Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/296

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, 

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт М-ын Б-т холбогдох эрүүгийн 2105001610173 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ********** хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ***********************тоотод оршин суух,

- урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, З овогтой М-ын Б /РД: ******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ********************* тоотод байх Н.Х-ын байнга амьдрах орон байр болох гэрт нь нэвтэрч цохилттой дрилл, энгийн дрилл, лазер хэмжигч, таслагч тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 328.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.Х-ын:

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...гэрээсээ гарахдаа өрөөнийхөө хаалгыг цагаан өнгийн төмөр цоожоор цоожлоод явсан... Өдөр гэртээ 15 цагийн үед ирээд хаалганы цоож зүүлттэй байхаар нь түлхүүрээ хийгээд онгойлгоод гэртээ орсон манай гэрийн эд зүйлийг бүгдийг нь ухаж түнхээд, ундуй сундуй болгож хулгай орсон байсан. Би гэрээсээ юу алдагдсаныг шалгаж үзэхэд орон доор байсан миний барилгын багаж алдагдсан байсан. Үүнд: цахилгаан цохилттой дрилл, цохилтгүй цахилгаан дрилл, лазер тэгш ус, цахилгаан таслагч тус бүр 1 ширхэг алга болсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд манай байрны камер шалгахад миний танил Б гэх залуу манай өрөөний хаалганы цоожийг онгойлгож гэрт ороод манай эд зүйлийг аваад явсан бичлэг байсан. ...Манай гэрийн цоож шинэ байсан. 7500 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 18/, Мөн Б миний хохиролд 200.000 төгрөг өгсөн тул гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 22/,

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3/,

3. Шүүгдэгч М.Б нь хохирогч Н.Х-ын гэрээс хууль бусаар авсан багажуудыг аваад явж байгаад хэв журмын эргүүлийн цагдаад баригдаж, хулгайлсан эд зүйлээ хураалгасан болохыг нотолсон баримт болох эд зүйл хураан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, илтгэх хуудас /хх 8, 9-10/,

4. Шүүгдэгч М.Б хохирогч Н.Х-ын гэрийн цоожийг эвдэж нэвтрэн гарахдаа цагаан өнгийн шуудайтай болон улаан өнгийн хайрцагтай эд зүйл аваад гарч буй хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/,

5. Шүүгдэгч М.Б-ын:

“...Хатанбаатар ахын гэр цоожтой байхаар нь цоожийг нь татсан чинь цоож нь онгойсон, тэгээд би гэрт ороод Х ахыг хүлээгээд жаахан хэвтсэн, гэрт нь зүүрмэглээд унтсан байсан. Би босоод ирсэн орны доор ил улаан өнгийн цахилгаан дрилл зэрэг хэдэн багажууд байхаар нь би аль гайгүй багажийг нь дэлгүүрт архинд тавьчихъя гэж бодоод 2 ширхэг цахилгаан дрилл нэг нь цохилттой, нэг цохилтгүй энгийн дрилл, лазер тэгш ус хэмжигч 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг зэргийг шуудайнд хийгээд аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 80/,

6. Хохирогч Н.Х-т учирсан хохирлын хэмжээг тогтоосон алдагдсан эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 36-40/,

7. Гэрч Г.Х-ын:

“...Би нөхөр М.Б-тай 2016 онд танилцсан. Түүнээс хойш бид 2 нэг гэрт орж, нэг охинтой болсон. Манай охин У одоо 4 настай. Б бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Манай нөхөр үг дуу багатай, бүрэг зантай, 9-р анги төгссөн, жудо бөхөөр барилддаг байсан. Барилга дээр ажил хийдэг. Манай нөхөр Б охин бид хоёрт их хайртай. Архи дарс байнга уудаггүй. Агсам согтуу тавьж зодож цохиж байгаагүй. Гэр бүлдээ халамжтай сайн нөхөр байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

8. Шүүгдэгч М.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч М.Б нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “Шүүгдэгч М.Б гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.Б нь: 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ************байх хохирогч Н.Х-ын байнга амьдрах орон байр болох гэрт нь нэвтэрч цохилттой дрилл, энгийн дрилл, лазер хэмжигч, таслагч тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 328.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Х-ын “...гэрээсээ гарахдаа өрөөнийхөө хаалгыг цагаан өнгийн төмөр цоожоор цоожлоод явсан. ...Өдөр гэртээ 15 цагийн үед ирээд хаалганы цоож зүүлттэй байхаар нь түлхүүрээ хийгээд онгойлгоод гэртээ орсон манай гэрийн эд зүйлийг бүгдийг нь ухаж түнхээд, ундуй сундуй болгож хулгай орсон байсан. Би гэрээсээ юу алдагдсаныг шалгаж үзэхэд орон доор байсан миний барилгын багаж алдагдсан байсан. Үүнд: цахилгаан цохилттой дрилл, цохилтгүй цахилгаан дрилл, лазер тэгш ус, цахилгаан таслагч тус бүр 1 ширхэг алга болсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд манай байрны камер шалгахад миний танил Б гэх залуу манай өрөөний хаалганы цоожийг онгойлгож гэрт ороод манай эд зүйлийг аваад явсан бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Эд зүйлээ хураан авсан тухай тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, илтгэх хуудас,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

- Хохирогч Н.Х-т учирсан хохирлын хэмжээг тогтоосон алдагдсан эд зүйлийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч М.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын орон байранд нэвтэрч, хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч М.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа бага хэмжээнээс дээш буюу 301.000 төгрөгөөс дээш 328.000 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Б-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар мөн заажээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Х нь цохилттой дрилл, энгийн дрилл, лазер хэмжигч, таслагч тус бүр 1 ширхгийг хулгайд алдсан бөгөөд эд зүйлээ буцаан авч, мөн шүүгдэгч М.Б нь хохирогчид хохирол төлбөрт 200.000 төгрөгийг төлсөн тул хохирогч Н.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Иймд шүүгдэгч М.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “Шүүгдэгч М.Б нь хохирогчид учруулсан хохирлоо биет байдлаар буцааж өгсөн бөгөөд нэмж 200.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн. Мөн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал яригдахгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хувийн байдлын тухайд 4 настай хүүхэдтэй, саяхан эмээ нь нас барсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. Хэрэв боломжгүй бол тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч М.Б нь урьд санаатай гэмт хэрэгт 2 удаа шүүхээс ял шийтгүүлсэн атлаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг нийгэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдал байх тул түүнд шүүх оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105001610173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ