Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 06

 

 

 

                                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж, тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г”-ий  ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Зд хариуцагдах,

 Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0063561 тоот шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Гх, О.Г, хариуцагч Б.З, нарийн бичгийн дарга И.З  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/04 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж ” баталж, “Эрчим хүчний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй байдлыг хангуулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах үүргийг бүх шатны Мэргэжлийн хяналтын газруудад өгөгдөж, шалгалтад төвлөрсөн халаалтын зуухны газрууд хамрагдах бөгөөд шалгалтыг нийт 9 сарын хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хийхээр заасан байна.

Мөн  Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Т 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 13/05 тоот “Г” ХХК-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийг баталж, “Эрчим хүчний тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлын тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Нийгмийн даатгалын тухай”, “Ахмад настны тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Зөрчлийн тухай”, “Авто тээврийн тухай” хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгуулахаар болсон.

Иймээс  2018 оны 03 дугаар сард Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.З Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/04 тоот удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийж, 04 дүгээр сарын 13-ны өдөр 0063561 тоот шийтгэлийн хуудас бичин тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, батлагдсан зураггүй” гэсэн тодорхойгүй зөрчилд  “Зөрчлийн тухай хууль”-ийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  Г”ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр шийтгэж, шийтгэлийн  хуудсыг  2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Г” ХХК-д хүргүүлсэн.

Манай компани шийтгэлийг эс зөвшөөрч  гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан боловч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж тус  газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн хариунд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах тухайг зааснаар  шүүхэд хандсан. Шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хүлээн  зөвшөөрөхгүй.  Үүнд:

1.Ямар нэгэн зураг, төсөлгүйгээр аливаа бүтээгдэхүүн, тэр тусмаа эрчим хүчний тоног төхөөрөмж  үйлдвэрлэгддэггүй . “Г” ХХК нь Эрчим хүчний яамны 2015 оны 1542/15 тоот тусгай зөвшөөрлийн дагуу хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик инженер, зохион бүтээгч мэргэжилтэй, Монгол улсын зөвлөх инженер компанийн гүйцэтгэх захирал О.Гх дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажилласан туршлагадаа тулгуурлан зохион бүтээсэн өндөр хүчин чадлын нам даралтын тогоог түүний зурж , холбогдох байгууллагаас  баталсан зургийн дагуу үйлдвэрлэж өөрийн хэрэгцээнд туршилтын журмаар ашиглаж байна. Бид шинээр үйлдвэрлэж байгаа “GI” маркийн халаалтын тогоог  2017 оны 10 дугаар сараас Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын төвлөрсөн халаалтын зуухнуудад суурилуулан ажиллуулсан бөгөөд хэрхэн ажиллаж байгаа талаар сумдын хэрэглэгчдийн санал хүсэлтийг авсан.  2018 оны 2 сард бид уг тогооныхоо үр ашгийн тооцоог судалгааны үндсэн дээр “ашигтай” гэж үзсэн тул 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “ашигтай загварын гэрчилгээ” авахаар өргөдлөө өгсөн. Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 1018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/492 тоот тушаалаар ашигтай загварыг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч гэрчилгээ олгосон.

2. Б.З нь Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/04 тоот удирдамжийн зорилго, хүрээнээс хальж шугам сүлжээний зураг, тус компанийн халаалтын тогооны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт хийхдээ байгаа бичиг баримтыг байхгүй гэж үзсэнд гомдолтой бид өндөр үнэ төлж зураг төслийг хийлгэдэг. Иймээс зохих  шаардлага зөвшөөрлийг авсан л гэж үзнэ.

3.Аймгийн мэргэжлийн хяналтын газраас энэ мэтээр 11 төрлийн шалгалтыг 700д хуулийн хүрээнд хэрэгжүүлж  албан шаардлага элдэв акт өгсөөр  байхад бид яаж хөгжих вэ. Бид бол баялаг бүтээгч, мөн орон нутгийн ард иргэдэд үйлчилгээ үзүүлж үүнийхээ үр дүнгээр  л ажиллаж байгаа хувийн компани төрөөс  ямар нэгэн дэмжлэг туслалцаа алга байна.Гэтэл энэ үйлчилгээг маань хүртэл хэвийн явуулах боломжгүйд хүргэж байна. Уг нь Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын даргын удирдамжийн зорилго нь өвөлжилтийн бэлтгэл хангах байсан авч шалгалтын явцад  зорилго чиглэл нь өөрчлөгдсөн, хэт  явцуурсанд бид гомдоод байгаа юм.

4.Цагаандэлгэр Говь-Угтаал сумдад туршилтын тогоог хэрэгжүүлсэн явдалд  тухайн орон нутгийн ард иргэдээс ирүүлсэн санал хүсэлт бол  халуун дулаан өвөлжлөө,  та бүхэнтэй дахин хамтарч ажиллахаар байна л гэсэн санал байгаа мөн  туршилтын аюулгүй ажиллагааг сайтар тооцоолсон.

5.Хариуцагчаас өгч буй шаардлага холбогдох мэдээллийг бид ойлгож байгаа цаас байх нь ч бас хаа хаанаа зөв л  байх гэхдээ хууль хэрэглэнэ төрийн үйлчилгээг жигд тэгш хүргэнэ  гэдэг бол арай өөр  гэж л  бодож  шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байгаа юм. Иймд улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0063561 шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгож өгнө үү.

           Цагаандэлгэр, Говь-Угтаал суманд байрлах Г компаний зуухыг шалгасан гэх боловч шийтгэлийн хуудсанд үндэслэлийг “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, батлагдсан зураггүй” гэж бичсэн . Г компани өөрсдөө зуухаа үйлдвэрлэж түүнийгээ аймгийн төв болон сумдын хэмжээнд туршиж мэргэжлийн хүмүүс ажилласан, туршилтын  аюулгүй ажиллагааг  сайтар хангасан.  Тухайн үед зуухны зурагт ашигтай загварын гэрчилгээ авахаар оюуны өмчийн газарт өгч гэрчилгээг авсан байсан тул шийтгэлд оногдуулсан үндэслэл нь буруу гэж үзэж байна.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-т “ эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан”. Гэтэл торгочхоод прокурорт бүртгүүлсэн алдаа ч байгаа  гэжээ.

  2. Хариуцагч Б.З шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: /хх77-78,      / 

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр баталсан 13/05 тоот төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу “Г” ХХК-нд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын дүнгийн хурал 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр болсон ба хурлын зарыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Г” ХХК-ийн захирал О.Гын  утсанд залгаж хэлэхэд би өөрөө сууна гэсэн боловч тухайн хуралд хүрэлцэн ирээгүй. 2018 оны 03 сарын 28-ны өдрийн №05 дугаар Газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хавсаргав.

               Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын 01/04 тоот удирдамжийн дагуу 2018 оны 2 дугаар сарын 27-оос 3 дугаар сарын 30-ний өдрүүдэд “Г” ХХК-нд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал суманд байрлах “Г” ХХК- ийн төвлөрсөн халаалтын байгууламж дээр хяналт шалгалт хийхэд холбогдох баримт бичгүүд нь байхгүй байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ерөнхий инженер Зоригт-Эрдэнэ “Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдын нэгдсэн халаалтын шугам сүлжээний ажлын зураг-2, GI маркийн халаалтын тогооны 4 батламж”-ийг авч ирсэн үүнээс өөр бичиг баримт гаргаж өгөөгүй болно.

 Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаар хянуулсан байна” гэж заасан байдаг. Гэтэл “Г” ХХК-ийн ашиглаж байгаа зуухнууд нь эрх бүхий байгууллагаар хянуулж. баталгаажуулаагүй зургаар угсрагдсан байдаг.

Мөн ажлын байранд байрлуулсан зуухнууд нь ямар стандартаар хийсэн нь тодорхойгүй, механик туршилтаар сорьцоо батлуулаагүй, зуух, ус халаагуур, түүний хэсгүүдэд бат бөх, нягтыг шалгасан болон гагнуурын үзлэг хийсэн актуудыг үйлдээгүй, зуухыг үйлдвэрлэхэд хэрэглэгдсэн металл, хийц, шугам хоолойн гарал үүслийн гэрчилгээгүй, зууханд техникийн магадлал хийгээгүй нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгөөгүй нь “Дулаацуулгын зуухны техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.1 дэх заалт, “0.07 мПа- аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.2 , 3.1-3.12, 3.15-3.19, 5.3.2-5.3.9, 7.3, 9.1-9.13, 10.1-10.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн  /хяналт шалгалтын тэмдэглэлд тусгагдсан болно/ нь шалгалтаар нотлогдсон тул “Г” ХХК-нд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1822000051 дугаар зөрчлийн хэрэг нээн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дагуу 5000000 төгрөгөөр торгож, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бөөр хянуулж баталгаажуулсан.   Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  /хх77-78/

 Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын халаалт ашиглалтад орохоос өмнө “хэдүүлээ хуулийнхаа дагуу ажлаа хийгээд явъя. Ажил эхлэх зөвшөөрлөө аваад, улсын комисст хүлээлгээд өгөөч. Бид шалгалт хийх гэж байна, энэ чинь зөрчил болно шүү” гэж хэлэхэд материалаа бүрдүүлж байгаа л  гэж  байсан.  01/04 дугаартай удирдамжийг хууль бус гэж байна. Мэргэжлийн хяналтын шалгалтын ерөнхий стандарт шаардлага гэж байдаг. Түүний дагуу манай байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт судалгаа хяналт шинжилгээ гэсэн хяналт шалгалтыг хийдэг болсон. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт судалгаа хяналт шинжилгээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд хийдэг. Газрын дарга ямар ч үүрэггүй, удирдамж батлах эрх байхгүй. Удирдамжид хяналт шалгалт 1-10 сар хүртэл хийгдэхээр байсан. Уг удирдамжийг хавсралтын хамт хуулбарлан Г ХХК-д өгсөн 2 сард удирдамжийнхаа дагуу шалгалтаа хийж албан шаардлагаа өгсөн. 3 сард Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад шалгалт хийхэд холбогдох материалууд ажлын байран дээр байгаагүй. Аймагт ирсэн хойноо материалыг татаж үзэхэд Зоригт-Эрдэнэ агаар усны шинжилгээг авчирч өгсөн, хог хаягдлын гэрээ байхгүй гэсэн. Мөн 4 материал авчирч өгсөн боловч гарын үсэг зураагүй зурагтай байсан. Удирдамжийн хүрээнд тоног төхөөрөмжийн бүх зураг, туршилт тохируулгыг үзэх ёстой. Г ХХК-ийг өөрсдөө зуух үйлдвэрлэж байгааг буруутгаагүй. Бичиг баримт байхгүй учир торгосон. Хуулийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гэдэг  тухайд Эрчим хүчийг дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалтаа хангах гэсэн тал дээр Эрчим хүчний зохицуулах хорооноос зөвшөөрөл олгож байгаа. Түүний хэрэгжилтийг хэзээ шалгах талаар тодорхой заагаагүй  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Г” ХХК-иас Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Зд  хариуцагдах  Эрчим хүч харилцаа  холбооны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 4-р сарын 13-ны өдрийн 0063561 тоот  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдол  нэхэмжлэлд /хх1-4/  хэрэг үүсгэн /хх66-67/, 2018.07.25-ны  өдрийн 78 тоот  шүүгчийн захирамжаар  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж /хх69-70/, 2019.06.03-ны  өдрийн  73 тоот  захирамжаар  сэргээж /хх72-73/  холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн болно.

2. Зөрчлийн тухай хуулийн  12.8-р зүйлийн 5-дахь  заалтад заасан зөрчилд Г ХХК-г   холбогдуулан  улсын байцаагчаас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын  2018 оны  01/04 тоот удирдамжийг үндэслэн  /хх117-118/  урьдчилан сэргийлэх хяналтыг  2018 оны 2-р сарын 27-с 3-р сарын 30-ны /хх77-78, 114/ хугацаанд хэрэгжүүлж, 2018 оны 4-р сарын 13-ны өдөр 0063561 тоот шийтгэлийн хуудсаар Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад  суурилуулсан  халаалтын зуух нь “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, батлагдсан зураггүй” гэх  /хх-13/ үндэслэлээр захиргааны хариуцлага тооцож   5 сая төгрөгөөр торгосныг нэхэмжлэгчээс тус компаний хэвийн үйл ажиллагааг  алдагдуулсан,  хуулиар олгогдсон  эрхээ эдэлж чадахгүйд хүргэж байна  гэж  үзэн эс  зөвшөөрчээ.

Шүүх хуралдаанд тус компаний гүйцэтгэх захирал О.Гх, захирал О.Г /хх1-4, 13, 103, 104, 145/ нар оролцсон, эрх үүрэг, хэрэг материалтай бүрэн танилцсан /хх74,144/  болно.

3. Шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллага албан тушаалтанд   хүсэлт  илэрхийлж /хх14-16/  хариуг  авснаар /хх9,17 /  захиргааны хэргийн анхан  шатны шүүхэд гомдол нэхэмжлэлээ /хх1-4/   ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1-р зүйлийн 2, 7.6-р зүйлийн 5, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 112-р зүйлийн 112.4.3-т  зааснаар  тус шүүхийн харьяаллын мөн болно.  

4. Уг зөрчлийн хэрэгт  аймгийн  прокурорын газраас хяналт тавьж  дугаар олгон холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн /хх112, 114-115/  байх ба  хуралдаанд  оролцох эсэхийг лавлахад /хх100/   шаардлагагүй  гэх хариуг /хх101/  ирүүлсэн тул шүүх хуралдаанд прокурор оролцуулаагүй болно.

5. Г ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх,түгээх, борлуулах, барилгын угсралт, чулуун нүүрс олборлолт, гадаад худалдаа  эрхлэх,   Эрчим хүчний яамнаас олгосон  ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөөр 03,3.3.1. 0,7-16,0кгх/см2  даралттай зуухны засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, бусад дагалдах үйлчилгээ, 03.4.1. 0,7-16,0кгх/см2 даралттай даралтат савны засвар угсралт түүний туршилт тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээ, 03.5.1. 0,7-16,0 кгх/см2 даралттай зуухны дулааны шугам хоолой , ЦТП-ны засвар, угсралт түүний туршилт, тохируулга, бусад  дагалдах ажил үйлчилгээг тус тус эрхлэх  зэрэг эрхтэй  болох нь тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх103/ , ЭХЯ-ы 2015 оны 1542/15 тоот тусгай зөвшөөрөл /хх18/, эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 03-р сарын 28-ны өдрийн 134 тоот  “тусгай зөвшөөрлийн нөхцөл  шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай тогтоолоор  Г ХХК-ийн  дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулааны зохицуулалттай хангах  тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2018 оны  зорилтын биелэлтийг  үнэлсэн  үнэлгээ /хх146/ , Монгол Улсын зөвлөх инженер О.Гхийн /хх19-20-21/  бүтээлээр /хх20-37/ GI маркийн   тогоог   Говь-Угтаал , Цагаандэлгэр  сумдад 2017 оны 10-р сараас эхлэн  туршиж ажилласан,     /хх77-78, 114, 13 /   тусгай зөвшөөрлийн  гэрчилгээ   2016 оны 5-р сарын 27-ны өдрөөс эхлэн 3 жилээр сунгагдсан байна /хх18-ын арын нүүрэнд/.

6. Хариуцагчаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10-р зүйлийн 10.9 дэх хэсгийн  10.9.12 , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  1-р зүйлийн 1.1, 1.8-р зүйлийн 6 дахь хэсгийн 6.10, 4.1-р зүйлийн 1-т  заасныг тус тус  үндэслэн   зөрчлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бөгөөд  Зөрчлийн  тухай хуулийн 12.8 дугаар зүйл эрчим хүчний тухай хууль зөрчих, 12.8 дугаар  зүйлийн  5 дахь хэсэгт “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаас  “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн” гэдгийг сонгож шийтгэлийн хуудсыг үйлджээ.

 Гэсэн хэдий ч  гагцхүү  тусгай зөвшөөрлийн  чухам аль нөхцөл шаардлагыг хэрхэн хангаагүй болохыг сайтар тогтоогоогүй, тодорхойгүй  үндэслэлээр зөрчилд тооцсон,  хуульд заасан  хүрээнд  шалгавал зохих ажиллагааг бүрэн  гүйцэд шалгаагүй тодруулбал хариуцагчаас Эрчим хүчний тухай хуулийн 20-р зүйлийн 20.2-т заасан зөрчлийг гаргасан гэж үзнэ гэж тайлбарладаг /хх77-78/  боловч  энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1-р зүйлийн 1.3-т “ тухайн үйлдэл нь зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах  зүйл хэсэг заалтад нийцэж байгаа эсэх”  болон 7.2-р зүйлийн 2-т  “... шийтгэл оногдуулах  хуулийн зүйл, хэсэг, заалт ... тусгана”, мөн хуулийн 4.13-р зүйлд заасанчлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг зохих журмаар үйлдээгүй /хх139/, зөрчлийн хэрэгт хавсаргаагүй,  зэргээр хуулийг зөв хэрэгжүүлээгүй  болох нь шийтгэлийн хуудас /хх13/, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэлээр /  огноо дугаар засвартай, мөн  2018.04.02-ны өдрийн байдлаар  арга хэмжээ авсан гэх зэргээр /хх139/  тус тус  тогтоогдож байна.

7. Түүнчлэн нэхэмжлэгчээс  эрх бүхий компанид хандаж  төлбөр төлж барилга ажлын зургийг хийлгэдэг, бусдаар болно болохгүйг бид мэдэхгүй юу нь яагаад болохгүй болчихдогийг аймгийн мэргэжлийн хяналтын газар л тогтоогоод  байгаа нь  харамсалтай, хариуцагчаас экспертизийн  баталгаажуулалт хийгдсэн ч гэсэн дотор талд нь зарим хүмүүс гарын үсгээ зураагүй нь  батлагдсан зураггүй гэж үзэх үндэслэл болно  гэж маргадаг.  

Ийнхүү  батлагдсан зураггүй  гэх зөрчилд хариуцлага тооцож үндэслэх нотлох баримтаа  шугам сүлжээний ажлын зураг, фото зураг/хх119-120/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шийтгэлийн хуудсанд /хх13/ заасан боловч батлагдсан зураггүй гэдгийг экспертизийн баталгаажуулалт хийгдсэн зургаар нотолж /хх139,112-138,/   байгаа нь  ойлгомжгүйгээс гадна гэрч аймгийн ерөнхий архитектор Э.Чийн ”нэгдсэн халаалтын шугам сүлжээний зураг  төслийн ажлын шаардлага бүрэн хангагдсан гэж үзнэ, ерөнхий архитектор баталснаар биш экспертизийн баталгаажуулалт хийгдсэнээр үйл ажиллагаанд хэрэглэх үндэслэлтэй” гэх мэдүүлэг /хх141-143/,  нэгдсэн халаалтын шугам сүлжээний ажлын зургийг ерөнхий архитектороос  тус шүүхэд эхээр ирүүлснийг /хх-90/ хавтаст хэргийн 36, 37-р талд буй баримттай нийлж  судлахад ерөнхий архитектор баталгаажуулсан, 2018 оны 2-р сарын 12-ны өдөр 149/2017, 150/2017 дугаар бүхий экспертизийн баталгаажуулалт /шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс/ хийгдсэн болох нь тус тус  тогтоогдож байх тул зураг төслийн  шаардлагыг хангасан гэж үзэх боломжтой, мөн  GI тогооны 4 ширхэг батламж  буюу хавтаст хэргийн 23-33-р талд буй халаалтын тогооны ажлын зургуудыг хураан авч дүгнэсэн  зэрэг нь  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн тэмдэглэл /хх-139/-ээр нотлогдож байх тул батлагдсан зураггүй гэх үндэслэлд хамаарахгүй .

 8.Хариуцагчаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа зөрчлийн материалд  “Дулаацуулгын зуухны техник ашиглалтын дүрэм”,  “0.07 мПа-аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах” дүрмийг   хавсаргаж нотлох баримтаар оруулсан тул тэдгээрийг хэрэглэж шийтгэлийн хуудсыг гаргасан гэж ойлгох нь зүйтэй” гэх ба  шүүхээс дээрх ”Дулаацуулгын зуухны техник ашиглалтын дүрэм”,  “0.07 мПа-аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах” зэрэг дүрэм  журмыг хэрэгт  хавсаргаснаар /хх112-113, 121-127/  шүүх тохируулан хэрэглэх эрхзүйн үндэслэлгүй бөгөөд гагцхүү  улсын байцаагчаас  дээрх дүрэм журмыг ямар үндэслэлээр зөрчилд хэрэглэснээ шийтгэлийн хуудсанд тодорхой зааж ирүүлснээр  шүүх дүгнэх үндэслэл  бүрдэнэ.

9. Хариуцагчаас  оногдуулсан шийтгэлийн хуудсанд  гомдол гаргах хугацааг 2018 оны 4-р сарын 20-ны дотор буюу 5 хоногт багтаан гомдол гаргана гэж зааж нэхэмжлэгчид  хуулиар  олгогдсон гомдол  гаргах  эрхийг  гүйцэд эдлүүлээгүй нь   Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1,Захиргааны ерөнхий хуулийн 94-р зүйлийн 94.1-т  заасантай  тус тус нийцээгүй.

  2019 оны 3-р сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авсан /хх161-164/, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдын хэрэглэгчдээс болон  удирдлагаас ямар нэгэн санал гомдол ирүүлээгүй /хх9-41, 49, 50, 51/, үйл ажиллагаа нь хэвийн / хх101-103, 114, 117/, зөрчлийн улмаас учирсан хохиролгүй гэж  нэхэмжлэгч,  хариуцагч  нараас шүүх хуралдаанд тайлбарласан  болно.

Иймд дээрх нөхцөл шалтгаануудыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох   үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг  төлсөн ба /хх-5, 8/ нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул   нэхэмжлэгчээс  төлсөн  хураамжийг буцааж олгох, хариуцагч нь төрийн байгууллага, албан тушаалтан  байх тул  чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 –т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.8-р зүйлийн 5-д заасныг баримтлан  Г ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Зд хариуцагдах  Эрчим хүч харилцаа холбооны улсын байцаагчийн 2018 оны 4-р сарын 13-ны өдрийн 0063561  дугаартай “зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48-р зүйлийн 48.1, 51-р зүйлийн 51.1, 47-р зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох,  хариуцагч Б.Зыг  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 113-р зүйлийн 113.2 дахь  хэсэгт зааснаар  хэргийн оролцогч болон  тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар  энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш таван  хоногийн  дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.С.