Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/215

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Б.Дөлгөөнзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905042350236 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 18-48б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, /РД:УП94120319/ Гангаа овогт Будын Дөлгөөнзул.  

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:   

Б.Дөлгөөнзул нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла зочид буудлаас 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хохирогч Б.Буянтогтохын Самсунг А-50 маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Буянтогтоход 695,920 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Дөлгөөнзул шүүх хуралдаанд “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Б.Буянтогтох мөрдөн байцаалтанд "2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө би Золбаяртай Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах Стелла нэртэй зочид буудалд уузсан. Бид хоёрын араас Лхагвадорж, Балжинням нар утсаар залгаад хаана байгааг асуухаар нь заахад хүрч ирцгээсэн. Зочид буудалд бид нар 4-5 шил Эдэн, Чингис нэртэй 0,75 литрийн архи ууцгаасан. Ингээд уугаад тасарч байх хугацаанд миний танихгүй нэг хүн ирсэн ба түүний араас дахин нэг залуу ирсэн. Ингээд 6-лаа ууж байгаад бүгд тасарцгаасан байх. Түрхэн зуур тасраад сэрэх хооронд сүүлд ирсэн хоёр залуу байхгүй байсан ба гар утсаа хувцсандаа болон буудлын өрөөнд үзэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд Балжиннямаар тэр 2 залуу руу залгуулж дуудуулсан. Би тэр хоёрыг орж ирэнгүүт гар утсыг маань гаргаад өгчих гэхэд гарандаа шивээстэй Дөлгөөнзул гэж байсан залуу бид 2 утсыг чинь авсан байх уу яахаараа бид хоёрыг гэдэг юм бэ гээд байсан. Гар утас өгөх шинжгүй байхаар нь цагдаад хандсан. Цагдаа нар миний гар утсыг Дөлгөөнзулаас гаргуулан авч хүлээлгэн өгсөн. Надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-22/

Гэрч Ц.Балжинням мөрдөн байцаалтанд “2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай найз Бадралын Буянтогтох утсаар залгаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла зочид буудалд ууж байна хүрээд ир гэхээр би 20 цагийн үед очиход Буяндэлгэр нэрийг нь сайн мэдэхгүй найзтайгаа байсан бөгөөд дара намайг нэг сэрэхэд Лхагва, Дөлгөөнзул нар ирсэн байсан. Харин би дахиж нэмж уугаад сэрэхэд Буянтогтох утас алга болсон байна гэж хэлээд би цагдаад дуудлага өгөөд Дөлгөөнзулыг дуудаад байж байхад цагдаа Дөлгөөнзул Буянтогтох хоёртой уулзаад Дөлгөөнзул утсыг нуусан газраасаа гаргаж өгсөн гээд Буянтогтох утсаа аваад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

Дамно” ХХК-ний үнэлгээгээр “...Самсунг А-50 маркийн гар утасны зах зээлийн үнийг одоогийн байдлаар 695,920 /зургаан зуун ерэн таван мянга есөн зуун хорин төгрөг/-өөр тогтоолоо...”  гэжээ. /хх-ийн 41-42/

Яллагдагчаар Б.Дөлгөөнзул мөрдөн байцаалтанд “Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найзуудтайгаа уулзаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла зочид буудлын өрөө рүү очиход 4 хүн байсан. Ингээд архи ууж байгаад буудлын өрөөнд Буянтогтох тасраад уначихсан байхаар нь би өмднийх нь баруун халаасыг нь ухахад Самсунг А-50 маркийн гар утас байхаар нь авчихаад гараад явж байгаад найз Лхагвасүрэнтэй тааралдаад эргэж уг буудалд орж архи ууж байгаад Лхагва болон Лхагвасүрэн хоорондоо маргалдаад байхаар нь ганцаараа түрүүлээд гараад явж байтал Балжаа араас залгаад утас алга болсон талаар хэлэхээр нь намайг сэжиглэх байх гэж бодоод утсыг нь ойролцоох гражны доор нуугаад байж байхад Лхагвасүрэн араас утсаар залгаад асуухаар нь өөрийнхөө байгаа газрыг зааж өгөөд эргээд зочид буудал руу очоод цагдаад уг утсыг байгаа газрыг зааж өгөөд гарган өгсөн. Би тухайн утсаа эргүүлэн өгсөн. Тиймээс учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/

Яллагдагч Б.Дөлгөөнзулын “миний бие нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол гомдол байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-ийн 82/

Хохирогч Б.Буянтогтохын “алдсан эд зүйлээ хүлээн авсан. Цаашид гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 81/

Шүүгдэгч Б.Дөлгөөнзулын хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                                                                                                                      

Шүүгдэгч Б.Дөлгөөнзул Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла зочид буудлаас 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хохирогч Б.Буянтогтохын Самсунг А-50 маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Буянтогтоход 695,920 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Дөлгөөнзулын“...Буянтогтох тасраад уначихсан байхаар нь би өмднийх нь баруун халаасыг нь ухахад Самсунг А-50 маркийн гар утас байхаар нь авчихаад гараад явж байгаад найз Лхагвасүрэнтэй тааралдаад эргэж уг буудалд орж архи ууж байгаад Лхагва болон Лхагвасүрэн хоорондоо маргалдаад байхаар нь ганцаараа түрүүлээд гараад явсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, хохирогч Б.Буянтогтохын “...Дөлгөөнзул гэж байсан залуу бид 2 утсыг чинь авсан байх уу яахаараа бид хоёрыг гэдэг юм бэ гээд байсан. Гар утас өгөх шинжгүй байхаар нь цагдаад хандсан. Цагдаа нар миний гар утсыг Дөлгөөнзулаас гаргуулан авч хүлээлгэн өгсөн...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22/, гэрч Ц.Балжиннямын “...цагдаа Дөлгөөнзул Буянтогтох хоёртой уулзаад Дөлгөөнзул утсыг нуусан газраасаа гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/ болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41-42/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас Б.Дөлгөөнзулыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Буянтогтоход 695,920 төгрөгийн хохирол учруулан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.Дөлгөөнзулд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Дөлгөөнзулыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 695,920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Дөлгөөнзул нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.Дөлгөөнзул нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг Б.Дөлгөөнзулд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Дөлгөөнзул нь хохирогч Б.Буянтогтохын эзэмшлийн “Самсунг А-50” загварын 695,920 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гангаа овогт Будын Дөлгөөнзулыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.                                                                                         

2. Шүүгдэгч Б.Дөлгөөнзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Б.Дөлгөөнзулд мэдэгдсүгэй.

4. Б.Дөлгөөнзул цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дөлгөөнзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ