Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/196

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо, Хангайн *** дүгээр гудамж *** тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар ***/ Ц овогт Ч А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, **** дүгээр байрны подвальд хохирогч Н.Б-н толгой, бие тус газарт хөл, гараараа болон шалны модоор цохиж, түүний биед тархи доргилт, баруун чамархай, дагз, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж мэдүүлэг зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...А бид хоёр Баянгол дүүрэг 8 дугаар хороо 11 дүгээр байрны 00 тоотод 2020 оны 10 дугаар сараас эхлэн амьдарч байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 27-ны орой бид 2 гэртээ байж байгаад А 2 шил 0,5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд А гэнэт уурлаад гэрийн эд зүйлс авч шидлээд байхаар нь би боль гээд хэлэхэд намайг шалны модоор нуруу, хөл, гар луу цохиод, толгой нүүр ам руу бас дахин өшиглөж, цохиод байсан. Тэгээд би газар унаад цохиулаад хэвтэж байтал гаднаас 11 дүгээр байрны “СӨХ”-ны дарга Л ганцаараа орж ирсэн. Би А-д цохиулснаасаа болоод ухаан балартаад тухайн өдрөө цагдаа дээр өөрөө ирж чадаагүй, хэд хоног хэвтрийн байдалд охиныдоо байсан. Одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9-рт/,

 

            Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б над руу залгахаар нь өмнө олон удаа хэрэлдэж хоорондоо зодолдож байсан болохоор тоогоогүй гэртээ байж байхад Н.Б дахин миний утас руу залгаад байхаар нь 22 цаг 20 минутын үед гэрээсээ гараад 9 дүгээр орцны подвальд Н.Б-д ороход Б нөхөр А-тай зодолдоод байхаар нь би тэр хоёрыг архи ууж хоорондоо зодолдлоо болилдоо, гэрийнхээ эд зүйлийг эвдэж сүйтгээд байдаг ямар сонин хүмүүс вэ гэж хэлсэн ба Б үүдэнд харин нөхөр нь цаад талын өрөөндөө сууж байсан ба эхнэр Б хүрч ирээд хөл рүү өшиглөсөн дараа нь нуруу, хэвлий хэсэгт цохиж өшиглөсөн, үүдний хажууд шалны мод бариад Б газар унагааж байгаад толгой, нүүрний хэсэг олон удаа модоор цохиод байсан ба салгах гээд би дийлээгүй. Тэгээд би өөрийнхөө утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/,  

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн **** дугаартай

1. Н.Б-н биед тархи доргилт, баруун чамархай, дагз, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17-18-рт/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32-рт/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны подвальд хохирогч Н.Б-н толгой, бие тус газарт хөл, гараараа болон шалны модоор цохиж, түүний биед тархи доргилт, баруун чамархай, дагз, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Б-н “...А гэнэт уурлаад гэрийн эд зүйлс авч шидлээд байхаар нь би боль гэж хэлэхэд намайг шалны модоор нуруу, хөл, гар луу цохиод, толгой нүүр ам руу бас дахин өшиглөж, цохиод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Л-н “...Бн хөл рүү өшиглөсөн дараа нь нуруу, хэвлий хэсэгт цохиж өшиглөсөн, үүдний хажууд шалны мод бариад Б газар унагааж байгаад толгой, нүүрний хэсэг олон удаа модоор цохиод байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтууд, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж, байдал, цаг хугацаа, хэргийн талаар нотлогдсон үйл баримтад нийцсэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой, эх сурвалж нь тодорхой байна.

 

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг мэдсэн, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

         Хэргээс үзэхэд хохирогч Н.Б нь хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ц овогт Ч-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.А-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ