Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 171

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч А.Үүрийнтуяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 159-01 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, Тайж нар овгийн Дашнямын Түмэнгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 6-04 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, 23 настай, Боржигон овгийн Цэрэннадмидын Анхбаярт холбогдох

Гэм хорын хохирол 6 490 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл, хариуцагч Ц.Анхбаяр, иргэдийн төлөөлөгч М.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай гэр бүл 3 охин хүргэний хамт рашаан усанд амрахаар гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гарсан. Хархорин сумаар дайраад Архангай орох төлөвлөгөөтэй явах гэтэл бороо орж байсан учир засмалаар явахаар болсон. Тэгээд Есөнзүйл сум нутагт замын өөд хэсэгт гараад явж байтал өмнөөс том ачааны машин ирж яваа харагдсан. Тухайн үед хажуугаар зөрөх байх гэж бодсон чинь ачааны машин манай урсгалд гэнэт орж ирсэн. Манай нөхөр ачааны машинаас бултуулаад дарахад нөгөө машин ч дагаад дарсан. Эсрэг талын замын хажуу нь өндөр далантай байсан учраас тэр чигт дарах ямар ч боломжгүй байсан. Тухайн үйл явдал хоромхон зуур болсон. Манай машин онхолдож өнхрөөгүй. Хэрвээ онхолдсон бол бид нар өдийд амьд үлдэхгүй байсан ч байж магадгүй. Манай машин араараа гулсаж миний сууж явсан тал руу унасан. Би тэр үед шоконд ороод ухаан балартаад байсан. Нөхөр тусламж дуудахаар зам руу гүйсэн. Би машинаасаа гарч чадахгүй байсаар жолооч талаар өнхөрч бууж гарсан. Хамгийн түрүүнд хүүхдүүдээ харсан. Хүүхдүүд маань цусандаа будагдсан байсан. Хүүхдүүдээ гаргаж авах гэтэл хаалга онгойгоогүй арай гэж ноцолдож байгаад гаргаж авсан. Осол болоход манай машин миний сууж явсан тал нь базсан юм шиг болсон байсан. Том охин Н.Анармаа тухайн үед жирэмсэн байсан. Н.Анармаа миний ард дунд охин арын суудлын голд, хүргэн жолоочийн суудлын ард харалдаа суусан байсан. Бага охин Есүй маань хоёр эгчийнхээ хөл дээр хөндлөн унтаж явсан. Бага охин маань шарх сорви бага авсан. Том охин Н.Анармаагийн гүрээний судас зүсэгдэж цус маш их хэмжээгээр гарч байсан. Миний толгойн хэсгээс цус гарч байгаа бололтой халуун оргиж байсан ч тухайн үедээ анхаарах сэхээ байгаагүй. Ц.Анхбаярын машин замын хажуу руу унасан байдалтай харагдаж байсан. Тэр газар утасны сүлжээ барьдаг газар таарсан. Аймаг руу түргэн тусламж цагдаа дуудсан. Түргэн тусламж удаж ирэх байх гэсэн учраас Есөнзүйл сумын эмнэлгийн тусламж, цагдаа ирж анхны тусламж үзүүлсэн. Манай машин дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гараад 12000000 төгрөгөөр үнэлдэгсэн. Анх машинаа 23000000 төгрөгөөр худалдаж авч байсан. Маш цэмбэгэр, мотор сайтай машин байсан. Бидний зүгээс Ц.Анхбаярыг их харж үзсэн. Гарсан бүх зардлаа нэхэмжлээгүй. Тухайн үед Хархорин сумын цагдаагийн газраас Ц.Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсан. Бидний зүгээс манай хүүхдээс ялгаа юу байхав гээд төлбөр мөнгө дээрээ тохиролцоод эвлэрэхээр болсон. Өөрөө биднээс гуйсан. Залуу хүн байна эрүүгийн хариуцлага хүлээлгээд яахав төлбөр мөнгөө даруйхан өгөх тал дээр тохиролцоод гэрээ байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед хэрэгт хяналт тавьж байсан прокурор ч биднийг яагаад эвлэрч байгаа юм бэ? дараа нь гарах хор уршигийг бодож үзсэн үү? гэж сануулж байсан. Ц.Анхбаярт өршөөнгүй хандсан нь алдаа болсон юм байна. Үнэлгээгээр автомашиныг 12000000 төгрөгөөр үнэлсэн байсан. Энэ үнэлгээг манай талаас хүлээн зөвшөөрөөгүй. Бид өөрсдөө 16000000 төгрөгөөр үнэлээд хохирол барагдуулах гэрээг 16000000 төгрөгөөр байгуулсан. Эмчилгээний зардлуудыг тухайн үедээ баримтаар нотолно гэж ярьсан байгаа. Ц.Анхбаяр хохирол барагдуулах гэрээндээ 12000000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдсэн 4000000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Эхний ээлжийн мөнгө даатгалын компаниас удалгүй орж ирсэн. Үлдсэн 4000000 төгрөгөө төлөхийг шаардахад өвлийн идэшний үеэр төлнө гэж гуйсны дагуу зөвшөөрсөн. Ц.Анхбаяр нь хохирлыг мөнгийг төлнө гэж тохиролцоод гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Эмчилгээний зардлуудын баримтууд хэрэгт тодорхой байгаа. Мөнгөн гүүр эмнэлгийн MRI зураг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны зургууд байгаа. Эм тариа авч байсан бусад жижиг зүйлсийг нэхэмжлээгүй. Миний зүгээс гэрээнд заасны дагуу үндсэн өр 4000000 төгрөг, түүнд тооцсон алданги хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар бодож 1660000 төгрөгийн алданги, эмчилгээний зардал 830000 төгрөг, нийт 6490000 төгрөгийг Ц.Анхбаяраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн орон нутгийн засмал зам дээр 41-17 ӨВР улсын дугаартай Маяти-2 маркийн автомашиныг жолоодож яваад 61-88 ӨВР улсын дугаартай клугер маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн гаргасан хэрэгт хохирогч Д.Түмэнгэрэл надтай сайн дураар эвлэрч Гэм хорын хохирол барагдуулах гэрээ-г 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Дээрх гэрээнд хохирогч тухайн хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний төлбөртэй холбогдон гарсан зардал болон эд хөрөнгийн хохирлоо нийтэд нь 16000000 төгрөг болсон гэж тооцсон. Би гэрээнд заасны дагуу 12000000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4000000 төгрөгийг санхүүгийн боломжгүй байдлаас болж төлж чадаагүй. Энэ мөнгийг эмчилгээний зардал болох 830000 төгрөгийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Харин 4000000 төгрөгөнд тооцсон алданги хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар бодож 1660000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл нь хариуцагч Ц.Анхбаярт холбогдуулан гэм хорын хохирол болон 6490000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Анхбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар-Өвөрхангай аймгийн чиглэлд 41-17 ӨВР улсын дугаартай Маяти-2 маркийн автомашин жолоодож явахдаа Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас 61-88 ӨВР улсын дугаартай клугер маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/115 тоот Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын мэдэгдэх хуудас, зохигчдийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл, хариуцагч Ц.Анхбаяр нар нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэргн улмаас эд хөрөнгийн гэмтэлд 16 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож, дээрхи мөнгөнөөс 12 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны дотор, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаа, гэм хорын хохиролд эрүүл мэндийн эмчилгээний төлбөрийг нотлох баримтын дагуу нэхэмжлэх, гэмтсэн клугер-Toyota маркийн 61-88 ӨВР дугаартай автомашиныг төлбөр төлөгч талд өгөхөөр харилцан тохиролцож гэм хорын хохирол барагдуулах гэрээ байгуулжээ.

Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэм хорын хохирол барагдуулах гэрээний талаар маргаагүй тул хариуцагчаас 4 000 000 төгрөгийг, мөн эмчилгээний зардал 830 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Түмэнгэрэлд төлөхийг зөвшөөрсөн тул эмчилгээний зардлыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Түмэнгэрэлд олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 83хоногийн алданги 1 660 000 төгрөгийг хариуцагч Ц.Анхбаяраас нэхэмжилсэн бөгөөд энэ нь хохирогчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч Ц.Анхбаяраас 4 830 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Түмэнгэрэлд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 1 660 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6528, 226, 227, 228, 244, 245 тоот дүгнэлтүүд нь Иргэний хэрэг шүүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул дээрхи баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага бо лгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Анхбаяраас 4830000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Түмэнгэрэлд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 1660000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Анхбаяраас 92230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн118790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

А.ҮҮРИЙНТУЯА