Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1085

 

МАГАДЛАЛ

 

2017.05.05                                                     Дугаар 1085                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01730 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Нарангэрэл, С.Тогтохжаргал нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 19 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Баянхүү,

Өмгөөлөгч :Б.Ганболд,

Хариуцагч: Б.Нарангэрэл,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Борхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б.Нарангэрэлтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж БНСУ-ын Гүлмин банкаар 6 700 ам.доллар шилжүүлж тухайн өдрөө түүний нөхөр С.Тогтохжаргал хүлээн авсан. Энэ нь төгрөгөөр тооцвол 9 011 700 төгрөг болж байсан. Мөн дахин 2012 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 850 000 вон, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр        1 150 000 вон, 450 ам.доллар шилжүүлж хариуцагч нарт нийт Монгол мөнгөөр 12 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Б.Нарангэрэл нь мөнгийг хугацаандаа төлөөгүй ба өнгөрсөн хугацаанд зээлийн үүргээ гүйцэтгэж өгөхийг удаа дараа хүссэн боловч эцэстээ шүүх цагдаагаар яваад авахгүй юу гэсэн хариуг өгсөн.

Б.Нарангэрэлийг би Солонгос улсад хэл мэдэхгүй байхад өөрийн дэргэдээ авч ажиллуулж байсан, буудлын жижиг өрөөнд өвөртөө унтах нь холгүй бие биеээ ойлгож ажиллаж байсан. Би түүнд итгэж л энэ мөнгийг өгсөн. Мөнгө өгсөн өдөр буюу Б.Нарангэрэлийг Монгол буцахын өмнөх орой эгч нь чамд 12 000 000 төгрөг зээлдүүлж, барьцаа гэж авсангүй чамд итгэж байгаа шүү гэхэд Б.Нарангэрэл би таны итгэлийг алдахгүй гээд зээлийн гэрээ бичгээр байгуулж, гэрээнд хүү төлөхөөр зааж, бид хоёр өөрсдөө гарын үсэг зурсан. Энэхүү бичгийн гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж хэрэгт өгсөн байгаа, гэрээг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй байгуулсан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн үндсэн төлбөрийг Монгол төгрөгт шилжүүлэн тооцож, гэрээгээр тохирсон дүн болох 12 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу зээлийн хүү 7 200 000 төгрөг нийт 19 200 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. С.Тогтохжаргалаас шилжүүлсэн 6 700 доллартай тэнцэх мөнгөө нэхэмжилнэ, харин үлдэх хэсгийг нь Б.Нарангэрэлээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Энэ хүнд баярлаж байгаа. Би тухайн үед зээлтэй байсан. Сард 587 000 төгрөг өгдөг байсан. Би нөхөртэйгээ банкнаас зээл аваад микро авч шугаманд явуулах боломжтой гэж ярьж байхад Б.Мөнхзул өөрөө асууж би мөнгө зээлнэ, микро авна гэсэн. Б.Мөнхзулаас              12 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Монгол явахын өмнөх орой зээлийн гэрээгээ бичгээр байгуулсан, харин нотариатаар баталгаажуулаагүй. Надад Б.Мөнхзулыг хуурна гэсэн бодол байгаагүй. Б.Мөнхзулаас авсан мөнгөө Монгол руу нөхөртөө шилжүүлэхдээ хүнээс зээлсэн гэж ерөөсөө хэлээгүй, өөрийнхөө цалинг явуулж байгаа л гэж хэлсэн. Манай нөхөр С.Тогтохжаргал энэ зээлийн талаар юу ч мэдэхгүй. Тэгээд зээлсэн мөнгөөрөө Монголд микро автобус аваад шугаманд явуулж байтал аваарт ороод барьж явсан жолооч нь нас барсан. Миний төлөвлөж байсан ажил бүтэлгүйтэж би өөрөө маш их хохирсон. Би бага багаар мөнгөө цуглуулж өгч байсан. Удалгүй би савны хорт хавдар туссанаа мэдсэн. Хамаг юмаа зараад эмчлүүлэн орох оронгүй болсон. Дараах нь осолд орж хөлөө хугалсан 1 жил гэртээ байсан. Дараа нь би хоёр ихэр хүүтэй болсон гэтэл нөхөр миний хүүхэд биш гээд надаас салаад явсан. Надад маш их зүйл тохиолдсон энэ бүхнийгээ Б.Мөнхзулд хэлбэл итгэхээргүй байсан. Б.Мөнхзулд 2 000 000 төгрөг өгсөн Оюунхорол дүүд нь мөнгө өгч байсан би нөхрөөрөө дамжуулж зээл шилжүүлж байсан. Энэ баримтуудыг гаргуулж авч чадахгүй байна. Б.Мөнхзулд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, Ц.Оюунсүрэнгээр дамжуулж 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 300 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 120 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн Т.Чагцалдуламаар дамжуулж 1 000 000 төгрөг өгсөн. С.Батбаяр гэж хүн 1 000 000 төгрөг надаас зээлсэн ба энэ мөнгийг зээлсэн мөнгөнөөс хасч тооцох ёстой. Ингээд нэхэмжлэгчид нийт 8 300 000 төгрөг өгсөн, одоо 3 700 000 төгрөг өгөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Нарангэрэлээс 13 280 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 920 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч С.Тогтохжаргалд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 253 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Нарангэрэлээс тэмдэгтийн хураамж 224 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхзулд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Б.Мөнхзулаас тодорхой хэмжээний мөнгө зээлж авч байсан нь үнэн боловч 12 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэрт тусгадсан шиг зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлсэн явдал байхгүй бөгөөд тухайн үед би гадаад улсад ажиллаж байсан. Шүүх болон шүүхийн холбогдох ажилтан нь миний эрх үүргийн тайлбарлаж өгөлгүй шүүх хурлын өмнөх өдөр над руу утсаар ярьж маргааш шүүх хуралтай ир гэсэн ба шүүх хурлын өдөр шүүхийн танхимд сууж байхад цаасан дээр гарын үсэг зуруулан авсан би тухайн үед шүүх хуралдаанд ирсэн гэж гарын үсэн зуруулж байна гэж ойлгосон бөгөөд харин надад хэргийн материалтай танилцсан гэж гарын үсэг зуруулж авсан байсан. Шүүх хуралдааны явцад 12 000 000 төгрөг зээлж авсан гэрээг харахыг хүссэн боловч надад харуулаагүй би энэ гэрээний талаар ямар нэг ойлголт байхгүй хараагүй, би ямар нэг гэрээнд гарын үсэг зураагүй, байхад шүүх бичгийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн ба энэ талаар эсрэг нотлох баримт гаргаж өгөх, бололцоог олгоогүй шийдвэр гарсан явдалд гомдолтой байна. Иймд тухайн хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн бодитоор шийдвэрлэхийн тулд нотлох баримттай бүрэн танилцах, нотлох баримт гаргаж өгөх тэгш мэтгэлцэх зэрэг үндсэн эрхийг эдлэх боломж олгон дахих хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхзул нь хариуцагч Б.Нарангэрэл, С.Тогтохжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 19 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...мөнгө авсан боловч 12 000 000 төгрөгийг аваагүй, гэрээнд гарын үсэг зураагүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

Хэдийгээр “гэрээ байгуулсан огноо буюу 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2012 оны 8 дугаар сарын 5-нд 850 000 вон, 21-нд 1 150 000 вон, 9 дүгээр сарын 4-нд 450 ам.доллар, нийт 12 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлэх, хүү 7 200 000 төгрөг болох...” гэж бичсэн байгаа боловч энэ мөнгийг аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүх хуралдаанд хариуцагч нь “...12 000 000 төгрөгийг авсан нь үнэн...” гэсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Шүүх хариуцагчийн буцаан төлсөн мөнгийг 5 800 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь 8 300 000 төгрөгийг буцаан төлснөө баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Тогтохжаргал нь зээлийн гэрээнд заасан мөнгийг аваагүй талаар хариуцагч Б.Нарангэрэл нь тайлбарласан байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ