдэг, ам бүл-8,  эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-000 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд багтааж нийт 5 жилийн хорих ялаар, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ялаар тогтоосон,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сарын хорих ялыг зарим хэсгийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 8 сарын хорих ялаар тогтоосон, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Б- овогт Ц-ийн У

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.У-нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар үүрч унаган, нүүр хэсэг рүү нь мөргөж эрүүл мэндэд нь “эрүүний оочинд цус хуралт, дээд үүдэн зүүн 2 дугаар шүд унасан, дээд уруулын дотор салстад шарх” бүхийн хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.У-шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

          Эрүүгийн 2110000000000 дугаартай хавтаст хэргээс:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,

Хохирогч Ө.С-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч С.З-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 1386 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Ц.У-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.З-ын мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, гэрч Э.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 50-62-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.У-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.У-нь согтуурсан байхдаа 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд хохирогч Ө.С-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар үүрч унаган, нүүр рүү нь мөргөж эрүүл мэндэд нь “эрүүний оочинд цус хуралт, дээд үүдэн зүүн 2 дугаар шүд унасан, дээд уруулын дотор салстад шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

Хохирогч Ө.С-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,

Хохирогч Ө.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжинд байрлах хамаатан болох н.А-ынхоос гараад замын урд талд байх хөшөөний дэргэд явж байсан. Миний танил Золжаргал ахтай нэг үл таних хүн хамт явж байсан. Би З ахаас “энэ хэн бэ” гэж асуухад нөгөө залуу наашаа хар даа хөгшөөн гэж хэлэх шиг болоход нь эргээд хартал миний нүүр рүү 2 удаа мөргөсөн. Би доошоо тонгойгоод “яаж байна аа” гэхэд намайг хавирч унагаасан. Миний 1 шүд унаж, үүдэн 2 шүд хөдөлсөн. Миний шүдийг мөргөж унагасан залуу намайг дагуулж, шүдний эмнэлгээр яваад, миний шүдийг бүрэн бүтэн болгоод өгчихсөн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 1386 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ө.С-ын биед эрүүний оочинд цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүд унасан, дээд уруулын дотор салстад шарх тогтоогдов.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. 1 шүд үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувь алдагдуулна” гэх  дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

 

Гэрч С.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай найз Ц.У-манай гэрт ганцаараа ирсэн. Ц.У-бид хоёр 0.75 литрийн архи хувааж уусан. Ц.У-архи уучихсан болохоор манайд машинаа үлдээгээд явлаа шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

          Шүүгдэгч Ц.У-мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим гэрээсээ гараад найз Золжгоо гээд бүтэн нэрийг нь мэдэхгүй найзындаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн эмнэлгийн орчим очоод ганц хоёр шил архи уусан юм. Тухайн үед архи уучихсан юм чинь машин барихгүй гээд машинаа найзынхаа хашаанд үлдээсэн. Тэндээс гарч байтал Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс зүүн хойд зүгт 2 гудамжны хойд хэсэгт Ө.С- дээд хэсгээрээ улаан өнгийн куртик өмсчихсөн явж байсан юм. Ө.С- нь намайг “хаанахын хэн бэ” гэж асуухаар нь би “Нисэхийн хүн байна” гэхэд “Нисэхийн пизда энд юу хийж яваа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “чамд хамаагүй” гэхэд Ө.С- намайг барьж аваад үүрээд унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд зөрүүлж үүрч унагаагаад 1 удаа нүүр хэсэг рүү мөргөсөн. Тэгээд бид хоёр салаад явсан юм. Тухайн үед хажууд өөр хүн байгаагүй. Ингээд би найз Золжгоогийн гэрт байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан юм. Тухайн үед Ө.Санчир бид хоёр хоёулаа согтуу байсан. Энэ асуудалдаа гэмшиж байна. Арай түргэн зан гаргачихлаа” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Гэмт хэрэг гарах үед буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16-17 цагийн орчимд шүүгдэгч Ц.У-, хохирогч Ө.С- нар нь хэн аль нь согтуурсан байхдаа “Нисэхийн хүн Яармагт явж байлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар шүүгдэгч нь хохирогчийн нүүр рүү цохисны улмаас эрүүний оочинд цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүд унасан, дээд уруулын дотор салстад шархбүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Шүүгдэгч Ц.У-нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

          Иймд шүүгдэгч Ц.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.С-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгч Ц.У-нь эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Ө.С-ын “Миний шүдийг мөргөж унагасан залуу намайг дагуулж, шүдний эмнэлгээр яваад, миний шүдийг бүрэн бүтэн болгоод өгчихсөн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх-ийн 13-14-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Ц.У-нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо “ эхнэр, 6-н хүүхдийн хамт амьдардаг, махны худалдаа хийж гэр бүлээ тэжээдэг хувийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгч нь хувиараа худалдаа эрхэлдэг тул түүний орлого олох боломж, ам бүл-8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.У-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.У-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Ц-ийн У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.У-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.У-нь хохирогч Ө.С-т эмчилгээний зардал нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ц.У-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР