| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/0342/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/370 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/370
2021 04 07 2021/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: А.Тунгалагтуяа,
улсын өмгөөлөгч: А.Ганзориг,
шүүгдэгч: М.С нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сд холбогдох 2011010000000 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1994.08.06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй боловсролгүй, замын туслах ажил хийдэг гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Хувьсгалчдын г-00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ТЕ0000000/ Хардал мэргэд овогт Мы С нь бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан баримтууд, шүүгдэгч М.Сгийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М С нь Н Нтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Н.Мгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, ДДЭШ Тв-ийн хүлээн авагч, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 988500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2019.10.19-ний өдрийн 12 цаг 30 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-5/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн “гэрийн хаалга цоожгүй, хаалганы цүү орчим эвдлэгч багажны мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... Орны хойд талд тагийг газарт унагасан авдар байв. Уг авдар дээр зурагт байсан гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-11/,
- Иргэний нэхэмжлэгч Л.Сгаас 2019.11.01-ний өдөр 42 инчийн “Монел” маркийн зурагтыг ногоон өнгийн даавуун бүтээлгийн хамт хураан авч, хохирогч Н.Мд 2019..1104-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-18-20/,
-Хохирогч Н.Мгийн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед намайг Гандан дээр байхад нөхөр Намжилдорж залгаад гэрт хулгай орчихсон зурагт аваад явчихжээ гэж хэлсэн. Манай гэрээс зурагт, ДДШТВ хүлээн авагч, орны бүтээлэг, улаан толгойтой гуулин нуухтай, цагаан өнгийн дунд гарын хөөрөг алдагдсан байна. Манай гэрийн хаалганы цоожийг эвдээд орсон байсан. Төв аймгийн Жаргалант сумын дэлгүүрээс авч байсан Монелийн 42 инчийн зурагт байсан...” гэх мэдүүлэг /хх-29, 98-99/,
-Иргэний нэхэмжлэгч Л.Сгийн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн ажиллуулдаг “Барын нүд” ломбарданд байж байхад 2 залуу орж ирээд зурагт барьцаанд тавих гэсэн юм. Бичиг баримт байхгүй регистерийн дугаараа хэлчихье гэсэн, “болохгүй” гэж хэлээд гаргатал 30-40 минутын дараа лавлагаагаа аваад ирлээ гээд дахин орж ирсэн. Тэгээд 42 инчийн монел лед зурагтыг 150000 төгрөгний барьцаанд 1 сарын хугацаатай тавьсан. 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр цагдаагаас тус зурагтыг хулгайн зурагт байна гээд аваад явсан. Тухайн зурагтыг хохирогчид хүлээлгэн өгсөн. Харин миний хохирлыг хүлээлгэж өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх-103-104/,
- Хөрөнгийн үнэлгээчин Мастер үнэлгээ ХХК-ийн 2019.10.23-ны өдрийн 19/101 дугаартай “Зурагт-500000 төгрөг, хүлээн авагч-185000 төгрөг, хөөрөг-300000 төгрөг, цоож-3500 төгрөг, нийт 988500 төгрөг” гэх үнийн тодорхойлолт /хх-53/
- “Барын нүд” барьцаат зээлийн газраас “Монел маркийн 42 инчийн зурагт, кабелийн удирдлага барьцаалан М.Сд 150000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн” зээлийн гэрээ /хх107-108/
- Насанд хүрээгүй гэрч Ж.Жаргалсайханы: “...Хамаатны охин Хүслэнгийн хамт хашаан доторхи нүүрсийг хучаад зогсож байтал хашааны завсраар танихгүй 2 хүн хараад байсан. Хүслэн бид 2-ыг гэрт цай уугаад сууж байтал 28-30 орчим насны хар савхи, цэнхэр жинсэн өмдтэй, нохой гуталтай залуу гэрийн хаалгаар шагайгаад Аагий гэдэг хүн мэдэх үү, энд амьдардаг уу гээд гэр доторхийг хараад байсан. Бид 2 тийм хүн мэдэхгүй гэхэд хаалга хаагаад буцаад гарсан. Бид хоёр 10 орчим минутын дараа гэрийн хаалга цоожлоод гарсан. Энэ талаар ээждээ хэлэхэд ямар хачин юм бэ, сэжигтэй юм байна шүү гээд Мягмаржав ахыг явуулаад харуултал гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай ороод зурагт, орны бүтээлэг алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-34/,
-Насанд хүрээгүй гэрч Н.Хүслэнгийн: “...Жаргалсайхантай хамт гэртээ иртэл хаалганы цоожийг эвдээд гэрт оруулж тавиад авдар дээр байсан 42 инчийн Монел маркийн зурагт ДДШ олон суваг хүлээн авагчийн суваг, хүлээн авагчийн төхөөрөмж, удирдлага, ногоон өнгийн орны бүтээлэг алдагдсан болохоор цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-35/,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 888 дугаартай “Н.Н нь 17 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан авч бусдад нийт 6882948 төгрөгийн хохирол учруулснаас М.Стэй бүлэглэн Н.Мягмаржавын гэрээс эд зүйл хулгайлан 988500 төгрөгийн хохирол учруулсныг М.Сгээс хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоож Н.Нгээс 244250 төгрөг гаргуулж хохирогч Н.Мд олгох, Н.Нгээс 75000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Сд олгох”-оор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хуулбар хувь /хх-144-161/
- Яллагдагч М.Сгийн: “... Бөндгөр ах хоёулаа нэг айл руу ороод зурагтыг нь авчихъя гэж хэлээд нөгөө айлын хашаанд ороод хашаан дотор байрлах монгол гэрийн хаалганы цоожийг Бөндгөр ах эвдсэн. Харин би гэрт орж зурагтыг нь орны бүтээлгэнд боогоод авч гарсан. Зурагтыг Баянхошууны 112 автобусны буудал дээр байрлах ломбарданд миний бичиг баримтаар 150000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх-138/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.С Н.Нтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөтөлийн 8 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Мгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж нийт 988500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хулгайлан авсан нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.М, иргэний нэхэмжлэгч Л.С нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, шүүгдэгч М.С нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн гэм хорыг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Шүүгдэгч М.С нь Н.Нтэй бүлэглэн хулгайлан авсан 42 инчийн Монел зурагтыг барьцаанд тавьсан ломбардаас хураалган эзэнд нь буцааж өгснийг нийт хохирлоос хасч тооцоход хохирогч Н.Мд 488500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Сд 150000 төгрөгийг Н.Нтэй хувь тэнцүүлэн төлөх үүрэгтэй байна.
Шүүгдэгч М.С хохирогч Н.Мд 244250 төгрөгийг 2021 оны 4 сарын 6-ны өдөр, иргэний нэхэмжлэгч Л.Сд 75000 төгрөгийг 2021 оны 4 сарын 6-ны өдөр тус тус хүлээлгэн өгсөн нь хохирогч Н.М, Барын нүд ХХК-ийн тодорхойлолт баримтаар тогтоогдож байх тул М.Сг хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.С нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргээ биелүүлсэн шалтгаанаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний нэхэмжлэлээс татгалзсан тул татгалзлыг хангаж, холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Л.С шүүгдэгч М.Сгээс хохирлын мөнгө хүлээн авсан баримтан дээр “Н.Нгээс үлдэгдэл 75000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ. Дээр дурьдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор 75000 төгрөгийг Н.Нгээс гаргуулж Л.Сд олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон тул өнөөдрийн шүүх хуралдаанаар уг асуудлыг давхардуулан шийдвэрлэх үндэслэлгүйг иргэний нэхэмжлэгч Л.Сд тайлбарлах нь зүйтэй. Тухайн асуудлыг шийдвэрлэсэн шүүхээс нь лавлаж, хуульд заасан журмын дагуу Н.Нгээс эд хөрөнгийн хохирлоо барагдуулах эрхтэй байна.
Шүүгдэгч М.С нь шүүх хуралдаанаас өмнө гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх нөхцөл байдал болон М.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлоос өөрт ногдох хэсгийг бүрэн нөхөн төлсөн, хохирогч Н.М “санал хүсэлт, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хардал мэргэд овогт Мы Сг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Хардал мэргэд овогт Мы Сд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Сд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 13 дахь хэсэг; 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.М, иргэний нэхэмжлэгч Л.С нар нь иргэний нэхэмжлэл биелэгдсэн шалтгаанаар М.Сд холбогдох иргэний нэхэмжлэлээсээ татгалзсаныг хангаж, холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч М.С нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Н.Мд Монел брендийн зурагтыг буцааж хүлээлгэн өгсөн, хохирогч Н.Мд 244250 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Сд 75000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн, бусдад төлбөргүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 888 дугаар шийтгэх тогтоолоор Дамбийжанцан овогт Ноёгоогийн Нгээс 244250 төгрөг гаргуулж Н.Мд олгох, мөн Н.Нгээс 75000 төгрөг гаргуулж Л.Сд олгохоор шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн 409 дүгээр хорих ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ