Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/294

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Г-д холбогдох эрүүгийн 2005023710298 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын 24-ний өдөр ************ хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ******************** тоотод оршин суух,

- урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт М-ийн Г /РД: ***********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр 102 шуурхай дуудлагын үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ү.Эыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ архины шилээр болон гараараа толгой тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ү.Э-ын:

“...Би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст эрүүлжүүлэх саатуулах байрны жолооч цагдаа ажилтай юм. Харин Бэгэр 10-аас Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 30-10 тоотод нөхөр согтуу зодоод танхайраад байна гэх мэдээлэл өгсний дагуу очиж шалгахад 30 дугаар байрны урд зогсоол дээр 40 орчим насны эмэгтэй 20 орчим насны эрэгтэй 2 нөхөр согтуу машин барьж явах гээд байна гээд зогсож байсан түүний дагуу очиж шалгахад согтуу эрэгтэй хүн хаалгаа түгжсэн байдалтай машин дотор хэвтэж байсан. 20 орчим насны эрэгтэй, жолооч талын жижиг гурвалжин салхины шилийг хагалж машиныг дуудлага өгсөн Б-ны хүүхэд нь онгойлгосон. Машин онгойлгоход согтуу залуу юм ярихгүй дуугарахгүй унтаад байсан. Тэгээд татаж чангаагаад сэрэхгүй байхаар нь 103-т дуудлага өгөөд хүлээж байхад нөгөө залуу гэнэт босож ирээд та нар одоо болиоч дээ гээд архины шил тачигнуулан өөдөөс дайрч 10 орчим удаа миний толгой руу цохиод ахлах ахлагч Нарангэрэл салгах гэхэд уг согтуу залуу эсэргүүцэл үзүүлж ноцолдсон. Ноцолдоод гавлан эрүүлжүүлэх саатуулах байр Бэгэр 120-т эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 20-22/,

2. Гэрч П.Б-ны: 

“...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хамтран амьдрагч М.Г-гийн хамт Төв аймгийн Баянчандмань сум руу миний эзэмшлийн **** УНР улсын дугаартай приус 20 маркийн автомашинтай яваад 20 цаг өнгөрч байхад ***************** тоот гэртээ ирсэн юм. Энэ үедээ ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Харин ирсний дараа Г нь нэг шил архи аваад өгчих ямар нэгэн хэрүүл маргаан гаргахгүй гээд байхаар нь 0,5 литрийн экс нэртэй архи 1 шилийг авч өгсөн юм. Архийг уухдаа машин дотроо ууя гэрт архи уугаад яах юм гэсэн юм. Ингээд ганцаараа машинд архи уугаад үлдсэн юм. Нэлээд удсаны дараа согтчихсон гэрт орж ирээд хэрүүл маргаан үүсгээд “саллаа, явлаа” гэх байдлаар хэлээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн чинь удалгүй цагдаагийн автомашинтай 2 цагдаагийн алба хаагч ирсэн юм. Тэгтэл Г нь автомашин дотор дээшээ харж хэвтчихээд ямар ч хөдөлгөөнгүй хаалгаа нээхгүй байхаар нь би санаа зовоод согтуудаа амиа хорлох болон архинаас болж бие нь муудаад нас барчихсан байж магадгүй гээд автомашиныхаа жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалаад хаалгыг нь нээсэн юм. Ингээд цагдаа нар Г-г сэрээх гэсэн боловч сэрэхгүй шүдээ зуучихсан байна бие нь муу байх шиг байна эмнэлгийн түргэн тусламж дуудъя гээд дуудаад эмнэлгийн тусламж ирэхийг хүлээгээд цагдаагийн алба хаагч Г-г сэрээх байдлаар амны зуултыг нь иллэг хийж байтал гэнэт Г нь ухас хийж босоод жижиг биетэй цагдаагийн толгой руу нь архины шилээр болон гараараа маш хурдан олон удаа цохиод эхэлсэн. Ингээд нөгөө цагдаа нь ирээд Г-г гавлаад аваад явсан. Ямар ч шалтаг шалтгаангүйгээр цагдаагийн алба хаагчийн биед халдсан юм. Цагдаа нар Г-д тусламж үзүүлэх гээд байсан. Тэрнээс биш цагдаа, Г хоёрын дунд ямар нэгэн хэл яриа маргаан огт болоогүй. Цагдаа нар ирснээс хойш Г нь машиныхаа жолоочийн эсрэг талын урд суудал дээр дээшээ хараад хэвтчихсэн байсан. Одоо бодоход худал жүжиглэж шүдээ зууж хэвтсэн байна гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

3. Гэрч Б.Н-ийн: 

“...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрүүлжүүлэх саатуулах байранд 24 цагаа үүрэг гүйцэтгэж байхад “манай хамтран амьдрагч согтуугаар эрх чөлөөнд халдаж танхайраад байна, барьж авч зодоод байна” гэх дуудлага ирсний дагуу  цагдаагийн ахлагч Ү.Э-ын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 30 дугаар байрны 10 тоотын гадна очоод дуудлага өгсөн эмэгтэйн утасны дагаар руу залгахад 40 орчим насны эмэгтэй гарч ирээд манай хамтран амьдрагч машин дотроос нь цоожилчихоод онгойлгож өгөхгүй байна гэж мэдүүлсэн. Тэгээд уг байрны урд талд байрлах мөнгөлөг өнгийн приус 20 маркийн автомашин дотор дотроосоо автомашины түгжсэн эрэгтэй хүн жолооч талын эсрэг талын суудал дээр хэвтэж байсан. Тэгээд цагдаагийн ахлагч Ү.Э бид хоёр хаалгаа онгойлго гэж шаардлага тавихад эрэгтэй нүдээ нээхгүй сандал дээр хойшоогоо налсан байдалтай хэвтээд байсан. Тэгтэл дуудлага өгсөн Булган гэх эмэгтэй өсвөр насны эрэгтэй хүүхэд дуудаад наадах чинь миний машин цонхоо хагалуулчихъя гээд баруун урд талын жижиг гурвалжин цонхыг тэр эрэгтэй хүүхдээр хагалуулж автомашиныг онгойлгуулсан. Тэгээд Б гэх эмэгтэй наадах залуугаа баривчлаад аваад яв гээд байсан. Тэгээд цагдаагийн ахлагч Ү.Э тэр эрэгтэйг дуудсан боловч сэрэхгүй байхаар нь 2 чихийг нь үрээд хамрын доод талд байрлах хонхорхой дээр дарсан боловч сэргэхгүй байхаар нь 103 дуудъя гээд эмнэлэг рүү залгах гэж байтал нөгөө эрэгтэй гэнэт автомашинаас бууж ирээд цагдаагийн ахлагч Ү.Э-ын толгой орчимд архины шил гартаа барчихсан 1-3 удаа цохисон. Тэр үед цагдаагийн ахлагч Ү.Э-ын баруун шанаа орчмоос цус гарч байсан. Тэгээд би тухайн үйлдлийг таслан зогсоогоод цагдаагийн ахлагч Ү.Э-ын хамт нэг хүнд хэрэглэх тусгай хэрэгсэл хэрэглэн 2 гарыг нь ард нь гавлаж цагдаагийн хэлтэст авчран эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Тэр эрэгтэй Г гэх нэртэй байсан. Тухайн үед дуудлага өгсөн Б гэх эмэгтэй Г гэх эрэгтэйтэй хамтран амьдардаг. Г нь архи уучхаад агсан тавиад намайг болон манай хүүг зодох гээд байсан гэж мэдүүлсэн бөгөөд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Г миний биед халдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 37/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 8825 дугаартай:

“...Ү.Э-ын биед тархи доргилт, зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч М.Г нь хохирогч болох цагдаагийн албан хаагч Ү.Э-ыг үүргээ гүйцэтгэж байхад зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Ггийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.Г нь: 2020 оны 07 дугаар сарын 31-ний шөнө ************ байрны урд талын автомашины зогсоол дээр 102 шуурхай дуудлагын үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ү.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ архины шилээр болон гараараа толгой тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ү.Э-ын “...Би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст эрүүлжүүлэх саатуулах байрны жолооч цагдаа ажилтай. ********** тоотод нөхөр согтуу зодоод танхайраад байна гэх мэдээлэл өгсний дагуу очиж шалгахад 30 дугаар байрны урд зогсоол дээр 40 орчим насны эмэгтэй 20 орчим насны эрэгтэй 2 нөхөр согтуу машин барьж явах гээд байна гээд зогсож байсан түүний дагуу очиж шалгахад согтуу эрэгтэй хүн хаалгаа түгжсэн байдалтай машин дотор хэвтэж байсан. ...Машин онгойлгоход согтуу залуу юм ярихгүй дуугарахгүй унтаад байсан. Тэгээд татаж чангаагаад сэрэхгүй байхаар нь 103-т дуудлага өгөөд хүлээж байхад нөгөө залуу гэнэт босож ирээд та нар одоо болиоч дээ гээд архины шил тачигнуулан өөдөөс дайрч 10 орчим удаа миний толгой руу цохиод ахлах ахлагч Н салгах гэхэд уг согтуу залуу эсэргүүцэл үзүүлж ноцолдсон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч П.Б-ы “...Г автомашин дотор дээшээ харж хэвтчихээд ямар ч хөдөлгөөнгүй хаалгаа нээхгүй байхаар нь би санаа зовоод согтуудаа амиа хорлох болон архинаас болж бие нь муудаад нас барчихсан байж магадгүй гээд автомашиныхаа жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалаад хаалгыг нь нээсэн юм. Ингээд цагдаа нар Г-г сэрээх гэсэн боловч сэрэхгүй шүдээ зуучихсан байна бие нь муу байх шиг байна эмнэлгийн түргэн тусламж дуудъя гээд дуудаад эмнэлгийн тусламж ирэхийг хүлээгээд цагдаагийн алба хаагч Г-г сэрээх байдлаар амны зуултыг нь иллэг хийж байтал гэнэт Г нь ухас хийж босоод жижиг биетэй цагдаагийн толгой руу нь архины шилээр болон гараараа маш хурдан олон удаа цохиод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Н-ийн “...цагдаагийн ахлагч Ү.Э тэр эрэгтэйг дуудсан боловч сэрэхгүй байхаар нь 2 чихийг нь үрээд хамрын доод талд байрлах хонхорхой дээр дарсан боловч сэргэхгүй байхаар нь 103 дуудъя гээд эмнэлэг рүү залгах гэж байтал нөгөө эрэгтэй гэнэт автомашинаас бууж ирээд цагдаагийн ахлагч Ү.Э-ын толгой орчимд архины шил гартаа барчихсан 1-3 удаа цохисон. Тэр үед цагдаагийн ахлагч Ү.Э-ын баруун шанаа орчмоос цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 8825 дугаартай “...Ү.Э-ын биед тархи доргилт, зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч М.Г нь хохирогч цагдаагийн албан хаагч Ү.Эыг албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн архины шилээр болон гараараа толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Г-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт 120.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.Г нь төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон /хх 88/, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Г-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.

Шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005023710298 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 3500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ