Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Год холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Өнгөт төгс шийдэл” ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт __/, Б овогт Э-ын Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдаснаар/

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кензо” баарны 2 давхарт Н.З-аны нүүрэн тус газар гараараа цохиж унагаан биед дагзны зүүн гадаргууд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд дахин мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч Н.З-аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлын газрын хүмүүстэйгээ 00 цагийн үед “Кензо” нэртэй баарны караоке руу орсон. Тэгээд хэсэг хугацааны турш дуулж байгаад таксны мөнгө төлөх гээд 2 давхарын шатны үүдэнд ганцаараа зогсож байтал нэг танихгүй залуу ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед би нилээн манарсан байсан учир цохиулсны дараах үйл явдлыг санахгүй байгаа. Тэгээд нүүрээр цус урсчихсан байхаар нь 1 давхар руу бууж хамт явсан ажлын газрын хүмүүстээ авраарай гэж хэлэхэд манай ажлын И, Б, О, Н, З, Н нар “юу болсон юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “2 давхрын шатны хажууд зогсож байтал танихгүй залуу хүрч ирээд миний нүүр рүү цохисон” гэж хэлсэн. “Кензо” баарны менежер залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба цагдаа ирэхээс өмнө миний толгойноос цус гараад байсан болохоор Гэмтлийн эмнэлэг рүү очиж оёдол тавиулсан. Миний толгойн зүүн хэсэгт язарсан байсан тул нэг оёдол тавьсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 8-11-рт/,

 

гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Гын төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор ажлын газрын А, О нарын хамт “Кензо” баарны 2 давхарын караокед орж архи  уугаад сууж байхад Г алга болчихоор нь гадаа гарч хартал Г гадаа баарны хамгаалагч нартай юм яриад зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад сая бүжгийн талбай дээр намайг нэг залуу цохиод гараад явахаар нь араас нь гараад 2 давхарын баар руу ордог хаалганы хажууд нэг залуу зогсож байхаар нь би тэр залууг очоод цохисон гэж хэлсэн. Тэгээд хамгаалагч нараас болсон асуудлын талаар тодруулахад Г 2 давхарын хаалганы хажууд зүгээр зогсож байсан танихгүй хүнийг үгийн зөрөөгүй цохисон талаар хэлсэн. Маргааш нь би Гоос эрүүл болсон хойно тодруулахад өчигдөр найз нь хүн андуураад цохисон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/,

гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны шөнийн 01 цаг өнгөрч байх үед найз Гэралт-Одтой “Кензо” гэх бааранд таарсан. Манай найз Г ажлынхаа 3 залуутай хамт явж байсан. Харин би найзуудтайгаа явж байсан. Тэгээд Год би 1 шил архи авч өгөөд Гын ажлын газрын 3 залуутай хамт тавуулаа хувааж уугаад сууж байтал Г байхгүй байхаар нь гадагш гарахад Г баарны хамгаалагч нартай хамт зогсож байсан. Г надад баарны талбайн голд нэг залуу намайг цохиод яваад өгөхөөр намайг цохисон гэх залуугийн араас нь гарахад баарны 2 давхарын хаалганы хажууд зогсож байсан залуу намайг цохисон залуу мөн юм шиг харагдахаар нь очоод цохисон гэж хэлсэн. Сүүлд Г надад би “Кензо” бааранд хүн андуураад цохисон юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/,

 

гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цаг өнгөрч байх үед 2 давхарын хаалганы хажууд зогсож байсан эрэгтэйг нэг бааран дотор сууж байсан эрэгтэй гарч ирээд нөгөө залууг 2 удаа нүүр рүү нь цохиход тэр залуу арагшаа савж унаж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тэгээд тэр цохисон залууг манай хамгаалагч барьж болиулсан боловч агсраад байсан. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн. Цохиулсан залуугийн толгой нь хагарсан байсан. 2 давхарын хаалганы хажууд ариун цэврийн өрөө байдаг, ариун цэврийн өрөөний харалдаа зогсож байхдаа цохиулаад арагшаа савж унахдаа хананы буланг толгойгоороо цохисон байсан. Харин тэр залууг цохисон залууг цагдаа аваад явсан. Хяналтын камерын бичлэгт тодорхой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рт/,  

 

гэрч Г.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 цагийн үед манай ажлын газрын З-ан тооцоо хийхээр 2 давхарын тек рүү гарсан ба удалгүй толгой нь хагарсан байдалтай цусаа гоожуулаад ороод ирэхээр нь “яасан бэ” гэж асуухад “2 давхарын шатан дээр байж байтал нэг танихгүй залуу хүрч ирээд цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгээд тухайн баарны хамгаалагч нар нь З-аныг цохисон гэх залууг бариад зогсож байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/,

 

гэрч П.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ажлын газрын З-ан тооцоо хийхээр 2 давхарын тек рүү гарсан ба удалгүй толгой нь хагарсан байдалтай цусаа гоожуулаад ороод ирсэн. З-аны толгойн зүүн хойд талаас нь цус гараад байхаар нь И дарга түүнийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү аваачиж толгойд нь оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн24-25-рт/,

 

гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З-ан тооцоо хийхээр 2 давхарын тек рүү гарсан ба удалгүй толгой нь хагарсан байдалтай цусаа гоожуулаад орж ирсэн. Тэгэхээр нь  И дарга “яасан бэ” гэж асуухад “2 давхарын шатан дээр байж байтал нэг танихгүй залуу хүрч ирээд миний нүүр рүү цохьчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-рт/,

 

гэрч Э.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн баарны хамгаалагч нар нь З-аныг цохисон гэх залууг бариад зогсож байсан. Тэр үед З-аны толгойн зүүн хойд талаас нь цус гараад байхаар нь И дарга Гэмтлийн эмнэлэг рүү аваачиж толгойд нь оёдол тавиулсан. Тэгээд бид нар баарны үүднээс салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Н.З-аны биед дагзны зүүн гадаргууд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 31-32-рт/ гэжээ.  

 

шүүгдэгч Э.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. ...талбайн голд бүжиглэж байтал миний зүүн талд байсан залуу намайг цохих шиг болохоор нь араас нь яваад 2 давхарын мөнгө хураадаг хаалганы хажууд зогсож байсан залууг 2 удаа нүүр рүү нь цохиход тэр залуу арагш унасан. Тэгээд баарны хамгаалагч нар намайг тухайн залуугаас салгасан. Миний цохисон залуугийн толгойноос цус гарсан харагдсан. Би хүн андуурч цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад цохиулсан залуу намайг цохисон зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кензо” баарны 2 давхарт Н.З-аны нүүрэн тус газар гараараа цохиж унагаан биед дагзны зүүн гадаргууд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Гыг гэм буруутай байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Гын гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

Хохирогч Н.З-аны гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 56-рт/ авагдсан байх ба хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Гоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Год 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Год оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.З-ан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Гоос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Год авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ