| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0214/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/214 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г-,
хохирогч О.О-,
шүүгдэгч О.Ш-өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш- овогт О-ын Ш-т холбогдох эрүүгийн 21100025800000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, “Т ХХК-д авто засварчнаар ажилладаг, ам бүл-3 ээж, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 32-000 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. улсаас авсан гавьяа шагналгүй, Ш- овогт О-ын Ш-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Ш-нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 000 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.О-тэй маргалдан, түүний нүүр, толгойн хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ш-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв
Хохирогч О.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр О.Ш-тай уулзаад найзынд нь хамт очоод нэг архи уусан. О.Ш-нь гэр рүүгээ явъя гэхээр нь Хан-Уул дүүрэгт байдаг гэрт нь хамт очсон. О.Ш-бид хоёр өрөөнд нь байхдаа муудалцсан. Тэгтэл О.Ш-намайг зодсон. Цагдаа нар ирээд бараг 30 минут хаалга тогшиход нээж өгөхгүй байсан. О.Ш-т зодуулснаас болж миний баруун талын нүдний хараа 50% муудсан. Мөн хамрын хагалгаанд орсон. Эмчилгээ болон унааны зардалд нийт 3.500.000 төгрөг зарцуулсан О.Ш-аас 500.000 төгрөг авсан. Хохирлоо нэхэмжилнэ гэв.
Эрүүгийн 21100025800000 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8-р хуудас/
Хохирогч О.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-16-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,
Хохирогч О.О-ийн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 25-33-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 50-51-р хуудас/
Шүүгдэгч О.Ш-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Ш-ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч О.Ш-нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 000 тоот гэртээ хохирогч О.О-ийг “бусдад хардаж” зодож биед нь “зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зулай, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 49 минутад цагдаагийн байгууллагад “ах согтуу агсам тавиад байна” гэх дуудлага өгсөн /хх-ийн 5-р хуудас/,
Хохирогч О.О-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагт: “...Тухайн эмэгтэй нүүрэн хэсэгтээ бүхэлдээ цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон. Баруун талын нүд хөхөрч хавдсан, хамар болон нүүрэн хэсэгт олон тооны зулгаралтууд, толгойн орой хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарч бохирлогдсон байдалтай, цус нь бүлэгнэж тогтсон байв” гэжээ. /хх-ийн 7-9-р хуудас/
Хохирогч О.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Найз залуу О.Ш-тай 2 жил үерхсэн. Бид хоёр салаад 2 сар гаруй хугацаанд холбоогүй байсан. Би Өмнөговь аймагт байж байгаад 5-6 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирсэн. О.Ш-над руу залгаад “13-р хороололд хүрээд ирээч, ярих юм байна” гэхээр уулзсан. О.Ш-2 найзтайгаа Хараа нэртэй 0,75 граммын архи ууж байсан. Бид 4 хамтдаа уусан. Тэгээд О.Ш-гэртээ харихаар болсон. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 32 дугаар байрны 143 тоотод гэртээ ирсэн. Гэрт нь О.Ш-ын ээж мөн 2 хүүхэд нь байсан. Бид хоёр маргалдаж О.Ш-хаалганы бариулаар миний толгойн орой хэсэгт цохиж мөн баруун талын нүд рүү гараараа цохиход хавдсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Би О.Ш-тай 2 жилийн өмнөөс үерхэж эхэлсэн миний найз залуу. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Бид хоёрын хэрүүл маргаан хардалтаас болсон, бид хоёр салах гэж байсан юм. Миний толгой хагарсан мөн нүд, хамар хавдсан байсан. О.Ш-нэлээн согтуу байсан. Хэдэн хоног архи уусан гэж хэлсэн. Би архи их уугаагүй. Одоогоор миний эмчилгээний зардал 840.000 төгрөг орчим болсон. Би нүд болон хамрын хагалгаанд орно. Яагаад гэвэл миний баруун нүдний хараанд өөрчлөлт орсон. Мөн хамраас өтгөн цус гарч амьсгалахад хэцүү байгаа. Би шүүх хуралд суух болно. Маш их гомдолтой байна. Одоогоор Ш- миний хохирлоос төлөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1000 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. О.О-ийн биед зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зулай, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 50-51-р хуудас/
Шүүгдэгч О.Ш-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: .2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би О.О-тэй 2 жилийн өмнө танилцаж үерхэж эхэлсэн. 2020 оны 10 дугаар сард О.О- эгч рүүгээ Өмнөговь аймаг руу явахаар болсон. О.О- нь Өмнөговь аймагт очоод “салъя, дахиж очихгүй” гэсэн. О.О- нь над руу өөр хамт согтуу шалдан видео дуудлага хийгээд байсан. О.О- нь 2-3 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирсэн уулзъя гэхээр би уулзаагүй юм. Би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед 13 дугаар хороололд найзындаа архи ууж байсан. О.О- над дээр ирэхээр болсон. Манай 2 эрэгтэй найзын хамт 2 шил 0,75 граммын Хараа нэртэй архи уусан. О.О- бид хоёр тэнд хэрэлдэх гээд байсан. Ингээд айлд хэрүүл маргаан хийгээд яах вэ гэж бодоод гэртэй харихаар болсон. Орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 32 дугаар байр 143 тоот манай гэрт ирсэн. Гэрт ээж, 2 хүүхэд маань байсан. О.О- бид хоёр юм ярьж сууж байгаад унтаж амрахаар болсон. Гэтэл О.О- хувцсаа тайлтал хамаг бие нь хөхөрсөн байсан. Би О.О-ээс “гуя чинь яагаад хөхөрчихсөн юм бэ” гэж асуухад тэрээр “би санахгүй байгаа юм” гэж хэлсэн. Миний уур хүрээд хэрүүл маргаан болсон. О.О- миний өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь том өрөөний хаалганы бариул газар унасан байхаар нь О.О- рүү шидэхэд толгой хэсгээс нь цус гарсан. Би О.О-ээс уучлалт гуйсан чинь ээж рүү хүртэл дайраад байхаар нь нэг удаа нүүр рүү цохисон. Тэгээд цагдаа нар гаднаас орж ирсэн. Би нэлээн согтуу байсан. О.О- мөн адил согтуу байсан. Би О.О-тэй хардалтаас болж хэрүүл, маргаан болсон. О.О- нь Өмнөговьд аймагт байхдаа өөр залуутай согтуу ууж байгаа бичлэгээ явуулж байсан. Ингээд миний бас уур хүрсэн юм. Учирсан хохирлыг бүрэн барагдуулах болно. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.Ш-ын хохирогч О.О-ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Ш-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тус гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.Ш-нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон эр, эмийн хардалт нь энэхүү гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Иймд шүүгдэгч О.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Ш-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.О-ийн биед зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зулай, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, нуруунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1000 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Хохирогч О.О- нь эмчилгээний болон унааны зардалд 3.500.000 төгрөг шүүгдэгч О.Ш-аас нэхэмжилсэн бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх учиртай.
Хавтаст хэрэгт хохирогч О.О-ийн гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлахад: хавтаст хэргийн 25-33-р талд нийт 885.003 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагджээ. /хх-ийн 26-33-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.О-ээс “Орбита” нүдний эмнэлэг үзүүлсэн 45.000 төгрөгийн баримт, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт хамрын хагалгаа хийлгэсэн 1.950.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зайлшгүй зардалд хамаарч байна.
Иймд гэмт хэргийн улмаас хохирогч О.О-т учирсан гэм хорын зардалд баримтаар нотлогдож байгаа нийт 2.880.003 төгрөгийн зардлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Ш-аас хохирогч О.О-т 500.000 төгрөг төлсөн байна. /хх-ийн 74-р хуудас/
Шүүгдэгчээс гаргуулбал зохих 2.880.003 төгрөгөөс түүний төлсөн 500.000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч О.Ш-аас 2.380.003 төгрөг гаргуулж хохирогч О.О-т олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч О.Ш-нь гэмт хэргийн улмаас хохирогч О.О-т хохирол учруулсан болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардалтай холбоотой баримтын талаар маргаагүй ба 2 сарын хугацаанд нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.
Хохирогч О.О- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Ш-аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч О.Ш-нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. /хх-ийн 38-р хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Ш-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-т 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад О.Ш-нь зөвшөөрсөн байна.
Шүүх хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч О.Ш-нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч О.Ш-нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь “Т” ХХК-д авто засварчнаар ажилладаг, гэмт хэргийн улмаас хохирогч О.О-т учирсан хохирлыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч О.Ш-т ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ш-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Ш-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш- овогт О-ын Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ш-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч нь хохирогч О.О-ийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч О.Ш-аас 2.380.003 төгрөг гаргуулж хохирогч О.О-т олгосугай.
5. Хохирогч О.О- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Ш-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч О.Ш-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР