Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1083

 

МАГАДЛАЛ

 

2017.05.05                                             Дугаар 1083                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Сера-Интернэшнл” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00721 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сера-Интернэшнл” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Намнандорж, Н.Мөнхжин нарт холбогдох,

168 569 045 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Галбадар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Мөнхбаатар,

Хариуцагч: О.Намнандорж,

Хариуцагч: Н.Мөнхжин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт:                 “Сера-Интернэшнл” ББСБ ХХК нь зээлдэгч О.Намнандоржийн хүсэлтээр 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ15030024 дугаар зээлийн гэрээ байгуулж 120 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр олгосон. Улмаар үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон БГ15030024 дугаар барьцааны гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан ба зээлийн барьцаанд зээлдэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлж зээл олгосон. Зээлдэгч О.Намнандорж нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5 261 800 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4 800 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын  23-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 099 270 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, нийт 21 961 070 төгрөг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлсөн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй, удаа дараа албан мэдэгдлээр шаардлага хүргүүлсэн боловч зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, Барьцааны гэрээний 2 дугаар бүлгийн 2 дахь хэсэг, 5 дугаар бүлгийн 9 дэх хэсэг, Үл хөдлөх барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн хариуцагч О.Намнандорж болон Н.Мөнхжин нараас зээлийн гэрээний үндсэн үүрэг        120 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хүү 41 867 445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 601 600 төгрөг, барьцааны зүйлд үнэлгээ хийлгүүлсэн төлбөр 100 000 төгрөг, нийт 168 569 045 гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Намнандорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Орон сууцыг барьцаалсан талаар маргахгүй. Н.Мөнхжинтэй гэрлэлтээ 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхээр цуцлуулсан ба уг шийдвэрээр зээл 150 000 000 төгрөгийг хүүгийн хамт Н.Мөнхжин төлөхөөр эвлэрсэн. Нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Н.Мөнхжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Намнандоржоос 35 668 178 төгрөг, хариуцагч Н.Мөнхжингөөс 130 252 392 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Сера-Интернэшнл” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 648 475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 000 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Намнандоржоос улсын тэмдэгтийн хураамжинд 212 323 төгрөг, хариуцагч Н.Мөнхжингөөс улсын тэмдэгтийн хураамжинд 775 229 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: О.Намнандорж нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 120 000 000 төгрөг, зээлийн хүүнд 41 867 445 төгрөг /2016.4.13-ны өдрийг хүртэлх/, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн нэмэгдүүлсэн хүү 6 601 600 төгрөг тус тус төлөх үүрэг үүссэн байсан юм. Ингээд 41 867 445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 601 600 төгрөг, барьцааны зүйлд үнэлгээ хийсэн төлбөр нийлээд 168 569 045 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Нэхэмжлэлийн шаардлагаас 2 648 475 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс ямар үндэслэлээр ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаас дээрх мөнгийг хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн хариуцагч О.Намнандорж, Н.Мөнхжин нар нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байгаа тухайгаа шүүхэд хандсан, мөн сайн дураараа, өөрсдийн хүсэл зоригийн хүрээнд нэхэмжлэгчтэй эвлэрч эвлэрэлийн гэрээг тус шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүхээс эвлэрэлийг батлах боломжгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан диспозитив зарчмыг зөрчсөн шийдвэр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна гэж тус тус заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүх хуралдааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь диспозитив зарчмын хэрэгжилт болдог. Гэтэл хуульд харшлах шалтгаангүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн зүйлгүй байхад анхан шатны шүүх хуульд заасан ямар нэгэн үндэслэлгүйгээр эвлэрэлийг батлаагүй болно.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 2 648 475 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхэд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Хэргийн оролцогчдын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч “Сера-Интернэшнл” ББСБ ХХК нь, хариуцагч О.Намнандорж, Н.Мөнхжин нарт холбогдуулан, 168 569 045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрчээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч   нар нь харилцан тохиролцож, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчийн эвлэрлийн гэрээнд, “Хариуцагч О.Намнандорж нь 18 569 045 төгрөгийг, хариуцагч Н.Мөнхжин нь “Сера интернэшнл” ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150 000 000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Энэхүү гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран Баянгол дүүргийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс талуудын эвлэрлийг баталж, захирамж гаргаснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

Хариуцагч О.Намнандорж, Н.Мөнхжин нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.” гэж тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00721 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,     “Хариуцагч О.Намнандорж нь 18 569 045 төгрөгийг, хариуцагч Н.Мөнхжин нь “Сера интернэшнл” ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150 000 000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.” гэж тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                          Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ