Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0061

 

 

 

 

                                                    Д.Аийн нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.О нар,

Нэхэмжлэгч: Д.А,

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай “Д.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлж тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 832 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/0108/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А нь Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай “Д.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлж тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 832 дугаар шийдвэрийн:

1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.7, 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.1, 39.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, 48.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Аээс Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай “Д.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлж тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Иргэн С.Б-Оыг ажилд томилох, халах, ажил хүлээлцүүлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг асуудал нь Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн даргын /Д.Аийн ажил үүрэг биш/ хариуцах ажил, чиг үүрэг биш, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй. Ажилтан ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх асуудал нь Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын хариуцсан чиг үүрэг. Нэхэмжлэгч нь өөрийн дээд шатны албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад эрх зүйн актад хяналт тавих эрх байхгүй бөгөөд өөр албан тушаалтны хариуцах ёстой ажил үүрэг буюу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхэд хяналт тавиагүй асуудалд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, хэрэв Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, иргэн С.Б-Отой “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан байсан бол уг зөрчил гарахгүй байх байсан бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт заагдаагүй, дээд шатны байгууллага албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргийн хариуцах чиг үүрэг, эрх мэдлийн асуудалд нэхэмжлэгчийг холбогдуулан үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй. Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж, маргааны үйл баримтыг бүрэн, үнэн зөв тогтоож чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, чиг үүргийг зөв дүгнэж чадаагүйгээс алдаатай шийдвэр гаргасан.

            3.2. Ажилчдын цалин олгох, цагийн тооцоог гаргах зэрэг асуудал нь хэлтсийн даргын буюу нэхэмжлэгчийн хариуцах ажил, чиг үүрэг биш, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй. Энэ нь Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн даргын ажил байдлын тодорхойлолтоор нотлогддог. Анхан шатны шүүх ангийн захирагчийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийн асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй. Бодит байдал дээр цалингийн цагийн тооцоог тухайн ангиудын ангийн захирагч нар нь гаргаж, шууд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлдэг. Өөрөөр хэлбэл, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга цалин бодож олгодоггүй бөгөөд тухайн ангийн захирагч нар ажилчдын цагийн тооцоог бодож, дээд шатны байгууллага болох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлж, үүний дараа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга зөвшөөрч тамга дарж, байгууллагын нягтлан санхүүгийн тэмдэг дарсны дараагаар санхүүгээс олгогддог. Ажилчдын цагийн тооцоо гаргах, цалин бодож олгох асуудал нь нэхэмжлэгчид хамааралгүй асуудал. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Г гэрчийн мэдүүлэгтээ “гарын үсэг зуралгүйгээр цалин олгох үндэслэл байхгүй, учир нь гарын үсэг зурагдаж, миний бие тамга дарж, нягтлан санхүүгийн тэмдэг дарагдсаны дараа санхүүгийн гүйлгээ хийгддэг. Нэг хүний цалин дангаараа бодогдох боломжгүй, байгууллага тус бүрээр цалин бодогддог” гэж маш тодорхой мэдүүлэг өгсөн.

3.3. Мөн дулааны улиралд галлагаа, уурын зуух зогссоноор галч С.Б-Оыг ажлаас чөлөөлөх тушаал гараагүй тул галч С.Б-О нь ойр зуур байгууллагын засвар, аж ахуйн ажлыг хийж, нийтийн арга хэмжээнд оролцож байсан бөгөөд ажилтны орон тоон дээр байсан учраас цалин олгогдож байсан. Үүнийгээ ч галч С.Б-О тайлбартаа дурдсан. Тухайлбал 2021 оны 6 дугаар сард С.Б-О нь байгууллагын засвар үйлчилгээний ажил болон нэгдсэн арга хэмжээнд оролцож байсан. Ажилчдын цагийн тооцоог бодож гаргадаг байсан ангийн захирагч Э.Э гэрчийн мэдүүлэгтээ “Д.Аээс надад байгууллагын ажилчдын цагийн бүртгэлийг хуурамчаар хийж, нөхөж бичих талаар үүрэг даалгавар өгч байгаагүй” гэж мэдүүлсэн хэрнээ мөн мэдүүлэгтээ Д.А даргаас С.Б-Оыг галчаар огт ажиллаагүй байхад цагийн бүртгэлийн тооцоог нөхөн бүрэн бүртгэ гэдэг байсан” гэх ойлгомжгүй, зөрүүтэй, өөрийн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Э.Э нь шүүхэд мэдүүлэг өгөхөөсөө өмнө 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болсон Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн байгууллагын хамт олны хурал дээр “Д.А танд галч С.Б-Оын ажлыг хүлээлцүүл, ажил хүлээлцэх актыг хуурамчаар үйлд гэж тушаал өгсөн үү” гэхэд Э.Э нь “үгүй” гэж хариулсан. Энэ тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн Э.Э нь гэрчийн мэдүүлэгтээ “би С.Б-Оын ажил хүлээлцүүлсэн илтгэх хуудсыг бичиж, аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн ...” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх Э.Эын ойлгомжгүй, хоорондоо зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр, Д.Аийг буруугүй, цагийн тооцоог нөхөж бичих үүрэг даалгавар өгөөгүй болохыг нотолсон мэдүүлэг, хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлээгүй хэрнээ Д.Аийг буруугүй болохыг нотолсон мэдүүлгээ үгүйсгэсэн, эргэлзээтэй мэдүүлгийг үнэлж, нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Э.Эын “Д.Аээс надад байгууллагын ажилчдын цагийн бүртгэлийг хуурамчаар хийж, нөхөж бичих талаар үүрэг даалгавар өгч байгаагүй” гэсэн мэдүүлэг, “Д.А дарга С.Б-Оын цагийн тооцоог нөхөж бич гэсэн үүрэг даалгавар өгөөгүй” гэж хэлсэн хурлын тэмдэглэл зэргийг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхгүй, үгүйсгэж байгаа үндэслэлээ шүүх бичсэнгүй.

3.4. Мөн Д.А би У.О, дэд ахлагч Ч.Н-Э нарт ажилтны /С.Б-Оын/ ажилласан цагийн тооцоог нөхөж бич гэсэн үүрэг, даалгавар огт өгч байгаагүй бөгөөд энэ талаар Ч.Н-Э нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тайлбартаа “... 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр томилгоот үүрэг гүйцэтгэж байхад алба хаагчдын цагийн бүртгэл дээр 4 дүгээр сард томилогдсон өдрөөс хойш нөхөж цаг бүртгэ гэсэн ангийн захирагч Э.Э үүрэг өгсөний дагуу 2 дуудлага хүлээн авагчыг дуудаж ирсэнээр цаг бүртгэсэн ...” гэж тодорхой бичсэн байдаг. Үүнээс харахад “ажилтны ажилласан цагийн тооцоог нөхөж бич” гэсэн үүргийг нэхэмжлэгч Д.А өгөөгүй, харин ч эсрэгээрээ нэхэмжлэгчийн эсрэг худал, үндэслэлгүй тайлбар бичиж өгсөн ангийн захирагч Э.Э нь “ажилтны ажилласан цагийн тооцоог нөхөж бич” гэсэн үүргийг өгсөн болох нь нотлогдож байгаа. Мөн энэ талаар У.О гэрчийн мэдүүлэгтээ “Д.А даргаас ажилчдын цагийн бүртгэлийг хуурамчаар хийж, нөхөж бич гэсэн үүрэг даалгавар өгч байгаагүй, харин галчаар ажиллаж байсан гэх С.Б-Оын цагийн бүртгэлийг хуурамчаар буюу нөхөж бүртгэх талаар ангийн дарга Э.Э надад албаны 101 дугаарын утсаар хэлсэн, ангийн дарга Э.Эаас дараа ямар нэгэн асуудал үүсэх талаар лавлахад “аймгийн Онцгой байдлын даргаас үүрэг өгсөн, цагийн бүртгэлийг одоо яаралтай ирүүл” гэсний дагуу С.Б-Оын цагийн бүртгэлийг нөхөж бичиж өгсөн” гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн буруугүй гэдгийг нотолсон, цагийн тооцоог бичсэн гэх Ч.Н-Э, У.О нарын хэрэгт ач холбогдолтой гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй хэрнээ зөвхөн хариуцагч талд ашигтай, үндэслэлгүй, эргэлзээтэй, дээрх 2 гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг болох гэрч Н.Тийн ангийн даргаас дуудлага хүлээн авагчид болох Ч.Н-Э, У.О бид 3-ыг утсаар ажил дээр дуудсан, дуудсан шалтгаан нь галчаар ажиллаж байсан гэх С.Б-Оын цагийн бүртгэлийг нөхөж бичих талаар хэлсэн. Үүний дагуу бид 3 С.Б-Оын цагийн бүртгэлийг нөхөж бичсэн” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэгчийг буруутгаж, зөрчил гаргасан нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нөхөж бичсэн гэх цагийн тооцоог өөрсдийн гараар бичсэн Ч.Н-Э, У.О нар нь шүүхэд “С.Б-Оын цагийн тооцоог нөхөж бичих үүрэг, даалгаварыг Д.А өгөөгүй, С.Б-Оын цагийн бүртгэлийг хуурамчаар буюу нөхөж бүртгэх талаар ангийн дарга Э.Э надад албаны 101 дугаарын утсаар хэлсэн” гэж үнэн зөв мэдүүлэг өгсөн байхад шүүх энэ асуудалд ямар ч хамааралгүй, дээрх цагийн тооцоог бичээгүй, худал мэдүүлэг өгсөн гэрч Н.Тийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрч Ч.Н-Э, У.О нарын хэрэгт ач холбогдолтой гэрчийн мэдүүлгийг ямар шалтгаанаар нотлох баримтаар үнэлээгүй, уг 2 гэрчийн мэдүүлгийг ямар баримтаар няцааж, үгүйсгэж байгаа хууль зүйн үндэслэлээ шүүх дурдсангүй.

3.5. Шүүх нотлох баримтыг бүрэн, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь бодитой үнэлж дүгнэж чадсангүй. Бодит байдал дээр Д.А нь камер унтраах үүрэг даалгавар огт өгөөгүй бөгөөд *** СБА улсын дугаартай ТСВ-6 маркийн автомашины дугуйг солих үүрэг өгөөгүй, уг машины 6 дугуй солигдоогүй, тухайн үед дээрх 2 автомашинаас гадна “Б Г” ХХК-иас актлагдан, Мандал сумын Түнхэл тосгонд бүртгэлтэй, гал унтраах зориулалттай автомашин Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн гражид байрлаж байсан бөгөөд уг эвдрэлтэй, үүрэг гүйцэтгэх боломжгүй гал унтраах зориулалтын автомашины хуучин дугуйнуудыг Мандал сумын Засаг даргын хүсэлтээр тус сумын хот тохижилтын албанд өгч, ** СБА улсын дугаартай АЦ-40 маркийн автомашины 6 дугуйг С.Б-От түр ашиглуулж, оронд нь Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны “Sonata-7” маркийн авто машин авахаар байгууллагад ашигтайгаар харилцан тохиролцож шийдвэрлүүлж, Төрийн үйлчилгээний албанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс энэ үйл баримтыг буруу ойлгож “Б Г” ХХК-иас актлагдсан, Мандал сумын Түнхэл тосгонд бүртгэлтэй, гал унтраах зориулалттай Мандал сумын Онцгой байдлын гражид байрлаж байсан эвдрэлтэй хуучин машины дугуйг сольсон асуудлыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дансанд бүртгэлтэй ** СБА улсын дугаартай, 1976 онд үйлдвэрлэгдсэн АЦ-40 маркын автомашин, *** СБА улсын дугаартай ТСВ-6 маркийн үүрэг гүйцэтгэх боломжгүй, хуучин, актлагдах гэж буй машины дугуйгаар сольсон мэтээр илтэд буруугаар мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа. Энэ асуудал нь Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын Т Х ААТҮГ-ын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 106 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаар “Тодорхойлолт”, гэрч Мандал сумын Засаг дарга Н.Лийн гэрчийн “Миний зүгээс Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Ад тус хэлтсийн мэдүүлэг автогражид ашиглагдахгүй хадгалагдаж байгаа “Б Г” ХХК-иас манайд өгсөн 1 ширхэг автомашины 6 дугуйг дугуй хэрэгцээтэй байгаа Т Х төрийн өмчийн үйлчилгээний газарт шилжүүлж, хамтарч ажиллах талаар чиглэл өгсөн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Мөн “ “Sonata-7” маркийн авто машиныг тус Онцгой байдлын хэлтэст шийдэж өгсөн” гэж мэдүүлсэн. Дэд ахлагч Ч.Н-Э, ахлах ахлагч Н.Т нарын тайлбарт “камер унтраа гэсэн үүргийг дарга нар өгсөн” гэжээ. Бодит байдал дээр сумын Засаг дарга Н.Л нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу мягмар гарагт Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаад дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллана, танай байгууллага дээр байгаа “Б Г” ХХК-иас өгсөн манайд данстай галын машины дугуй нь манай хог зөөдөг албаны машинуудаас дээр юм байна, иймд уг машины дугуй солих тухай яригдсан. Ингээд маргааш нөгөөдрөөс нь галч С.Б-О нь дугуйг зөөвөрлөж сольсон, энэ үед нэхэмжлэгч байгаагүй. Энэ яриа нь 5 дугаар сарын 25-ны өдөр яригдаад тухайн өдрөө дугуй солиогүй бөгөөд үүнээс 2-3 хоногийн дараа дугуйг сольсон. Гэтэл Ч.Н-Э, ахлах ахлагч Н.Т нар нь “2021 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдөр камер унтраа гэсэн” гэж тайлбарлаж байгаа нь 25-ны өдрөөс хойш дугуй сольсон өдөр, цаг таарахгүй байгаа. Иймд эдгээр хүмүүс нь хэн нэгний дарамт шахалтаар нэхэмжлэгч Д.Аийг буруутай мэтээр харагдуулах гэж зориуд илт худал тайлбар гаргаж байгаа. Мөн энэ талаар Ч.О гэрчийн мэдүүлэгтээ “нэхэмжлэгч талаас асуусан асуулт болох дугуй солих үед сумын Засаг дарга байсан уу, сольсон гэх машинууд 1 дүгээр давхрын гражид байсан уу, доод подволын гражид байсан уу” гэсэн асуултад “сумын Засаг дарга дугуй сольж авч явах үед би байгаагүй, харин АЦ-40 маркийн ** СБА дугаартай тээврийн хэрэгслийн 6 дугуйг соль гэж Д.А дарга үүрэг өгсөний дагуу сольж, С.Б-О гэх хүнд аваачиж өг гэсний дагуу аваачиж өгсөн” гэж мэдүүлдэг. Харин яг энэ асуудлаар хариуцагч талаас асуусан асуулт болох “АЦ-40 ** СБА, ТСВ-6 6586 улсын дугаартай автомашины дугуйг ямар зорилгоор сольсон бэ, хэдэн дугуй сольсон бэ” гэсэн асуултад АЦ-40 маркийн ** СБА дугаартай автомашины 6 дугуйг тайл гэсний дагуу нэг ээлжийн жолооч болох Д.Цын хамт бид 2 тайлсан, тус 6 дугуйг С.Б-О ирж аваад оронд нь С.Б-О муу дугуй өгөөд Энэ байгуулла сольж тавьсан” гэж 2 өөр зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Гэрч Ч.О нь эхний нэхэмжлэгчийн асуусан асуултад хариулахдаа “АЦ-40 маркийн ** СБА дугаартай тээврийн хэрэгслийн 6 дугуйг сольж, С.Б-О гэх хүнд аваачиж өг гэсний дагуу аваачиж өгсөн” гэж мэдүүлдэг, гэтэл хариуцагчийн асуусан асуултад хариулахдаа “АЦ-40 маркийн ** СБА дугаартай тээврийн хэрэгслийн 6 дугуйг тайл гэсний дагуу тайлсан, уг 6 дугуйг С.Б-О ирж аваад оронд нь С.Б-О муу дугуй өгөөд сольж тавьсан гэж 2 өөр зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн болох нь харагдаж байна. Иймд уг мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Гэтэл шүүх энэ талаарх маргааны үйл баримт буюу хэдэн ширхэг ямар учиртай машины дугуй болох, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст бүртгэлгүй, хамааралгүй, тус байгууллагын грашид хадгалагдаж байсан “Б Г” ХХК-иас өгсөн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй машины дугуйг сольсон асуудлыг үнэн зөвөөр тогтоож чадсангүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр алдаатай, үндэслэлгүй гарсан.

3.6. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Уаас хийж хэрэгжүүлж буй ажлыг сайшаан дэмжиж, бүтээлч ажилд зориулан хувиасаа өгсөн 5 сая төгрөгийн тусламжийг хүлээн авч зориулалтын дагуу хамт олноороо ярилцаж байгаад Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн гаднах гэрэлт самбар, хаяг, лого хийлгэхээр шийдвэрлэсний дагуу иргэн С.Агийн компаниар нийт 5,7 сая төгрөгөөр байгууллагын гадна гэрэлт самбар, хаяг лого хийлгэсэн бөгөөд дээрх бүтээлч ажлуудыг тухай бүр зурагжуулж Онцгой байдлын газарт тайлагнаж байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийн талаар заасан бөгөөд 20.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах”, 20.2.4-т “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах” эрх, үүрэгтэй гэж заасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар байгууллагын санхүүгийн баримтыг бүрдүүлэх, хяналт тавих үүргийг байгууллагын нягтланд үүрэг болгосон, нягтлан хариуцдаг бөгөөд санхүүгийн анхан шатны баримтыг цуглуулах, бүрдүүлэх ажил, үүргийг хуулиар миний бие хариуцахгүй бөгөөд өөр хүний нягтлан, нярав нарын хуулиар хүлээсэн эрх, үүргийг өөр албан тушаалтанд буюу нэхэмжлэгч Д.Ад хариуцуулж байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй. Энэ асуудалтай холбоотой гэрчүүдийн мэдүүлэгт Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст байгууллагын гэрэлтдэг хаяг, байгууллагын лого хийлгэсэн болохыг бүгд хэлж, энэ талаар тайлагнаж байсан болохыг мэдүүлсэн.

 3.7. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан. Гэтэл хариуцагч намайг хууль зөрчин ажлаас чөлөөлж төрийн албан хаагчийн баталгааг зарчиж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол уг маргаан бүхий актыг захиргааны илт хууль бус акт” гэж заасан. Нэхэмжлэгч маргаан бүхий тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй, бусдын ажлын чиг үүргийн асуудлыг хариуцах, өмнөөс нь хариуцлага хүлээх үндэслэлгүй, хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол, хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдах үндэслэлгүй байсан. Анхан шатны шүүх энэ талаар холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэт үнэлж дүгнэж чадаагүй.

3.8. Иймд анхан шатны шүүх энэ хэрэг маргааны үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг буруугүйг нотолсон, ач холбогдолтой гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй, нотлох баримтыг үгүйсгэж буй хууль зүйн үндэслэлээ шүүх дурдаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдаатай шийдвэр гаргасан тул 832 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэргийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Д.А нь Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай “Д.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлж тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах”-аар маргасан.

            3.2. Маргаан бүхий Б/1376 дугаар тушаалаар “... Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар хуралдааны шийдвэрээр ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг зөрчин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрэгжүүлээгүй, алба хаагчдад хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан, байгууллагын даргыг бодит мэдээллээр хангаагүй, алба хаагчдыг дарамтлан хууль бус баримт үйлдүүлэн хөдөлмөр эрхлээгүй иргэнд цалин олгуулсан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж үзээд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Ад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” байна.

3.3. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч нь гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хээргжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн талаар Онцгой байдлын газрын даргад тайлагнах, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих зэрэг чиг үүрэгтэй байна.

3.4. Маргааны үйл баримт, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Д.Ад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэжээ.

            3.5. Тодруулбал, Д.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн галчийн орон тоонд “Сая сарнай” гэх нэртэй хуулийн этгээдийн захирал ажилтай С.Б-О гэх иргэнийг холбогдох хууль, журмын шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхэд хяналт тавиагүй, галчийн үүрэгт ажилд ажилласан цагийн бүртгэл тооцоог үнэн зөв гаргаж байгаа эсэхэд хяналт тавиагүй, энэ талаар шууд харьяалах дээд шатны удирдлага болох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын удирдлагад үнэн зөв мэдээллээр хангаж ажиллаагүй, галчийн ажлыг хийгээгүй хүнд 2021 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд цалин олгуулсан зөрчил гаргасан болох нь галчийн орон тоонд ажилласан гэх С.Б-Оын өөрийн мэдүүлэг, түүний цалингийн тооцооны хүснэгт, цалингийн карт, мөн гэрч Н.Т, Э.Э нарын мэдүүлэг, бусад албан хаагчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн “... С.Б-Оыг ажилд томилох, халах, ажил хүлээлцүүлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг асуудал нь хэлтсийн даргын хариуцах ажил, чиг үүрэг биш, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй. Ажилтан ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх асуудал нь Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дээд шатны байгууллага, албан тушаалтан болох аймгийн Онцгой байдлын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан, аймгийн Онцгой байдлын газрын даргын хариуцсан чиг үүрэг” гэх гомдолтой холбогдуулан хариуцагч “... тухайн нэгжид ажиллах албан хаагчдын саналыг хэлтсийн дарга гаргаж, аймгийн Онцгой байдлын газрын дарга томилдог, аймгийн Онцгой байдлын газрын дарга өдөр бүр Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиж ажиллах, хяналтаа тавьж чадахгүй тул суманд хэлтсийн дарга томилсон” гэх тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй.

Д.А нь тухайн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд С.Б-Отой Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 105 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-ын 2.7, 5.8-д тус тус зааснаар С.Б-Отой хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа эсэх, ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэл тооцоог үнэн зөв гаргаж байгаа эсэхэд хяналт тавиагүй, дээд шатны албан тушаалтанг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, албан хаагчдын цагийн бүртгэлийг ангийн захирагч Э.Э гаргаж, Д.А нь хэлтсийн даргын хувьд албан хаагчдын ажлын цагийн тооцоог эцсийн байдлаар хянаж баталгаажуулдаг байна.

            3.6. Мөн Д.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй ** СБА улсын дугаартай АЦ-40 маркийн автомашины 6 ширхэг дугуй, ТСВ-6 маркийн *** СБА улсын дугаартай автомашины 6 дугуйг гал сөнөөгч нараар солиулж, С.Б-Оын машины хуучин дугуйгаар сольсон болох нь гэрч С.Б-О, Ч.О, Д.Ц, Э.Э, Э.Баярхүү нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Нэхэмжлэгч “...шүүх энэ талаарх маргааны үйл баримт буюу хэдэн ширхэг ямар учиртай машины дугуй болох, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст бүртгэлгүй, хамааралгүй, тус байгууллагын грашид хадгалагдаж байсан “Б Г” ХХК-иас өгсөн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй машины дугуйг сольсон асуудлыг үнэн зөвөөр тогтоож чадаагүй” гэх боловч энэ тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна.

3.7. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байхаар заасан, ийнхүү авсан тусламж, хандивын орлогыг Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д зааснаар холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнах үүрэгтэй.

 Д.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчиж тус хэлтсийн сургалтын танхим тохижуулах ажилд зориулж Улсын Их Хурлын гишүүн Ч.Уаас 5,000,000 төгрөгийн хандивыг хамт олны өмнө бэлнээр авч, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангуулахгүйгээр буюу шууд удирдах дээд шатны байгууллагын удирдлага, нягтлан бодогчид мэдэгдэхгүйгээр, байгууллагын дансанд хийхгүйгээр захиран зарцуулсан болох нь түүний “... уг мөнгийг хамт олноороо ярилцаж байгаад гадна гэрэлт самбар, лого хийсэн” гэх мэдүүлэг, мөн гэрч А.Уянгын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нэгэнт дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу 5,000,000 төгрөгийг өөрийн удирдлагаас зөвшөөрөл аваагүй, уг орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнасны дараа захиран зарцуулах үүргээ биелүүлээгүй тул “... хуулиар байгууллагын санхүүгийн баримтыг бүрдүүлэх, хяналт тавих үүргийг байгууллагын нягтланд үүрэг болгосон, нягтлан хариуцдаг, санхүүгийн анхан шатны баримтыг цуглуулах, бүрдүүлэх ажил, үүргийг миний бие хариуцахгүй, нягтлан, нярав нарын хуулиар хүлээсэн эрх, үүргийг надад  хариуцуулж байгаа нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

3.8. Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... тодорхой зөрчил гаргасан болохоо үгүйсгээгүй, гэхдээ надад ногдуулсан шийтгэл зөрчилд тохироогүй, зориуд алдаа гаргаагүй” гэж тайлбарласан, мөн аливаа байдлаар зөрчил гаргаагүй болохоо нотолж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд ийнхүү ирүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

3.9. Иймд хариуцагч маргаан бүхий Б/1376 дугаар тушаалаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай албан тушаалтныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул “... уг тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлж тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

4. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 70200 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг төлсөн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг төлөх”-өөр заасан байх тул нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 832 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “...урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                          

 

 

 

         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

         ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН