| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/0296/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/382 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/382
2021 04 08 2021/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Т.Отгонтөгс,
шүүгдэгч: Т.С нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Сд холбогдох 210800000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өмнөговь суманд 1981.5.17-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 гэх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хангайн 0- 00тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зөөд овогт Тын С /РД:ОЙ81051717/ нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.С нь 2021 оны 2 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22 дугаар гудамжны 34 тоотод амьдрах иргэн А.Эын гэрт архидан согтуурч, улмаар хохирогч Ц.Оыг үүрч шидэн, түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэрч А.Эын: “...2021 оны 2 сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22-34 тоот гэрээсээ гараад 14 цагийн үед Одын гэрт очиход М, Од, С 3 нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд намайг очиход Од танай гэрт очиж архи ууя гээд манай гэрт бид 4 очиж нэг шил архи хувааж уусан тэгээд би нилээн муудаад гэртээ орон дээрээ унтсан. Намайг унтахад Од, С, М 3 архи уугаад үлдсэн. ...би юу болсон талаар мэдээгүй. ...Стой таарахад С нь “би Од ахыг таныг унтаж байхад зодчихсон, бие нь яаж байгаа бол” гэж надад хэлэхээр нь би мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-37-40/,
- Шинжээчийн 2021.03.03-ны өдрийн 186 дугаартай: “Ц.Оын биед толгойн КТГ-н шинжилгээгээр зүүн хацар ясны нум болон зүүн гайморийн хөндийн урд ханын хугарал, зулайн хуйханд шарх, духанд зулгаралт, зулайн зүүн хэсэг болон хацар, 2 нүдний зовхинд цус хуралт хавантай гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. КТГ-н шинжилгээгээр хамар ясны хуучин хугарал тогтоогдсон байна” гэсэн дүгнэлт /хх-51-52/,
-Яллагдагч Т.Сын: “... 2021 оны 2 сарын 1-ний өдөр өглөө 9 цагийн үед би Од ахын гэрт ганцаараа ирсэн. Гэрт нь Од ах түүний хамтран амьдрагч М 2 байсан. Од ах намайг ирлээ гэж 0,75 гр архи ундаа авчирч бид уугаад дуусгасан. Тэгээд Од ах надад 10000 төгрөг өгөөд архи аваад ир гээд би дэлгүүр явж архи авч ирээд Од ах, М эгч, бид гурав Э ахын гэрт очиж авсан архиа ууцгаасан. Тэгээд байж байтал би Од ахтай маргалдсан юунаас болж маргалдсан гэдгээ одоо санахгүй байна. Би эхлээд Од ахыг Э ахын гэрт ширээний хажууд сууж байхад нь баруун гараараа нэг алгадсан тэгтэл Од ах миний өмсөж байсан куртканы энгэрээс нэг гараараа барьж авахаар нь би үүрээд газар шидчихсэн. Од ах шалан дээр унаад босож ирэхдээ толгойных нь баруун чихний дээд хэсгээс цус гараад дусалсан байдалтай босож ирсэн. Тэгээд толгой хагалчихлаа гээд надтай барьцалдаж дээр доороо өнхөрч байсан. Тэгээд хамт архи ууж байсан М эгч бид 2-г салгасан. Тэгээд Од ахтай хамт гэрт нь очоод унтаж байтал цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн. Намайг маргалдаж байхад М эгч согтоод унтаж байсан. М одоо хаана байдгийг нь мэдэхгүй, орон гэргүй тэнэмэл амьдралаар амьдардаг юм байна билээ. ...” гэх мэдүүлэг /хх-64-67/ зэрэг баримт хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Т.Сын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.С нь 2021 оны 2 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22 дугаар гудамжны 34 тоотод хохирогч Ц.Оыг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудлаар нотлогдож байх тул Т.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Сын хууль бус санаатай үйлдлийн улмаас Ц.Оын биед “зүүн хацар ясны нум болон зүүн гайморийн хөндийн урд ханын хугарал, зулайн хуйханд шарх, духанд зулгаралт, зулайн зүүн хэсэг болон хацар, 2 нүдний зовхинд цус хуралт хавантай гэмтэл учирсан, уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-51-52/; хохирогч Ц.О нь “2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт толгойн компьютерт 100000 төгрөгөөр харуулсан. Уг баримтаа хэрэгт хавсаргахаар өгсөн. Өөр баримт надад байхгүй. Надам эмчилгээний мөнгө гэж 100000 төгрөг, мөн толгойн зураг авахуулсан 100000 төгрөгийг бэлнээр өгсөн. Биеийн байдал одоогоор гайгүй байгаа. Би шүүх хуралд оролцохгүй. Надад цаашид нэхэмжлэх мөнгө алга байна” гэж мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-29/, “Санал гомдол байхгүй. Хэргээ хялбаршуулж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна ” гэх хохирогчоос гаргасан хүсэлт баталгаагаар /хх-87/ тус тус тогтоогдож байна.
Иймд хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах үндэслэлгүй, хэлэлцэлгүй орхилоо. Харин Т.Сын хууль бусавнаа санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Оын эрүүл мэндэд хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдуулсан хүндэвтэр хохирол учирсан байдлыг харгалзан, жичдээ иргэний журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.С нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-75/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд төлж барагдуулж, бусдад төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.С нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөгчийн тэмдэглэл /хх-13/, хохирогч Ц.О, гэрч А.Э, Б.С нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Т.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогч “санал гомдол байхгүй” гэх хүсэлт гаргасан ба түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.С нь тус шүүхийн шүүгчийн 2021.03.24-ний өдрийн 719 дүгээр захирамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон хугацааг цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар дүйцүүлэн тооцоход 112 цаг болж байгааг түүнд оногдуулах ялаас хасч, биечлэн эдлүүлэх ялын хугацааг тогтоолоо.
Шүүгдэгч Т.Сыг цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй тул цагдан хорих таслан сэргйлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зөөд овогт Тын Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зөөд овогт Тын Сд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын цагдан хоригдсон 14 хоногийг түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, биечлэн 128 /нэг зуун хорин найман/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Сын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.О “гомдол санал байхгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.О нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Т.Соос нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Т.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Цагдан хорих байрны захиргаанд мэдэгдэж, Т.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Н-д даалгасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Сд мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ