Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 22 өдөр                              2018/ДШМ/46                                                          Зуунмод

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Уранчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцогт, 

Нарийн бичгийн дарга О.Батномин нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Б.Э-т холбогдох 201619000682 дугаартай 275 хуудас, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн  эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Э , 1966 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Шарын гол сумын Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 1. ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТИ....162/.

 

Б.Э нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, өдрийн 15 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Жарын даваа гэх газар төв зам дээр Т.Марк-2 маркийн 52-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин эсрэг урсгал сөрөн өөдөөс ирж явсан Лексус-470 маркийн 47-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Ж.Эрдэнэцогтод 12 095 500 төгрөгний, иргэн Э.Гантулгын эзэмшлийн Т.Марк-2 маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1 551 500 төгрөгний нийт 13 647 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаар шүүгчийн захирамжаар: 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Э-т  холбогдох эрүүгийн 201619000682 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Э-н эзэмшлийн В ангиллын 084947 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэх хураагдсан, Б.Э-нэзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 21 дүгээр хороолол 14 дүгээр байрны 31 тоот байр Дархан-Уул аймгийн Шарын голын сумын Хайрхан баг 9-26 тоот байрууд битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: “Б.Э нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Жарын даваа гэх газар төв асфальтан зам дээр Тоёота марк-2 загварын 53-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин эсрэг урсгал сөрөн өөдөөс ирж явсан Лексус-470 маркийн 47-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Ж.Эрдэнэцогтод 12,095,500 төгрөгний, иргэн Э.Гантулгын тээврийн хэрэгсэлд 1,551,500 төгрөгийн нийтдээ 13,647,000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 201619000682 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 07 дугаартай Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 50 дугаартай шүүгчийн захирамжаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 109 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэхь заасныг удирдлага болгон хэргийг буцаасан байна.

Шүүгчийн захирамж нь Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааны хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэсэн заалтыг удирдлага болгон буцаасан нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн ямар зүйл заалтыг зөрчиж буцааж байгаа нь ойлгомжгүй байна..

Мөн яллагдагч Б.Э-нөмгөөлөгч Х.Даваахүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар процессийн ажиллагаа явагдах ёстой. Сэлэнгэ аймгийн Мандал сумын прокурорын газраас шүүгдэгч Б.Э-т яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй зөрчилтэй тул уг ажиллагаа хийгдсэний дараагаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэсэн хүсэлтийг хүлээн авч хууль заасан зохих ажиллагааг хийлгэхээр прокурор буцаасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Б.Э-т холбогдох хэргийг .2017. оны 02 дугаар сарын 07-ны өдөр 07 дугаартай..яллагдагчаар татах тогтоол баталж шүүх рүү шилжүүлсэн нь /хх-ийн 147-148-р/ хуудасны нотлох баримтаар нотлогддог.

Шүүх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэхь хэсэгт заасан "Шүүх яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна .

Уг хэрэг нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш шүүх дээр байсан учраас сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг прокурор гардуулж өгөх эрх зүйн зохицуулалт байхгүй байсан гэж үзэж байна.

Шинэ 2015 оны Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэсэн заалтыг шүүх зөрчсөн гэж үзэж байна.

Шинэ 2015 оны Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолын хувийг яллагдагчид гардуулна гэсэн хуулийн заалт байхгүй учраас гардуулах боломжгүй учраас энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

Харин анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Иймд Б.Э-т холбогдох Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тайлбартаа: “...  Энэ хэрэг шинэ хууль, хуучин хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шинэ Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль гарснаас хойш процессын ажиллагаанууд хуулийн дагуу явж байгаа. Өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлт Төв аймгийн прокурорын гаргасан тогтоолоор тогтоогдсон гэж үзэж байна. Прокурорын гаргасан тогтоол биелэгдээгүй, ажиллагаа явагдаагүй байдаг. Ингээд хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ийм тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй. Яллагдагчаар татсан тогтоолыг прокурор гардуулж өгөх ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй байдаг. Мөн яллагдагчаар татсан тогтоол дээр шүүхийн харъяалалыг засах ёстой. Яллагдагчаар татсан мэдүүлэг байдаггүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Баясгалан гэж хүн байдаг. Тийм учраас Ж.Эрдэнэцогт гэдэг хүн тухайн үед тээврийн хэрэгсэл барьж явсан учраас иргэний нэхэмжлэгч, хохирогч биш гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд энэ хэрэг хэлэлцэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж үзэж байна.” гэв

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцогт тайлбартаа: “... хохирол барагдуулж өгнө үү.” гэв. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Уранчимэг тайлбартаа: “.. Яллагдагчаар татах тогтоолыг прокурор гардуулж өгөх ёстой гээд байна. 2017 оны 02 сарын 07-ний өдөр яллагдагчаар татах тогтоолыг баталж шүүхэд шилжүүлсэн байдаг. Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч Б.Э гарын үсэг зурсан байна. Шүүх алдаа гаргасан учраас л прокурор эсэргүүцэл гаргаж байгаа, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх саналаа дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Яллагдагч Б.Э нь 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 15 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Жарын даваа гэх газар Т.Марк-2 маркийн 52-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь  хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин, эсрэг урсгал сөрөн өөдөөс ирж явсан Лексус-470 маркийн 47-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Ж.Эрдэнэцогтын эд хөрөнгөнд 12 095 500 төгрөгийн, иргэн Э.Гантулгын эд хөрөнгөнд 1 551 500 төгрөгийн, нийт 13 647 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталж хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

           

Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тухайн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэснийг хяналтын прокурор Д.Уранчимэг эс зөвшөөрч  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар эсэргүүцэл бичжээ.

 

Яллагдагч Б.Э-нүйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж, энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

 

Гэтэл Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн үйлдэл нь гэмт хэрэгт тооцохгүй болсон байна. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэдэг нь  өмнөх эрүүгийн хуулиар  гэмт хэрэгт тооцож   байсан  нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шинэ хуулиар гэмт хэрэг гэж үзэхгүй болох ойлголт юм.

 

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан”-аараа тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байсан бол Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан” байх гэмт хэргийн шинжийг заасан, харин үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаардахгүйгээр хуульчлагдсан байна.

 

Иймд яллагдагч Б.Э-нүйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх  үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцогт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12095500 төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 109  дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокурорын  “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцогт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                        ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ

 

                                                                                       Г.БОЛОРМАА