Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/363

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг би даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Т.Отгонтөгс,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Б,

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эд холбогдох 210800000000 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1989.09.04-ний өдөр төрсөн, 32  настай, эрэгтэй, бичиг үсэг мэдэхгүй гэх, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчиний 00-р гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 9-332 тоотод түр оршин сууж буй гэх, урьд ял шийтгэлгүй, /РД: РМ000000/ Тогоруутан овогт Бгийн Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд,  шүүгдэгч Б.Эгийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 9 дүгээр гуыдамжинд ач дүү Э.Гг толгойн тус газар нь чулуугаар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллага “Э.Г гэх иргэний толгойг хагалсан байна” гэх дуудлага мэдээллийг  2021 оны 3 сарын 8-ны өдрийн 23 цаг 45 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-3-5/,

- Э.Ггийн  биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-6-7/

- Хохирогч Э.Ггийн: “...2021 оны 3 сарын 8-ны өдөр...такси бариад Э ахын гэр рүү явсан. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 9 дүгээр гудамжинд такситай машинд суу гэж хэлэхэд над руу уурлаад эхнэртэйгээ хардаад ямар удаан явдаг юм бэ 2-3 цаг алга болчихлоо гээд байсан. Тэгтэл Г эгч уурлаад такситайгаа гэр рүүгээ яваад өгсөн. Би Э ахыг гэр рүүгээ явъя гэхэд намайг эхнэртэйгээ хардаад газраас чулуу аваад миний толгой руу нэг удаа цохиход толгой хагарч цус гарсан...түргэн тусламж ирээд цагдаад дуудлага өгөөд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явж миний толгойд 5 оёдол тавьсан. Э ах эхнэртэйгээ хардаад миний толгой руу чулуугаар 1 удаа цохиж хагалсан. ...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.03.15-ны өдрийн 2128 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархай хэсэгт мэс заслын 2 оёдол бүхий шархтай. Дүгнэлт: “Э.Ггийн биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-20-21/,

- Яллагдагч Б.Эгийн: “...гудамжинд Гтай маргалдахад эхнэр уурлаад такситайгаа гэр рүүгээ явсан ба гудамжинд бид хоёр үлдээд би Гд уурлаад хаашаа яваад ирж байгаа юм бэ гээд газраас чулуу аваад цохисон гэтэл Ггийн толгойноос цус гарсан” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 3 сарын 8-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Н.Гийг ач дүү Э.Гтай хардаж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар Э.Ггийн толгойн тус газарт чулуугаар цохиж, зүүн чамархайн тус газарт шарх гэмтэл учруулсан болох нь өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Ггийн мэдүүлэг /хх-13-14/, гэрч Н.Гийн: “...2021 оны 3 сарын 8-ны өдөр гэртээ нөхөр хүүхдийн хамт байхад нөхрийн авга дүү Г миний гар утас руу залгаад танай гэр рүү явж байна, та тосоод авчих хаягийг чинь мэдэхгүй байна гэхээр нь би тосохоор гарсан. Тухайн үед нөхөр жоохон архи уусан байсан. Тэгээд би 20 цагийн үед гараад Гтай таараад бид 2 манай гэр рүү явах гэтэл Г пицца авна гээд бид Е март хүнсний дэлгүүр орж пицца авсан ба пицца авах гэж нилээн удаан 2 цаг гаран оочирлож байгаад аваад такси бариад гэртээ ирэхэд нөхөр гудамжинд зогсож байсан. Г машинаас буухад нөхөр Г руу дайраад намайг хардаад тэр 2 маргалдаад байхаар нь би такситайгаа гэрийн үүдэнд очиж буугаад гэртээ ороод байх үед араас Г нөхөр Э 2 орж ирсэн. Ггийн толгой хагарсан цус гарч байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Э ах хардаад чулуугаар толгой руу цохиод хагалчихсан гэж хэлсэн. Г гэмтлийн эмнэлэг дээр ирж 5 оёдол тавиулсан. Манай нөхөр надтай хардаж энэ асуудлыг үүсгэсэн байна билээ. Г бид хоёрт ямар нэгэн холбоо байхгүй. Би Гг нөхрийн хамаатан гэдгээр нь танина, хаана амьдардаг талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шинжээчийн 2021.03.15-ны өдрийн 2128 дугаартай дүгнэлт /хх-20-21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-6-7/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эгийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Э.Ггийн биед зүүн чамархайд шарх гэмтэл учирсан, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр;  Э.Г нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч шарх гэмтэлд оёдол тавиулсан, өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-13-14/, “...би Б.Эд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх эд зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хохирогчоос гаргасан эвлэрлийн хүсэлт баталгаагаар /хх-48/ тус тус тогтоогдож байна.

Иймд хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-33/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөгчийн тэмдэглэл /хх-8/, хохирогч Э.Г, гэрч Н.Г нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

Дээрх нөхцөл байдал болон Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, хохирогч Э.Гтай эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг хуульд заасан доод хэмжээгээр тогтоох саналыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 21,5, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тогоруутан овогт Бгийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тогоруутан овогт Бгийн Эд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Э.Г иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Эд мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ