Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 09

 

 

 

                                        

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга С.С/-т хариуцагдах,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 1/147 дугаартай  шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 12 төлөөлөгчийн 2018 оны 11 сарын 20-ны өдөр гаргасан 28 дугаартай Аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Х.О, хариуцагчийн  өмгөөлөгч Ц.Ж, итгэмжлэгдсэн  төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ж.Г бичгээр  гаргасан  нэхэмжлэл болон шүүхэд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж овогтой Г миний бие 2016 онд болсон орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Л, Ж.Г, С.А, Ш.Б, Н.М, А.Э, Л.Ө, С.Б, Б.Э Г.Б, М.Б, С.У нар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг дарга О.Бийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө огцруулах саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Ст өргөн мэдүүлсэн.

Улмаар Дундговь аймгийн ИТХ-ын даргын 2018 оны 11 сарын 12 өдрийн  тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р дугаар ээлжит хуралдааныг зарлаж 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдахаар товлосон байсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын .. төлөөлөгч ... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан бөгөөд Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан бүх төлөөлөгчдөд энэхүү эрх нь хуулиар баталгаажсан.

Хурлын төлөөлөгчид ийнхүү өргөн мэдүүлсэн тохиолдолд тухайн саналыг хэрхэн хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж  хуульчилсан.

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.С нь хуулийг үл хэрэгсэн, орон нутгийн иргэдийн саналаар сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхэд хүндэтгэлгүй хандаж, уг саналыг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр өөрийн дураар авирлан, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/147 дугаартай албан бичгээр татгалзсан хариуг өгснийг илт хууль бус гэж үзэж байна.

 Уг албан бичигт “...Аймгийн засаг даргыг огцруулах тухай албан бичгийг хүлээн аваад хуульд заасны дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх тал дээр санал хураалт явуулж тэргүүлэгчид 100 хувийн саналаар татгалзлаа” гэсэн байх боловч уг албан тоот нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасантай нийцэхгүй байх тул Хурлын тэргүүлэгчдийн тогтоол тус Хурлын даргын өөрийнх нь шийдвэр гэж үзэж байна.

Нэгэнт Аймгийн Засаг дарга хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотойгоор огцрох ёстой гэсэн саналыг хурлын даргад зохих журмын дагуу өргөн мэдүүлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-д “тухайн шатны даргыг... огцруулах, ... саналыг Хуралд оруулах” бүрэн эрхийн дагуу хурлын дарга асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлүүлэх ёстой.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д зааснаар “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” нь Хурлын даргын үүрэг байтал уг үүргээ зөрчиж нэр бүхий 12 төлөөлөгчдийн гаргасан саналыг хууль зүйн үндэслэлгүйгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Үүгээрээ, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах зэрэг хурлын төлөөлөгчдөд, тэр дундаа төлөөлөгч надад хуулиар олгогдсон  эрхийг мөн зөрчсөн. Ийнхүү дээрх байдлаар хурлын дарга өөрийн чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй асуудлыг шийдвэрлэж татгалзсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймээс дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж, нэр бүхий 12 Төлөөлөгчөөс гаргасан Засаг даргыг огцруулах саналыг  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгаж өгнө үү ” гэжээ./хх-1-5, 19-22, 126-128/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Хурлын төлөөлөгч хуралд санал оруулах бүрэн эрхтэй, нэхэмжлэгчийн энэхүү эрх зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Нэр бүхий 12 төлөөлөгч саналаа гаргаад мөн хуулийн  22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хурлын даргад өргөн мэдүүлж, хүлээн аваад шийдвэрлэхдээ өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлэн шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулахдаа нийт төлөөлөгчдийн 3-ны 1-ээс доошгүй төлөөлөгч санал гаргасан бол 15 хоногийн дотор хурал хуралдуулж шийдвэрлэх ёстой. Гэтэл хуулийн энэ зохицуулалтыг зөрчиж Хурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь хууль бус. Төлөөлөгч хуралд санал гаргах эрхтэй, үүнийхээ дагуу  саналаа хүргүүлсэн. Мөн хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын бүрэн эрхийг тодорхойлсон, тухайлбал 22.1.4-т зааснаар Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг нь хуульчилж өгсөн. Гэтэл хариуцагч талаас 24.3-т зааснаар асуудлаа өгөөгүй, гарах шийдвэрийг холбогдуулан өгөх ёстой, энэ асуудал нь байхгүй учраас хэлэлцээгүй гэсэн тайлбарыг сая шүүх хуралдаанд хэллээ. Хариуцагчаас бол нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөхдөө Тэргүүлэгчидтэй л хэлэлцсэн, Тэргүүлэгчдээр хэлэлцээд,  хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд хурлаар оруулаагүй, хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн үндэслэл нь Засаг даргаас тайлбар аваад, огцруулах үндэслэл байхгүй тул хэлэлцүүлээгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн. Бусдаар бол гарах шийдвэрийн төслүүд, холбогдох нотлох баримтууд байхгүй учраас хэлэлцүүлээгүй юм гэсэн тайлбарыг ирүүлээгүй байдаг. Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг хангаж,  хэрэгжүүлж байх эрх үүргийг Хурлын дарга хүлээсэн байдаг тул хариуцагч гэж үзсэн. Мөн Хурлаас гарч байгаа тогтоол, шийдвэрийн төсөл дээр гарын үсэг зурж шийдвэрийн биелэлтийг баталгаажуулдаг. Хурлын төлөөлөгч өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан асуудал оруулсан. Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг Тэргүүлэгчидтэй биш Төлөөлөгчидтэй хэлэлцэх ёстой байтал Тэргүүлэгчидтэй хэлэлцэж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн  47-р зүйлийн 47.1.3-д зааснаар эрх хэмжээгүй этгээд тухайн асуудлыг шийдвэрлэсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2, 106.3.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  өгнө үү. Төлөөлөгч гэдэг бол өөрөө хүн, төлөөлөгч гэдэг нэрээрээ л гаргаж байгаа болохоос төлөөлөгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргах боломжгүй гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэдийг төлөөлж хуралд асуудал оруулах гээд байхад түүнийг нь авч хэлэлцэхгүй бол иргэдийг төлөөлөөд тэнд сууж байх шаардлага байна уу, шүүхэд төлөөлөгчийнхөө хувиар нэхэмжлэл  гаргасан, төлөөлөгчийн эрх зөрчигдөж байгаа. Хэлэлцүүлэх эрх нь нээлттэй, хэлэлцүүлэх үүрэгтэйг хуульчилж өгсөн. Заавал  нэр бүхий  12 хүний итгэмжлэлийг авч байж шүүхэд хандана гэж үзэхгүй, төлөөлөгч  өөрөө асуудлаа оруулах эрхтэй. Хуулийн шаардлага хангасан гуравны нэг нь Хуралд  шаардлага гаргаж байгаа нь нотлох баримтаар харагддаг. Гэтэл энэ асуудлыг хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болоод байгаа юм.. Бүгд нэгдэж нэхэмжлэл гаргаснаараа шүүхэд хэлэлцүүлэх асуудал биш. Ийм учраас энэ асуудлыг төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, хангаж өгнө үү гэжээ.

               2. Хариуцагч Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Хурлын дарга С.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Гын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын даргад  холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд  хариу тайлбар гаргаж байна.

        Дундговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нараас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 28 дугаар албан бичгийг ирүүлсэн.

        Уг албан бичгийг хүлээн аваад, хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын    Тэргүүлэгчдийн     хуралдаанд    танилцуулж,            иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудал дээр санал хураалт явуулахад Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар татгалзаж шийдвэрлэсэн.

        Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг зөвхөн Хурлын дарга гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль бус бөгөөд нэгэнт Тэргүүлэгчдийн хуралдаанаас уг асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/147 дугаар албан бичгээр нэр бүхий төлөөлөгч нарт мэдэгдсэн.

        Дээрхээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэнэ.

        Иймд Ж.Г нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ./хх-30/

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж   тайлбарлахдаа: Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нараас 2018 оны 11 сарын 20-ны өдөр Засаг даргыг огцруулах тухай албан бичиг ирүүлснийг Хурлын дарга хүлээж аваад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудал дээр санал хураалт явуулахад Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг зөвхөн Хурлын дарга гаргасан мэтээр хурлын даргыг хариуцагчаар татсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэнэ. Хурал хуралдаанаараа  ямар асуудлыг хэлэлцүүлэх боломжтой талаар шийдвэрлэх нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Тэргүүлэгчдийн эрх хэмжээний асуудал, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар баримт материал бүрэн эсэх, энэ асуудлыг хурлаар хэлэлцэх эсэх асуудлыг Тэргүүлэгчид шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тэргүүлэгчид  бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол хүчин төгөлдөр, нэхэмжлэгч үүнтэй маргаагүй, уг тогтоолд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдалтай байгаа. Засаг даргыг огцруулах, чөлөөлөх  асуудал дээр төлөөлөгчдийн 3-ны 1-ээс доошгүй нь санал гаргана гээд хуулиар  тодорхой тоо заагаад өгсөн. Энэ этгээдүүд л энэ асуудлаар санал гаргах улмаар  шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Мөн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д зааснаар захиргааны актын шинжийг хангахгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг уламжилсан шинжтэй, ямар нэг үр дагавар үүсгээгүй албан бичиг. Энэ албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.5-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3, 106.4-д зааснаар  буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байсан нь тогтоогдоогүй/ийм шийдвэр эсхүл эс үйлдэхүй байхгүй/  тохиолдолд даалгах шаардлага  хамт гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Ж.Г хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, хууль ёсны сонирхол нь хөндөгдсөн эсэх мөн Хурлын Төлөөлөгчийн хувиар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх дээр шүүх нэн түрүүнд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой болов уу гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн  1.1-д “хүн, хуулийн этгээд” гэж, мөн  хуулийн 3-р зүйлийн  3.1.3-д нэхэмжлэлийг “хүн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”  гэсэн агуулга явж байгаа. Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан баримтууд, Ардчилсан намын бүлгийн дарга, холбогдох этгээдүүдээс авсан тайлбар зэрэг нөхцөл байдлуудаар төлөөлөгчийнхөө хувиар нэхэмжлэл гаргасан нөхцөл байдал тодорхой байна. Өмгөөлөгч нь ч мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24-р зүйлийн  24.1-д заасан үндэслэл хэлж байна. Ж.Г өөрөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хүн, энэ агуулгаараа тухайн төлөөлөгч өөрөө тухайн захиргааны байгууллагад ажиллаж байгаа этгээд. Процессын хувьд, харьяаллын хувьд захиргааны хэргийн шүүхийн маргаан мөн эсэх, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэхээр  байна. Мөн 2 дахь шаардлага буюу даалгах шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3, 106.4 буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй  хууль бус байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн бол гэдэг даалгах шаардлагын үндэслэл  харагдахгүй  байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн зүйл дээрх хуулийн агуулгаар байхгүй байна. Дараагийн нэг асуудал бол хэлэлцэж шийдэхгүй байгаатай холбоотой тайлбарлаж байгаа нь хэлэлцэх асуудал нь агуулгынхаа хүрээнд нэр бүхий төлөөлөгч нар буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийн  32.6-д заасан хүрээнд төлөөлөгчдийн 3-ны 1-ээс доошгүй нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, гаргасан нэхэмжлэлээ өөрсдөө дэмжээд явсан тохиолдолд бол хууль зүйн хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжтой байсан. Энэ агуулгаараа Ж.Г дангаараа хэлэлцэхгүй байна гэдэг асуудлаар маргах нь хууль зүйн хувьд боломжгүй гэжээ.

      ҮНДЭСЛЭХ  нь:

1.Нэхэмжлэгч Ж.Гас Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 11 сарын 30-ны өдрийн 1/147 тоот /хх-13/ албан бичгийг  илт хууль бус болохыг тогтоолгох,  улмаар  нэр бүхий 12 төлөөлөгчийн 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн  28 дугаартай “аймгийн Засаг даргыг огцруулах тухай” саналыг /хх-8-10/ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг /хх-1-5, 19-22, 126-128/ тус шүүхэд гаргаж, Хуралд  асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах зэрэг хурлын төлөөлөгчид тодруулбал  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24-р зүйлийн 24.1, 32-р зүйлийн 32.6-д заасанчлан  хуулиар Хурлын Төлөөлөгчид  олгогдсон эрхийг хязгаарласан, эрх ашиг сонирхолыг  зөрчсөн” гэж зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч Ж.Г нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2016 оны 7-р сарын 19-ны өдрийн 01 тоот  тогтоолоор /хх-11,12/ тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь 35 төлөөлөгчийн нэгээр сонгогдож, бүртгэгдсэн  байх тул  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д зааснаар “,,,,,хурлын төлөөлөгч  асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр  оруулах эрхтэй” этгээд мөн.

3. Гэсэн хэдий ч  Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийн 32.6-д “хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс  доошгүй нь Засаг даргыг  огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол ...” гэж зааснаар аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг тухайн хурал дахь төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн санал  санаачлагаар Хурал 15 хоногийн  дотор  хэлэлцэхээр хуульчилсан ба энэ асуудлыг шүүхэд  шаардан  нэхэмжлэл  гаргах эрх ч мөн хуулийн  хүрээнд  төлөөлөгчдийн  гуравны нэгээс доошгүйд буюу Засаг даргыг огцруулах саналыг өргөн  мэдүүлсэн нэр бүхий 12 төлөөлөгчид 12-уланд нь буюу Б.Л, Ж.Г, Б.Э, Г.Б, М.Б, С.У, С.Б, Ш.Бр, Н.М, С.А, А.Э, Л.Ө нарт үүснэ гэж үзэх  үндэслэлтэй.

Иймд  хэн нэгэн хувь төлөөлөгчийн хуралд асуудал оруулах эрхээс улбаалан Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцүүлэхийг даалгах, улмаар энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Ж.Г төлөөлөгч дангаар эдлэхгүй бөгөөд энэ нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийн 32.6-д “..... гуравны нэгээс доошгүй нь .....” гэж тухайн асуудлыг шийдвэрлэх журмыг тусгайлан заасантай нийцэхгүй  байна.

4. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  дахь нэр бүхий 12 төлөөлөгчөөс гаргасан шаардлагыг хангаж хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг даалгаж өгнө үү”  гэх  ба дээрх нэр бүхий 12   төлөөлөгчөөс/2 төлөөлөгч гарын үсэг зураагүй/  буюу намын бүлгээс  Ж.Гд итгэмжлэл төлөөлөл олгоогүй /хх-87/, 12 төлөөлөгч нийлээд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй  бүлгийн буюу нэр бүхий 11 төлөөлөгч Ж.Гтай нэгдэж  эрх ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзээгүй болох нь гэрч Ш.Бын “намын бүлгийн шийдвэр, Дундговь аймгийн нийгмийн асуудал, иргэдийн төлөөллийн эрх зөрчигдсөн гэж үзнэ” гэх /хх-65-68/, Л.Өын “Ардчилсан намын бүлгийн эрх ашиг сонирхол  зөрчигдсөн тухайн үед  бүлгээрээ ярилцаад уг саналд гарын үсэг зурсан” гэх /хх-69-71/, Н.Мы “аймгийн нийт иргэдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн, намын бүлэг эсхүл хувь төлөөлөгчөөр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй” гэх /хх-72-74/, Б.Эын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийн 32.6-д заасан эрх ашиг сонирхол зөрчигдсөн, намын бүлгээр эсхүл хувь төлөөлөгчөөр шүүхийн ажиллагаанд оролцохгүй” гэх /хх-75-77/, А.Эын “Ж.Г хувь төлөөлөгчийн болон намын бүлгийн эрх ашиг сонирхол аль аль нь зөрчигдсөн, тодруулбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 32-р зүйлийн 32.6-д заасан эрх зөрчигдсөн,  намын  бүлгээр эсхүл хувь төлөөлөгчөөр шүүх ажиллагаанд оролцохгүй” гэх/ хх-78-80/, Г.Бын хэн  нэгний эрх ашиг сонирхол зөрчигдсөн зүйл  байхгүй, хувь төлөөлөгчийн ч, намын ч,  миний эрх ч зөрчигдөөгүй” гэх /хх-82/, Б.Лын “Дундговь аймгийн нийт ард иргэдийн эрх цаашлаад тэдний өмнө үүрэг хүлээж сонгогдсон Ардчилсан намын  бүлгийн төлөөлөгчдийн эрх давхар зөрчигдсөн, Ж.Г нэхэмжлэлийг дэмжиж байгаа, гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг намын бүлэг эсхүл 12 төлөөлөгч гаргаагүй, Ж.Гд итгэмжлэл  төлөөлөл  олгоогүй,” гэх /хх-84-87/, С.Бат-Оргилын “намын бүлгийн хуралдаанаар эрх ашиг сонирхлоо нэгтгэж оруулсан, намын бүлэг эсхүл хувь төлөөлөгчөөр шүүх ажиллагаанд оролцохгүй” гэх /хх-88-90/, С.Агийн “хувь төлөөлөгчийн  хуулийн дагуу гаргасан саналыг хурал хүлээж аваагүй тул  миний эрх ч зөрчигдсөн гэж үзэж байна, Гын шаардлагыг дэмжиж байна” гэх /хх-91-94/  гэрч нараас асууж авсан мэдүүлэг, Б.Лын шүүхэд ирүүлсэн “Ж.Г хувь  төлөөлөгчийн  эрхээ хамгаалуулж  дээрх асуудлаар Захиргааны хэргийн  анхан  шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх албан бичиг /хх-57/,  зэргээр тус тус тогтоогддог.

5. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /С.С/, 2019 оны 01 сарын 25-нд гаргасан нэхэмжлэлдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дарга гэж тогтоож ирүүлсэн ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.7, 25 дугаар зүйлийн 25.2-т заасанчлан энэ нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын дарга байх хийгээд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбараа бичгээр ирүүлсэн /хх-30/, шүүхээс нэхэмжлэгчийг дангаар нэхэмжлэл  гаргах эрхгүй этгээд гэж үзсэн тул  маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болон даалгах шаардлагын талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй болно.

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 32-р зүйлийн 32.6-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн  гуравны нэгээс  доошгүй нь буюу Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 төлөөлөгчийн  12 төлөөлөгч гарын үсэг  зурж аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн /хх-8-12/ ба бүлгийн дарга болон гишүүдээс “Ж.Г хувь төлөөлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж  нэхэмжлэл  гаргасныг дэмжсэн” гэх  санал,  мэдүүлгүүдийг /хх-57, 62-94/ үндэслэн бүлгийн төлөөлөл болох хурал дахь төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйг  буюу Ж.Гас бусад 11  төлөөлөгчийг  гуравдагч этгээдээр татаагүй болно.

Мөн нэхэмжлэлийн үндсэн  шаардлагад холбогдуулан аймгийн Засаг даргыг гуравдагч этгээдээр татах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн, холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн,  Засаг даргаас энэ талаар хүсэлт ирээгүй, түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7-р сарын 3-ны өдрийн 221/ШТ2019/0434 тоот тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр аймгийн Засаг даргыг татан оролцуулах тухай” гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн болно.

7. Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргыг огцруулах саналын  үндэслэл болох нотлох баримтыг  шүүхэд /хх-5, 22/ болон аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  хүргүүлээгүй болно. /хх-39-53/

8. Нэхэмжлэгч Ж.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7-р баг, Говийн тэнгэр хотхон 17а байр, 7 тоот  хаягаар нэхэмжлэл /хх-1,4,19/ гаргасан ба хавсаргаж ирүүлсэн Монгол Улсын иргэний үнэмлэх дээр УБ, Хан уул, 16-р хороо, Тайнь 4 гудамж 117 тоот  хаягаар  бүртгэгдсэн /хх—6/ байх ба шүүх хуралдаанд 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /хх-2удаагийн  тэмдэглэлээс/ хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны  зарыг  мэдэгдэж албажуулсан /хх-104, 111, 129, 138, 140, 175/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгчийг  байлцуулалгүйгээр шийдэхэд татгалзах зүйлгүй, шүүх хуралдааны зарыг мэдсэн ирнэ гэж байсан” гэх тайлбар /хх-тэмдэглэлээс/, хэрэгт цугларсан бичгийн баримтууд  болон түүний  шүүхэд өгсөн  тайлбар /хх-126-128/, хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар удаа дараалан Улаанбаатар  хотоос ирж оролцож байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн түүнийг байлцуулалгүйгээр  шүүх хуралдааныг  явуулсан  болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон   ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийн 32.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г нэхэмжлэлтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга С.С/-т хариуцагдах ” Дундговь  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 11 сарын 30-ны өдрийн 1/147 тоот  албан бичгийг  илт хууль бус болохыг тогтоолгох,  нэр бүхий 12 төлөөлөгчийн гаргасан 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн  28 дугаартай “аймгийн Засаг даргыг огцруулах тухай” саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48-р зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

 

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч , тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.С.