Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/212

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ш-ын Э-ад холбогдох эрүүгийн 21100000000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-1, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо Шувуун фабрик 5 дугаар хэсэг, 56 гудамж 000 тоотод оршин суух бүртгэлтэй, Хартолгой гэх айлд амьдардаг, өөрийн гэр орон байхгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогт  Ш-ын Э-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Э- нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо Шувуун фабрик 5 дугаар хэсэг 5б гудамж 00 тоотод С.Н-тэй өр зээлээс болж маргалдан, улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун бугалга, тохой, шуунд 2 дугаар зэргийн түлэгдэлт, баруун гарын сарвууны шарх” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх зүйлгүй гэв.  

 

Эрүүгийн 21100000000000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7-р хуудас/,

Хохирогч С.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч С.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 833 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

Шүүгдэгч Ш.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 35-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ш.Э- нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед согтуурсан үедээ Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо Шувуун фабрик 5 дугаар хэсэг 5б гудамж 000 тоотод хохирогч С.Н-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, зуух руу түлхэж унагаасны улмаас “баруун бугалга, тохой, шуунд 2 дугаар зэргийн түлэгдэлт, баруун гарын сарвууны шарх” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Хан-Уул дүүргийн 13-р хороо, 3б хэсэг 303 тоот /хх-ийн 4-7-р хуудас/,

Хохирогч С.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр арын 12-ны өдөр Ш.Э-, Сэмбээ бид гурав Сэмбээгийн гэрт нь очиж машиныг нь түрж асаасан. Бид гурав 1 шил 0.75 литрийн “Бурхан” гэх нэртэй архи авч хувааж уучхаад Ш.Э- бид хоёр манайх руу явсан. Манай гэрт очоод 0.75 литрийн “Стандарт” нэртэй архи хувааж уусан. Би өмнө нь Ш.Э-ад 30.000 төгрөг зээлүүлсэн байсан бөгөөд архи ууж байхдаа Ш.Э-ад хандан “зээлсэн мөнгөө хэзээ өгөх юм бэ” гэж асуухад юм дуугарахгүй байсан. Би тамхиа татаж дуусгаад түрүүлээд гэр рүү ороход Ш.Э- араас орж ирээд араас баруун мөрнөөс хойшоо татахаар нь эргээд хартал “чамайг би алчихна шүү” гээд дайрсан. Ш.Э- бид хоёр амбаарт ноцолдож байгаад тэр чигээрээ гэр рүү орсон. Гэрт ороод Ш.Э- намайг түлхэхэд би халуун пийшин дээр гараараа унасан. Би пийшин дээр унахдаа эргэж хараад баруун гарын шуугаараа тулж унасан. Тэгэхэд миний баруун гарын чигчий хурууны харалдаа шалбарч цус гарсан байсан. Би төрсөн дүү С.Н-гийн 94946143 дугаар руу залгаж хэлсэн. Би Нямбаянд утсаар “би хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр тухайн үедээ балмагдаад гараас их цус гарсан байсан болохоор хутгалсан юм болов уу гэж бодоод тэгээд хэлчихсэн юм. Дараа нь харахад Ш.Э-тай ноцолдож байхдаа гараа юманд урчихсан юм шиг байна лээ. Ш.Э- миний харснаар хутга шөвөг гаргаж ирээгүй. Тэгсэн манай дүү С.Н- цагдаа, эмнэлэг дуудсан байсан. Эмнэлэгт ирээд хоёр оёдол тавьсан. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч С.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Шөнө унтаж байхад 02 цагийн үед манай ах С.Н- над руу залгаад “би хутгалуулчихлаа, хурдан хүрээд ир, цус гараад байна” гэсэн. Тэгэхээр нь эгч рүү ороод яриулаадахъя гэсэн чинь удахгүй ороод яриулсан. Би үнэн хэлж байна уу, худлаа хэлж байна уу гэдгийг нь шалгах гэж тэгсэн юм. Эгч яриад асуусан чинь “нэг гар түлэгдчихсэн бас цус гарчихсан байна” гэхээр нь би шууд гэрээсээ гараад замаараа нэг эгчийгээ аваад С.Н- ахынд ирсэн. Намайг ирэхэд гараас нь цус гарчихсан гараа боосон байсан. Би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орой 22 цагийн үед манай нөхөр С.Н-, Ш.Э- ахтай хамт ирсэн. Тэр хоёр гэрт байсан 1 шил 0.75 литрийн Хараа архийг хувааж уусан. Тэр хоёр архи дуусгаад дэлгүүрээс дахин 1 шил архи авчирсан. Би хоол ундаа идчихээд түрүүлээд хүүхэдтэйгээ унтсан. Нэг сэрэхэд гэрт түжигнэх чимээ гарсан. Манай нөхөр С.Н- Ш.Э- хоёр гэр дотор зодолдож байсан. Тэгэхээр нь би босоод “боль” гээд салгах гэтэл Ш.Э- намайг түлхсэн. Тэгснээ тэр хоёр тамхи татах гээд гараад явчихсан. Тэр хоёр буцаж орж ирээд үүдний амбаарт дахиад ноцолдсон. Тэгснээ гэрт орж ирээд Ш.Э- нь манай нөхөр С.Н-ийг түлхэхэд С.Н- халуун пийшин дээр унасан. С.Н- нь  баруун гараараа тулж унасан. С.Н-ийн баруун гарын шуу хэсэг нь түлэгдсэн. Тэгээд бас гараас нь их цус гарсан. Тэрийг нь харахад зүсэгдсэн юм уу урагдсан юм шиг байсан. Тэгээд тэр хоёр зодолдохоо больсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 833 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Н-ийн биед баруун бугалга, тохой, шуунд 2-р зэргийн түлэгдэлт, баруун гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх  дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

Шүүгдэгч Ш.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...С.Н-ийн гэрт очоод 1 шил 0.75 грамм “Морьт хангай” нэртэй архи хувааж уусан. Бид хоёр дахин нэг шил архи авахаар болоод С.Н- бид хоёр дэлгүүр орж 1 шил 0.75 грамм архи авсан. Тэр архийг ууж байгаад хамт гарч тамхи татсан. Юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Ер нь бол нэлээн согтсон байсан. Ямар ч байсан барилцаж аваад үүдний амбаарт ноцолдож байгаад гэр рүү орохдоо давхралдаад унасан. Тэр үед л С.Н- гараараа пийшин дээр дараад унасан. Баруун гарын шуу хэсгээрээ түлэгдсэн. Би хутга бариагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч Ш.Э-, хохирогч С.Н- нар нь нийлж архидан согтуурсан байдал нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

          Шүүгдэгч Ш.Э- нь согтуурсан үедээ хохирогч С.Н-ийг түлхэж пийшин дээр унагаасны улмаас биед ньбаруун бугалга, тохой, шуунд 2-р зэргийн түлэгдэлт, баруун гарын сарвуунд шархбүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч Ш.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.Э- болон түүний өмгөөлөгчөөс  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчоос хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ш.Э-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ш.Э- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Ш.Э- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна. /хх-ийн 36-р хуудас/

 

Шүүгдэгч Ш.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэн аль нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргасны улмаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Э-ад мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Ш-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Э-ад мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч Ш.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОДБАЯР