Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/239

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэбаяр

шүүгдэгч Б.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000000205 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны ........ аймгийн Улиастай суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.........” ХХК-д техникч ажилтай, ам бүл .....; эхнэр, ....... хүүхдийн хамт Баянгол дүүргийн ........ дугаар хороо, Зүүннарангийн ........ дугаар гудамж, ......... тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй,

......... дугаарын регистртэй, Х овогт Бн О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.О 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн ......... дугаар гудамж, ........ тоот гэртээ эхнэр М.Эийг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Эхнэрээ зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэдгийг прокурор, цагдаагаас надад хэлж ойлгуулсан. Бид хоёрын маргах болсон шалтгаан би урьд өдөр жаахан архи уучихсан байж байгаад маргааш нь өглөө нь машин жолоодно гэдгээс болсон гэв. 

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч М Э “... 2 дугаар сарын 5-ны өдөр манай нөхрийн ах дүү нар цуглараад хажуу хашаа болох дүүгийндээ орж архи уусан. Тэндээ хоноод өглөө нь гэртээ орж ирсэн. Манай том охин А аав та битгий архи уугаад бай гэсэн чинь уурлаад эхэлсэн. Охинтой маргалдаж байснаа нөхөр сандал бариад авахаар нь охин та болиоч гээд сандлыг нь авсан чинь буцаж ирээд орон дээр сууж байсан намайг гараараа нүүр рүү, хацар тус газар цохьсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай нөхөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гараараа нэг удаа цохисны улмаас зүүн хацар хөхөрч хавдсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй/хх-н 18-19/ гэж,

гэрч Оын А “... 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр би ажлаа тараад гэртээ 19 цагийн үед иртэл манай аав жаахан архи уучихсан байсан. Манай хойд талын хашаанд аавын дүүгийнх байдаг. Тэдний гэрт аавын хамаатнууд ирчихсэн байсан. Тэр хэд нийлээд архи ууж байсан. Аав тийшээ орчхоод ирье гээд гараад тэр орой гэртээ орж ирээгүй. Маргааш өглөө нь 09 цагийн үед гэртээ ирсэн. Орж ирэхдээ бага зэрэг согтуу, жаахан ууртай, гэр дотор юм хийгээд яваад байсан. Машины дугуй хагарсан байна, янзлуулна гээд аав машинаа унаж гарах гээд байхаар нь “та согтуу байж машин унаж гарч яах гээд байгаа юм бэ, эрүүл болохоороо гар” гэж хэлтэл “би согтуу биш байна, та нар дандаа ингэдэг” гээд уурлаад байсан. Би хоол идэж байхдаа барьж байсан сэрээгээрээ аав руу заагаад загнасан чинь аав уурлаад “чи над руу сэрээгээрээ заалаа, намайг үл хүндэтгэлээ” гээд сандал барьж аваад над руу шидэх гэж завдсан. Би болон манай эмэгтэй дүү босож ирээд бид хоёр аавыг тайвшруулах гэж зууралдсан. Ноцолдоод гэрийн үүд хэсэг рүү очсон чинь ээж тэнд сууж байсан. Аав ээжийг гараараа шууд нүүр рүү нь цохисон. Аав ээжийг цохисныхоо дараа тайвшрах шиг болсон. Тэгээд ээж цагдаа дуудсан” /хх-н 12-13/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Хохирогч М.Эийн гэмтэлтэй холбоотой “... Эийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1370 тоот дүгнэлт гарчээ. /хх-н 21-22/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх, энэ нь санаатайгаар үйлдэгдсэн байхыг шаарддаг.

Харин энэ зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдлыг тухайн гэмт хэргийн шинж болгосон, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ... гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.От холбогдох гэмт хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр гэр бүлийн хүн болох эхнэр М.Эийгээ үл ялих зүйлээр шалтаглан санаатай зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн шинжид бүрэн нийцэхээр байна.

Өөрөөр хэлбэл энэ хэргийн шүүгдэгч Б.О, хохирогч М.Э нар эхнэр, нөхөр буюу албан ёсны баталгаа бүхий гэр бүлийн гишүүд бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, энэ хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хамааруулсан байдаг.

 

Хуулийн энэ зохицуулалтаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байхыг шууд шаардсан байх буюу нэг удаагийн үйлдлийг нь хамааруулахгүй гэсэн агуулгагүйгээр хуульд бичигджээ.

 

Гэвч шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч М.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 53/ гэсэн, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзээд гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөхөөр хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүх шийдвэрлэсэн болно.

 

Хэргийг прокурорт буцаах нь нөгөө талаасаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна.

Прокурор цаашид ийм байдлаар хэргийг шүүхэд ирүүлэхгүй байх, хуулийг нэг мөр дагаж мөрдөх нь зүйтэй.

 

Прокурор яллах дүгнэлтдээ өглөөний 11:00 цагийн үед гарсан гэмт хэргийн шинжтэй үйл явдлыг “14:00 цагт” гэж буруу бичсэнийг анхаарвал зохино.

 

Түүнчлэн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож яллагдагч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлүүлэх гэсэн саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь, хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан, энэ өөрчлөлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамааралтай байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутайд хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчим-д нийцнэ.

 

Цаашлаад Эрүүгийн хуульд гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхой тусгасан байдгаас гадна гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй гэдгээр нь заагласан байдаг.

 

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь санаатай үйлдэл бөгөөд тэрээр архи ууж согтуурсан байдалтай байсан, төрсөн охин нь “... согтуугаар машин жолоодож болохгүй” гэсэн зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө түүн рүү сандал барьж дайрсан, улмаар ямар ч маргаан үүсгээгүй, гэр дотор байсан эхнэр М.Эийгээ барьж авч зодсон, энэ зодолт нь зөвхөн нэг удаагийн цохилтоор биш Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжийн дүгнэлтэд дурдагдсанаар “... хохирогчийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл ... ” гэж гарсан байгаа нь түүнийг /шүүгдэгчийг/ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харин ч тухайн гэмт хэрэг гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн “... хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх биш эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Б.Оын зүгээс хохирогч М.Эт хохиролд гэж бодитойгоор /мөнгөн хэлбэрээр/ хохирол барагдуулсан баримт хавтаст хэрэгт байдаггүй ба хохирол төлөөгүй энэ байдал нь мөн л гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн онцлог юм.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Х овогт Бн Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд Б.О торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.От урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                О.ЖАНЧИВНЯМБУУ