Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/252

 

 

 

 

 

 

 

 

     2021          03          11                                       2021/ШЦТ/252

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:  С.Цэрэндулам,

улсын яллагч: Т.Отгонтөгс,

хохирогч: Д.Ц,

шүүгдэгч: С.С нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ст холбогдох 2108000000000 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 6 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо 0-р хороолол 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, /РД:ЦЕ0000000/ Цэгц овогт Сын С нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1/ Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны гадаа хамтран амьдрагч асан Д.Цийг түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2021.01.20-ны өдрийн 20 цаг 32 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,

-Хохирогч Д.Цийн: “...2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн үед С над руу утсаар залгаад “гэрийн чинь гадаа ирсэн байна гараад ир” гэхээр нь би гарахад С машинтай ганцаараа ирсэн байсан. Би машинд нь орж суугаад уулзахад С “би гэртээ оръё” гэхээр нь би “үгүй чамайг оруулахгүй” гэхэд “тэгвэл нэг шил архи аваад өгчих” гэхээр нь үгүй гэж жоохон татгалзаж байгаад ямар архи авах юм гэхэд Хараа архи гэхээр нь нэг шил архи авч өгөхөд С архиа задлаад надад хийж өгөхөөр нь би амсаад өгөхөд С архиа бараг дуустал нь ганцаараа уусан. Тэгээд С жаахан согтоод “буцаж амьдаръя, би чамтай, хүүхдүүдтэйгээ баймаар байна” гээд уйлаад байсан. Тэгтэл миний утас руу манай нэг эрэгтэй найз залгахад С миний утсыг булааж аваад “Чи хэн бэ, би Цэцэгдэлгэрийн нөхөр нь байна” гэж хэлээд утас салгасан. Тэгтэл удалгүй миний утас руу манай бага эгчийн хүү Аюур залгаад “аниа танай орцны код хэд билээ” гэж асуухаар нь би кодоо хэлээд утсаа салгахад С намайг хардсан бололтой шууд миний нүүр рүү гараараа нэг удаа алгадаад дахин нүүр рүү гараараа 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-19-23/,

-Гэрч Н.Лгийн: “...Намайг очиход Цэцэгдэлгэр С рүү чи намайг ийм болгочихлоо гээд зогсож байсан. Цэцэгдэлгэрийн зүүн талын хөмсөгнөөс цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-24-26/,

- Хүний биед үзлэг хийсэн “Иргэн Д.Цийн биед буюу толгой нүүрний хэсэгт зүүн нүд хөхөрч хавдсан ба зүүн хөмсгөнд 4 оёдол тавьсан шархтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-3, 4/,

- Шинжээчийн 2021.01.26-ны өдрийн 884 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсгөнд хөндлөн 2,5 см хэмжээтэй шарханд оёдол тавигдсан, шарх цэвэр боолттой, зүүн дээд зовхи хавдсан, ягаан өнгийн цус хуралттай, эрүүний баруун буланд дарахад эмзэглэлтэй, зүүн хацрын шонтонд 3х2 см талбайд овойж хавдсан дарахад эмзэглэлтэй. Дүгнэлт: Д.Цийн биед зүүн хөмсөгний шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-29-30/

- С.Сийг 2021 оны 1 сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас эрүүлжүүлсэн тэмдэглэл /хх-51/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч С.Сийн хувийн байдалтай холбоотой  болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шинжээчийн 884 дугаартай дүгнэлтээр хохирогчийн бие махбодид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчиллээр учирсан нь тогтоогдсон байна. Энэ нь хохирогчийн “миний нүүр рүү гараараа нэг удаа алгадаад дахин нүүр рүү гараараа хоёр удаа цохисон” гэх мэдүүлэгтэй тохирч байх тул шүүгдэгч С.Сийн “санаандгүй цохисон” гэх мэдүүлгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Улсын яллагчаас С.Сийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба мөн ийм байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцлоо.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, мөн зүйлийн 3.2-т “... хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж , мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн зүйлийн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодоороо хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

          Шүүгдэгч С.С, хохирогч Д.Ц нар нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч, дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн болох нь хохирогчийн “Би Сын С гэдэг хүнтэй 2013 онд танилцаад нэг жил хамтран амьдраад дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Шоронд ороод гарч ирэхэд нь буюу 2019 оны 3 сар хүртэл хамт амьдраад салсан ба 2019 оны 1 сард бага хүү маань гарсан. Нэг өдөр гэрээсээ гараад эргэж ирээгүй. Надаас яагаад салсан гэдгийг ч мэддэггүй. Тэгээд өнөөдрийг хүртэл хугацаанд С над руу хааяа утсаар ярьдаг байсан. Бага хүүгийн төрсөн өдөр 1 сарын 10-нд болдог юм. Гэтэл 300000 төгрөг шилжүүлж өгсөн. Урьд нь огт ингэж байгаагүй тул гайхаж баярласан. 1 сарын 20-нд манай гэрийг олж ирээд “гэрт орно” гэхээр нь том охиноосоо санаа зовоод гарч машинд уулзсан”  гэх мэдүүлэг, гэрч Н.Лгийн “Би Сын Стэй 2019 оны 8 дугаар сард танилцаж байсан. Тэр цагаас хойш хамт амьдраад дундаасаа 4 сартай нэг охинтой. С бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамт амьдраад 1 жил 6 сар болж байна. Манай нөхөр надтай хамт амьдрахаасаа өмнө 6 жилийн өмнө Цэцэгдэлгэртэй суугаад тэр хоёр дундаасаа нэг охинтой болсон. Тэгээд Цэцэгдэлгэрээс салаад надтай танилцаад бид хоёр хамт амьдарч байгаа юм” гэх мэдүүлэг /хх-25/, яллагдагч С.Сийн: “... Би 2013 онд Д.Цтэй танилцаад үерхэж байгаад нэг охинтой болсон ба ...хамт амьдарч байгаад 2019 онд хувийн таарамжгүй харилцаанаас болж салсан. Хүүхдээрээ дамжуулан ганц нэг удаа уулзаж байсан ба салсны дараа Цэцэгдэлгэр нэг хүү төрүүлсэн ба эцгийг нь намайг гэдэг юм. Би 2 хүүхэдтэй болсон учир эргээд хамт амьдаръя гэхээр сэтгэл санаа тохирохгүй, хэрүүл маргаан хийгээд байдаг” гэх мэдүүлэг /хх-39-41/, “Сийн Сүүбилэг, 6 настай эмэгтэй, РД: УП14223232, аутизм өвчний улмаас байнгын асаргаа шаардлагатай” тодорхойлолт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулын зэргийн үнэлгээ /хх-16-18/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч С.С нь хохирогч Д.Цээр “Хас” банкнаас зээл авахуулан автомашин худалдан авсны улмаас Д.Цт 16800000 төгрөг төлөх ёстой байгаа болох нь хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн 16800000 төгрөгийн төлбөрийн талаархи тохиролцоо, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би 4 өрөө байртай байсан. Гэтэл барьцаалж зээл авахуулсан тул би эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон. Мөн өөрөө ажил төрөл эрхлэх шаардлагатай байгаа тул банкнаас банкинд зээлээ шилжүүлж нэмж авсаар байгаад 45 сая төгрөгийн зээлтэй байгаа” гэх мэдүүлэг зэрэг баримтаар; хохирогч Д.Ц 2-18 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эх ба хувиараа гоо сайханчаар ажилладаг боловч цар тахлын улмаас ажил эрхлэх боломжгүй байгаа,  тогтвортой орлогогүй, орон сууцны зээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч халамжилдагийн улмаас эдийн засгийн байдал хүнд байгаа болох нь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт /хх-7-15/, Д.Цийн өөрийнх нь мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

          Эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй, тусдаа амьдарч байгаа ч тэдний Гэр бүлийн тухай хуулийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвлшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх г.м үүрэг хэвээр үлддэг.

          Шүүгдэгч С.С нь албан ёсны гэр бүлийн баталгаатай Насанжаргал гэх хүнтэй хамт амьдардаггүй хирнээ гэрлэлтээ цуцлуулаагүй, гэр бүлээс гадуур харилцаа тогтоож,  Д.Цтэй хамтран амьдарч байх үедээ банкнаас зээл авахуулж автомашин худалдан авч захиран зарцуулсан, хүү С.Сайнхишиг болон  байнгын асаргаа шаардлагатай охин С.Сүүбилэг нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж 2019 оны 3 сараас хойш гэр бүлээсээ тусдаа амьдарч, Д.Цийг эдийн засаг, сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан ба  тухайн байдлыг нь далимдуулан Д.Цийг дуудан уулзаж байх явцдаа архидан согтуурсан, улмаар нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.С нь хамтран амьдрагч асан Д.Цийн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан болох нь эдгээр баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд С.Сийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч С.Сийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Цийн бие махбодид “зүүн хөмсөгний шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан, зүүн хөмсөгний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2021 оны 884 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заажээ.

Хохирогч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр болон иргэний нэхэмжлэлийг нотлох баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Хохирогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцож “Төлбөрийн чадваргүй байгаа болохоор компьютерт томограф хийлгэж чадаагүй. Хөмсөгөнд сорви үүссэн. Гоо сайханчийн ажил эрхэлдэг тул хүмүүстэй шууд харьцдаг. Сорви арилгахад 1.2 сая төгрөг орчим болно гэсэн” гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд хохирогчийг харахад зүүн хөмсөгөнд нь 2.5 см орчим урттай сорви тогтсон байдал тогтоогдлоо.

Дээр дурьдсан Иргэний хуульд заасны дагуу хохирогч Д.Ц нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд  учирсан гэм хорыг арилгахыг С.Сээс шаардах эрхтэй,  өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч С.С нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг  шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шаардлагатай гэж үзвэл хожим нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, энэ талаар тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.

           3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.С нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1.  2010 оны 7 сарын 27-ны өдөр зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж,  мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь Баянгол дүүргийн шүүхийн 322 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-55-56, 52/,

-2014 оны 4 сарын 7-ны өдөр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн;  уг ялыг биечлэн эдэлж байгаад 2015 оны 11 сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 11 сар 5 хоногийн хорих ял болон 500000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг тус тус эдлүүлэхээр тогтоосон; 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, мөн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар оногдуулсан 500000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаас чөлөөлж, 10 жил 6 сарын хорих ялаас үлдсэн 7 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг хасч, нэн даруй суллагдсан болох нь  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 440 тоот шийтгэх тогтоол, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.05-ны өдрийн 145 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.03-ны өдрийн 40 дугаартай захирамж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-62-69, 52/ тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч С.С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлээд үндсэн ба нэмэгдэл ялаа 2017 оны 7 сарын 3-ны өдөр эдэлж дууссанаас хойш Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан 10 жилийн хугацаа дуусаагүй тул түүнийг ялтайд тооцно.

Гэвч Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 11.6 дугаар зүйлд тухайн нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заагаагүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заагаагүй тул С.Сийн ялтай байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч С.Сийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Д.Ц нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч “гомдолтой” гэж байх тул С.С нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгаагүйд тооцно.

Дээрх бүх нөхцөл байдал болон С.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтвортой орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу хуульд заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цэгц овогт Сын Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэгц овогт Сын Сийг 640 /зургаан зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Ц иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч С.Сийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.   

 

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Ст мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ