Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

    2021          02           09                                     2021/ШЦТ/118

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Цын Бд холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт ___/ Д овогт Цын Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шень Хө” хоолны газарт үйлчлүүлж байхдаа буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт байсан хүмүүстэйгээ маргалдан улмаар “Шень Хө” рестораны эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас нийт 2,042,080 /хоёр сая дөчин хоёр мянган наян/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шень Хө” хоолны газарт үйлчлүүлж байхдаа буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт байсан хүмүүстэйгээ маргалдан улмаар “Шень Хө” рестораны эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас нийт 2,042,080 /хоёр сая дөчин хоёр мянган наян/ төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...”Шень Хө” хятад хоолны газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 8 дугаарын өрөөнд үйлчлүүлж байсан үл таних согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй 12 цагаас 18 цагийн орчимд үйлчлүүлээд гарах үедээ агсам тавьж байгууллагын өмч хөрөнгийг устгаж гэмтээсэн үйлдлүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. 8 дугаарын өрөөний ширээний нэг хөлийг хугалсан, угтах хэсгийн давцан дээр байсан хоёр ширхэг компьютерийн дэлгэц, нэг принтерийн хамт газар унагааж эвдэлсэн. Би өөрийн байгууллагад учирсан хохирлын төлбөрийг хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-рт/,

 

Гэрч Х.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шень Хө” ресторанд зөөгчөөр ажилладаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай хоолны газарт үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй тусдаа өрөөнд орж хоол идэж байгаад эрэгтэй хүн орилж хашгираад байсан. Би өрөөнд ороход өрөөний модон ширээний баруун хойд талын хөл нь хугарчихсан байсан. Зааланд гарахад нөгөө согтуу залуу манай хоолны газрын үүдний угтах хэсгийн ширээний давцанг гараараа цохиж, барьж байгаад татах зэрэг үйлдэл хийсэн. Татах үйлдэл хийх үед ширээний давцан дээр байсан хоёр компьютер газар унасан бөгөөд үүнээс болоод нэг компьютерын дэлгэц нь эвдэрсэн, нөгөө компьютерийн пос төхөөрөмж эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-рт/,

 

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би өөрийн найз болох Бтай 11-н цагийн орчимд “Шень Хө” нэртэй хоолны газарт уулзсан юм. Тухайн өдөр Б бид хоёр зүс таних найзууд болох Болорцэцэг, Отгонцэцэг нарыг дуудаж хамт уулзсан. Тухайн хоолны газар байхдаа архи ууцгаасан. Тэгээд Б  сууж байсан өрөөний ширээг өргөөд шидэж тавиад үүдний хэсэгт гарсан. Би тухайн үед уусан архинаасаа болоод юу болоод байгааг ухамсарлаж чадахгүй байдалтай байсан бөгөдө нэг ухаан ороход цагдаа нар Быг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/,

 

Гэрч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би “Шень Хө” хятад хоолны газарт зөөгчөөр ажилладаг.  8 дугаарын өрөөнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй орчихсон хоол идэж архи ууж үйлчлүүлж байсан. Хэсэг хугацааны дараа согтуу эрэгтэй тус өрөөнөөс гарч ирээд үүдний угтах хэсэгт зогсоод согтуурхаж зааланд үйлчлүүлж байсан хүмүүст хандаж муу хятадууд та нар хятад хоол идэж байна гэх зэргээр хүмүүс рүү орилж байсан, энэ үед хамт явж байсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэй гарч ирээд түүнийг болиулах гэсэн боловч чадахгүй байсан. Тэгээд нөгөө согтуу залуу угтах хэсгийн давцангаас барьж байгаад сэгсэрч давцан дээр нь байсан хоёр ширхэг компьютерийг газар унагааж эвдэлсэн. 8 дугаарын өрөөний дугуй шилэн давцантай модон хөлтэй ширээний модон хөл нь хугарсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-рт/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-15/,

Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 29-30-рт/,

 

шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр намайг ажил дээр байхад манай найз Б- бид хоёр уулзахаар болсон. Тэр өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шень Хө” хятад хоолны газарт орж хоол идэж, согтууруулах ундаа хэрэглэсэн. Нэг мэдэхэд би тасарчихсан. Тэгээд ухаан ороход цагдаа нар ирчихсэн байсан. Би бусдад учруулсан хохирлоо барагдуулсан. Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-рт/,

- иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ц.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Д овогт Цын Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Бд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Бд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ