Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/165

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Шүрэнцэцэгийн Тд холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт _/, Б овогт Шүрэнцэцэгийн Т.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч Ш.Т нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэгт хохирогч У.Э зодож, түүний биед зүүн гайморын хөндийн урд, дээд, дотор ханын хугарал, хамар ясны бяцарсан хугарал. зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж мэдүүлэг зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч У.э-Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед би өөрийн найз Т-гийн хамтаар 3, 4 дүгээр хорооллын “Өргөө” кинотеатрын автобусны буудал дээр байрлах найз Хонгорзулын ажиллуулдаг “ТҮЦ” дээр ирээд бэлэн гоймон дэвтээлгээд гоймонгоо авч гараад машин дотор суух гэхэд “ТҮЦ”-ний гадна талд 18-20 орчим насны 4-5 залуу зогсож байсан. Би өөрийн найз Т-гийн машинд суух гээд дэвтээлгэсэн гоймонгоо бариад машинд суух гэхэд гадаа зогсож байсан залуучуудын нэг нь надтай юм ярилгүй шууд ирээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа толгойны хойд дагз хэсэгт мөн гараараа нэг удаа цохисон. Тэр залуу намайг цохьчихоод чи муу яагаад байгаа юм бэ гээд байсан ба намайг ямар шалтгааны улмаас цохисон талаар нь би сайн мэдэхгүй байна. Намайг цохисон залуу тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба өөрийн биеийг авч явах чадвартай байсан. Зодуулсны улмаас миний эрүүний яс цуурсан, хамрын яс хугарсан, хацрын яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-рт/,

 

            гэрч О.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед БГД-нийн 13-р хороо Өргөө кинотеатрын автобусны буудалд байх түргэн үйлчилгээний цэгтээ найз Халиунаагийн хамт худалдаа хийж байхад миний багын найз Э нь өөрийн найзууд болох т, а, б нарын хамт машинтай ирсэн бөгөөд Э, т нар “ТҮЦ”-нд орж ирсэн. Тэгэхээр нь ойр зуурын юм ярих зуураа гоймон чанаж өгсөн. Тэр үед ТҮЦ-ний гадаа миний найз залуу Т нь найз Төгсбаяр болон 2 дүүгийн хамт байсан бөгөөд Т нь Этай уулзахаар хүлээж байсан. Тэгээд Э, Т нар “бид хоёр гарч машиндаа сууж гоймон идлээ” гээд гарсан. Тэгээд тэр хоёр хаалгаар гарч байхад нь Т Э цохьчих шиг болсон. Тэгээд Т, Э хоёр “ТҮЦ”-нд орж ирээд Т Эа-д хандаж яагаад энэ хавиар эргэлдээд байгаа юм бэ гэхэд Э чи жаахан цаашаа зогсчих миний хамар хугарчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рт/,

 

            гэрч Б.Х-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би өөрийн найз залуу болох Төгсбаярын хамт 2020 оны 05 дугаар сарын 20 ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Өргөө” кинотеатрын автобусны буудалд байх өөрийн найз Х-н түргэн үйлчилгээний цэгт очсон. Тэнд Х-н багын найз болох э, у хоёр гоймон чануулаад байж байсан. Тэгээд байж байхад Хонгорзулын найз залуу болох Т нь гадаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь Т нь Т-тэй уулзах гээд гарсан. Тэгтэл У, Э хоёр машиндаа сууж гоймонгоо идье гээд хаалгаар гарч явж байхад нь Т Э-ын нүүр хэсэгт зүүн гараараа 1 удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** тоот:

1.2. У.Э-ын биед зүүн гайморын хөндийн урд, дээд, дотор ханын хугарал, хамар ясны бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33-34-рт/,

 

- хохирлын баримтууд /хх-ийн 86-87-рт/,

 

Шүүгдэгч Ш.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр найз охин дуудахаар нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудал дээр байх ТҮЦ дээр нь очиход найз охины ТҮЦ дотор зүс таних Э байсан. Манай найз охин Хонгорзул надад хандаж Э намайг үерхье гэж хэлээд шаналгаад гуйгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эад хандаж чи яваарай гэж хэлээд найзын гэр лүү явсан. Буцаад ирэхэд Э яваагүй байсан. Миний уур хүрээд Эын нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд 210,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Т нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэгт хохирогч У.Э зодож, түүний биед зүүн гайморын хөндийн урд, дээд, дотор ханын хугарал, хамар ясны бяцарсан хугарал. зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.Эын “...Тгийн машинд суух гээд дэвтээлгэсэн гоймонгоо бариад машинд суух гэхэд гадаа зогсож байсан залуучуудын нэг нь надтай юм яриагүй шууд ирээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа толгойны хойд дагз хэсэгт мөн гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч О.Хонгорзулын           “...Э, Т нар бид хоёр гарч машиндаа сууж гоймон идлээ” гээд гарсан. Тэгээд тэр хоёр хаалгаар гарч байхад нь Т Э цохьчих шиг болсон. Тэгээд Т, Э хоёр “ТҮЦ”-нд орж ирээд Т Э-ад хандаж яагаад энэ хавиар эргэлдээд байгаа юм бэ гэхэд Э чи жаахан цаашаа зогсчих миний хамар хугарчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Халиуны “...Т Э-ын нүүр хэсэгт зүүн гараараа 1 удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6154 тоот дүгнэлт, шүүгдэгч Ш.Тгийн “...Миний уур хүрээд Э-ын нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьчихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг, хохирлын баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтууд, гэмт хэрэг гарсан байдал,  хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж, байдал, цаг хугацаа, хэргийн талаар нотлогдсон үйл баримтад нийцсэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой, эх сурвалж нь тодорхой байна.

 

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг мэдсэн, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ш.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч У.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Т-гээс 1.158.456 /нэг сая нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун тавин зургаан/ төгрөг гаргуулж хохирогч У.Э-ад олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Ш.Тгээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн -- дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох санал гаргасныг харгалзан мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 380 /гурван зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ш-н Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Тд 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг журамлан,  шүүгдэгч  Ш.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 380 /гурван зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ш.Т-гээс 1.158.456 /нэг сая нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогч У.Эад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч У.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Ш.Тгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ