Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/188

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч В.Батдэлгэр

шүүгдэгч Н.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105001580142 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 28-нд ....... хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн ........ дүгээр хороо, ........... дугаар гудамж ........... тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 2; хамтран амьдрагчийн хамт Баянгол дүүргийн ........ хороонд байрлах Нийтийн .........дугаар байр, ....... түр оршин суух,

ял шийтгэл: 1. Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг дүйцүүлэн хасаж 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар, 12 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоож, хорих ялаас хугацааны өмнө сулласан,

............ дугаарын регистртэй, Олхонуд овогт Нын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.Б согтуурсан үедээ 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Нийтийн 37 дугаар байрны 32 тоотод хамтран амьдрагч Н.Атай “гадуур хоносон” гэх шалтгаанаар маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чихний ард зулгаралт, зүүн хацар, шанаа, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, тохой, нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, хүзүү, эгэм, бугалга, даланд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэдгийг ойлгож байгаа. Хамтран амьдрагч А бид нар одоо учраа олсон. Дахин ийм байдал гаргахгүй байж чадна гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н.А “... 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 37 дугаар байр 32 тоотод оршин суух гэртээ орж ирэхэд хамтран амьдрагч орж ирээд “... хаагуур явсан юм, гэр орондоо ирэхгүй, утас шөрмөсөө авахгүй хаана хоносон юм” гэхээр нь би “...миний хаана юу хийх чамд хамаагүй” гэсэн. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Б хэлэхдээ “... чи бид хоёр нэг гэрт толгой хорогдож нэг тогооноос хоол идэж байгаа юм чинь хамаатай байлгүй яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд бид хэсэг маргалдаж байгаад хоорондоо эвлэрч 1 шил 0,5 граммын “Хараа” нэртэй архи хувааж уугаад дахин маргалдсан. Энэ үед Б уурлаж миний нүүр хэсэг рүү цохиж би газар унахад цээж хэсэг рүү дэвсэж үснээс чирсэн. Тэгэхээр нь би муухай орилсон. Бид хоёр маргалдаж дуусаад байж байтал цагдаа нар ирж хаалга тогшсон. 2019 оны 10 сард танилцаж түүнээс хойш хамт амьдрах болсон. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг маргаан миний буруутай үйлдлээс болсон” /хх-н 12/ гэж,

яллагдагч Нын Б “... 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хамтран амьдрагч А гэртээ ирээгүй. 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед гэртээ орж ирэхээр нь хаана хоносон, гар утсаа яагаад унтраасан талаар асуусан. Үүнээс болж бид хоёр хоорондоо маргах болсон. Тэгээд би гэрээс гараад гэрийн ойролцоох дэлгүүр орж 0.5 граммын Хараа гэх архи 1 шил авч ирж Атай хувааж уусан. Архи ууж байхдаа хоорондоо гэр бүлийн маргаанаас болж маргалдсан. Миний уур хүрээд Аыг 2 удаа алгадахад газар унасан. Түүнээс хойших үйлдлийг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаа нар орж ирээд, намайг хувцсаа өмс гээд аваад гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй тул үйлдсэн хэргээ хялбаршуулсан байдлаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” /хх-н 70-71, 108/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Н.Аын гэмтэлтэй холбоотойгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нь Н.Аын биед зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чихний ард зулгаралт, зүүн хацар, шанаа, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, тохой, нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, хүзүү, эгэм, бугалга, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэсэн 852 дугаартай дүгнэлтийг гаргасан /хх-н 20-21/ байх ба эдгээр бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Н.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Н.А “... санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Н.Боос бусдад гаргуулах төлбөргүй.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох шүүхийн шийдвэрүүдээс үзвэл шүүгдэгч Н.Б өмнө нь танхайрч бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэргүүдэд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байжээ.

Тухайлбал; 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэхдээ хамтран амьдрагч Ц.Үүрцайх гэгчийг хардалтын улмаас зодож зовоон тарчлаах шинжтэйгээр түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан байна. /хх-н 81-85/

 

Дээрх байдал нь хэдийгээр ял нэмж нэгтгэх эсэх хуулийн зохицуулалтад хамааралгүй ч, шүүгдэгч Н.Бийн хувийн байдлыг дүгнэх баримт мөн.

 

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэгдсэн гэмт хэргийг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ бусад эрүүгийн хэргээс илүү гэж үзэж болох бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, прокурор, шүүгч энэ төрлийн гэмт хэрэгт онцгой анхаарах нь зүйтэй юм.

Гэвч прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Н.Бт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Н.Б торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай хүсэлт гаргасныг түүний хувийн байдал /түүнд архи уух мөнгө олддог/, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. О овогт Нын Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Н.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Бт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     О.ЖАНЧИВНЯМБУУ