Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0075

 

                               “С м т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 889 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, Ж.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0491/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С м т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.2, 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С м т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “С м т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны байгууллага нь тухайн тусгай зөвшөөрлийг хянах эрх, үүргийг хуулиар хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг хянахгүйгээр, нэхэмжлэгч хуулийн этгээдийг ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ. Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. “С м т” ХХК ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ёстой байснаа мэдэж байсан, энэ талаар маргаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ээлжит жилийн төлбөрөө өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай төлж чадахгүй болохоо хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж урьдчилж мэдэгдээгүй байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгаж болохгүй.

3.2. Хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг хянахгүйгээр гаргасан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өвчний улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй болно.

3.3. Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “С м т” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан. Дээрх хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг.

3.4. Гэтэл шүүх хариуцагчийг “нэхэмжлэгч хуулийн этгээдээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй байсан байхад Захиргааны ерөнхий хуулийн сонсон ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4838 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу “С м т” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “С м т” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 482 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй. “С м т” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр хуулийн этгээдийн бүртгэлд орсон өөрчлөлтөө бүртгүүлэхээр /5 сарын дараа/ хандсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасан хугацаанд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгээгүй бөгөөд маягтад дурдсан 99**-**** дугаарт залгахад утсаа аваагүй байна.

3.7. Мөн төлбөрийн төсөөтэй харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж 6.1.41.а-д “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа”-д хамааруулсан “С м т” ХХК-ийн гүйцэтгэх захирал хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус байгууллагад хандах үедээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хугацаа байсан гэж үзэж байна.

Иймд “С м т” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Нэхэмжлэгч “С м т” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.2. Анх маргаан бүхий Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт байрлах “Шарга” нэртэй 9213.66 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-021127 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар 22-ны өдрийн 726 дугаар шийдвэрээр “Г-Э” ХХК-д олгосон бөгөөд нэхэмжлэгч “С м т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан байна.

3.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “С м т” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Шарга сумын “Шарга” нэртэй газарт байрлах XV-021127 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл хоног байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

3.5. Нэхэмжлэгч компанийн тухайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг дээрх хуульд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө дараа жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх бөгөөд уг хугацаанд төлөөгүй тохиолдолд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө алдангийн хамт төлөх боломжтой байсан ч төлөөгүй бөгөөд маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэр гарсны дараа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр алдангийн хамт төлсөн байгаа энэ тохиолдолд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

3.6. Түүнчлэн нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Г.С нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд “Г” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, ийнхүү эмчлүүлэх хугацаанд ажилдаа ирж компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн төлбөр тооцоо хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдсонгүй.

3.7. Хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.С нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болох нь тогтоогдож байх хэдий ч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст “С м т” ХХК нь Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт орших XV-021127 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг компанийн эзэмшигч солигдож өмнөх гүйцэтгэх захирал О овогтой Б нь Г овогтой С болж өөрчлөгдсөн тул хуулийн этгээдийн тодорхойлолтыг шинэчлэн хүргүүлж байна. Уг өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байсан, өөрөөр хэлбэл, компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад оролцож байсан гэж үзэхээр байх тул тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал гарцаагүй үүссэн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

3.8. Мөн хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4838 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “С м т” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 4 дэх жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг болон Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийг мөн хуулийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч буцаагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3.9. Тодруулбал, нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан хугацаанд хаягийн өөрчлөлтийг бүртгүүлээгүй байгаа энэ тохиолдолд хариуцагч байгууллагаас өмнө бүртгүүлсэн албан ёсны хаягаар ийнхүү мэдэгдэл хүргүүлсэн боловч хаягт байхгүй шалтгаанаар буцаагдсан байх тул хариуцагчийг хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.

3.10. Нэгэнт нэхэмжлэгч компаниас хуульд заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С м т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН