Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/383

 

 

 

 

 

 

 

 2021          04          08                                       2021/ШЦТ/383

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Энэрэл,

Шүүгдэгч: С.З нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Зад холбогдох 2108000000000 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1987.03.06-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Номин тав трейд” ХХК-д нярав ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 00-0а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ПЭ000000/ Тавраахан овогт Сын З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд,  шүүгдэгч С.З-ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.З нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Номин тав трейд” ХХК-ийн агуулахын байранд иргэн А.Ттай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа мөргөж, гараараа нүүр лүү нь 2 удаа цохих зэргээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Цагдаагийн байгууллага “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Таван шарын “Номин” дэлгүүрийн агуулахын нярав З цохиж зодох гээд байна ” гэх дуудлага мэдээллийг  2021 оны 1 сарын 18-ны өдрийн 12 цаг 25 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,
  • Хохирогч А.Тын: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Номин тав трейд” ХХК-д хангамжийн мэргэжилтэн хийдэг байсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10-11 цагийн үед ...би нярав З руу утсаар залгаад “хаана байгаан бэ? агуулах онгойлгоод өгөөч хүн юм үзэх гээд байна” гэсэн чинь ...З миний урдаас “би завгүй байна. Ачигч явуулж чадахгүй чамд агуулах онгойлгож өгч чадахгүй” гэхээр нь би утсаа салгаад очиж уулзаад агуулахын түлхүүр авах гээд “Номин тав трейд” ХХК-ийн нийтийн нойлны ойролцоо очиход ...намайг шууд нүүр лүү толгойгоороо хамар луу мөргөсөн. Тэгээд миний уруул руу 2 удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-20/,
  • Гэрч М.Жы: “... “Номин тав трейд" ХХК дээр байж байсан чинь манай ажлын З, Т хоёр хоорондоо маргалдаад байсан, тэгээд би явах гэсэн чинь З Тыг мөргөөд 2 удаа гараараа нүүр лүү нь цохиж байгаа харагдсан. Тэгэхэд уруулаас нь цус гарсан байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.01.20-ны өдрийн 815 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шархтай. Дээд үүдэн 2 шүд урагш хойш бага зэрэг ганхана, хөдөлгөхөд эмзэглэлтэй. Дүгнэлт: А.Тын биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх, дээд үүдэн 2 шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-30-31/,
  • Яллагдагч С.Зын: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-44/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.З нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Номин тав трейд” ХХК-ийн агуулахын байранд иргэн А.Ттай “агуулах онгойлгож өгч чадахгүй, ачигч явуулж чадахгүй, өөрөө ирж онгойлгож ав” гэх шалтгаанаар  маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа мөргөж, гараараа 2 удаа нүүр лүү нь цохих зэргээр зодож, бие махбодид “тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх, дээд үүдэн 2 шүдний ганхалт” гэмтэл учруулсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

  Шүүгдэгч С.Зын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Зын хууль бус санаатай үйлдлийн улмаас А.Тын биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх, дээд үүдэн 2 шүдний ганхалт гэмтэл учирсан, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-30-31/;  А.Т нь “эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. З надаас буруу үйлдэл хийсэндээ уучлалт гуйсан. Цаашид З-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-20/, “...миний бие С.Зад хөнгөн хэлбэрээр цохиулж, хөнгөн гэмтэлтэй нь үнэн болно. Ийм учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогчоос гаргасан эвлэрлийн хүсэлт баталгаагаар /хх-70/ тус тус тогтоогдож байна.

Иймд хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах үндэслэлгүй байна. Харин С.Зын хууль бус үйлдлийн улмаас хохирогч А.Тын дээд үүдэн 2 шүд ганхалт гэмтэл учирсан, цаашид эмчилгээ шаардлагатай байж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан, жичдээ иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч С.З нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-34/ тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас /тухайн үед ачаалал ихтэй байсан гэх/ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Дээрх нөхцөл байдал болон С.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, хохирогч А.Ттай  эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч С.З нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас ажил олгогчийн зүгээс “үндсэн цалингийн 5 хувийг 2 сарын хугацаагаар хасуулах” сахилгын арга хэмжээ авагдсан талаараа шүүхэд мэдүүлсэн ба прокурортой тохиролцож орж ирсэн торгох ялыг 3 сарын хугацаанд 2 хувааж хэсэгчлэн төлөх санал гаргасныг мөн хүлээн авч хангахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 21,5, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тавраахан овогт Сын Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тавраахан овогт Сын Зыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Тавраахан овогт С-ын Зад оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд 2 /хоёр/ хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч С.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бичиг баримт хураалгаагүй, хохирогч А.Т иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Т нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон С.Зын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

 

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Зад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг С.Зад мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ