Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ТбТХХК-ийн захирал Б.Ц

Хариуцагч: Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 0166647 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч А.Ц, прокурор Д.Б, нарийн бичгийн дарга И.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

ТбТХХК-ийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “... Миний бие 2015 онд ТбТХХК-ийг эзэмшсэн байсан бөгөөд тухайн үед өөрөө ажиллах боломжгүй байсан учир Д гэж хүнд шилжүүлэн ажиллуулж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн гүйцэтгэх захирлаар ажилласан. ТбТжуулчны бааз нь 2004 оноос үйл ажиллагаа явуулсан. Энэ шийтгэврийн гол үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй жуулчны үйл ажиллагаа явуулсан гэдэг. Гэтэл тухайн үед Гурвансайхан сумын Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гүнийн худгийн болон ариун цэврийн байгууламжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж байсан. Иймд зөвшөөрөлгүй явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Харин сүүлд намар буюу 10 сард байх Гурвансайхан сумын Засаг даргын захирамж хүчингүй болсон тухай мэдэгдэж байсан.  Мөн улсын байцаагч тухайн үед зөрчлийн хэрэг нээсэн, прокурор үүнийг хянаад дуудаж тайлбар авах байх гэсэн боловч дуудаж тайлбар авалгүйгээр шийтгэл ногдуулсан. Ажил дээр нэг өглөө ирэхэд ширээн дээр дугтуйтай зүйл байсан ба задалж үзэхэд шийтгэлийн хуудас байсан. Ингээд хуульч нараас зөвлөгөө авч шүүхэд хандсан.  Жуулчны бааз дээр С гэж бий. Энэ хүн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг болохоор түүнийг манай баазын эрх бүхий этгээд гэж ойлгож болно. 2015 онд материал бүрдүүлж өгч байсан боловч шаардлага хангаагүй гэсэн хариу ирсэн. Мөн 2018 онд бүрдүүлж өгөхөд материалыг буцаасан ба үүнээс болж Ц бид хоёр маргалдаж байсан удаатай.  Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын заавал бүрдүүлсэн байх баримт бичгүүдийн жагсаалт гэж надад өгсөн. Үүнээс зарим зүйлийг тодруулахаар хариулт өгч чаддаггүй. Тухайлбал жагсаалтын 2-т хэрэгжүүлэх төслийн хувь гэж байна. Үүнийг тодруулж асуухаар төсөл ямар байдлаар бичигддэг, түүний дагуу бич гэж хэлэхээс өөрөөр тайлбарладаггүй. Төсөл чинь олон янз тавигдах шалгуур шаардлага, агуулга нь өөр өөр байдаг. Гэвч энэ талаар тайлбарлаж өгдөггүй. Мөн 6-т төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа гэж байна. Миний хувьд нэгэнт эхэлчихсэн жуулчны баазын үйл ажиллагааг явуулж байгаа болохоор баталгаа байх шаардлагагүй гэж үзэж байна. 7-т татварын болон банкны өргүй гэдгийг баталсан баримт бичиг гэж байна. Мөн миний тухайд Хас банкинд бизнесийн зээлтэй яахуу гэхээр мэдэхгүй. Заасан материалуудыг би авна гэдэг. Энэ жилийн тухайд материалыг бүрдүүлээд явж байна. Анх энэ компанийг шилжүүлж авахад баримт бичигт нь 2003 оны 4 сарын 1-ний өдрийн Жуулчны баазууд байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж байсан. Уг захирамжид Говийн дэвшил ХХК М гэж байсан ба би тухайн үед Говийн дэвшил нь ТбТболсон юм байна гэж ойлгож байсан. Өнөөдөр ирсэн баримтаас харахад арай өөр ойлголт юм байна.  2015 онд баримт бичиг бүрдүүлэх талаар шаардлага тавьж байсан. Тэр үед би 10 хуудастай ерөнхий төлөвлөгөөг 5 сая төгрөгөөр хийлгэж, хүсэлтийн хамт хүргүүлэхэд шаардлага хангахгүй байна гэж буцаасан. Зөвшөөрөлтэй, өөрийн бүтээсэн хөрөнгө оруулалттай болохоор шалгалт хийх өдөр үйл ажиллагаа явуулж байсан юм. Зөрчлийн арга хэмжээ авагдсанаас хойш Засаг даргын захирамжийг хүчингүй болсон талаар надад мэдэгдсэн. Би захирамжтай маргаагүй. Хэрэгт авагдсан албан шаардлагуудын тодорхой хэсгүүдийг авч байсан. Сүүлд бүрдүүлэх баримт бичигт Жайка-гийн төслийг болно гэсэн. Гэвч банкны зээлийн асуудал байсан. Мөн манайх 10 сард материалаа өгөхөд он дуусч байна, авахгүй гэж ээжид хэлсэн байсан. Одоо баримт бичгээ бүрдүүлж байгаа болохоор үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд 4 сард баримтаа өгсөн. Эрх бүхий байгууллагад хүргүүлэх асуудал үлдсэн байх. Бас нэг маргаантай асуудал байдаг. Хавтаст хэрэгт авагдсан 61-р хуудаснаас тайлбарлая.  Энэ нь аялал жуулчлалын бүсэд жуулчны бааз гэж гараар тэмдэглэсэн байдаг.  1-р бүсэд  байгалийн орчны байцаагчийн байр, жуулчны бааз гэж байдаг. Гэтэл одоо болохоор 1-р бүсэд байнгын үйл ажиллагаа явуулах жуулчны баазын үйл ажиллагааг хориглоно гэдэг. Газрын кадасртаар оруулахаар энэ бүсэд аялал жуулчлалын бааз нь ордог боловч танай компанид олгох боломжгүй гэдэг асуудал яригддаг. Ямар ч байсан яам руу материалыг явуулъя гэсэн. Мөн манайхыг албадан нүүлгэх юм гэсэн. Энэ тохиолдолд хохирол яригдах байх. Өөрсдөө болохоор хориглолтын хягаарлалтын бүсийн захад байрласан гэдэг. Бүрдүүлсэн материалыг буцааж байсан үйлдэлтэй нь холбогдуулж гомдол гаргаж байгаагүй.  

Миний хувьд энэхүү шийтгэврийг гардаж хүлээн авсан зүйлгүй. Уг шийтгэврийн материалтай бүрэн танилцаагүй, тэмдэглэл шийтгэвэртэй танилцаагүй, гардаж аваагүй, хяналтын прокурорын зүгээс надад хэргийг танилцуулаагүй байсан. Иймд энэхүү шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 0166647 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Болсон бодит байдлын талаар хангалттай ярьлаа. Хууль хэрэглээний талаар саналаа хэлье. ТбТХХК-ийн үйл ажиллагаанд 2018 оны 7, 8 сард төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийсэн байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг тодорхой удирдамжийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хийдэг. Уг хуулийн 51.1-д Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ, 51.2-т хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана гэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэ удирдамжийг тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа баталсан байх ба хуулиас үзэхээр энэ байгууллагад ийм эрх хэмжээ олгогдоогүй байна. Энэ газарт ганцхан бааз үйл ажиллагаа явуулдаг. Үнэхээр улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд  шалгалт хийх гэж байгаа бол хуульд зааснаар 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг 2017 онд батлуулах ёстой байсан. Гэвч энэ ажиллагааг явуулахгүйгээр өөрийн байгууллагын даргаар батлуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдчихээд 7 сарын 1-ны өдөр удирдамжаа батлуулсан байдаг. Уг нь удирдамж гарсны дараа мэдэгдэх ажиллагаа хийгдэх ёстой. Хариуцагч үүнийг ч хүлээн зөвшөөрч байна. Удирдамждаа 7 дугаар сарын 3-нд хийнэ гэсэн мөртлөө танилцуулгад 2-нд хийсэн гэж бичсэн байдаг. Энэ танилцуулгад үндэслэн албан шаардлагыг хүргүүлсэн ба мөн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх удирдамж боловсруулсан. Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг урьдчилан төлөвлөхгүйгээр өмнө нь тавьсан асуудлаа шалгах хүрээнд явуулдаг гэдгийг мэднэ. Гэвч анхны 2018 оны 7 сарын 2-ны өдөр хийсэн шалгалт хуульд заасан хүрээнд явагдаагүй. Хариуцагч шалгалт хийсэн хугацааг өдрийн 15 цаг, 14 цаг гэж ойлгоно гэж байгаа боловч энэ нь 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хяналтын хуудсанд эхэлсэн 11 цаг 40 минут, дууссан 03 цаг 00 минут, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хяналтын хуудсанд эхэлсэн 12 цаг 47 минут, дууссан 02 цаг 20 минут гэж тус тус бичигдсэн байна. Энэ нь шөнийн цаг гэж ойлгогдохоор бөгөөд уг нь ажлын дараагийн өдөрт дуусахаар байгаа юм. Цаг хугацааг ухраасан юмуу урагшлуулсан юм уу аль эсэх нь ойлгогдохгүй буюу хууль бус шалгалт байна. Шийтгэлийн хуудсан дээр хууль хэрэглээний алдаанууд байна. Энэ нь ТбТХХК-ийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан асуудлыг шалгаад олсон нь Балжинням овогтой Ц гэж бичээд шийдвэрлэх нь хэсэгтээ мөн Б.Ц гэжээ. Үүнээс үзвэл иргэн,  хуулийн этгээдийн хэн алинд нь шийтгэл ногдуулаад байгаа нь ойлгомжгүй буюу тодорхойгүй байна. Хэрвээ иргэний хувьд нь шийтгэл ногдуулж байгаа бол 30 сая төгрөгөөр торгох эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 7.17-ийн 1 дэх хэсгийн 1.1-т иргэнийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасан байна. Өөрөөр хэлбэл санкц нь өөр хоорондоо тохироогүй байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах боломж байгаагүй юу.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тодорхой тохиолдлуудыг заасан байдаг ба хэрвээ энэ заалтад үндэслэсэн гэвэл бүхэл бүтэн 2 сарын дотор шийдвэрлэсэн нь энэ заалттай нийцэхгүй байна. Зөрчлийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нээгээд 10 дугаар сарын 9-ний өдөр шийтгэл оногдуулж нийт 60 хоногт үйл ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар нийтдээ 58 хоногийн дотор шийдвэрлэх учиртай. Гэвч 60 хонгийн дараа утга агуулгын илэрхий алдаатай шийдвэрээр шийтгэл ногдуулсан. ТбТХХК-ийн хувьд шинээр анхнаасаа байгуулагдаагүй, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан үл хөдлөх хөрөнгөн дээр үндэслэн үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэх боломжтой. Тиймдээ ч ТбТХХК-д Гурвансайхан сумын Засаг дарга газар эзэмших эрхийг олгосон байх. Ингээд захирамж хүчингүй болсон. Цын тухайд уг захирамжтай маргаагүй, одоо бичиг баримтаа бүрдүүлэн холбогдох байгууллагад нь өгч байна. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.1-т газар ашиглахад зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийг заасан байна. Үүнд төсөл хэрэгжүүлэгч уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа, татварын болон банкны өргүй гэдгийг баталсан баримт бичиг, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх, гэрчилгээний үнэ аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр гэсэн 3 баримт заасан байна. Гэтэл хариуцагч байгууллага журамд заагаагүй 10 баримт шаарддаг. Хариуцагч сая хуралдаан дээр яамнаас шаарддаг гэж байгаа боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Ийм үндэслэлүүдээр миний үйлчлүүлэгчийн эрх, ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хангаж өгнө үү” гэв.        

Хариуцагч А.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тусгай хамгаалалттай газар нутагт Сумын засаг дарга зөвшөөрлийг олгохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, 37 дугаар зүйлд сум, дүүргийн засаг дарга  шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан байдаг. Эдгээр заалтаас үзвэл бид материалыг хянаж үзээд яамнаас зөвшөөрлийг олгоно. Манай байгууллага 2017, 2018 ондуудад ТбТХХК-ийн үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналтын хуудсаар шалгалт хийж, зөрчлөө арилгах албан шаардлагыг хүргүүлсэн. Тус албан шаардлагад зөрчлөө арилгаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахыг хүртэл урьдчилан мэдэгдэж байсан. Бид нийтдээ 12 удаа зөвлөмж, зөвлөгөө хэлбэрээр  албан бичгийг хүргүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 1 2-т төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх заалттай. Үүний дагуу 7-14 хоногийн дотор мэдэгдэж байсан боловч энэ хүн байдаггүй юм. Тухайн үед Ц ТбТХХК-ийн үйл ажиллагааг би хариуцдаг учир албан бичгийг надад өгч байгаарай гэж байсан хэлсэн учир энэ хүний хаягаар хүргүүлж байсан. Энэ тухай манай бичиг хэргийн бүртгэлийн дэвтэрт бий.  Миний хувьд материалыг хүлээн авах үүрэгтэй болохоос шийдвэр гаргадаг хүн биш юм.  Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын заавал бүрдүүлсэн байх баримт бичгүүдийн жагсаалтыг манай байгууллага баталдаггүй. Яамнаас баталдаг юм. Надаас зөвлөгөө зөвлөмж авч байгаагүй. 2015 оноос эхлэн албан бичиг болон утсаар сануулаад байхад завгүй гэх шалтгаанаар үл тоож ирдэггүй байсан. Харин зөрчлийн хэрэг нээлээ гэж хэлэхэд ирсэн. Тэр үед чамаас стандарын шалгалт авна гэж хүртэл элдвээр хэлж байсан. Хяналт шалгалтын хуудсанд бичигдсэн эхлэх дуусах хугацааны хувьд 15 цаг, 14 гэж ойлгож болно. Удирдамж батлуулж байж мэдэгдлийн хуудас явна. 7.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа гэдгийг чоно агнасан гэх мэт асуудлыг ойлгоно. ТбТХХК-ийг торгосон юм. Хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй субъект болохоор холбогдогч Ц гэж шийтгэлийн хуудастаа бичсэн. Энэ шийтгэлийн хуудсыг Мэргэжлийн хяналтын газраас бүх байцаагч нартаа өгсөн. Үүний дагуу бичсэн. Нэхэмжлэгчийн ярьж буй орчны бүстэй асуудлыг мэдэхгүй байна. Мөн энэ нь зөрчилтэй холбоогүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааснаар гэнэтийн байдлаар буюу төлөвлөгөөт бус шалгалтыг хийж болно. 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж, мөн тухайгаа дэлгэрүүлж бичсэн. Манай байгууллага хяналт шалгалтыг хийх бүрэн эрхтэй байгууллага юм. Дундговь аймагт тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах байгууллага 2013 онд байгуулагдсан ” гэв.   

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс “... улсын байцаагч А.Цийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 0166647 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүх  нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, прокурорын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “ ... Энэ шийтгэврийн гол үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй жуулчны үйл ажиллагаа явуулсан гэдэг. Гэтэл тухайн үед Гурвансайхан сумын Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гүнийн худгийн болон ариун цэврийн байгууламжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж байсан. Иймд зөвшөөрөлгүй явуулсан гэж үзэх үндэслэлгүй ...” хариуцагч “... Тусгай хамгаалалттай газар нутагт сумын Засаг дарга зөвшөөрлийг олгохгүй ... ” гэж тус тус маргана.

ТбТХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/39 тоот шийдвэрийг үндэслэн Их газрын чулуунд жуулчны баазын зориулалтаар 8296.0 м2 /га/ газрыг гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн гэх буюу 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр эзэмшсэн байх боловч энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “... байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа ... -д гаргана”, 2-т “хамгаалалтын захиргаа ... газар ашиглах тухай иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь ... байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа ... саналыг үндэслэн гаргана” 37 дугаар зүйлийн 1-т “Сум, дүүргийн Засаг дарга шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заасантай нийцээгүй байх тул ТбТХХК-ийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхээр байна.

2. Гэвч Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 0166647 дугаартай шийтгэлийн хуудсаар байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд ТбТХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх асуудлыг шалгаад Балжинням овогтой Цад гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 7.17-ийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад үндэслэн 30000000 төгрөгийн шийтгэл оногдуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж ажиллагааг явуулжээ. Үүнд:

- Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01/46 дугаартай албан бичгээр ТбТХХК-д “2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийх” талаар мэдэгдэж, 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 3 дугаартай хяналт шалгалтын удирдамждаа “хугацаа 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр”, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хяналт шалгалтын 3 дугаартай танилцуулгад “2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн А.Ц, Байгаль хамгаалагч Д.М нар баазын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ”, мөн хяналтын хуудсанд “2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр”  гэж тус тус зөрүүтэй байдлаар тусгасан байна.

Үүнээс үзвэл эрх бүхий албан тушаалтны хяналт шалгалт хийсэн гэх өдөр нь тодорхойгүй, хяналт шалгалтын үйл ажиллагааг тодорхой тэмдэглэн баримтжуулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 “хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа, ... үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” хэлнэ гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтныг Төрийн хяналт шалгалтын хүрээнд хяналт шалгалтыг хийсэн гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хийсэн гэх шалгалтдаа үндэслэн 39-04-207 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн шаардлагыг “Т б т” ХХК-д хүргүүлж, улмаар хяналт шалгалтын 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 5 дугаартай удирдамжаар “ТбТ” ХХК-ийн үйл ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхээр шийдвэрлэсэн байх боловч эдгээр шийдвэр нь хуулийн хүрээнд явагдаагүй анхны хяналт шалгалттай холбоотойгоор гарсан байх тул дээрх шийдвэрийг хуулийн хүрээнд гарсан гэж үзэх боломжгүй байна.  

-Түүнчлэн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгад “2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ... баазын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ” гэх атлаа 2018 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэртээ “...2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр шалгаад зөрчлийн асуудлыг олсон нь...”, “... шийдвэрийг хүлээн авснаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор гомдол гаргаж болно” гэх зэргээр хугацааны хувьд шалгахаас өмнө түрүүлж зөрчлийн асуудлыг олсон, мөн шийдвэр гаргахаас өмнөх хугацаанд гомдол гаргаж болохоор заагаад байгаа нь утга агуулгын хувьд ойлгомжгүй юм.  

- 2018 оны 7 дугаар сарын 3, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрүүдийн хяналтын хуудсанд эхэлсэн 11 цаг 40 минут, дууссан 03 цаг 00 минут, эхэлсэн 12 цаг 47 минут, дууссан 02 цаг 20 минут гэж тэмдэглэгдсэнээс нь үзвэл дууссан цаг, минут нь тодорхойгүй, тухайлбал тухайн өдрийн 24 цагт багтан дууссан, эсхүл 24 цагаас хойших буюу дараагийн өдрийн цаг, минутад дууссан эсэх нь тодорхой бус байна.     

- Эрх бүхий албан тушаалтан 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 0166647 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.17-ийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад үндэслэн “Т б т” ХХК-ийг 30000000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн гэх боловч уг шийтгэлийн хуудаснаас үзвэл хуульд зааснаар хариуцлага хүлээх субъектыг тодорхой болгон зааглаж өгөөгүйгээс хувь хүнд хуулийн этгээдийн хүлээх хариуцлагыг оногдуулсан гэж ойлгогдохоор байна.  Тодруулбал энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасантай нийцэхгүй байх ба мөн шийдвэртээ холбогдогч этгээдэд гомдол гаргах боломжийг зааж өгөөгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл ... гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.

3. “ТбТ” ХХК одоо үйл ажиллагаа явуулж байгаа нь 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 0166647 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэх үндэслэл, шалтгаан болсон тухайн цаг үеийн хяналт шалгалтын үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй байх бөгөөд дээрх асуудал нь эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэх асуудал болно. 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... Жуулчны баазууд байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж байсан. Уг захирамжид Говийн дэвшил ХХК Мөнхбаатар гэж байсан ба би тухайн үед Говийн дэвшил нь ТбТболсон юм байна гэж ойлгож байсан. Өнөөдөр ирсэн баримтаас харахад арай өөр ойлголт юм байна ...”, “...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.1-т зааснаас үзвэл гурван баримт заасан байна. Гэтэл хариуцагч байгууллага журамд заагаагүй 10 баримт шаарддаг...” гэж маргадаг ч энэ асуудлаар холбогдох байгууллагын харъяалах шүүхэд хандах эрх нь нээлттэй юм.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТбТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0166647 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч ТбТХХК-ийн захирал Б.Ц, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч А.Ц нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.Ц