Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч К.Манлай,

шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

хохирогч М.Г-ын өмгөөлөгч М.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-жийн С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-гийн Т нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “__/, Х овогт П-жийн С.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт __/, Б овогт Ж-гийн Т.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.С нь иргэн М.Г-аас өөрийн эзэмшлийн “ПАВ” чирэгч машины 18 тонн буюу 20,000 литрийн багтаамжтай ёмкость чиргүүлийг Б.Э-оор дамжуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу хүргүүлэхээр итгэмжлэн өгснийг авч 2019 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Баянхөндий” ХХК-ийн хашааны гадна авчирсан боловч “эзэн нь ирж авахгүй байна” гэх шалтгаанаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ж.Т гэх хүнд 2.000.000 төгрөгөөр зарж борлуулан хувьдаа завшиж бусдад 9.000.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Т нь иргэн М.Г-ын эзэмшлийн 9,000,000 төгрөгийн үнэ бүхий “ПАВ” чирэгч машины 18 тонн буюу 20,000 литрийн багтаамжтай ёмкостыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу хүргүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгснийг П.С нь зарж борлуулан хувьдаа завших гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдсээр байж цахим фэйсбүүк ашиглан зар тавьж санаатайгаар “Дорнын өргөө” ХХК-ийн инженер Ч.Ч-т 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бэлэн 2.500.000 төгрөг болон машин оролцуулан нийт 4.000.000 төгрөгөөр зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Би тухайн ёмкостыг хөдөөнөөс хот руу ачаа ачиж байхдаа ачиж авчирсан. Тухайн ёмкостыг авах хүний утас руу нь залгатал утсаа авахгүй байсан ба 6-7 сар өнгөрсөн ч ёмкостоо авахгүй байсан. Тухайн үед ёмкость ажлын хашаанд байсан чинь Ж.Т ах ирээд энэ ёмкость чинь ахад нь хэрэг болоод байна, надад зарчих гэж хэлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “...Тухайн ёмкость манай хашааны урд их удаан байсан. П.С М гэх хүнтэй ирээд “...мөнгөний хэрэг гараад байна, та энэ ёмкостыг авах уу” гэж асуухаар нь би “тэгье” гэж хэлээд тухайн ёмкостыг худалдан авсан. Удалгүй нэг хүн утсаар залгаад “ёмкость үзье” гэж хэлэхээр нь “тэг” гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьсан хүн ирээд “энэ ёмкость чинь миний алга болсон ёмкость байна” гэж хэлсэн. Би Г-ад “хашааны зардлыг төлөөд ёмкостоо авчих” гэж хэлтэл Г- “би наад мөнгийг чинь төлж чадахгүй, яахаараа өөрийнхөө алга болсон ёмкостыг авахдаа мөнгө төлдөг юм” гэж хэлээд явсан. Удалгүй Цагдаагийн газраас над руу залгасан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цогоо гэх хүнээс 18 тонн багтаамжтай ёмкостыг чиргүүлийн төмөр оролцуулаад дээр нь нэмээд 8.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үедээ 8.000.000 төгрөгийнхөө оронд миний бие 8 сая төгрөгийн үнэ бүхий шатахуун өгч ёмкостоо худалдан авсан, чиргүүлийн төмрийг нь 2 сая төгрөгөөр тооцоод дээр нь түлш өгөөд нийтдээ 10 төгрөгөөр ёмкостыг худалдаж авсан. Худалдаж авчихаад надад ёмкость зарсан Цогоо нь Улаанбаатар хот руу нэг чиргүүл явуулахаар болсон, ёмкостоо чиргүүл дээр явуулъя, чи авах уу гэж асуухаар нь би тэг гэж хэлсэн. Тэгээд Цогоо гэх залуу над руу залгаад чиний ёмкость ирчихсэн байгаа шүү, “ТЭЦ-4”-ийн урд “Баянхөндий” нэртэй байгууллагын хашааны гадаа тавьсан гэж байна шүү гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сайнбаяр гэх залуу над руу залгаад энэ хэний ёмкость вэ гээд зургийг нь дарж явуулсан. Үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Цогоо залгаад ёмкостоо авсан биз дээ чиргүүл нь байхгүй байна, чи авч явсан уу гэж асуухаар нь би аваагүй гэдгээ хэлсэн. Тэгээд фэйсбүүк дээр Ж.Т гэх нэртэй хүн ёмкость зарна гээд миний худалдан авсан ёмкостын зургийг тавьчихсан байхаар нь утас руу нь залгаад ёмкостыг үзэж болох уу гэж асуугаад “ТЭЦ-4”-ийн урд талын “Сайн” ломбардны хашаанд очсон, намайг очиж харахад ёмкостыг чиргүүлнээс буулгаад өөр чиргүүл дээр тавьсан байсан. Тэгээд зар тавьсан хүнтэй уулзахад 50 орчим насны эрэгтэй хүн байсан ба би түүнээс энэ миний ёмкость байна, та ямар учиртай зарна гэж зар тавьсан бэ гэж асуухад тэр эрэгтэй би “Баянхөндий” ХХК-д жолооч ажилтай С гэх хүнээс 1.000.000 төгрөг дээр нь жижиг машин өгөөд худалдаж авсан гэх зүйл ярьсан. Гэтэл С гэх хүн Өмнөговь аймгаас миний ёмкостыг тээвэрлэж авчирсан хүн байсан. С нь миний зөвшөөрөлгүй тээвэрлүүлэхээр өгсөнийг далимдуулан бусдад зарж надад хохирол учруулсан байна, би өөрийн ёмкостоо 10.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-рт/,

 

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ж.Т гэдэг хүнийг танихгүй, М.Г-, П.С нарыг танина. М.Г-тай хөрш байсан. П.С нь нүүрс тээврийн жолооч ажил хийдэг байхдаа манайхаар орж гарч машины засвар хийлгэдэг байсан. Би 2018 оны сүүлээр хүнээр дамжуулж байгаад “Петровис” ХХК-иас зарлагдсан “ПАВ” гэдэг чирэгч машиныг чиргүүлийн хамт худалдаж авсан. Тэгээд 2019 оны 2, 3 дугаар сарын үед М.Г-ад 18 тонн буюу 20.000 литрийн багтаамжтай ёмкость чиргүүлийг нь зарж байсан. Тухайн үед би гэртээ байхдаа 10 сая төгрөгөөр худалдсан. Төлбөрийг нь яг бэлнээр аваагүй. Дизель түлш, том машины дугуй, сэлбэг, масло, тос зэрэг зүйл цувуулж аваад тооцоо дууссан. Нэг үгээр бол надад хэрэгтэй зүйлээр сольсон гэсэн үг. Бэлнээр 1 сая орчим төгрөг авсан санагдаж байна. Тухайн үед ёмкость зарахдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, амаараа харилцан тохиролцож наймаа хийсэн. Тухайн үед С нүүрс тээвэрт явахаа болиод трайлер жолоодож орон нутгийн тээвэрт явдаг болсон байсан. Тэгээд надтай тааралдаад Улаанбаатар хот руу ачих ачаа байна уу гэж асуухаар нь би М.Г-тай утсаар яриад чиргүүлээ авах юм уу гэж асуухад ачуулчих гэхээр нь М.Г-ын колонкоос 300 литр түлшийг П.Сын машинд хийж өгөөд очоод буулгах караны хөлс болох 250.000 төгрөгийг П.Сын дансанд хийж явуулсан. Тэгээд П.С нь маргааш өглөө нь Улаанбаатар ирчихлээ ачаа авах хүн байдаггүй, энэ хавьд буулгалаа гэж хэлэхээр нь би буулгачих гэж хэлсэн. Нэг сарын дараа Улаанбаатар хот руу ороод П.Стай 4 дүгээр цахилгаан станцын орчимд уулзахад нөгөө ёмкостьтой чиргүүл баазынх нь гадаа байж байсан. Тэгэхээр нь би М.Г- руу залгаад энэ чиргүүлээ ав гэж хэлэхэд өнөө маргаашгүй авна гэж хэлсэн. Тэгээд сүүлд 5-6 сарын дараа Г- над руу залгаад нөгөө чиргүүлийн ёмкость нь алга болчихсон байна, ачиж ирсэн залуугийн утасны дугаар байна уу, өөр газар аваачсан юм биш байгаа гэж асууж байсан. Түүнээс хойш мөн нэг сар орчмын дараа ёмкостоо олчихлоо, төлбөртэй хашаанд байна, энэ хашааны хүмүүс нь С зарсан гээд өгөхгүй байна гэж ярьж байсан. Би П.Сыг уг ёмкостыг хүнд өгсөн талаар мэдээгүй, П.Сд уг ёмкостыг хүнд өгөх, захиран зарцуулах эрх байхгүй, зөвхөн тээврийн хөлс аваад Улаанбаатар хотод хүргэж өгөхөөр тохирсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57-рт/,

 

Гэрч Ч.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Дорнын Өргөө” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сант суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тухайн газарт би менежерийн ажил хийдэг. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тариалангийн талбай дээр усалгааны ёмкость хэрэг болоод фэйсбүүкээр зар харж байтал 20 тоннын багтаамжтай ёмкость зарна гэсэн зар байхаар нь зарын дагуу утас руу нь залгаад худалдаж авахаар болоод 4 дүгээр цахилгаан станцын зүүн урд талд байсан “Сайн ломбард”-ны хашаан дотроос авахаар очтол Ж.Т байж байсан. Тэгээд Ж.Ттай уулзаад тухайн ёмкостыг худалдаж авсан. Ж.Т тухайн үед ёмкостоо 4 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Тухайн үед би Ж.Ттай ярьж байгаад 1,5 сая төгрөгийн оронд бонго маркийн автомашин оролцуулаад бэлнээр нь 2,5 сая төгрөг өгөөд авч байсан. Одоо бидний дунд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй. Би ёмкость худалдаж авахдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, ярьж тохироод худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96-рт/,

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн  2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/25 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...түлшний зориулалттай 18 тонн ёмкость 1 ширхэг нь 9.000.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 23-рт/,

 

Шүүгдэгч П.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө нь мэдүүлэхдээ болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би Ж.Таас авсан 1.000.000 төгрөгийг буцаагаад 5028152582 дугаартай “ХААН” банкны дансанд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн, намайг мөнгө шилжүүлэхээс 7 хоногийн өмнө Ж.Т ах миний гар утас руу залгаад ёмкостын эзэн ирсэн, ёмкостоо авна гээд байна гэж ярьсан. Тэгээд би яах вэ гэж асуухаар нь би ёмкостыг буцаагаад өг, би танаас авсан мөнгөө удахгүй буцаагаад шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ж.Тт ёмкостыг зарж борлуулсан. Хохирол төлбөр төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74, 75-77-рт/,

 

Шүүгдэгч Ж.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр П.Саас “ПАВ” машины ёмкостыг худалдан авахаар тохирсон. Тухайн үедээ хоёр сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд П.Сын 5019573248 тоот “ХААН” банкны дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 1.000.000 төгрөгийн оронд 58-42 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн. Энэ машин нь миний нэр дээр биш Х.Баярсайхан гэж хүний нэр дээр байгаа, тухайн үедээ Х.Баярсайхан бид хоёрын дунд худалдах, худалдан авах гэрээтэй байсан тул авто тээврийн газарт очоод шууд П.Сын нэр дээр шилжүүлье гэж ярьсан байсан. Ингээд би 2020 оны 02 дугаар сард өөрийн фейсбүүк хаягтаа ёмкостыг зарна гэсэн зар байрлуулсан. Үүний дагуу танихгүй хүн надтай утсаар холбогдоод таны зарах гэж байгаа ёмкость миний ёмкость байна гэж хэлсэн. Тэгээд би П.Саас энэ талаар залгаж асуухад ёмкостыг буцаагаад өгчих, би таниас авсан мөнгө, машинаа буцаагаад өгье гэж хэлсэн. Харин ёмкостын ззэн гэх Г- бид хоёр хоорондоо ярилцаад би Г-ад хашаанд байсан төлбөр 500.000 төгрөг өгөөд ав гэж хэлтэл Г- түрээсийн төлбөр төлж чадахгүй гээд бид хоорондоо маргалдсан. Тэгээд намайг цагдаагаар явж айлгаж сүрдүүлж байгаад ёмкостоо авна гээд байхаар нь би чиний юмыг харж хандсан хүн шүү, би хулгай хийгээгүй гэж хэлээд уурандаа 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ч- гэх хүнд тухайн ёмкостыг 4.000.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ ёмкостны үнэ болох 1.500.000 төгрөгийг өөрийн 5028152582 тоот дансаар авсан, үлдэгдэл 1.500.000 төгрөгөнд 18-51 УБЕ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88-рт/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40, 44-рт/,

- Депозит дансны хуулгууд /хх-ийн 34-35, 102, 111-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй, шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Сын хохирогч М.Г-аас өөрийн эзэмшлийн “ПАВ” чирэгч машины 18 тонн буюу 20,000 литрийн багтаамжтай ёмкость чиргүүлийг Б.Э-оор дамжуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу хүргүүлэхээр итгэмжлэх өгснийг авч 2019 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Баянхөндий” ХХК-ийн хашааны гадна авчирсан боловч “эзэн нь ирж авахгүй байна” гэх шалтгаанаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ж.Т гэх хүнд 2,000,000 төгрөгөөр зарж борлуулан бусдад 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч П.Сын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Ж.Тын иргэн М.Г-ын эзэмшлийн 9,000,000 төгрөгийн үнэ бүхий “ПАВ” чирэгч машины 18 тонн буюу 20,000 литрийн багтаамжтай ёмкостыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдсээр байж цахим фэйсбүүк ашиглан зар тавьж “Дорнын өргөө” ХХК-ийн инженер Ч.Ч-т 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бэлэн 2,500,000 төгрөг болон машин оролцуулан нийт 4,000,000 төгрөгөөр зарж борлуулсан гэмт үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Ж.Тт мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/25 дугаартай “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Түлшний ёмкость 9.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 21-рт/ авагдсан байх  ба шүүгдэгч П.Саас 3.000.000 /гурван сая/ төгрөг, шүүгдэгч Ж.Таас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж, хохирогч М.Г-ад олгож шийдвэрлэснийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг дээр дурдсанчлан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа /Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, 182 тоот/ өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

Мөн шүүгдэгч П.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Х овогт П-жийн Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Ж-гийн Тыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Сд 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Тт 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Сд оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/  төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2-д зааснаар Ж.Тт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа /Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, 182 тоот/ өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.С нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг,

шүүгдэгч Ж.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг тус тус тайлбарласугай.  

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т, П.С нарт авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ