| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 117/2019/0006/З |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-07-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 07
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Б би Г ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Р.Цид холбогдох, “Улсын байцаагчийн 0166853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Д.Цийн 0166853 дугаартай шийтгэлийн хуудсыг 2019 оны 05 сарын 25-ны өдөр хүлээж аваад үндэслэлгүй шийтгэл оногдуулсан гэж үзлээ. Учир нь:
Уг заалтад: Тусгай зөвшөөрвөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ гэжээ. Мөн түүнчлэн уулын ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх талаар ямар нэгэн хуулийн заалт байхгүй байна.
Мөн “Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-ийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2017, 2018 оны ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын болон ажлын үр дүнгийн тайланг тогтоосон хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн.
“Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт Хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдийн тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор, “Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор илгээсэн болно.
Иймд Зөрчил шалган шийтгэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасныг ноцтой зөрчиж хэлбэр, агуулгын хувьд зөрчилтэй бичигдсэн 0166853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмлэг Г ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г ХХК нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагчийн 0166853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Р.Ц нэхэмжлэгчийн 0166853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэсэн үндэслэлд хамаарч байх ба мөн улсын байцаагчийн 0166853 дугаартай шийтгэлийн хуудас нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Нэхэмжлэгч “Г” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Р.Цид холбогдох, “улсын байцаагчийн 0166853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Р.Цоос 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.Б